Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 386

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айргийн 9-2 тоотод оршин суух Хошуу овогт Баламын Умаахан /ЗЮ57121516/-ын хүсэлттэй Д.Бямбын төрсөн он зөвтгүүлэх тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Умаахан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Умаахан шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дашдоржийн Бямба нь 1956 оны 5 сарын 22-нд төрсөн эрэгтэй. Энэ жил 60 нас өнгөрч байгаа. Гэтэл түүний иргэний үнэмлэх дээр 1957 оны 5 сарын 22-нд төрсөн гэж бичигдсэн учраас энэ жил тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Анх Д.Бямбыг иргэний үнэмлэх авахад төрсөн он буруу  бичигдсэн учир түүний төрсөн оныг 1956 оны 5 сарын 22-нд төрснөөр зөвтгөн тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Умаахан нь Б.Бямбын төрсөн оныг зөвтгүүлэхээр хүсэлт гаргасан  ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.  

  1. Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 сарын 11-ний өдрийн 382 тоот тодорхойлолт: ‘’Сайхан-Овоо сумын 1960 оны хүн амын нэгдсэн тоо бүртгэлийн 94-т Цогт-Очирын Дашдорж 52 настай эрэгтэй, Солийн Сугирбуд 50 настай эмэгтэй, Дашдоржийн Бямба 4 настай эрэгтэй гэж бүртгэгдсэн болохыг тодорхойлов’’ гэжээ. /хэргийн 4-р хуудас/
  2. Дундговь аймгийн Архивын сан хөмрөгийн /ХН№1365/ Сайхан-Овоо сумын хүн амын тоо бүртгэлийн хуулбарын хавсралтын 293-рт Дашдоржийн Бямба гэсэн бичилт хийгджээ. /хэргийн 5-7-р хуудас/
  3. Гэрч Ж.Ширмэнтогоо, М.Батжаргал, Г.Хурцбаатар нарын мэдүүлэг

 

Д.Бямба нь 1956 оны 5 сарын 22-ны өдөр төрсөн болох нь хэргийн 4-7-р хуудсанд авагдсан Дундговь аймгийн Архивын тасгийн 382 дугаар лавлагаа, хүн амын тоо бүртгэлийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг  болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж буюу Д.Бямбыг 1956 оны 5 сарын 22-ны өдөр төрсөн  болохыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Боржигон овогт Дашдоржийн Бямбыг 1956 оны 5 сарын 22-нд төрсөн болохыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР