Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2022/0033

 

 

“Х к” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 730 дугаар шийдвэрийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Л.О нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн

           Шүүх хуралдаан даргалагч Д.Батбаатар

           Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

           Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид: 

            Нэхэмжлэгч “Х к” ХХК

            Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д, Ц.Л 

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 34200500048 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах, 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 730 дугаар

Хэргийн оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш,

            Хариуцагч Д.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, 

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

            Хэргийн индекс: 128/2021/0544/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх 2021 оны 11 дүгээр дугаар сарын 04-ний өдрийн 730 дугаар шийдвэрээр “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2020  оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 34200500048 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгон” шийдвэрлэсэн байна.

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

“...“Х к” ХХК нь 2016 онд “Э х” ХХК, “И ж” ХХК-тай хийсэн худалдан авалтын талаар Эрүүгийн цагдаагийн газраас холбогдох тайлбарыг авсан., тус цагдаагийн газраас манай компанийг буруугүй болохыг тогтоосон гэх тайлбарыг өгч байгаа боловч татварын улсын байцаагч Г.С, М.А нарын гүйцэтгэсэн хяналт шалгалтын ажлын явцад энэ тухай нотлох баримтаа ирүүлээгүй.

Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай прокурорын тогтоолд “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр  сарын 22-ны өдрийн 196 дугаартай дүгнэлтээр нэр бүхий 160 аж ахуйн нэгжийн тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон” болох нь дурьдагдсан ба Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Прокурорын 03 тоот тогтоолд “Х к” ХХК-ийн зүгээс гомдол гаргаагүй, эрхээ эдлээгүй.

“Э х” ХХК, “И ж” ХХК нь албан татвар ногдох орлого олоогүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэн болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг ашиглан бусдад татвараа зайлсхийх боломж олгосон болохыг хууль хяналтын байгууллагаас тогтоож, зохих шийдвэрийг гаргасан тул “Х к” ХХК нь аль нэг этгээдийн өмнөөс хариуцлага хүлээхгүй болно.   

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлснээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “Х к” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 34200500048 дугаар нөхөн ногдуулалтын актаар тус компанийг 2016 онд “Их мөрөөдлийн жигүүр” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн 5 ширхэг падаанаар 136,363,636.36 төгрөгийн, “Э х” ХХК-ийн 3 ширхэг падаанаар 105,243,291.04 төгрөгийн, нийт 241,606,927.4 төгрөгийн бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасалт хийж, тайландаа тусгаж татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, 24,160,692.7 төгрөгийн нөхөн татвар, 7,248,207.8 төгрөгийн торгууль, 6,071,668.7 төгрөгийн алданги, нийт 37,480,869.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2. Анхан шатны шүүх “Их мөрдөөлийн жигүүр болон “Э х” ХХК нь дээрх падаан бүхий борлуулалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгасан, улсын байцаагчийн дүгнэлтүүд болон прокрорын тогтоолд нэхэмжлэгчийн хасаж тооцсон үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж дүгнэснээс бус “зөрчил” гэж буруутгаагүй, борлуулагчийн үйл ажиллагаанд хамааралтай гарсан эрх зүйн баримт бичгүүд гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцээгүй байна.

3. Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолуудаар нэхэмжлэгчид бараа материал худалдсан гэх дээрх 2 компани нь ямар нэгэн бараа, ажил үйлчилгээ худалдан авах, борлуулах үйл ажиллагаа явуулдаггүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтыг бүрдүүлэн бусдад тараасан болох нь тогтоогдсон, тухайн компанийн захирлуудад холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

4. Үүнээс үзвэл нэхэмжлэгч компани нь эдгээр компаниас бараа материал худалдан авсан болох нь тогтоогдоогүй байх тул тухайн падаануудыг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасалт хийж тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзэхээргүй байна.

5. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан Сонгино хайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 34200500048 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Х к” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэнхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөншүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                    ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

                    ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ