Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 682

 

  

 

 

 

 

 

     2020          7            09                                   2020/ШЦТ/682 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч/хохирогч У.О, Д.Д,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Заячулуун овогт Д-н Д,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шангас овогт Б- Б, Боржигон овогт Ундрахын О нарт холбогдох эрүүгийн ..... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

дугаарын регистртэй, Заячулуун овогт Д-н Д.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч У.О нь Б.Бтой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны гадна хохирогч Д.Дтой маргалдан биед нь халдаж улмаар биед духны няцарсан шарх, хамрын нуруу, зүүн шанаа, цээжний баруун талын цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь У.Отэй бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны гадна хохирогч Д.Дтой маргалдан биед нь халдаж улмаар биед духны няцарсан шарх, хамрын нуруу, зүүн шанаа, цээжний баруун талын цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны гадна хохирогч У.Отэй маргалдан биед нь халдаж улмаар биед баруун хөмсөг орчим, баруун нүдний дээд зовхи, дотор булан хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Х мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.О мэдүүлэхдээ:

“...Хохирогч Д.Дтой харилцан тохиролцсон гомдол саналгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д мэдүүлэхдээ:

“...Тухайн үед гомдолтой байсан. Бид гурав хооронд ярилцаад эвлэрсэн. Тиймээс гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бийн өгсөн:

“...Д.Дийн биед хөнгөн гэмтэл хэн учруулсан болохыг мэдэхгүй байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд машин дотор арын суудалд сэрсэн чинь манай эхнэр намайг таксины жолооч цохьчихлоо бариад ав гэсэн. Тэгээд би машинаас буугаад тухайн таксины жолоочтой маргалдаж байгаад газар унасан шиг санаж байна. Намайг сэрэхэд манай эхнэр Оийн баруун талын хөмсөгнөөс цус гарч байсан. Би таксины жолоочийн хөлнөөс нь гараараа зуурчихсан байхад хөлөө авах гээд тийчилж байхдаа миний гар луу өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 64-65/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч У.Оийн өгсөн:

“...Таксины мөнгөний хариултаас болж би тухайн залуутай маргасан. Тухайн үед нөхөр маань машины арын сандал дээр унтаж байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байтал тухайн таксины жолооч миний баруун хөмсөгний орчим гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би таксины жолоочийн нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохисон. Тэгтэл тухайн жолооч машинаасаа буух үед манай нөхөр сэрээд машинаас буухаар нь би нөхөртөө хандаж наад жолооч чинь намайг цохисон. Барьж бай гэж би нөхөртөө хэлсэн. Манай нөхөр тухайн жолооч эрэгтэйн хөлнөөс зуурч байхад хоёр гурван удаа хаашаа гэдгийг нь хараагүй өшиглөөд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 66-67/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Дийн өгсөн:

“...Тухайн үед миний машинд сууж явсан эрэгтэй, эмэгтэй хүн надтай хэрэлдэж маргаан хийж байгаад нөхөр нь гэх эрэгтэй хүнтэй маргалдаад ноцолдож байхад эхнэр нь бид хоёрын дундуур орж ирэхээр нь би баруун гараараа нэг удаа нүүр лүү нь түлхэх шиг болсон. Тэгтэл тэр эмэгтэйн аль талаас нь гэдгийг сайн санахгүй байна ямар ч байсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 68-69/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч У.Оийн өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны орой гэртээ байж байхдаа гурван найзтайгаа уулзаад өөрийн нөхөр Б.Б болон гурван найзын хамтаар гэрээсээ гарч Баянбүрд орчим байдаг Чикаго гэх нэртэй бааранд орсон. Тэр бааранд бид нар гурван шил архи авч уунгаа бүжиглэж байгаад 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 05:00 цаг өнгөрч байхад баарнаас гараад би нөхөртэйгөө тэндээс такси барьсан. Нэг такси ирэхээр нь би урд талд буюу жолоочийн хажууд талд суугаад манай нөхөр миний ард суусан. Тэгээд нөгөө таксины жолооч манай гэрийн гадаа хүргэж ирээд 5000 төгрөг гарсан гэхээр нь би “...бэлэн мөнгө байхгүй мобайл банкаар шилжүүлчих үү...” гэсэн чинь таксины жолооч “...надад данс байхгүй...” гэхээр нь би “...энэ булан тойроод Хаан банкны бэлэн мөнгөний машин ороод мөнгө аваад өгье...” гээд такситайгаа ТБД андуудын бэлэн мөнгөний машин орж би нөхрийнхөө картнаас 10,000 төгрөг авсан. Тэгээд тэндээсээ буцаад нөгөө такситайгаа гэрийнхээ гадаа ирээд 10,000 төгрөгөөр өгсөн чинь нөхөр бид хоёрын сууж явсан таксины жолооч хариулт өгөхгүй байхаар нь би хариултаа авъя гэсэн чинь, таксины жолооч надад “...хариулт өгөхгүй, та хоёр нааш цаашаа өчнөөн явчихаад, би та хоёрт хариулт өгөхгүй...” гэхээр нь би “...юу яриад байгаа юм хариултаа авъя...” гэсэн чинь тэр залуу миний баруун гарын шуунаас зүүн гараараа атгаад мушгаж байгаад баруун гараараа миний баруун нүд орчим нэг удаа зүүн хацар орчим нэг удаа цохисон.

Тэр үед миний зүүн хацар, баруун нүд орчим жаахан өвдөөдөнгөрсөн бөгөөд би гараа тавиулах гэж зөндөө гар тавь гэж хэлсэн боловч тэр залуу миний гарыг тавиагүй. Тэр үед би зүүн гараараа ноцолдож байгаад тэр залуугийн гарыг тавиулсан. Тэгээд би тэр залуугаас “...чи ядаж 10.000 төгрөгийн 6.000 төгрөгийг аваад 4.000 төгрөгийг өгчих, чи ямар аймар юм бэ? гэсэн чинь тэр залуу намайг “...янхан гичий минь би чамд хариулт яахаараа өгдөг юм. Чи хаанаа олж авсан юм гэмээр энэ архичнаа аваад буу...” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад тэр залуутай маргалдсан. Тэр үед манай хүн жаахан уусан архиндаа согтоод хойно унтаж байсан бөгөөд тэр хооронд тэр таксины жолооч намайг “...янхан минь гичий минь чи энэ архичнаа аваад буу, гэртээ дагуулан орж янхандах гэж байна уу...” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэр үед манай нөхөр жаахан сэргээд юу болоод байгааг ойлгоод нөгөө таксины жолоочид чи хариулт мөнгө өгчихөөч гэж ярьж байх хооронд миний баруун нүд орчим халуу дүүгээд байхаар нь би гайхаад гараараа дартал цус гарчихсан байхаар нь би нөхөртөө “...ханиа наад залуу чинь намайг цохьчихсон байна, битгий явуулаарай...” гээд хэлсэн чинь манай хүн машинаас бууж тэр таксины жолоочийн хоёр хөлнөөс тэврээд газар хэвтсэн. Тэр үед би тэр таксины жолоочид “...чи яаж байгаад юм бэ, таксины мөнгөнөөс болж эмэгтэй хүн цохиод...” гэсэн чинь тэр залуу “...хохь чинь янхан минь...” гээд байсан. Тэр үед бид нарын хажуугаар нэг машин гарах гээд бид нарт “...та нар холдчих би машинаа гаргамаар байна...” гэхээр нь би тэр машины жолооч ахад “...ахаа цагдаа дуудаад өгөөч би нөхөртэйгөө таксинд явж байсан чинь энэ залуу таксины мөнгөнөөс болж бид хоёрыг зодчихлоо...” гэсэн чинь нөгөө хажуугаар явах гэж байсан таксины жолооч ах цагдаа дуудаж өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд манай нөхрийг эрүүлжүүлэх рүү аваад явсан бөгөөд нөгөө намайг цохидог таксины жолооч залууг өргөдөл бич гээд аваад явсан. Тэр үед би яах юм бэ, би ямар нэгэн юм бичиж өгөх юм уу гэсэн чинь цагдаа нар чи зүгээр гэртээ орж амар гээд явуулсан.

Тэр хэрэг болдог өдөр манай нөхөр бид хоёрын сууж явсан таксины жолооч таксины мөнгөнөөс болж миний баруун нүдний хөмсөг орчим цохисоноос болж миний баруун нүдний хөмсөг орчим зулгарч хавдсан байгаа. Тэр хавдар нь миний баруун нүдний зовхи, дотор булан хамарсан хөхрөлт үүсгэсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Дийн өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө өөрийн 84-09 УНЛ улсын дугаартай авто машинтай гадуур явж байгаад Дэдбаяр гээд найзтайгаа уулзахаар Чикаго баарлуу явсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 04:00 цаг өнгөрч байхад Чикаго баарны гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөхөөр нь би аваад наашаа ТБД андуудын арын нэг байрлуу хүргэхээр болсон. Тэгээд тэр хоёр хүний хэлсэн газар нь хүргээд иртэл тэр хоёр хүнд мөнгө байхгүй гээд хоорондоо маргаад байхаар нь би тэр хоёр хүнд “...би яараад байна, манай найз хүлээгээд байна...” гэсэн чинь тэр хоёр хүн намайг бэлэн мөнгөний машин орчих гэхээр нь би машинтайгаа тэр хоёр хүнийг ТБД андуудын хажуу талын Хаан банкны бэлэн мөнгөний машин хүргэж өгсөн. Тэгээд тэр хоёр хүн мөнгө авахаар нь би буцаад байрных нь гадаа хүргэж өгөхөөр явсан боловч тэр хоёр хүний байрлуу ордог зам дээр нэг Приус маркийн машин зам хаагаад тавьчихсан байсан бөгөөд миний машин багтаж гарах боломжгүй байсан болохоор би машинтайгаа зогссон. Тэр үед миний хажууд байсан нөгөө хоёр хүний эмэгтэй нь намайг “...чи машин барьж чаддагүй юм уу, би наагуур чинь зүгээр гараад явчихна...” гэхээр нь би “...эгчээ миний машин багтахгүй юм байна...” гэсэн чинь нөгөө эгч болон нөхөр нь гээд ах хоёр надруу багтаад гарчих газар чи явж чадахгүй байна гээд байсан. Тэгээд би тэр хоёр хүнээс гарсан тооцоогоо авах гээд нөгөө хоёр хүний эмэгтэйд нь “...эгчээ дүүд нь задгай мөнгө байхгүй, бүхэл мөнгө задлах боломж байхгүй шүү...” гэсэн чинь тэр эгч “...чи яахаараа мөнгө задалдаггүй юм, би арван мянган төгрөг авсан байгаа...” гэж хэлээд миний толгой руу цохиод байсан. Тэр үед нөхөр нь бас надруу уурлаад элдвээр хэлээд дайраад байсан бөгөөд намайг тэр хоёр машинаасаа буугаад ир гээд дайраад байсан. Бас миний хажууд сууж байсан эмэгтэй нь миний машины голд цэнэглэж байсан гар утсыг авч миний толгой руу шидсэн. Тэр үед би тэр эгчид “...эгчээ та хүний эд зүйлд хамаагүй хүрч болохгүй шүү дээ...” гэсэн чинь тэр эгч “...чиний эд зүйлд хүрэхээр яадаг юм, энэ муу цэнэглэгч чинь 20,000 төгрөг гэж байгаа биздээ би төлчихнө...” гээд тэр хоёр хүн надад баярхаад байсан. Тэгээд байж байтал нөгөө эмэгтэйн хамт явсан нөхөр нь намайг машинаас буугаад ир гээд хоёулаа нийлэн хувцаснаас зууран миний цамцсыг урсан. Тэгээд бас тэр ах нь миний толгой руу цохиод байсан. Бас тэр нэг ах намайг зодох гээд байхаар нь би тэвэрч аван зогссон бөгөөд яг маргаан болж байх үед би бүр юу болоод байгааг ойлгож чадахгүй байхад нөгөө маргаан хийгээд байсан эгчийн аль талынх нь билээ шанаа орчмоос цус гарчихсан байсан. Тэгээд тэр хоёр хүнтэй маргаад яаж салахаа мэдэхгүй байж байтал өөр нэг машинтай хүн хажуугаар явж таараад би тэр машинтай ахаас цагдаа дуудаад өг гэж хэлээд цагдаа дуудсан.

Миний биед учирсан духны няцарсан шарх, хамрын нуруу зүүн шанаа, цээжний баруун талын цус хуралт гэмтлийг миний машинд сууж явсан хоёр хүний эмэгтэй нь гар утас шидээд, гараараа цохиж, зуурах үед үүссэн байх. Харин баруун нүдний салстын цус харвалт гэмтлийг тухайн үед байсан эрэгтэй намайг машинаас буугаад байхад нэг удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ж.Ганцэнгэлийн өгсөн:

“...Үзүүлэгч Д.Дийн биед үүссэн духны няцарсан шарх гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэг баруун нүдний салстын цус харвалт гэмтэл нь мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Д.Дийн биед үүссэн баруун салстын цус харвалт гэмтэл нь гараар цохих нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 41-42/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 608 тоот:

1. Д.Д-н биед духны няцарсан шарх, хамрын нуруу, зүүн шанаа, цээжний баруун талын цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-н 36-37/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 747 тоот:

1. У.Оийн биед баруун хөмсөг орчим, баруун нүдний дээд зовхи, дотор булан хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 45-46/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 76, 99, 122/,

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 77, 100/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 79, 102/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч У.О нь Б.Бтой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны гадна хохирогч Д.Дтой маргалдан биед нь халдаж улмаар биед духны няцарсан шарх, хамрын нуруу, зүүн шанаа, цээжний баруун талын цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч У.Оийн “...таксины жолооч миний баруун хөмсөгний орчим гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би таксины жолоочийн нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Дийн “...миний хажууд сууж байсан эмэгтэй нь миний машины голд цэнэглэж байсан гар утсыг авч миний толгой руу шидсэн. ...нөгөө эмэгтэйн хамт явсан нөхөр нь намайг машинаас буугаад ир гээд хоёулаа нийлэн хувцаснаас зууран миний цамцсыг урсан. Тэгээд бас тэр ах нь миний толгой руу цохиод байсан.

Миний биед учирсан духны няцарсан шарх, хамрын нуруу зүүн шанаа, цээжний баруун талын цус хуралт гэмтлийг миний машинд сууж явсан хоёр хүний эмэгтэй нь гар утас шидээд, гараараа цохиж, зуурах үед үүссэн байх. Харин баруун нүдний салстын цус харвалт гэмтлийг тухайн үед байсан эрэгтэй намайг машинаас буугаад байхад нэг удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Ж.Ганцэнгэлийн “...Үзүүлэгч Д.Дийн биед үүссэн духны няцарсан шарх гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэг баруун нүдний салстын цус харвалт гэмтэл нь мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Д.Дийн биед үүссэн баруун салстын цус харвалт гэмтэл нь гараар цохих нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 608 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч Б.Б нь У.Отэй бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны гадна хохирогч Д.Дтой маргалдан биед нь халдаж улмаар биед духны няцарсан шарх, хамрын нуруу, зүүн шанаа, цээжний баруун талын цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

шүүгдэгч У.Оийн “...таксины жолооч миний баруун хөмсөгний орчим гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би таксины жолоочийн нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Дийн “...миний хажууд сууж байсан эмэгтэй нь миний машины голд цэнэглэж байсан гар утсыг авч миний толгой руу шидсэн. ...нөгөө эмэгтэйн хамт явсан нөхөр нь намайг машинаас буугаад ир гээд хоёулаа нийлэн хувцаснаас зууран миний цамцсыг урсан. Тэгээд бас тэр ах нь миний толгой руу цохиод байсан.

Миний биед учирсан духны няцарсан шарх, хамрын нуруу зүүн шанаа, цээжний баруун талын цус хуралт гэмтлийг миний машинд сууж явсан хоёр хүний эмэгтэй нь гар утас шидээд, гараараа цохиж, зуурах үед үүссэн байх. Харин баруун нүдний салстын цус харвалт гэмтлийг тухайн үед байсан эрэгтэй намайг машинаас буугаад байхад нэг удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Ж.Ганцэнгэлийн “...Үзүүлэгч Д.Дийн биед үүссэн духны няцарсан шарх гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэг баруун нүдний салстын цус харвалт гэмтэл нь мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Д.Дийн биед үүссэн баруун салстын цус харвалт гэмтэл нь гараар цохих нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 608 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны гадна хохирогч У.Отэй маргалдан биед нь халдаж улмаар биед баруун хөмсөг орчим, баруун нүдний дээд зовхи, дотор булан хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бийн “...Намайг сэрэхэд манай эхнэр Оийн баруун талын хөмсөгнөөс цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч У.Оийн “...таксины жолооч надад “...хариулт өгөхгүй, та хоёр нааш цаашаа өчнөөн явчихаад, би та хоёрт хариулт өгөхгүй...” гэхээр нь би “...юу яриад байгаа юм хариултаа авъя...” гэсэн чинь тэр залуу миний баруун гарын шуунаас зүүн гараараа атгаад мушгаж байгаад баруун гараараа миний баруун нүд орчим нэг удаа зүүн хацар орчим нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 747 тоот дүгнэлт, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Дид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч У.О, Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У.О, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч У.О, Д.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүх хуралдаанд хохирогч У.О, Д.Д нарын зүгээс “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг өгч байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч У.О, Д.Д, Б.Б нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос У.О, Д.Д, Б.Б нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч У.О, Д.Д, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Заячулуун овогт Д-н Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Шангас овогт Б- Б, Боржигон овогт Ундрахын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.О, Д.Д, Б.Б нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.О, Д.Д, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ