Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 578

 

 2020         06             10                                  2020/ШЦТ/578

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Д-д холбогдох эрүүгийн 200500000885 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч дүүгийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй О.Д.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Д нь 2020 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжое” баарны гадна хохирогч Б.Ч-той маргалдаж нүүрэн тус газар нь цохиж баруун чамархай, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад шарх, доод уруулд язрал, дээд зүүн 1.2-р шүдний сулрал, тархи доргилт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Б.Ч бааранд таарсан. Б.Ч тухайн үед надтай хамт явж байсан хүмүүстэй муудалцаад байхаар нь би салгасан. Баарнаас гараад дахин тааралдаад дахиад над руу маргалдах гээд дайрсан. Тэгээд намайг цохих гээд байхаар нь би цохисон. Хохирогч худал мэдүүлэг өгсөн гэж би бодож байна гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Ч: “...2020 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжое” бааранд найзуудтайгаа ороод бүжиглэж байгаад танихгүй залуустай маргалдсан. Тэгээд маргалдахаа болиод эвлэрээд байж байгаад баар хаах болоод бид нар баарнаас гараад нөгөө бааранд маргалдсан залуустай дахиад маргалдаад намайг О.Д гэрч залуу зодсон. О.Д-той бүжиглэж байгаад хоорондоо түлхлцээд маргалдсан ба тэрнээс болж гадаа намайг зодсон. О.Д миний дээд доод уруул руу гараараа, баруун талын шанаа орчим цохиж зодсон. Миний тархи доргиж дээд доод уруул язарч шүд хөдлөж, толгойн баруун тал орчим язарсан. Эмчилгээ хийлгээгүй, толгойн томографик хийлгэж, өвчин намдааж үрэвсэл дарах эм авч уусан, баримтыг нь аваагүй, О.Дт зодуулж гэмтсэн хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

2. Гэрч М.Ц: “...би гүйгээд очиход Б.Чийн толгой, ам, хамарнаас нь цус гарсан хэвтэс байсан, хэн цохисныг нь харж чадаагүй. Тэгээд Б.Чийг аваад цагдаагийн газар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

3. Гэрч Х.Г: “...эргүүл жижүүрийн үүрэг гүйцэтгээд зогсож байтал “Энжое” баарны гадаа 1 залууг бас 1 залуу нүүр рүү нь цохиж газарт унагаагаад намайг очих зуур нүүр, толгой орчим нь хэд хэдэн удаа цохиод авсан. Цохиулсан залуу нь урдаас нь хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. О.Д нь Б.Ч-ийн нүүр рүү миний харснаар 2-3 удаа цохиод авсан. Б.Ч-ийг О.Д-оос өөр хүн цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

4. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5445 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б.Ч-ийн биед баруун чамархай, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад шарх, доод уруулд язрал, дээд зүүн 1.2-р үдний сулрал, тархи доргилт бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,

5. Шүүгдэгч О.Д: “... бид нар маргадаад би анхандаа зодоон хийж болохгүй гээд асуудлаа зохицуулж байтал Б.Ч гэгч нь над руу дайраад байхаар нь зодчихсон юм. Б.Ч согтуу манай найз болон над руу дайраад байхаар нь би цохисон, хохиролоо барагдуулах болно. Б.Ч-т гэмтэл учруулсан гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Д-т  холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.Д нь 2020 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжое” баарны гадна хохирогч Б.Ч-той маргалдаж нүүрэн тус газар нь цохиж баруун чамархай, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад шарх, доод уруулд язрал, дээд зүүн 1.2-р шүдний сулрал, тархи доргилт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Ч-ийн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/, гэрч М.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, гэрч Х.Г-ын мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5445 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/, шүүгдэгч О.Д-ын мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Д нь хохирогч Б.Ч-ийн биед халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч О.Д-ыг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ч-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шүүх үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Бусад асуудлаар.

Эрүүгийн 200500000885 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Д цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хохирогч Б.Ч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ