Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00577

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02569 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2557 дугаар магадлалтай,

Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргахдаа 120,000,000 төгрөгөөр үнэлэгдэж буй хөрөнгийг 18,480,000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан үнэлгээг дахин хийлгэх тухай гомдол шаардлага гаргасан боловч хүлээн аваагүй. Иймд миний өмч болох Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 38 тоот, 359 м.кв талбайтай дэд бүтэц нь шийдэгдсэн газрыг 26,000,000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхэд гаргасан хариу тайлбарт: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Б.Б-гаас 13,369,975 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэбаатарт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2203005150 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 138 тоот 32 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 359 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч Б.Б- нь барьцаа хөрөнгөө 120,000,000 төгрөгөөр үнэлснийг, төлбөр авагч хүлээн зөвшөөрөх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус албанд ирүүлсэн. Хөндлөнгийн шинжээч 32 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 359 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын х          яамт 26,400,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Б.Б-д үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 3/12530 тоот албан бичгээр гардуулан өгч, үнэлгээний тайлантай танилцуулсан. Хариуцагч байгууллагаас зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 18,480,000 төгрөгөөр 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2 дахь дуудлага худалдааг 50 хувь буюу 13,200,000 төгрөгөөр 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус тус оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч Б.Б- нь хугацаа хожих замаар үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                   

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02569 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Б.Б-гаас 13,369,975 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэбаатарт олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2557 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02569 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2557 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэх албаны тогтоолоор төлбөр төлөгч Б.Б-гийн 359 м.кв өмчлөлийн газар, 71.5 м.кв өвлийн сууцыг үнэлж нийт үнийг 26 сая төгрөгөөр тооцож байна. Төлбөр төлөгч дээрх үнийн саналд гомдол гаргаж шүүхэд хандсан. Хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлгээ хийсэн баримтууд дотор уг байгууллага болон үнэлгээ хийсэн үнэлгээчин гэх Б.Эрдэнэбаатар нарыг үнэлгээ хийх эрх, тусгай зөвшөөрөлтэйг нотолсон баримт байхгүй байна. ”Мөнх оргил трейд” ХХК-ийн регистрийн дугаарыг 2041532, үнэлгээчин Б.Эрдэнэбаатарын тусгай зөвшөөрөл сангийн сайдын 2017 оны 02 тоот тушаалаар олгогдсон. Тусгай зөвшөөрлийн дугаар 07120004 гэсэн мэдээлэл байх боловч эдгээр мэдээллийг нотолсон баримт хэргийн материалд байхгүй байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан үнэлгээг хууль ёсны дагуу явагдсан ажиллагаа гэж үзэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.Б- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 563 дугаар захирамжаар Б.Б- нь нэхэмжлэгч С.Эрдэнэбаатарт 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор 16,000,000 төгрөг төлж барагдуулах, зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамж, 138 тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000363522 дугаар гэрчилгээтэй, Б.Б-гийн өмчлөлийн, 18643316371604 нэгж талбарын дугаартай 359 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2203005150 дугаарт бүртгэгдсэн газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000459855 дугаар гэрчилгээтэй, Б.Б-гийн өмчлөлийн 32 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2203018425 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн баримт хэрэгт авагджээ.

Төлбөр төлөгч Б.Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх нь шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын үндсэн чиг үүрэг юм.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 533 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 150/01-12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 359 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт битүүмжилж тэмдэглэл үйлдэн, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2017/01 дугаартай “Эд хөрөнгө хураасан тогтоол”-оор дээрх эд хөрөнгийг хөндлөнгийн гэрчийг байлцуулан хураан авч тэмдэглэл үйлдсэн, төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

Хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон ба 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна.

Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 150/01-12 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2017/01 дугаартай Эд хөрөнгө хураасан тогтоолоор дээрх эд хөрөнгийг хураан авч, төлбөр төлөхийг удаа дараа шаардаж улмаар төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 26,400,000 төгрөгийн 70 хувиар тооцон 18,480,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Б.Б-д 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3/14573 дугаартай мэдэгдлийг тухайн өдөрт нь тогтоолын хамт гардуулан өгсөн хариуцагчийн үйлдлийг хууль зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо төлбөр төлөгч Б.Б- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр буюу 38 хоногийн дараа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Б.Б-гаас 13,369,975 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэбаатарт олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1., 12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2., 36 дугаар зүйлийн 36.1., 37 дугаар зүйлийн 37.2., 39 дүгээр зүйлийн 39.3., 43 дугаар зүйлийн 43.3., 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шаардлагатай нийцсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч Б.Б- нь ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь байрыг хэт багаар үнэлсэн байна... гэсэн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн буюу хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн, шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02569 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2557 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН