| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0029/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий
Улсын яллагч М.Оюунбат
Хохирогч Т.Шийхааз
Шүүгдэгч Э.Т-нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Т- холбогдох эрүүгийн 2022000190013 тоот хэргийг 2019 оны 02 сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 8 сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Өлзий суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 18 хуучин 5 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Э Э.Т-/РД:ххххххххххх/
Шүүгдэгч Э.Т-нь 2019 оны 12 сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 18-5 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Шийхаазыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2. Шүүгдэгч Э.Т-мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ‘’...Тухайн хэрэг үйлдэгдэх үед манай эхнэрийн хамаатан Т.Шийхааз гэрт ирээд согтуудаа хаанаас юу сонссон нь мэдэгдэхгүй, үндэслэлгүй юм яриад эхнэр бид хоёрыг салгах, гэр бүл үймүүлэх гээд байхаар нь алгадсан. Би Шийхаазын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 0-7 насны гурван хүүхэдтэй. Энэ байдлыг минь харгалзан торгох ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-32/
3. Хохирогч Т.Шийхаазын: ‘’...Би 2019.12.31-ний орой гэртээ байж байтал 22 цагийн үед манай хамаатан болох Р.Уртнасан нөхөр хүүхэдтэйгээ манай гэрт ирсэн. Орой 23 цаг өнгөрөөгөөд би Р.Уртнасанд хандаж, танайд очиж он гаргая гэж хэлээд Р.Уртнасан, Э.Т-нартай машинд нь суугаад замаараа 5-р цэцэрлэгийн зүүн хашаанд нь байх айлаас Д.Батгэрэл, Ж.Амарзаяа гэх хүмүүсийг аваад бид нар Мандалын 18-р гудамжинд байх Э.Т- гэрт нь очсон. Тэгээд дөнгөж он гаргаад Э.Түмэнбаяр, Д.Батгэрэл, Ж.Амарзаяа бид нар 45 градустай 0.75 л-ийн 2 шил виски хувааж ууцгаасан. Тэгээд виски уугаад дуусч байхад би нилээд согтсон байсан ба Э.Т- хандаж ...чи өөр хүнтэй явалддаг гэлүү гэж хэлсэн. Гэхдээ би Э.Т- өөр хүнтэй явалдсан эсэхийг нь мэдээгүй, хараагүй, сонсоогүй. Би өөрөө согтуудаа хэлчихсэн байсан. Тэгтэл Э.Т-надад хандаж “...чи намайг өөр хүнтэй явалдаж байхыг харсан юм уу, амаа мэдэж хуцаарай гэр бүл үймүүллээ...” гээд 2 хацранд нэг нэг удаа алгадсан. Миний хамраас цус гоожиход наад цусаа цэвэрлэ пизда минь гэж байсан. Тэгээд би согтоод тасарсан байсан. Миний биед Э.Т- өөр хүн халдаагүй. Тухайн үед миний баруун нүд хөхөрч хавдсан байсан. Эмнэлэгт үзүүлэхэд баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэлтэй тархи доргисон байсан. Энэ асуудлаас болоод аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 4 хоног хэвтэж эмчлүүлсэн. Би зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээнээс гарах зардлыг нэхэмжилнэ... ’’ гэх мэдүүлэг /хх-6-7/
4. Гэрч Д.Батгэрэлийн: “...2019.12.31-ний орой эхнэрийнхээ хамт гэртээ байж байтал 23 цагийн үед манай хамаатан болох Э.Т-эхнэр хүүхдийнхээ хамтаар орж ирсэн. Тэгээд манайд очиж он гаргах уу гэж хэлэхээр нь эхнэр бид 2 хамт гараад машинд нь суухад Т.Шийхааз гэдэг эмэгтэй халамцуу бололтой хүлээгээд сууж байсан. Бид нар Э.Т- гэрт очоод дөнгөж он гаргаад 0.75 л-ийн 2 шил виски хувааж ууж дуусан. Т.Шийхааз нилээн согтсон байсан бөгөөд Э.Т- хандаж ...чи манай эгчийг гурвын гурван хүүхэдтэй байхад нь өөр хүнтэй явалддаг гэл үү... гэж хэлсэн. Тэгэхэд Э.Т-уурлаад чи хэзээ, хэнээс юу сонсчихоод юу яриад байгаа юм гээд хацранд нь 2 удаа алгадсан. Тэгэхэд Т.Шийхаазын хамраас цус гоожиж байсан. Би тэр хоёрыг салгасан. Тухайн үед Т.Шийхаазийн биед Э.Т- өөр хүн халдаагүй...” гэх мэдүүлэг /хх-12-13/
5. Гэрч Ж.Амарзаяагийн “...2019.12.31-ний орой нөхөр бид 2 гэртээ байж байтал нөхрийн хамаатан Э.Т-эхнэр хүүхдийнхээ хамтаар манай гэрт орж ирсэн. Э.Т-бид нарт хандаж би хот явж байгаад ирлээ, манайд очиж он гаргая гэж хэлэхээр нь нөхөр бид 2 хамт гараад машинд нь суухад /сүүлд нэрийг нь мэдсэн/ Т.Шийхааз гэдэг эмэгтэй хүлээгээд сууж байсан. Тэгээд Э.Т- гэрт очоод вискигээ уугаад дуусч байх үед Т.Шийхааз нилээд согтсон байсан ба Э.Т- ...чи манай эгчийг 3-ын 3 хүүхэдтэй байхад нь өөр хүнтэй явалддаг гэлүү... гэх хэлсэн. Тэгсэн Э.Т-уурлаад чи хэнээс юу сонсчихоод, юу яриад байгаа юм бэ гээд Шийхаазын хацранд 2 удаа алгадсан. Тэгсэн хамраас нь цус гоожиж байсан. Тэгээд манай нөхөр тэр хоёрыг салгаад Т.Шийхаазыг авч гэрээс нь гаргаад Р.Уртнасангаар гэртээ хүргүүлсэн. Тухайн үед Т.Шийхаазын биед Э.Т- өөр хүн халдаагүй...’’ гэх мэдүүлэг /хх-14-15/
6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1 сарын 03-ны өдрийн 21 дугаартай: ‘’Т.Шийхаазын биед тархи доргилт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Үзлэгээр хиймэл эд эрхтэн тогтоогдсонгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-20-22/
7. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Э.Т-нь 2019 оны 12 сарын 31-ний өдрөөс 2020 оны 1 сарын 1-ний өдөрт шилжих шөнө хохирогч Т.Шийхаазийг зодож бие махбодид нь халдсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Хохирогч Т.Шийхааз нь шүүгдэгчид зодуулсны дараа эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эрүүл мэндэд нь тархи доргилт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинчээч эмчийн 2020 оны 1 сарын 03-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Т- үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Т- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Т-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Т.Шийхаазийн архидан согтуурсан үедээ шүүгдэгч Э.Т- “...бусадтай явалддаг, манай эгчийг доромжилдог...” гэсэн эх сурвалжгүй, худал үгнээс шалтгаалан энэ гэмт хэрэг гарсан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Т- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулын ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч Т.Шийхааз нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаархи 420.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 420.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч Т.Шийхааз нь цаашид эмчилгээ хийлгэнэ гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байх тул цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Э Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Э Т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Т-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т-нь хохирогчид хохирол төлбөр 420.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Шийхааз нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ