Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 аймгийн  сумын -р баг, байранд оршин суух З овгийн Бын Өийн нэхэмжлэлтэй //,

 аймгийндаргад холбогдох аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/45 тоот, 2016 оны 09 сарын 09-ний өдрийн Б/47 тоот захирамжуудийг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1794710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ө

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О

Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  аймгийн даргын 2016 оны 05 сарын 05-ны өдрийн захирамжаар Нийтлэг үйлчилгээ Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2016 оны орон нутгийн сонгуулиар аймгийн дарга солигдож О.Баргаар томилогдсон. Томилогдсоноос хойш намайг ажлаа өг, өргөдлөө өг гэж удаа дараа шаардаж байсан ба аливаа дутагдал гаргаагүй, ажлаа ямар нэгэн дутагдалгүй хийж байна, цаашид үргэлжлүүлэн ажиллана, өргөдлөө өгөх боломжгүй байна гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн. Гэтэл ямарч шалтгаангүйгээр улс төрийн үзлээр 2016 оны 09 сарын 08-ны өдөр захирамж гаргаж намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнд миний бие гомдолтой байна. 2016 оны 09 сарын 08-ны өдөр би захирамжийг гардаж аваад, ажлаа хүлээлцэх гээд хүлээж байгаад явсан, маргааш нь ажил хүлээлцсэн байсан. Ажил олгогчийн санаачлагаар намайг ажлаас чөлөөлсөн. Энэ ямар ч шалтгаангүйгээр улс төрийн зорилгоор ажлаас чөлөөлж хөдөлмөрлөж байгаа нь миний эрхийг ноцтой зөрчиж байх тул  аймгийн  даргын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/45 тоот, 2016 оны 09 сарын 09-ний өдрийн Б/47 тоот захирамжуудийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1794710 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Х.О миний бие нэхэмжлэгч Б.Өт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна.  аймгийн  даргын зүгээс 2 захирамж гаргаж Б.Өийг ажлаас чөлөөлсөн байгаа. Хариуцагчийн төлөөлөгчөөс 46 дугаар тушаал гаргаж 45 дугаартай тушаалыг хүчингүй болгосон гэж байх боловч энэ 46 дугаар тушаал нь хэргийн материалд авагдаагүй байгаа учраас 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/45 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна. Захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2-т заасныг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2-т заасан үндэслэлээ тодорхой зааж өгөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг захирамжиндаа заах ёстой байсан гэж үзэж байна. Маргааны гол агуулга болсон 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/45 тоот захирамжаар Б.Өас чөлөөлөгдсөн. Энэхүү захирамжид  Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-ийг баримталсан. Эрх бүхий байгууллагын шаардсанаар гэсэн үндэслэл нь ойлгомжгүй байх ба эрх бүхий байгууллагаас шаардсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-ийг захирамжиндаа баримталсан боловч Засаг дарга өөрөө 2016 оны 09 сарын 02-ны өдрийн 1/1059 тоот албан бичгийг Төлөөлөн удирдах газарт хүргүүлсэн байдаг. Уг газрын дүрмийн 6.2-т “Үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг дарга удирдана. Газрын даргын аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, дүнг үндэслэн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” гэснийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 09 сарын 02-ны өдрийн хуралдаанаар уг дүрэмд өөрчлөлт оруулсан байдаг. Энэ өөрчлөлтийг 2016 оны 10 сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Үүнээс харахад энэ өөрчлөлтийг 2016 оны 10 сарын 21-ний өдрөөс хойш хэрэглэхээр харагдаж байна. Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/45 тоот, 2016 оны 09 сарын 09-ний өдрийн Б/47 тоот захирамжуудийг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, Б.Өийг  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1794710 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Б.Ө нь 2016 оны 05 сарын 05-ны өдрийн захирамжаар Нийтлэг үйлчилгээ Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилогдсон байдаг. Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/45 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ захирамжид техникийн болон агуулгын алдаа гарсан байна гэж үзээд Засаг дарга  2016 оны 09 сарын 09-ний өдрийн Б/47 тоот захирамжаар өөрчилсөн. 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/45 тоот захирамжаа хүчингүй болгосон Б/46 дугаартай захирамж гарсан байгаа. Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Орон нутгийн өмчит “Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газар”-ын дүрмийг баталсан байна. Энэ дүрмийн 6.2-т “Үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг дарга удирдана. Газрын даргыг аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, дүнг үндэслэн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” гэсэн боловч 2016 оны сонгуулиар сонгогдсон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгдчийн хурал энэ дүрмийн 6.2.1-д өөрчлөлт оруулсан. Үүнд “даргыг аймгийн Засаг дарга, төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөж, чөлөөлж, томилно” гэж өөрчилсөн. Б.Ө нь Нийтлэг үйлчилгээ, үйлвэрийн газрын даргын 2015 оны 20 тоот тушаалаар батлагдсан дотоод журамд 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 21 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулж “ажилчдын амралт аялалд зориулан 1 сая төгрөгийг байгууллагаас дэмжлэг үзүүлэх” болгон өөрчилж, зориулалтын бусаар зарцуулж, Улан-Үүдрүү аяллаар явсан. Үүнийг нь ажилчид нь өөрөө энэхүү мөнгийг гаргаж байгаа юм байна гэж ойлгосон байдаг. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь 70-80 хувь нь төрөөс санхүүждэг, үлдэгдэл 20-30 хувийг нь өөрсдийн орлогоор ажилчдаа цалинжуулдаг. Гэтэл дур мэдэн төсвийн мөнгийг цацаж болохгүй. Тийм учраас Засаг дарга Б.Өийг ажлаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ө нь  аймгийн даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/45 тоот, 2016 оны 09 сарын 09-ний өдрийн Б/47 тоот захирамжуудийг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1794710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч тал “Ажлаас үндэслэлгүй халсан. Ажлаас халсан тухай аймгийн Засаг даргын захирмжийг 2016 оны 9 сарын 8-ны өдөр гаргасан боловч дахин 2016 оны 9 сарын 9-ний өдөр захирамж гаргасан нь буруу. Дундговь аймгийн орон нутгийн өмчит “Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын дүрэм”-д 2016 оны 9 сарын 2-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор өөрчлөлт оруулсныг 2016 оны 10 сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Иймд хүчин төгөлдөр бус эрх зүйн актыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь буруу тул ажлаас чөлөөлсөн тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэж,

Хариуцагч тал “Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2016 оны 9 сарын 8-ны өдрийн Б/45 дугаартай захирамж үг үсэг болон найруулгын алдаатай байсан тул Б/46 дугаартай захирамжаар хүчингүй болгож 2016 оны 9 сарын 9-ний өдөр Б/47 дугаартай захирамж гарган ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь анх ажил авснаас хойш дур мэдэн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулж төсвийн хөрөнгөөс 1 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчил гаргасан тул аймгийн Засаг дарга хамтран ажиллах боломжгүй гэдгээ удаа дараа өөртэй нь уулзаж ярилцаж байсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэгрүүлэгчдийн хурлаас “Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын дүрэм”-д өөрчлөлт оруулсан, аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч Өтэй хамтран ажиллах боломжгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн  аймгийн даргын 2016 оны 9 сарын 8-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг /хх-ийн 2-рт/ мөн Засаг даргын  Б/46 дугаартай захирамжаар хүчингүй болгосон гэж маргаж байх боловч энэхүү захирамжийг шүүхэд ирүүлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг ирүүлсэн тул шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Б/46 дугаартай захирамжийг хэрэгт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын Б/45, Б/47 /хх-ийн 13-рт/ дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2016 оны 9 сарын 9-ний өдрийн Б/47 дугаар захирамж гарсныг тухайн үед нь мэдээгүй харин шүүхэд ирүүлснийг нь үзэж танилцсан гэж тайлбарлаж байна. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй ба аймгийн аргын 2016 оны Б/46, Б/47 дугаартай захирамжуудыг танилцуулсан болон гардуулсан баримтыг ирүүлээгүй тул аймгийн Засаг даргын дээрхи захирамжуудыг гардуулж өгөөгүй байна гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг өгөх үүрэгтэй байхад нэхэмжлэгч Б.Өт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гардуулж өгөөгүй байгаа нь хуулийн дээрхи заалтыг зөрчжээ.

Дундговь аймгийн орон нутгийн өмчит “Нийтлэг үйлчилгээ, үйлдвэрийн газрын дүрэм”-ийн /хх-ийн 59-66–рт/ 13 дугаар зүйлийн 13.2-т “дүрэм нь Монгол Улсын Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заажээ. Дүрмийн энэхүү заалтаар уг дүрмийн хүчин төгөлдөр болох өдрийг дүрэмд өөрт нь тусгайлан заасан байх бөгөөд энэ нь дүрэмд оруулсан өөрчлөлтөд мөн нэгэн адил хамаарна.

Аймгийн орон нутгийн өмчит “Нийтлэг үйлчилгээ, үйлдвэрийн газрын дүрэм”-д Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 сарын 2-ны өдрийн 18 дугаар тогтоолоор /хх-ийн 14–рт/ өөрчлөлт оруулсныг 2016 оны 10 сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэсэн /хх-ийн 56–рт/ байна. Эндээс харахад хүчин төгөлдөр болоогүй эрх зүйн актыг үндэслэн нэхэмжлэгч Б.Өлзийхишигийг ажлаас чөлөөлжээ. 

Хариуцагч талаас “Б.Ө нь Орон нутгийн өмчит үйлдвэр, үйлчилгээний газрын дотоод журамд дур мэдэн өөрчлөлт оруулж 1 сая төгрөгийг зориулалтын бусаар, ажилчдын амралтанд зарцуулсан зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн” /хх-ийн 15-17-рт/ гэж үндэслэн тайлбарлаж байна. Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 9 сарын 8-ны өдрийн Б/45 Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан “ажил олгогч санаачилсан”, 2016 оны 9 сарын 9-ний өдрийн Б/47 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” гэх заалтуудыг тус тус баримтлан ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрүүдийг гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримтлан ажилтныг ажлаас чөлөөлсөн тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн аль тохирох заалтыг заавал баримтлан шийдвэрлэх ёстой атал ийнхүү баримтлаагүй, 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар ажилтныг ажлаас чөлөөлөх тохиолдолд эрх бүхий ямар байгууллагаас хэрхэн шаардсан талаар баримтад үндэслэн ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх байтал хаанаас шаардсаныг үндэслэн ажлаас чөлөөлсөн тухай баримтыг ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл ажилтныг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл тогтоогдохгүй байна. 

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд ажилтныг хүчин төгөлдөр бус эрх зүйн актыг үндэслэн ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлөх болсон үндэслэл тогтоогдохгүй, хоёр өөр өдөр гарсан 2 захирамжаар ажлаас чөлөөлсөн байх тул ажилтныг ажил олгогчийн санаачилгаар буруу халсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчид бүрэн хэмжээгээр цалин олгосон байгаа сүүлийн 3 сар болох 2016 оны 6, 7, 8 сарын цалингийн дундажаас ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоход /хх-ийн 4–рт/ 1 сарын дундаж цалин 723884 төгрөг болж байх ба 1 өдрийн дундаж цалин 35600 /2016 оны 6 сард ажлын 22 хоног, 7 сард ажлын 16 хоног, 8 сард ажлын 23 хоног/ төгрөг болж байна.  Б.Өлзийхишиг нь 2016 оны 9 сарын 8-ны өдрөөс хойш 2017 оны 1 сарын 9-ний өдрийг хүртэл ажлын /2016 оны 9 сард 17 хоног, 10 сард 21 хоног, 11 сард 21 хоног, 12 сард 20 хоног, 1 сард 7 хоног/ 86 хоног ажилгүй байсан ба энэ хугацаанд тооцоход 3061600 төгрөгийн олговор тооцогдохоор байна. Гэвч нэхэмжлэгч нь 1794710 төгрөгийн олговор нэхэмжилсэн байгаа тул нэхэмжлэгч Б.Өт ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилсэн дүнгээр олгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 139/ШЗ2016/01286 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.  Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тооцоход аймгийн Засаг даргын захирамж хүчингүй болгуулах тухай шаардлагад 70200, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад 70200, ажилгүй байсан хугацааны олговор 1794710 төгрөг гаргуулах тухай шаардлагад 43665 төгрөг, нийт 184065 төгрөг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар  аймгийн даргын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/45, 2016 оны 09 сарын 09-ний өдрийн Б/47 дугаар захирамжуудыг хүчингүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Өгийг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, Дундговь аймгийн Орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээ, үйлдвэрийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Өйн ажилгүй байсан хугацааны цалин 1794710 /нэг сая долоон зуун ерэн дөрвөн мянга долоон зуун арав/ төгрөгийг хариуцагч  аймгийн  дарга /О.Б/-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Өт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч аймгийн  дарга /О.Б/-аас 184065 /нэг зуун наян дөрвөн мянга жаран таван/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

     ДАРГАЛАГЧ