Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 05

 

            

Э.Бд холбогдох

                                                                  эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2017/ШЗ/287 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Б.Бд холбогдох, эрүүгийн 1719000000022 дугаартай, 1 хавтас, 116 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;                              

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Аюушийн ... тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сар хүртэл хугацаагаар хойшлуулж байсан, мөн Дорноговь аймгийн Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, мөн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоож байсан, Ононгууд овогт Э-ийн Б /РД: ЕЭ93112617/-д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Аюушийн 4-13 тоотод  оршин суух хохирогч Г.Тэмүлэгийн орон байранд нэвтэрч Монел маркийн 42 инчийн зурагт хулгайлан түүнд 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Э.Бд холбогдох эрүүгийн 1719000000022 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг Прокурорт очтол яллагдагч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Яллагдагч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Аюушийн 4-13 тоотод оршин суух хохирогч Г.Тэмүлэгийн орон байранд нэвтэрч Монел маркийн 42 инчийн зурагт хулгайлан түүнд 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсонд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг яллагдагчид холбогдох хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн хянан шийдвэрлэхээр заасан байх тул яллагдагчийн нэг төрлийн гэмт хэргүүдэд холбогдсон нөхцөл байдлыг харгалзан яллагдагчид холбогдох хэргийг мөрдөн байцаалтад байгаа бусад эрүүгийн хэрэгтэй нэгтгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Н.Алтанчимэгийн орон байранд нэвтэрч 42 инчийн Конка маркийн зурагт хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн эрүүгийн 1719000000059 дугаартай, мөн өдөр хохирогч А.Содномжамцын Самсунг маркийн гар утас дээрэмдсэн үйлдэлд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1719000000061 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусган яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн 1719000000022 дугаартай хэргийг нэгтгэн шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно...” гэж заасан нь мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж буй хэрэгт хамаарах заалт бөгөөд шүүхэд шилжсэн хэрэгт хамаарахгүй тул хэргийг нэгтгэж шалгуулахаар мөрдөн байцаалтанд буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Яллагдагч Э.Бд холбогдох эрүүгийн 1719000000059, 1719000000061 дугаартай хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхээс Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах боломжтой юм. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хэргийг нэгтгэн шалгах” саналын тухайд Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэсэн дээрх 2 заалтаар яллагдагч Э.Бат-Эрдэнийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгтгэн шүүхэд шилжүүлж шийтгэл оногдуулах, эсхүл ял шийтгэгдсэний дараа хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийтгэл оногдуулахад аль аль нь ялыг нэмж нэгтгэх учир түүний эрх зүйн байдал дордохгүй юм. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 287 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Э.Бд холбогдох хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа түүнд холбогдох өөр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул яллагдагчид холбогдох хэргүүдийг нэгтгүүлэхээр прокурорт буцаах тухай гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2017/ШЗ/287 тоот шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн эсэргүүцлийн дагуу тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл яллагдагч нь хохирогч Г.Тэмүлэгийн гэрээс Монел маркийн 42 инчийн зурагт хулгайлсан талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

Харин дахин 2 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тухай Дорноговь аймгийн Цагдаагийн газрын 42-3/2987 тоот албан бичигт яллагдагч Э.Б нь 1719000000059, 1719000000061 дугаартай хэргүүдэд холбогдон шалгагдаж байгаа тухай мэдээлснээс Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа нь тодорхойгүй хэргүүдэд нэгтгүүлэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулах”-ыг заасан ба энэ зүйлийн 2 дахь хэсэгт “ ...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж болох”-ыг заасан боловч хэрэг нэгтгэх, тусгаарлах эрх хэмжээ нь мөн зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар прокурорт байх тул шүүх нэгэнт шүүхэд шилжиж ирээгүй, яллах дүгнэлт үйлдээгүй, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэрэгт хэргийг нэгтгүүлэхээр буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус нийцээгүй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3,  39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2017/ШЗ/287 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5, 14.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд яллагдагч Э.Б нь 58 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                      А.САЙНТӨГС