Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн иргэн Тайжууд овгийн Гүрбазарын Оюунгэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Оюунгэрэл

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байна. Улсад 21 жил ажилласан. Үүнээс 1990 оны 06 сарын 13-ны өдрөөс 1995 оны 07 сарын 02-ныг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид талхны цехийн ажилчинаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болоод байна. Ажиллаж байх хугацаанд Худалдаа бэлтгэлийн анги нь Оргил хоршоо болон өөрчлөгдөж байсан. Иймд Үүнээс 1990 оны 06 сарын 13-ны өдрөөс 1995 оны 07 сарын 02-ныг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Оюунгэрэл нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Г.Оюунгэрэлийн  хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй,  холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01  сарын 12-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Ц.Сугирсүрэнгийн:“...Би Г.Оюунгэрэлийг 1990 оноос 1995 оны хооронд Дундговь аймгийн Дэрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид талхны цехэд ажиллаж байсныг нь мэднэ. Би үйлчлүүлдэг байсан юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч С.Гүндэгмаагийн: “...Г.Оюунгэрэл нь 1990 оноос 1994 он хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид талхны цехэд талх, нарийн боовчиноор ажиллаж байсныг нь мэднэ. Худалдаа бэлтгэлийн анги нь Оргил хоршоо болон өөрчлөгдөж байсан ба энэ хоршоонд мөн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Туулын: “...Г.Оюунгэрэл бид хоёр Дундговь аймгийн Дэрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид хамт ажиллаж байсан юм. Г.Оюунгэрэл нь нарийн боовны цэхэд 1990 оноос 1995 он хүртэл ажилласан. 1990 онд Худалдаа бэлтгэлийн анги бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж Оргил хоршоо болж байсан. Энэ хоршоонд мөн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 15 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид /Оргил хоршоо/ 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл талхан цехийн ажилчинаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй тул Гүрбазар овогтой Оюунгэрэлд холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно…” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 08/31 дугаартай “Дундговь аймгийн Дэрэн сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1990 оны 04 сарын 15-нд “Оргил” хоршоо болон өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулж байсан болно...” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2016 оны 06 сарын 16-ны 93 дугаартай “Дундговь аймгийн Дэрэн сумын ХБАнги /Оргил хоршоо/ нь 1991-1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тодорхойлов...” гэх лавлагааны хуулбар,

5.Дундговь аймгийн Дэрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 06 сарын 13-ны өдрийн 13 дугаартай “Талхны цехийн ажилчинаар Г.Оюунгэрэлийг 1990 оны 07 сарын 01-нээс эхлэн томилсугай” гэх тушаал,

7.Нэхэмжлэгчид 1985 оны 09 сарын 01-ний өдөр олгосон “ангийн даргын 1990 оны 06 сарын 13-ны өдрийн 13-р тушаалаар 1990 оны 07 сарын 01-нээс Худалдаа бэлтгэлийн ангид ажилчинаар ажиллуулав”, “Дэрэн сумын Оргил хоршооны даргын 1995 оны 07 сарын 02-ны өдрийн 06-р тушаалаар 1995 оны 07 сарын 02-ноос Оргил хоршооноос чөлөөлөв” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болно.

Дээрх бичгийн баримтуудаар Г.Оюунгэрэлийн Дундговь аймгийн Дэрэн сумын Оргил хоршоонд 1990 оны 07 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл талхны цехийн ажилчинаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 06 сарын 13-наас 1990 оны 07 сарын 01-нийг хүртэл хугацаанд  ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, 1995 оны 01 сарын 01-нээс нийгмийн даатгалын тогтолцоонд шилжсэн байх тул 1995 оны 01 сарын 01-нээс 1995 оны 07 сарын 02-ныг дуустал хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайжууд овгийн Гүрбазарын Оюунгэрэл /ЗЮ67030205/ нь Дундговь аймгийн Дэрэн сумын Оргил хоршоонд 1990 оны 07 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл талхны цехийн ажилчинаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 06 сарын 13-наас 1990 оны 07 сарын 01-нийг хүртэл, 1995 оны 01 сарын 01-нээс 1995 оны 07 сарын 02-ныг дуустал хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ