Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг, Баянхошууны 6-13 тоотод оршин суух Дуутан овгийн Ёндонгийн Дашцэрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ё.Дашцэрэн

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Дашцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1953 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 64 нас хүрч байна. Би Хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр хөдөө гарч 1971 оны 06 сарын 01-нээс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин болж байсан. 1975 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн дээд сургуулийн бэлтгэл ангид орж суралцсан юм. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болсон тул 1971 оны 06 сарын 01-нээс 1975 оны 06 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ё.Дашцэрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Ё.Дашцэрэнгийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01  сарын 11-ний өдрийн 14 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Д.Оргодолын:“...Ё.Дашцэрэн бид хоёр 1971 онд 8-р анги төгсөөд эвлэлийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч байсан. Ё.Дашцэрэн нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад малчинаар, би тус нэгдлийн Цавчир бригадад хэсгийн ахлагчаар тус тус томилогдож байсан юм. Ё.Дашцэрэн нь 1971 оноос 1975 он хүртэл малчинаар ажиллаж байгаад Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцахаар явсан. Би тус нэгдэлдээ ажиллаад үлдэж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч С.Алтанцэцэгийн: “...Бид дунд сургуульд нэг ангид сурч байсан юм. Ё.Дашцэрэн нь 1971 онд 8-р анги төгсөөд илгээлтээр гарч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад малчин болж байсан. Ё.Дашцэрэн нь 1971 оноос 1975 он хүртэл малчинаар ажиллаж байгаад Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцахаар явсан. Би 1975 онд сумын Холбоонд ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч М.Даваадоржийн: “...Бид 1-р ангиасаа хамт нэг ангид сурч байсан хүмүүс байгаа юм. 1971 онд 8-р анги төгсөөд Ё.Дашцэрэн нь илгээлтээр хөдөө гарч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин болж байсан. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаад 1975 онд сургуульд явсан...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 14 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдэлд 1971 оны 07 сарын 01-нээс 1975 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл малчинаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй тул Ёндон овогтой Дашцэрэнд холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно. Хөгжил нэгдлийн даргын 1971 оны Ё.Дашцэрэнд холбогдох малчинаар томилсон тухай тушаалыг эх хувиас хуулбарлан гаргаж хүргүүлэв…” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 1971 оны 06 сарын 15-ны өдрийн 22 дугаартай “Малчинаар ажиллуулах тухай ” тушаалын хуулбар,

4.Нэхэмжлэгч Ё.Дашцэрэнд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1971 оны 06 сарын 15-ны өдөр олгосон 1971 оны 09 сараас 1975 оны 06 сарыг дуустал ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар баримтууд болно.

 

Дээрх бичгийн баримтуудаар Ё.Дашцэрэнгийн 1971 оны 06 сарын 01-нээс 1975 оны 06 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгчи Дуутан овгийн Ёндонгийн Дашцэрэн /ЗЗ53061307/ нь 1971 оны 06 сарын 01-нээс 1975 оны 06 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ