Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 583

 

  2020          06             11                                        2020/ШЦТ/583

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж,  

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч С.Цэрэндорж,

хохирогч Г.А,

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч С.Э-т холбогдох эрүүгийн 20050167700860 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.Э.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” зочид буудлын 401 өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.А-тай зүй бус харилцааны улмаас шалтгаангүйгээр маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зулай, духны хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө таксинд явж байхад Г.А утсаар залгаад дуудсан. 22 цагийн үед Г.А-тай Москва хороололд хальт очиж уулзсан, тэгээд эргээд 3 цагийн үед уулзъя гэхээр нь машинаа Хөдөө аж ахуйн их сургуулийн хажууд тавьчихаад хамт “Алтай” зочид буудлын 401 тоотод орж 2 том савтай пиво уусан. Г.А агсам тавиад байхаар нь уурлаад цохисон. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө “Алтай” зочид буудалд С.Э-тай хамт орсон. Буудалд ороод пиво уусан. Тэгээд бид 2 маргалдсан. Г.Э намайг 2-3 удаа цохисон. Эмчилгээний зардалд 2.800.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдол, саналгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Г.А: “...2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөдөөнөөс буюу уурхайн ажлаа дуусгаад хотод орж ирээд Москва хороололд байрлах ажлын газрын найз Ууганбаярын гэрт архи ууж байгаад найз С.Э руу утсаар залгаад хаана байгаа талаар асуухад “таксинд явж байна” гэхээр нь “хүрээд ир” гэсэн бөгөөд 22 цагийн үед С.Э над дээр ирсэн. Ингээд уулзчихаад яваад өгсөн. Би буцаж Ууганбаярын гэрт орж архи ууж байгаад шөнийн 2 цагийн үед гараад С.Э руу залгаад хаана байгаа талаар асуухад “хөдөө аж ахуйн ойролцоо таксинд явж байна” гэсэн. Тэгэхээр нь би такси аваад очсон. Бид хоёр машиныг Хөдөө аж ахуйн их сургуулийн автобусны буудлын орчим орхиод такси аваад хамт архи уухаар хороолол явсан. Ингээд 3 дугаар хороололд байрлах “Алтай” нэртэй дэн буудалд өрөө авч орсон. Буудалд ороод куртикндээ хийсэн байсан 2.5 литрийн савалгаатай 2 сав пиво гаргаж уусан. Ингээд юм ярьж байгаад би нилээд согтсон бөгөөд С.Э үг хаяад маргаан эхэлсэн. Би маргалдаад барьцалдаж авсан. Тэгтэл С.Э уурлаад хамар хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. “...“ЭМЖЖ” эмнэлэг хамрын хагалгааны төлбөр 2.800.000 төгрөгөөр хийнэ” гэсэн, хагалгаанд ороод төлбөрөө төлсөний дараа баримт өгөх боломжтой. Урьдчилж баримт өгөхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/,

2. Гэрч Г.Ууганбаярын: “...Би С.Э-тай 2010 онд танилцаж байсан бөгөөд ажлын шугамаар хамт ажилладаг байсан. С.Э нь ааш зангийн хувьд шударга, үнэнч, хөдөлмөрч, тусархуу, нийтэч байдал нь ажиглагддаг. Одоогоор гэр бүлгүй бөгөөд аав, ээжийнхээ хамт амьдардаг. Хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

3. Шүүгдэгч С.Э-ын: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Г.А гэх залуутай өмнө нь уурхайд ажиллаж байхдаа таньдаг байсан юм. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би ажлынхаа “Хонда Инсайт” маркийн машинаар халтууранд явж байтал найз Г.А утсаар залгаад дуудсан. Ингээд би 22 цагийн үед Москва хороололд очиж уулзахад Г.А хэдэн хүнтэй хамт архи уучихсан нилээд согтуу байсан. Шөнө 3 цаг өнгөрч байхад дахиад залгахаар нь утсаа автал хаана байгаа талаар асуусан. “Хөдөө аж ахуйн их сургуулийн автобусны буудал дээр байна” гэтэл Г.А такси бариад хүрээд ирсэн. Би машинаа тэнд нь үлдээгээд Г.А хамт такситай хорооллын эцэст байрлах “Алтай” нэртэй зочид буудалд 401 тоот өрөө авч орсон. Ингээд Г.А авч явсан 2 том савтай пивыг уусан. Өглөө 4 цаг өнгөрч байхад Г.А агсан тавиад ууж байсан пиво нүүр рүү цацсан. Намайг заамдаж аваад агсараад байхаар нь уурлаад хамар хэсэгт нь 2 удаа цохисон. Доошоо дарж байгаад дух хэсэгт нь 1 удаа цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5467 дугаартай: “...Г.А биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зулай, духны хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/,

5. Хохирогч Г.А эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан эмчилгээтэй холбоотой 135.000 төгрөгийн нотлох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 83-р хуудас/ гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 85-86-р хуудас/ гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” зочид буудлын 401 өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.А-тай зүй бус харилцааны улмаас шалтгаангүйгээр маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зулай, духны хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмт хэрэг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.А мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/, шүүгдэгч С.Э-ын мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5467 тоот шинжээчийн дүгнэлт /хх 19-20-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Э-ын шууд санаатай үйлдлээр хохирогч Г.А эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч С.Э-ыг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.А биед “тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зулай, духны хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээ хийлгэх зардалд нийтдээ 2.935.000 төгрөг нэхэмжилжээ. Хэрэгт авагдсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан эмчилгээтэй холбоотой нотлох баримтуудаас хохирогч Г.А нь 135.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан, харин хохирогч нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой “ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлэгт ирээдүйд хийлгэх хамрын хагалгааны төлбөрт 2.800.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хагалгаа хийлгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй учир шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Энэ талаарх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Иймд эмчилгээний зардалд нэхэмжилсэн 135.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох С.Э-аас гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.800.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг шүүгдэгч С.Э мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгч С.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй юм. 

Бусад асуудлаар.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э 135.000 /зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.А олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ