Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 597

 

 2020          06             15                                   2020/ШЦТ/597

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн 2005019511031 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, одоо түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э.Б.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либери” нэртэй караокены өрөөнд маргааны улмаас Б.Б-ийн нүүрэн хэсэгт гараараа цохиж хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Б-ийн: “...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр танил дүү Болороо буюу Н.Б утсаар яриад 20 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороо “Либери” нэртэй караокений гадна уулзсан. Ингээд сууж байтал Э.Б үг хаяад “чи миний клипийг телевизээр цацаж өгнө гэчхээд цацаж өгөөгүй” гээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл миний нүүр, амар хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Н.Б бид хоёрыг салгаад холдуултал Э.Б дахиад хамар хэсэгт гараараа 1 удаа цохиж авсан. Н.Б цагдаа дуудсан бөгөөд удалгүй цагдаа нар ирээд Э.Б-ыг авч явсан. Би Э.Бтай 10 жилийн нэг ангийн хүүхдүүд учраас ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

2. Гэрч Н.Б: “...Тэгтэл Э.Б Б.Б хандан “чи өмнө нь миний дууны клипийг телевизээр цацаж өгөөгүй” гээд маргалдаж эхэлсэн. Ингээд Э.Б Б.Б-ийн нүүр хамар хэсэгт 1 цохиод авч байсан. Б.Б ахын хамраас цус гарсан байсан. Б.Б-ийг тонгойх үед шилэн хүзүүн дээр нь дахиж цохиж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №6410 дугаартай: “...Б.Б-ийн биед хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийг үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/,

4. Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Б.Бийн нүүр, хамар хэсэгт 1 удаа цохисон. Тонгойхоор нь зүүн хацар, дух, шилэн хүзүү хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгтэл Н.Б салгасан. Б.Б намайг хэл амаар доромжлоод байхаар нь дахиж явж очоод араас нь шилэн хүзүү хэсэгт нь 2 удаа цохиж авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 63-р хуудас/ гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 64-р хуудас/ гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либери” нэртэй караокены өрөөнд маргааны улмаас Б.Бийн нүүрэн хэсэгт гараараа цохиж хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/, гэрч Н.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №6410 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/, шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Б.Б энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлын талаарх нотлох баримтаа ирүүлээгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг шүүгдэгч Э.Б хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгч Э.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.      

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005019511031 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ