| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 139/2016/00359/И |
| Дугаар | 04 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 04
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Буяннэмэхийн гудамжинд байрлах Хаан банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дундговь аймгийн Сайхан-Овоо сум, 2-р баг, Мааньт Онги 10-4 тоотод оршин суух Төмөрийн Эрдэнэбаатар /РД:ЗЛ72042516/, Оросоогийн Наранцацралт /РД:ЗЛ73012720/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын бүртгэлийн лавлагааны үнэ, нотариатын үйлчилгээний төлбөр, нийт 4240719 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зандраабодь нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Наранцацралт, Т.Эрдэнэбаатар нар нь 2013 оны 8 сарын 30-ны өдөр тус банкны Сайхан-Овоо сумын тооцооны төвөөс 12576000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 19,2 хувийн хүүтэй ахуйн хэрэгцээний зориулалтаар, зээлийн барьцаанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 2-р баг, Онгийн 10-р гудамж 4 тоотод байрлах 2 өрөө байр, компьютер, 32 инчийн зурагт, хөргөгч, хөлдөөгч, хивс зэргийг барьцаалуулан зээл авсан. Улмаар 2014 оны 5 сарын 14-ний өдөр нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан зээл нэмж авч зээлийн үлдэгдлийг 10777000 төгрөг болгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний 7.1.1, 7.1.3-т заасан нөхцлийг зөрчин удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн болон хүүний төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 2016 оны 11 сарын 16-ны өдрийн байдлаархи зээлийн төлбөрийг гаргуулах. Үндсэн зээлийн төлбөр 3897136 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 319800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11283 төгрөг, улсын бүртгэлийн лавлагааны үнэ 10000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2500 төгрөг, нийт 4240719 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү. Мөн Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх /хөдлөх эд хөрөнгө, түүний банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Эрдэнэбаатар, О.Наранцацралт нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Эрдэнэбаатар, О.Наранцацралт нар нь Дундговь аймгийн Сайхан-Овоо суман дахь Хаан банкнаас 2013 оны 8 сарын 30-ны өдөр 12576000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй ахуй хэрэгцээний зориулалтаар зээлж авсан. О.Наранцацралт нь биеийн эрүүл мэндийн шалтгаанаар 2016 оны 2 сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Т.Эрдэнэбаатар, О.Наранцацралт бид ажилгүй, орлогогүй байгаа учир авсан зээлээ төлж чадахгүй байна. 2016 оны 11 сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3897136 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 319800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11283 төгрөг, улсын бүртгэлийн лавлагааны үнэ 10000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2500 төгрөг, нийт 4240719 төгрөгийг төлөх нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар нь Т.Эрдэнэбаатар, О.Наранцацралт нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын бүртгэлийн лавлагааны үнэ, нотариатын үйлчилгээний төлбөр, нийт 4240719 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нар Т.Эрдэнэбаатар, О.Наранцацралтнарын зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82802 /наян хоёр мянга найман зуун хоёр/ төгрөгийн 50 хувь буюу 41401 /дөчин нэгэн мянга дөрвөн зуун нэг/ төгрөгийг улсын төсвөөс, 41401 /дөчин нэгэн мянга дөрвөн зуун нэг/ төгрөгийг хариуцагч Т.Эрдэнэбаатар, О.Наранцацралт нараас гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарт олгож шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1, 185 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын бүртгэлийн лавлагааны үнэ, нотариатын үйлчилгээний төлбөр, нийт 4240719 төгрөгийг хариуцагч Т.Эрдэнэбаатар, О.Наранцацралт нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82802 /наян хоёр мянга найман зуун хоёр/ төгрөгийн 50 хувь буюу 41401 /дөчин нэгэн мянга дөрвөн зуун нэг/ төгрөгийг улсын төсвөөс, 41401 /дөчин нэгэн мянга дөрвөн зуун нэг/ төгрөгийг хариуцагч Т.Эрдэнэбаатар, О.Наранцацралт нараас гаргуулж Хаан банкны Дундговь салбарт оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ