Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 596

 

2020          06             15                                   2020/ШЦТ/596

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч П.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч П.Ч-д холбогдох эрүүгийн 2005000000959 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, УБТЗ-д суудлын вагоны үйлчлэгч ажилтай, ам бүл 4, эцэг эх хүүгийн хамт оршин суух, П.Ч.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Ч нь 2020 оны 05 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7 дугаар байрны 3-49 тоотод иргэн Г.Б-ийг хазах цохих зэргээр зодож биед нь баруун зүүн нүдний зовхи, эрүү, зүүн чихний дэлбэн, хүзүү, зулайн хуйх, баруун гарын бугалганд цус хуралт, шарх хаван бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Б-ийн: “...2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр П.Ч-тай хамт гадуур явж байгаад Батцэцэгтэй тааралдаад гэртээ цуг ирсэн. Бид гурав 12 ширхэг лаазтай пиво аваад 4:4 ширхгээр нь хувааж уусан. 21 цаг өнгөрч байхад Отгонсүрэн араас нь Батцэцэгийн найзууд болох н.С, н.А, н.П, н.М бас нэг эрэгтэй ирсэн. Тэгээд н.Б, н.Ч хоёр тэд нарыг ирэхэд 2,5 грамм 4 ширхэг архи том пиво, Эден нэртэй архи авчраад хувааж ууцгаасан. Намайг унтсан хойгуур хажуу талын айл шуугиад байна гээд цагдаа дуудсан юм шиг байна лээ. Цагдаа нар ирээд намайг унтаж байхад тасарсан гээд намайг үлдээгээд бусдыг нь бүгдийг нь аваад явна гээд гарсан гэсэн. Тэгсэн П.Ч над руу буцаад орсон гэсэн. Намайг унтаж  байхад П.Ч намайг дуудсан тэгээд сэрээд “би босмооргүй байна” гэсэн чинь миний баруун гарын булчингаас хазсан. Тэгээд би гараас цус гараад байхаар нь боссон чинь “би н.П н.Ч байна” гээд миний нүүрний зүүн тал руу өшиглөсөн. П.Ч хар пүүзтэй байсан. Миний толгой эргээд нүүрээ дарж сууж байгаад босоод үүд рүү явсан. Үүд рүү явж байхдаа цагдаа дуудаад хаалгаа онгойлгоход П.Ч миний үснээс зулгаагаад үүдний хэсэгт намайг толгойгоор хойшоо савуулаад унагаасан. Бас дээр гараад хоолой боогоод байсан. Тэгсэн удалгүй цагдаа ирэхэд П.Ч гараад явсан, би цагдаагийн машинтай ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-17-р хуудас/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №5863 дугаартай: “...Г.Б-ийн биед баруун зүүн нүдний зовхи, эрүү, зүүн чихний дэлбэн, хүзүү, зулайн хуйх, баруун гарын бугалганд цус хуралт, шарх хавантай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөрөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

3. Гэрч Ө.О: “...цагдаа нар орж ирсэн. Г.Б тасраад унтчихсан, П.Ч нэлээн согтуу байсан. Тэгээд би Батцэцэгийн найзуудтай нь дагуулаад цагдаагийн хамт гарсан. П.Ч гэртээ үлдсэн. Тэгээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Бид нарын цагдаагийн хэлтэс дээр байж байхад “саяны ирсэн хаягаас дахиад дуудлага ирээд байна, та нарын аль нэг нь буцаад очоотох” гээд н.Б-ийн найз гэх эрэгтэй буцаад явсан. Тэгээд би н.Б 3 эрэгтэй найзын хамт буцаад гэрт ирэхэд Г.Б-ийн бүх хувцас цус болчихсон, нүүр лүү цохичихлоо гээд нүүрээ дараад шалан дээр сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

4. Шүүгдэгч П.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цагдаа нар ирээд Г.Б бид хоёрыг гэрт үлдээгээд бусдыг аваад явсан. Би тэд нарын араас гарах гэхэд Г.Б явуулаагүй шиг санагдаж байна. Намайг Г.Б үстсэн тэгээд би гарыг нь тавиулах гэж хазсанаа санаж байна. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан гэрт бид хоёр хоёулаа байсан, Г.Б-т учирсан гэмтлийг би учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

5. Ял шийтгэлийг шалгасан хуудас, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 37-51-р хуудас/,

6. Хохирогч Г.Бийн “П.Ч-аас хохирлын мөнгө болох 780.000 төгрөгийг авч эмчилгээ хийлгэсэн нь үнэн болно” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.Ч нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 56-р хуудас/ гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 57-р хуудас/ гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Ч-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.Ч нь 2020 оны 05 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7 дугаар байрны 3-49 тоотод иргэн Г.Бийг хазах цохих зэргээр зодож биед нь баруун зүүн нүдний зовхи, эрүү, зүүн чихний дэлбэн, хүзүү, зулайн хуйх, баруун гарын бугалганд цус хуралт, шарх хаван бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Бийн мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №5863 дугаартай дүгнэлт, гэрч Ө.О-ийн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, шүүгдэгч П.Ч-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б нь эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа ирүүлээгүй, шүүгдэгч П.Ч нь хохирогчийн эмчилгээний зардалд 780.000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Ч--д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч П.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг шүүгдэгч П.Ч хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч П.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгч П.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Ч-ын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.      

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2005000000959 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. П.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч П.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч П.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ