Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 375

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, Б.Ц нэхэмжлэлтэй, “2004 оноос 2007 оны хооронд олгогдох ёстой байсан тэтгэвэрийн зөрүүг олгохгүй байгаа буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрүүлж, тэтгэвэрийн зөрүүг тооцон олгохыг даалгах” шаардлага бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Ц миний бие 1990 онд цэргийн тэтгэвэр тогтоолгосон ба 2007 оноос цолны нэмэгдэл, хилийн нэмэгдэл, тусгай албаны нэмэгдэл зэргийг тооцуулан тогтоолгосон. 

Зүй нь 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль батлагдсан гарсан өдрөөс тооцон олгох ёстой байтал гомдол гаргасан 2007 оноос тооцох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэв 1994 онд гомдол гаргасан бол тэтгэвэрээ бүтэн авах байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй ба нэгэнт авах ёстой байсан зүйлдээ гомдол гаргасан, гаргаагүй гэдгээр барьцаалан олгохгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Иймд 1994 оноос 2007 оны хооронд олгогдох ёстой байсан тэтгэвэрийн зөрүүг олгохгүй байгаа буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрүүлж, тэтгэвэрийн зөрүүг тооцон олгохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр багасгасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 

“2004 оноос 2007 оны хооронд олгогдох ёстой байсан тэтгэвэрийн зөрүүг олгохгүй байгаа буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрүүлж, тэтгэвэрийн зөрүүг тооцон олгохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Б.Ц нь 1990 онд тэтгэвэрт гарсан бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 193 дугаар тогтоолд заасны дагуу цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон. 2007 онд Сонгинхайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод цолны нэмэгдэл, тусгай нэмэгдлийг оруулан тооцуулах тухай хүсэлт гаргасан тул 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 1 дүгээр тогтоол “Цэргийн тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох журам”-ыг баримтлан өөрчлөн тогтоосон байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан” гэж заасны дагуу тэтгэвэр авагчийн хүсэлтийг хүлээн авсан. Мөн хуулийн 28.2-д “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээж авсан бол мөн сарын 1-нээс, тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 1-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно” гэж заасан байна. 

Тэтгэвэр тэтгэмж тогтоох, хэмжээг өөрчлөн тогтоохдоо тухайн тэтгэвэр тэтгэмж хүссэн өргөдөл гомдлыг ирүүлсэн хугацаанаас тооцох бөгөөд нөхөж олгох зохицуулалт байхгүй. Иймд иргэн Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Б.Ц Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “2004 оноос 2007 оны хооронд олгогдох ёстой байсан тэтгэвэрийн зөрүүг олгохгүй байгаа буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрүүлж, тэтгэвэрийн зөрүүг тооцон олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Б.Ц нь 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тэтгэвэрт гарах өргөдөл гаргасны дагуу Бүгд Найрамдах Монгол Ард Улсын СНЗ-ийн 193 дугаар тогтоолын дагуу цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгожээ. 

Улмаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “... 1997 оны 05 дугаар сараас 2002 оны 11 дүгээр сар хүртэл цэргийн албандаа дэд хурандаа цолтойгоор 5 жил хасас, хилийн нэмэгдэлтэйгээр 7 жил 2 сар ажилласан тул сүүлд ажилласан нэмэгдэл ба цолны нэмэгдлийг тэтгэвэрт өөрчлөлт оруулан тогтоож өгнө үү” гэсэн өргөдлийг 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасны дагуу 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан жилийн нэмэгдэл  бодогдон 49094 төгрөгийн тэтгэвэрийг Б.Ц олгохоор шинэчлэн шийдвэрлэсэн байна. 

Харин Б.Ц нь 2007 онд Монгол Улсын хил хамгаалах ерөнхий газрын Төв архивын 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/696 тоот лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын газрын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/2042 тоот лавлагааг хавсарган тэтгэвэрийн зөрүүг нэмэгдүүлэх өргөдөл гаргасны дагуу 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тусгай алба хаасан болон хилийн, цолны нэмэгдлийг таван жилийн цалинд оруулж тооцон тэтгэвэрт өөрчлөлт оруулан тооцохоор шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... тэтгэвэр тэтгэмж тогтоох, хэмжээг өөрчлөн тогтоохдоо тухайн тэтгэвэр тэтгэмж хүссэн өргөдөл гомдлыг ирүүлсэн хугацаанаас тооцох бөгөөд нөхөж олгох зохицуулалт байхгүй. 2004 онд өргөдөл гаргахдаа холбогдох материалыг хавсарган ирүүлээгүй” гэж маргажээ. 

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Ц нь ажилласан хугацааны болон хилийн, цолны нэмэгдлийг тооцуулахаар 2004 онд өргөдөл гаргахдаа холбогдох материалыг хавсаргаагүй нь тэтгэвэрийн нэмэгдлийг тооцон олгохгүй байх үндэслэлд хамаарахгүй байна. 

Нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч Б.Ц 2004 оноос 2007 онд хүртэлх тусгай алба хаасны болон хилийн, цолны тэтгэврийн нэмэгдэл нөхөн олгогдох боломжтой болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон гэж үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан иргэн Б.Ц Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Б.Ц 2004 оноос 2007 оны хоорондох цэргийн тэтгэвэр дээр хилийн болон цолны, тусгай албаны нэмэгдлийг тооцон олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ