Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 577

 

 2020         06          10                                       2020/ШЦТ/577

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч А.В нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч А.В холбогдох эрүүгийн 2005014030897 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дүү нарын хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А.В.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.В нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Боса” худалдааны төвийн орчим хохрогч Б.О-ын зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохиж зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.О: “...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах “Инээмсэглэл” нэртэй пабад орж найзыгаа хүлээнгээ 1 шил пиво уучихаад байж байтал хаах цаг нь болоод гарч байхад миний таньдаг эмэгтэй сууж байхаар нь очоод юм ярьтал биш байхаар нь гараад такси бариад сууж байтал найз “ирж байна” гэсэн. Таксинд сууж байтал нөгөө эмэгтэй ирээд араас нь 4 залуу гарч ирсэн ба нөгөө эмэгтэй намайг хараад “энэ 4 залуу намайг хоргоогоод байна, машинд чинь суучих уу” гэхээр нь “тэг тэг” гээд машинд суугаад хөдлөх гэж байтал ногоон эрээн куртиктэй залуу жолооч талын цонхоор цээжээ оруулж ирээд түлхүүр сугалж авсан. Түлхүүр өгөхгүй маргалдаад байхаар нь би машинаас буутал араас 3 залуу ирээд үстэй захтай хар өнгийн куртиктэй залуу миний зүүн талын шанаа хэсэгт гараа зангидаж 1 удаа цохисон. Тэгтэл нөгөө 3 залуу нь дээрээс толгой руу, бие рүү гараараа нүдээд, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд анх намайг цохисон залуу зугтаачихаар нь 2 залуугийн тэлээнээс нь бариад зогсож байгаад цагдаа дуудсан. Зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтлийг эхэлж зүүн шанаа руу цохисон залуу учруулсан ба тухайн үед цохиулахад чих дүнгэнээд байсан. Зүүн шууны гэмтэл хэзээ учирсаныг мэдэхгүй, хэн цохиж байгааг харах боломжгүй, толгойгоо гараараа хаагаад тонгойчихсон байсан үед учирсан байх. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, намайг зодсон залуучууд эмчилгээндээ хэрэглээрэй гээд 2.000.000 төгрөг данс руу шилжүүлж өгсөн. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35, 37-р хуудас/,

2. Гэрч Б.А: “...2020 оны 03 дугаар 30-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хороо “Инээмсэглэл” пабад ороод гарах гэж байтал нэг эмэгтэй “тооцоо хийгээд өгөөч хамт үргэлжлүүлж явъя” гэхээр нь зөвшөөрөөд тэр хүүхэнтэй гадаа тамхи татаад зогсож байтал таксины жолооч гүйж ирээд “тэнд нэг залуу дуудаж байна, явъя гэж байна” гэхэд тэр хүүхэн машин руу явчихсан. Машины хойд талд сууж байсан залууд хандаж “та нар явах гэж байгаа бол тооцоогоо хийчих” гэхэд “яахаараа би тооцоо хийдэг юм” гээд маргаан үүссэн. А.В гарч ирэхдээ намайг хүнтэй маргалдаж байгааг харчихаад зодолдож байна гэж ойлгоод үгийн зөрүүгүй тэр залуугийн зүүн талын шанаа хэсэг рүү 1 удаа гараа зангидаад цохисон. Тэгэхээр нь би А.В-г “яаж байгаа юм чи” гээд хавсарч унагаачихаад эргээд хартал н.А тэр залуутай зууралдаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

3. Гэрч Н.А: “...А.В надтай зөрөөд н.А, н.С 2 дээр очоод хэсэг хугацааны дараа н.А, А.В-г над дээр дагуулж ирээд “энийг аваад байж бай” гэж хэлсэн. Би тухайн үед А.В-г очоод хүн цохисон талаар мэдээгүй, н.А эргэж яваад нөгөө залуутай маргалдаад байсан. Тэгэхээр нь би очоод салгах санаатай нөгөө залууг 1 удаа цээж хэсэг рүү нь түлхээд “одоо больчихоо” гэтэл тэр залуу миний өмдний тэлээнээс зуураад бас н.А-ын тэлээнээс зуураад байсан. Тэгэхээр нь бид нар зугтааж явахгүй ээ гэдгээ хэлээд тэр залуу цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

4. Гэрч Д.С: “...тухайн залуугийн биед А.В-гаас өөр халдаж цохисон хүн байхгүй. А.В тэр залуугийн зүүн талын шанаа эрүү орчин нь 1 удаа гараа зангидаж цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4287 тоот шинжээчийн дүгнэлт: “...Б.О-ын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, Гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/,

6. Шинжээч эмч Н.Э: “... зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэнгэрэг хальсны цоорол гэмтэл нь чихэн тус газар цохих, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,

7. Шүүгдэгч А.В: “...пивоо ууж дуусгачихаад н.А-ын араас гартал н.А 1 танихгүй эрэгтэй хүнтэй маргадаад зогсож байхаар нь би зодолдох гэж байна гэж ойлгоод тэр залуугийн зүүн шанаа хэсэг рүү гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Би яг хаашаа нь онож цохисноо анзаараагүй. Чих рүү нь хавсраад цохисон байж магадгүй. Би өөрийн гэм бурууга хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.В нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 77-р хуудас/ гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 81-р хуудас/ гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.В-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.В нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Боса” худалдааны төвийн орчим хохрогч Б.О-ын зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохиж зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.О-ын мэдүүлэг /хх-ийн 34-35, 37-р хуудас/, гэрч Н.А-ын мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/, гэрч Н.А-гийн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/, гэрч Д.С-ийн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4287 тоот шинжээчийн дүгнэлт /хх 47-48-р хуудас/, шинжээч эмч Н.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/, шүүгдэгч А.В-гийн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.В-гийн шууд санаатай үйлдлээр хохирогч Б.О-ын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч А.В-г Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.О “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч А.В нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг шүүгдэгч А.В мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгч А.В нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй юм. 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2005014030897 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.В нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.В-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.В-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч А.В цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор  нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.В-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ