Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 595

 

2020          06             15                                   2020/ШЦТ/595

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Г.Эрдэмбаатар /томилолтоор/,

шүүгдэгч Х.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.З-д холбогдох эрүүгийн 2005010730575 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогтооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х.З.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.З нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “БМ” нэртэй авто угаалгын гадна такси үйлчилгээний төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан хохирогч Б.М-ын нүүр хэсэгт мөргөж дээд уруулд язарсан шарх, дээд хоёр шүдний сулрал, 1 шүдний бүрэн булгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.М-ын “...Би 2020 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 10 цаг өнгөрч байхад 100-н айл орчим өөрийн 92-40 УНВ улсын дугаартай автомашинтай явж байтал нэг хүү гар өргөсөн. Тэгээд би тэр хүүг аваад хаана хүрэхийг нь асуутал “Зурагт орно” гэхээр нь тэр хүүгийн хэлсэн газар хүргэж өгөхөөр явсан. Тэгээд би явсаар Зурагтын хуучин эцэс өнгөрөөд нэг их хол яваагүй “БМ” гэсэн нэртэй авто угаалгын гадаа очтол нөгөө хүү угаалгын газар ороод мөнгө аваад гараад ирье гээд орсон. Тэгээд тэр хүү ороод удаагүй 2-3 минутын дараа угаалгын газраас нэг согтуу залуу гарч ирээд надад “мөнгө өгч чадахгүй эндээс зайл” гээд агсарсан. Миний цонх руу цохиж байгаад буцаад угаалгын газар орсон. Тэр үед би анх миний машинд суусан залуу гарч ирээд мөнгө өгчих байх гэж бодоод сууж байтал сүүлд гарч ирсэн согтуу залуу дахин угаалгын газраас гарч ирээд надад 3500 төгрөг өгсөн. Тэгээд тэр залуу надад мөнгө өгчхөөд “үүнээс илүү мөнгө өгч чадахгүй, эндээс зайл” гэж хэлээд намайг машин дотор сууж байхад мөнгө өгсөн гараараа миний нүүрэнд савчаад мөнгөөр миний толгойг хэд хэдэн удаа цохисноос болж маргаан болсон. Тэгээд би тэр залууд “яаж байгаа юм чи” гээд машинаасаа буух үед угаалгын газраас хэдэн залуучууд гарч ирээд уг нь салгах гэж байсан боловч тэр залуу яах ийхийн зуургүй миний ам уруу хоёр удаа духаараа мөргөсөн. Тэр үед миний үүдэн дээд нэг шүд унаж, хоёр шүд хөдөлсөн. Тэгээд бас амнаас цус гарсан байгаа. ...Тэр үед миний биед угаалгын газраас гарч ирээд байсан согтуу залуу нүүрэнд буюу ам уруу хоёр удаа духаараа мөргөсөн. Тэгээд сүүлд намайг машиндаа сууж байхад тэр залуу дахин гарч ирэхдээ гартаа сэрээ мэт цэнхэр өнгийн зүйл барьж гарч ирээд миний баруун бугуй орчим хоёр удаа хатгасан. Азаар тэр зүйл нь мохоо байсан тулдаа миний гар луу ороогүй. Өөр хүн бол халдаагүй. Хажууд байсан хүмүүс салгах гэсэн боловч дийлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

2. Насанд хүрээгүй гэрч Я.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 10 цаг өнгөрч байхад 100-н айлаас Зурагтын хуучин эцэс орчим байдаг эгч Я.М-ийн ажиллуулж байгаа “Авто машин угаалгын төв” рүү явсан. Тэгэхдээ би 100-н айлаас такси бариад явсан. Угаалгын газрын гадна очоод машинаас буугаад угаалгын газар орж мөнгө авах гэтэл угаалгын газар ажиллаж байсан Х.З гээд залуу бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай надад “би чиний барьж ирсэн таксийг цааш нь аваад явлаа” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би Х.З-ын араас таксины мөнгө аваад гартал Х.З миний сууж ирсэн таксины жолооч ахтай маргалдчихсан заамдалцаад зогсож байсан. Тэр үед би шууд таксины жолооч ах дээр очоод мөнгийг нь өгөхөд Х.З-ын амнаас цус гарсан байсан. Харин таксины жолооч ахад ямар нэгэн гэмтэл шарх гээд байх юм харагдаагүй. Тэгээд удаагүй миний араас Х.З дух нь шалбарсан байдалтай орж ирсэн. Тэгээд Х.З-ын араас цагдаа нар нөгөө таксины ахтай хамт орж ирээд Х.З-ыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3584 дугаартай: “...Б.М-ын биед дээд уруулд язарсан шарх, дээд 2 шүдний сулрал, 1 шүдний бүрэн булгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 % нөлөөлнө. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/,

4. Хохирогч Б.М-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-р хуудас/,

5. Шүүгдэгч Х.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Тухайн үед би Зурагтын хуучин эцэс дээр байрлах “БМ” нэртэй авто угаалгын газар ажиллаж байсан юм. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ байж байтал өглөөний 09-10 цагийн орчимд манай угаалгын газар ажилладаг Билгүүнээ гэх залуу орж ирээд надаас таксины мөнгө байвал өгчих гэсэн юм. Тэгэхээр нь би н.Б-д хандаж “би таксины чинь мөнгийг гаргаад өгье” гээд гадагшаа гарахад Приус-20 маркийн автомашинтай нэг эрэгтэй хүн машиндаа сууж байсан. Тэгээд би тухайн эрэгтэй дээр явж очоод 3000 төгрөг өгтөл тухайн эрэгтэй “3000 төгрөгөөс илүү мөнгө гарсан” гэсэн утгатай юм хэлэхээр нь би “өөр мөнгө байхгүй, одоо эндээс яв” гээд тухайн эрэгтэй бид хоёрын дунд маргаан болсон юм. Тэгээд маргалдаж байгаад уруул руу нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь тухайн эрэгтэй машинаасаа бууж ирээд миний уруул уруу баруун гараараа нэг цохисон. Тэгэхээр нь би өмсөж байсан хувцаснаас нь хоёр гараараа барьж байгаад толгойгоороо уруул руу нь хоёр удаа мөргөсөн. Надад ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Харин би тухайн эрэгтэй хүний уруул руу нь хоёр удаа мөргөхөд шүдэнд нь духаа шалбалсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.З-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.З нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “БМ” нэртэй авто угаалгын гадна такси үйлчилгээний төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан хохирогч Б.М-ын нүүр хэсэгт мөргөж дээд уруулд язарсан шарх, дээд хоёр шүдний сулрал, 1 шүдний бүрэн булгаралт бүхий гэмт үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.М-ын мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Я.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.С-ийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3584 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/, хохирогч Б.М-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-р хуудас/, шүүгдэгч Х.З-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.З нь хохирогч Б.М-ын биед халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Х.З Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын биед дээд уруулд язарсан шарх, дээд 2 шүдний сулрал, 1 шүдний бүрэн булгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Б.М нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн төлбөрийн 8000 төгрөгийн баримтаас өөр нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэм буруутай этгээдээс 8000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мад олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзав.

Тухайлбал улсын яллагчаас шүүгдэгч Х.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан нь тухай шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж шүүх үзлээ.

Бусад асуудлаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.З-ыг 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-д оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-аас 8.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Мад олгож, хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.З цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.ДАЛАЙХҮҮ