Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 573

 

    2020           06            09                                 2020/ШЦТ/573

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч С.Б-т холбогдох эрүүгийн 1905049490892 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэгдэж байгаагүй, С.Б.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” нэртэй зочид буудалд иргэн Б.Н-ийн биед халдан зодож, түүний эрүүл мэндэд дух болон зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий гэмт хэрэг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр гэртээ ирэхгүй байгаа дүүгээ хайгаад явж байсан. Хохирогч Б.Н-тэй тааралдаад дүүгээ асууж байгаад маргалдаад гинжээрээ ороолгосон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Н: “...2019 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед өөрийн таньдаг хоёр ах Амгаланбаатар, Нямдаваа, найз Золжаргал нарын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Ашид” нэртэй зочид буудлын 201 тоот өрөөнд орсон... Нөгөө залуучууд миний хоёр талаас чирээд өөрсдийнхөө өрөө рүү оруулсан. Тэр өрөөнд гурвуулаа байсан. Тэгтэл нэг нь өрөөнөөсөө гараад явсан. Хоёр нь үлдээд намхан биетэй С.Б гэгч нь цамцаа тайлаад хүзүүн дэх гинжээ татаж аваад миний толгойг нөгөө гинжээрээ ороолгосон... С.Б миний дух руу гинжээр ороолгосон, би нүүрээ хаах гэсэн чинь зүүн гарын ар сарвуу хэсгийг ороолгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/,

2. Хохирогч Б.Н: “...Миний бие одоо зүгээр болсон байгаа. Миний духны сорви арилсан. Би эмчилгээ гээд зүйл хийлгээгүй, духан дээрээ сорви арилгах тос авч түрхсэн. 30.000 төгрөгийн тос байсан. С.Б миний сорвины тосны мөнгийг өгч уучлалт гуйсан. С.Бт гомдол санал, нэхэмжлэх зүйл одоо байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

3. Гэрч М.Т: “...Б.Н гаднаас орж ирээд өрөөнөөсөө орж гадуур хувцасаа авах гээд өрөө рүүгээ ороод буцаж гарч иртэл 202 тоотод орсон залуучууд Б.Н-ийг юунаас болж маргаад байгаа нь мэдэгдэхгүй, Б.Н-ийг явуулахгүй зууралдаад байсан. Тэд нар Б.Н-ийг аваад өрөө рүүгээ орсон байсан... Б.Н нөгөө залуучуудын өрөөнөөс гарч ирэхдээ дух нь шалбарчихсан, “цагдаа дуудаад өгөөч” гэсэн тэгээд би цагдаа дуудаж өгсөн. Тэгээд н.Т гэгч нь “би энэ маргаанд хамаагүй” гээд түрүүлээд яваад өгсөн. Ууганбаяр, С.Б хоёр нь Б.Н-ийг угаасаа энэ биеэ үнэлдэг хүүхэн, цагдаа ирэхээр учраа олно гээд байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 22-24-р хуудас/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 66 тоот дүгнэлт: “...Б.Н-ийн биед зүүн хацар, дух, зүүн сарвуу, баруун бугалганы цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

5. Шинжээч Ц.О: “...Б.Н-ийн биед үүссэн духанд зулгаралт гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Номин-Эрдэнийн биед үүссэн зүүн хацарт цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн сарвууны зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтлүүд нь мөн гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

6. Шүүгдэгч С.Б: “...Б.Н-эс гэртээ ирэхгүй байгаа дүүгээ асууж маргалдаад Б.Н-ийг өрөө рүүгээ оруулаад “манай дүү хаана байна, та нар хамт явж биеэ үнэлдэг биз дээ” гэж хэлээд гинжээрээ ороолгосон юм... Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-52-р хуудас/,

7. “Ашид” зочид буудлын үйлчлүүлэгчдийн бүртгэл /хх-ийн 38-39-р хуудас/,

8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон сиди бичлэг,

9. Шүүгдэгч С.Б-ын “хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 60-р хуудас/ гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 63-64/ гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” нэртэй зочид буудалд иргэн Б.Н-ийн биед халдан зодож, түүний эрүүл мэндэд дух болон зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий гэмт хэрэг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 14-17, 18-19-р хуудас/, гэрч М.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 66 тоот дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/, шинжээч Ц.О-ийн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, шүүгдэгч С.Б-ын мэдүүлэг /хх-ийн 48-52-р хуудас/, “Ашид” зочид буудлын үйлчлүүлэгчдийн бүртгэл /хх-ийн 38-39-р хуудас/, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон сиди бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б нь шууд санаатай үйлдлээр хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч С.Б-т Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг шүүгдэгч С.Б мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний хувийн байдал болон хувиараа тодорхой ажил эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй юм. 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 1905049490892 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хэргийн хамт шүүхэд ирсэн сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ