Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 579

 

 2020          06             11                                   2020/ШЦТ/579

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч П.Ц-д холбогдох эрүүгийн 2005010970715 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа том оврын машин барьж ачаа зөөх ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

Нийслэлийн шүүхийн Эрүүгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16, 39 дүгээр зүйлийг журмалан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хугацааны өмнө тэнссэн суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлж дуусгасан П.Ц.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Ц нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төмөр транс” ХХК-ийн хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр Н.Ч-гийн уруул хэсэгт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, нэг шүдний булгарал, бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Н.Ч-гийн “...Би хувиараа крантай машин барьдаг юм. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гадуур ажил хийж явж байгаад 18 цаг өнгөрч байхад манай найз н.Х дуудаад “төрсөн өдөр болж байна, хүрээд ир” гэсэн. Ингээд би 19 цаг болж байхад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төмөрт транс” ХХК-ийн хашаанд очсон. Очиход найз н.Ч, н.Х, н.Н, н.И нар байсан. Тэд нар архи уусан байсан. Ингээд би хамт нийлээд 1 шил архи уусан. Ингээд байж байтал П.Ц гэх танил хүрээд ирсэн. П.Ц бид нартай нийлээд уусан. Тэгж байтал гэнэт над руу уурлаад миний зүүн талын уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон. Манай найзууд цохихыг нь харсан. Амнаас цус гараад гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд уруул сэтэрсэн байна гэсэн. Ингээд урууландаа оёдол тавиулсан. Өмнө П.Ц манай найз Балдандоржийг цохиж байсан удаатай бөгөөд би энэ талаар нь анхааруулж хэлсэнд П.Ц өширхөөд намайг цохисон гэж бодож байна. Ууж байхад ямар нэгэн маргаан болоогүй. Миний суларсан шүд унасан. Би 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Хатагтай дент” эмнэлэгт үзүүлсэн. Ингэхэд 1 шүд унаж магадгүй гэж хэлсэн. Унасан шүдний хугархай ёзоор үлдчихээд өвдөөд байгаа юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. П.Ц надад “1.500.000 төгрөг өгье, эвлэрье” гэж хэлсэн. Гэхдээ миний шүд хугарч унасан бөгөөд уг шүдийг эмчилгээ хийлгэхэд 2.500.000 төгрөг хэрэгтэй байгаа юм. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 500.000 төгрөг өгсөн. Нийтдээ 3.000.000 нэхэмжилж байна. Үүнийг өгсөн тохиолдолд өөр гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 22-р хуудас/,

2. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3778 дугаартай: “...Н.Ч-гийн биед тархи доргилт, уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зарсан шарх, нэг шүдний сулрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах түл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,

3. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлт материалаар хийсэн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн: “...Н.Ч-гийн биед тархи доргилт, уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зарсан шарх, нэг шүдний сулрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах түл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/,

4. Гэрч Д.Н-ийн: “...2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай найз н.Х-ийн төрсөн өдөр болсон юм. Ингээд н.Х бид хоёр нэг шил архи аваад “Төмөр Транс” ХХК-ийн хашаанд машинаа тавьад сууж эхэлсэн. Ингээд байж байтал н.Ч, Чинзориг, Идэрээ нар ирсэн. Бид нар нийлээд дахиад 1 шил архи авч уусан. Ингээд байж байтал П.Ц машинаа тавих гээд орж ирсэн. П.Ц бид нартай нийлээд дахиад 1 шил архи авч ууцгаасан. Бид нилээд муудаад согтоод байсан. Тэр үед П.Ц зогсож байснаа гэнэт Н.Ч-гийн нүүр хэсэгт 1 удаа цохиж авсан, өөр зүйл болоогүй. Ингээд бид нар салаад явцгаасан. Маргааш нь ажил дээр очиход Н.Ч-гийн шүд нь хөдлөөд унах гээд байсан гэж байсан. Бүгдээрээ инээж хөхрөөд л зогсож байсан маргалдахаар зүйл болоогүй. П.Ц нь Н.Ч-г яагаад цохисон шалтгааныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

5. Шүүгдэгч П.Ц-ын: “... 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гадуур явж байгаад өөрийн машинаа зогсоолд тавихаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төмөр Транс” ХХК-ийн хашаа руу 19 цагийн үед орсон. Тэр үед хашаан дотор манай жолооч найзууд болох н.Х, н.Ч, н.Н, н.И, н.Ч нар архи ууж байсан. Нэгнийнх нь төрсөн өдөр болж байгаа гэж байсан. Би хамт архи уусан. Нилээд согтоод бөгөөд би Н.Ч-гийн нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон, өөр зүйл болоогүй. Би яагаад цохисоноо мэдэхгүй байна. Ямар нэг өш хонзон, өр авлагын болоод хувийн таарамжгүй харилцаа бид хоёрын дунд байхгүй согтуудаа л очоод цохичихсон. Ямар ч шалтгаан байхгүй, би архи уухаараа авиргүй болчих гээд байдаг юм. Ингээд агсараад л цохичихсон юм. Би Н.Ч-д эмчилгээнд нь 1.500.000 төгрөг өгье гэсэн боловч надаас 2.000.000 төгрөг нэхэмжилсэн тул би өгч чадаагүй юм. Би Н.Ч-гийн хохирлыг барагдуулах болно..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

6. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан, эм, тариа худалдаж авсан, мөн шүдэндээ имплант шүд хийлгэх зардалд нийтдээ 2,698,880 төгрөг нэхэмжилсэн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Ц-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.Ц нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төмөр транс” ХХК-ийн хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр Н.Ч-гийн уруул хэсэгт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, нэг шүдний булгарал, бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Ч-гийн мэдүүлэг /хх-ийн 20, 22-р хуудас/, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3778 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлт материалаар хийсэн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/, гэрч Д.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, шүүгдэгч П.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Ц нь хохирогч Н.Ч-гийн биед халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч П.Ц Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзав.

Тухайлбал улсын яллагчаас шүүгдэгч П.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан нь тухай шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж шүүх үзлээ.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ч-гийн биед тархи доргилт, уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, нэг шүдний булгарал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан, эм, тариа худалдаж авсан, мөн шүдэндээ имплант шүд хийлгэх зардалд нийтдээ 2.698.880 төгрөг нэхэмжилжээ. Хэрэгт авагдсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан эмчилгээтэй холбоотой нотлох баримтуудаас хохирогч Н.Ч нь 498.880 төгрөгийг эмчилгээ хийлгэсэн, энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан, харин хохирогч нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой имплант шүд ирээдүйд хийлгэх 2.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч имплант шүд хийлгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй учир шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Энэ талаарх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Иймд эмчилгээний зардалд нэхэмжилсэн 498.880 төгрөгийг гэм буруутай этгээд болох П.Ц-с гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.200.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ц-ыг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-т оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 6 дугаар гудамж, 144 тоотод оршин суух хаягтай/-аас 498,880 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Ч, нэхэмжлэлийн шаардлагаас 2.200.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Ч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Ц цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ