Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 559

 

  2020          06            03                                   2020/ШЦТ/559

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлан,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Ч.А-д холбогдох эрүүгийн 2005012930726 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч.А.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эко 26 дугаар байрны 6 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Н.Б-г “ах, дүү нарт ховлосон” гэх шалтгаанаар толгой, нүүр, нуруу, хэвлий хэсэгт гараараа цохиж тархи доргилт, зүүн хацар, эрүү, цээж, хэвлий, хоёр дал, хоёр бугалга, шуу, баруун бугуй, сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2020 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эко 26 дугаар байрны 6 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Анар /9 настай/ нь ээж Н.Бумцэндийг өмөөрөх хамгаалах үед “ээж чинь хүмүүжүүлж чадахгүй бол би хүмүүжүүлнэ” гэх шалтгаанаар хоолойноос нь багалзуурдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн шал мөргүүлэн зодож тархи доргилт, баруун нүдний зовхи, уруул, эрүүнд цус хуралт, хоёр чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба бага насны хүүхдэд болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Н.Бумцэнд: “...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ч.А бид хоёр 3 хүүхдийн хамт гэртээ байж байтал 16 цагийн үед нагац ах н.М, нагац эгч н.М, хүргэн ах н.А, бэр эгч  н.Н нар шинэ төрсөн хүүхдийг маань иргэж ирсэн. Ирэхдээ нөхөр Ч.А-д 1 шил архи авчирч өгсөн. Ингээд манай гэрт ах эгч нар маань хэсэг саатсан. Тэр үед нөхөр Ч.А ирсэн зочдод сөн түшиж архи өгч байсан. Архи задлаад хундагалж байхад нь манайхан Ч.А-д “битгий архи уугаарай” гэж хэлсэн байсан. 23 цаг өнгөрч байхад ирсэн бүх зочид бүгд хамт гарцгаасан. Ч.А гэрлийн унтраалгыг цохиж унтраагаад агсрах янзтай байхаар нь аргыг нь олох гээд эвээр харьцаж унтаж амар гэж хэлсэн. Тэгтэл оймсоо тайлаад миний нүүр лүү шидээд “миний унтаж хэвтэх, ууж идэхийг чи заадаг хэн юм бэ, ах дүү нартай намайг ховлодог хэн юм бэ” гэж хэлээд босож ирээд зүүн нүдний орчимд гараараа цохиод авсан. Би хэрүүл хийвэл гай болох байх гэж бодоод тайвшруулах гэтэл улам асаж дайраад 2 гар, нүүр, толгой, хэвлий, нуруу хэсэгт олон удаа цохисон. Бас зүүн гар өчөөд “чи цагдаа дууддаг бил үү одоо цагдаагаа дууд” гэж дарамталсан. Энэ үед миний 2 гар, нүүр, толгой, хэвлий хөхөрч хавдсан. Тэр үед манай хүү Э.А жижиг өрөөнөөс гарч ирээд “би та хоёрыг сонсоод байна. Та миний ээжийг зодохоо болиоч би хамгаалж чадна” гэж хэлсэн чинь Ч.А “чи яасан их юм дуугардаг гөлөг вэ, ээж чинь чамайг хүмүүжүүлж чадахгүй бол би хүмүүжүүлээд өгье зулбасга минь” гэж хэлээд гараа зангидаж байгаад нүүр хэсэгт нь цохиж байсан. Мөн Э.А-г шал нь дээр унагаж байгаад гэдэс рүү нь өшиглөсөн. Давсагнаас нь барьж байгаад шал нь дээр толгойг нь мөргүүлээд байсан. Тэр үед Анарын ам хамарнаас нь цус гарч байсан. Хүү Э.А-т учирсан гэмтэлд ямар нэгэн эмчилгээ хийлгэхгүйгээр эдгээсэн. Ч.А-гаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ тооцож өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-32/,

2. Насанд хүрээгүй хохирогч Э.А: “...Би Ч.А гэдэг хүнийг хэзээ таньдаг болсноо санахгүй байна. Би ааваа гэж дууддаг байсан. Одоо бол н.А гэх хүн юм байна гэж боддог болсон. Тэр шөнө манай ээжийг зодоод байхаар нь “та ээжийг битгий зодоод бай” гэж хэлсэн чинь “чи миний өөдөөс юм хэлдэг хэн юм бэ” гэж хэлээд гараараа хоолойноос багалзуурдаж аваад хананд шахаж өргөөд шалан дээр унагаад өшиглөсөн. Тэгээд толгойгоор шал мөргүүлээд байсан. Намайг 1 удаа л зодсон. Өмнө зодож байгаагүй. Одоо миний биед өвдөж байгаа зүйл байхгүй. Тухайн үед ам хамарнаас цус гарсан. Өглөө нь манай ах н.М, эгч н.Н, н.Г нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38/,

3. Гэрч Л.Д: “...Би Ч.А-гийн ээжийнх нь ээж байгаа юм. Миний төрсөн охин н.Н гарсан хүүхэд. Ч.А-гийн аав н.Ч нь 1990 оны эхээр нас барсан. Охин н.Н 2000 оны үед нас барсан. Ч.А эцэг, эхийгээ нас барснаас хойш миний гар дээр хүн болж өссөн. 2017 оны намар Н.Б-д гэх эмэгтэйтэй танилцаж 2018 оны сүүлээс хамт амьдрах болсон. Н.Б нь 2 хүүхэдтэй манай хүүтэй нийлсэн. Манай хүү архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Юунаас болж маргалдаад яагаад эхнэр хүүхдээ зодсоныг мэдэхгүй байна. Би өмнө нь гэрт нь хамт байх үед 9 настай Э.А гэх хүү их муухай зантай янз бүрийн үг хэлдэг хүүхэд байсан. Манай хүү үгийг нь сонсож чадаагүй зодсон байх. Манай хүү Ч.А гайгүй, төлөв даруу, дуу цөөтэй, номхон томоотой хүүхэд гэж боддог...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23/,

4. Ч.А-гийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 10-ны орой манай эхнэрийн ах дүү нар болох н.Г, н.Н, н.У, н.М, н.А-т нар ирсэн. Хадмууд маань манай шинэ төрсөн хүүхдийг эргэж ирсэн. Бид нар хоол цай идэж сууж байтал 1 шил архи авчирсан байсан. Ингээд тэр архийг нь задалж ууцгаасан. Архи дуусчихаар нь нэмээд хоёр шил архи авч уусан. Ингээд шөнө 00 цаг өнгөрч байхад Н.Б-ийн ах дүү нар явсан. Намайг н.Н, н.Г нар нь “манайд очиж архи ууя гэхээр нь би охинтойгоо хамт байна” гэж хэлээд үлдсэн. Манайд хамт архи уугаад сууж байтал Н.Б-ийн эгч нар болох н.Н, н.Г нар надад хандан “эхнэр чинь хоол цай хийгээд яваад байна чи босооч, эхнэрийн чинь бие нялх байгаа” гэж хэлсэн. Мөн 00-ийн өрөөнд байхад хэлж байхыг нь сонссон байсан юм. Үүнд нь уур их хүрсэн байсан. Ингээд зочид явсны дараа манай эхнэр намайг “н.А ах цамцаа үлдээсэн байна гаргаад өгчих” гэсэн. Би гадаа гартал бүгд явчихсан байсан. Буцаж гэртэй ороод эхнэртэй хандаж “намайг доромжиллоо танай ах дүү нар” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Ингээд эхнэр Н.Б-г барьж аваад зодсон.  Нүүр хэсэгт нь цохисон ингээд маргаан дунд гар хөл рүү нь цохиж авсан удаа байгаа. Энэ үед манай дагавар хүү Э.А өрөөнөөс гарч ирээд надад хандан “лалар чинь унтаагүй юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э.А-ыг барьж аваад багалзуурдаж аваад баруун хацар хэсэгт нь алгадаж унагаасан. Энэ үед хүүхдийн амнаас цус гарсан. Би уурандаа бас цохиж зодсон байх тэрийгээ сайн санахгүй байна. Надад өөр зодож цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-63/,

5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №3636 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Н.Б-ийн биед тархи доргилт, зүүн хацар, эрүү, цээж, хэвлий, хоёр дал, хоёр бугалга, шуу, баруун бугуй сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 44-45/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №3638 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Э.А-ын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, уруул, эрүүнд цус хуралт, хоёр чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 47-48/,

7. Насанд хүрээгүй хохирогч Э.А-ын нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.А нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 83/ гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 84-85/ гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эко 26 дугаар байрны 6 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Н.Б-ийг “ах, дүү нарт ховлосон” гэх шалтгаанаар толгой, нүүр, нуруу, хэвлий хэсэгт гараараа цохиж тархи доргилт, зүүн хацар, эрүү, цээж, хэвлий, хоёр дал, хоёр бугалга, шуу, баруун бугуй, сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2020 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эко 26 дугаар байрны 6 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд насанд хүрээгүй Э.Анарыг /9 настай/ ээж Н.Б-ийг өмөөрөх хамгаалах үед “ээж чинь хүмүүжүүлж чадахгүй бол би хүмүүжүүлнэ” гэж хоолойноос нь багалзуурдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн шал мөргүүлэн зодож тархи доргилт, баруун нүдний зовхи, уруул, эрүүнд цус хуралт, хоёр чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, бага насны хүүхдэд болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-32/, насанд хүрээгүй хохирогч Э.А-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38/, гэрч Л.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №3636, №3638 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 44-45, 47-48/, насанд хүрээгүй хохирогч Э.А-ын нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 39/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.А-гийн шууд санаатай үйлдлээр хохирогч Н.Б, насанд хүрээгүй хохирогч Э.А нарын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Ч.А-г Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ч.А-гийн 2020 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко 26 дугаар байрны 6 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Н.Б, өөрийн дагавар хүү насанд хүрээгүй Э.А нарыг зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгаа үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг нэг цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрсэн болон насанд хүрээгүй хоёр хүний эрүүл мэндэд санаатай учруулж байгаа нь нэг гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр буюу хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг шүүх шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт заавал журамлах шаардлагагүй гэж үзсэн болно.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б, насанд хүрээгүй хохирогч Э.А нар “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг шүүгдэгч Ч.А мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгч Ч.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний хувийн байдал болон эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй юм. 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2005012930726 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний биед хөнгөн хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.А-г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ч.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор  нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ