| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2020/0660/Э |
| Дугаар | 681 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 681
2020 7 09 2020/ШЦТ/681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга С.Хонгорзул,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б-н Оад холбогдох эрүүгийн .... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, УШ96071933 дугаарын регистртэй, Боржигон овогт Б-н О.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын орчимд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 5,3548 грамм жинтэй, ургамал мэт зүйл буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ:
“...Би тэр өдөр үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай аав ээж хоёр хамт амьдардаггүй. Ээжийн хөл нь өвддөг. Байнга эм ууж амьдардаг. Манай эхнэр 2 сартай жирэмсэн. Ээж, дүү, эхнэрийгээ би ажил хийж тэжээдэг...” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Оын өгсөн:
“...Би 2020 оны 5 дугаар сарын 08-ны орой 19 цаг өнгөрч байхад ажлаасаа буугаад гэртээ очиж машиныхаа сэлбэгийг амбаарлуугаа хурааж байхдаа амбаарын гадна талд буланд нь шороон дээр ногоон өнгийн нунтаг өвс асгарсан байсныг хамж аваад гялгар уутанд хийгээд өөрийнхөө өмсөж явсан өмдний зүүн талын халаасанд хийсэн. Тэгээд амбаарлуугаа юм аа хурааж дуусаад гэрээсээ гараад Өргөө кино театрын ард нэрийг нь мэдэхгүй PC тоглоомын газрын урд надаар шивээс хийлгэнэ гэсэн хүнтэй уулзах гээд хүлээгээд зогсож байхад цагдаа нар ирж бариад цагдаа дээр авч ирж шалгахад миний халааснаас өвс гарсан. Тэр өдрөөс 10-д хоногийн өмнө өөртөө байсан өвснөөсөө тамхины цаасанд ороож татсан. Цагдаад баригдсан өдрөө өвс хэрэглээгүй байсан. Нилээн хэдэн жилийн өмнө өвсийг хэрэглэж үзэж байсан.
Би нилээн хэдэн жилийн өмнө зүс таних хүнээс бага зэргийн өвс авч хэрэглэж үзэж байсан тэр өвсний үлдэгдэл л амбаарны гадаа шороон дээр асгарсан байсан байх гэж бодож байна. Өөр хүн манай амбаарны гадаа өвс авчирах боломжгүй, би хүнээс өвс аваагүй.
Би тэр өвсийг бусдаас худалдаж аваагүй 2-3 жилийн өмнө зүс таних хүнээс авахдаа ч худалдаж аваагүй зүгээр л хэрэглэж үзэх гэж бага зэргийг авч байсан. Хийсэн хэрэгтээ маш ихээр харамсаж гэмшиж байна. Дахин ийм мансууруулах бодис хэрэглэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 41-42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Химийн шинжээчийн ___ тоот:
1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.
3. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 8,8088 г, цэвэр жин нь 5,3548 г байна гэх дүгнэлт /хх-н 25-26/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 552 тоот:
1. Б.О нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Б.О нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3. Б.О нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
4. Б.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Б.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. Б.О нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
7. Б.О нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэх дүгнэлт /хх-н 35-36/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 49/
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
- Шүүгдэгч Б.О нь 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын орчимд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 5,3548 грамм жинтэй, ургамал мэт зүйл буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Б.Оын “...Би 2020 оны 5 дугаар сарын 08-ны орой 19 цаг өнгөрч байхад ажлаасаа буугаад гэртээ очиж машиныхаа сэлбэгийг амбаарлуугаа хурааж байхдаа амбаарын гадна талд буланд нь шороон дээр ногоон өнгийн нунтаг өвс асгарсан байсныг хамж аваад гялгар уутанд хийгээд өөрийнхөө өмсөж явсан өмдний зүүн талын халаасанд хийсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Химийн шинжээчийн 2759 тоот дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Оад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Б.Оыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан ба шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ их зэргийг харгалзан шүүгдэгч Б.Оад 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлаж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD 1 ширхэгийг хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бусад зүйлсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б-н Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оад 02 жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Оад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтан өрөөнд хадгалж байгаа Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтадбагтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтэй цэвэр жин нь 5,3548 граммтай өвс мэт зүйлсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, DVD 1 ширхэгийг хэрэгт хадгалан үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Б.Оад авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ