Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 234

 

“Ханшашир” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01085 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ханшашир” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: В.Бямбажамцад холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээг цуцалж, В.Бямбажамцын нэр дээр шилжүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын  бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг хүчингүй болгуулж,тээврийн хэрэгслийг бүртгүүлэхэд шаардлагатай  бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч В.Бямбажамц нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Пүрэвдорж

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Энхмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ханшашир ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Бямбажамц нь "Ханшашир" ХХК-иас Ниссан Титан маркийн 07-35 УНТ улсын дугаартай авто машиныг 6 000 ам.доллар буюу 12 000 000 төгрөгөөр худалдан авахаар  тохиролцож, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Авто тээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийг В.Бямбажамцын нэр дээр шилжүүлэх  албан бичгийг хийж өгсөн. В.Бямбажамц  машины үнэ 12 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөхөөр үүрэг хүлээсэн. Гэтэл тэрээр  үүргээ биелүүлээгүй, машиныг барьцаанд тавьж, өөрөө оргон зугатсан. В.Бямбажамцаас  машины үнийг төлөхийг удаа дараа шаардахад төлөөгүй тул гэрээнээс татгалзахаа  мэдэгдэж, авто машиныг буцаан авсан. В.Бямбажамцтай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл, худалдах-худалдан авах гэрээг цуцалж, түүний  нэр дээр шилжүүлсэн 00637634 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 062323 дугаартай авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, "Ханшашир" ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В.Бямбажамц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  "Ханшашир" ХХК-иас автомашин худалдах, худалдан авахаар тохиролцсон. Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 04, 05-ны үед "ХААН банк" ХХК-иас зээл авах үед авто машиныг миний нэр дээр байхыг шаардсан тул "Ханшашир" ХХК-иас албан бичиг авч  авто машины өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж  10 000 000 төгрөгийн зээл авсан. Мөн өдрөө Н.Пүрэвдоржийн гар утас руу нь залгасан боловч утсаа аваагүй. Би тус компанийн ажилтан А.Эрдэнэд 12 000 000 төгрөгийг өгсөн. Н.Алимаагаас 2 000 000 төгрөг зээлж авч, нийт 12 000 000 төгрөг болгож, А.Эрдэнэд өгсөн. Автомашин эвдэрсэн тул  эд ангийг солиулахаар нэхэмжлэгч талд түлхүүрийг хүлээлгэж өгсөн. Үүнээс 7 хоногийн дараа  асуухад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн. Тэд машиныг нуугаад өөр газар тавьсан байсан. Би үнийг төлсөн тул  машинаа буцааж  авмаар байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "ХААН" банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлөх эрхгүй этгээд байна. "Ханшашир" ХХК-ийн гэрчилгээ болон ерөнхий захирлын тушаал зэргээс үзвэл  үүсгэн байгуулагч нь "Вэйдү" ХК гэсэн нэг хувьцаа эзэмшигчтэй байна. Компанийн дүрмээс үзэхэд Sun Linfa нь тус компанийг шүүхэд төлөөлөх этгээдийг томилох эрхгүй этгээд байна. "Ханшашир" ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан  учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Ниссан Титан маркын машин нь ХААН банкны барьцаа хөрөнгө юм. Иргэн В.Бямбажамцын 10 000 000 төгрөгийн барьцаанд Титан маркийн машиныг барьцаалсан.

ХААН банк барьцаат зээлийн гэрээг  тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчтэй нь байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээгээр авто машины төлбөрийг 6 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцсон мөртлөө шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. Иймд барьцаалагчийн эрх, ашгийг хамгаалж нэхэмжпэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар хариуцагч В.Бямбажамцад "07-35 УНТ улсын дугаартай Ниссан Титан маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг нэхэмжлэгч "Ханшашир" ХХК-ийн нэр дээр шилжүүлж, Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч "Ханшашир" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч В.Бямбажамцаас 206 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Ханшашир" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа давж заалдах гомдолдоо: Хэргийн маргаанаас хамаарч банк бие даасан шаардлага гаргах боломжгүй маргаан байсан тул банк тусгайлан шаардлага гаргаагүй. Тухайн маргаанд банк хөрөнгийн өмчлөгч бус барьцааны эрхээр хохирч байгааг шүүх харгалзан үзсэнгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т зааснаар хөрөнгийг биет байдлаар шилжүүлэх боломжгүй, хөрөнгийг бус мөнгийг олгохоор шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй. Ирээдүйд маргах боломжгүй нөхцөл байдал, банкны барьцааны эрх хөндөгдөж байхад ИХШХШТХуулийн 29.5 дахь заалтыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх боломжгүй хэмээн тайлбарлаж барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч талд шилжүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулж хөрөнгийг биет байдлаар нь бус мөнгийг олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В.Бямбажамц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан. Н.Эрдэнэ, н.Пүрэвдорж нар нь 2016.01.11-ний өдөр гэрээ хийсэн гэх боловч миний нэрийг В.Бямбажав гэж буруу бичээд одоо тэр хамаагүй гэж байсан. Гэрээ хүчин төгөлдөр бус.  Хаан банкнаас  зээлээр 10 000 000 төгрөг авч , нэмж 2 000 000 төгрөг  нийт  12 000 000 төгрөг өгсөн байхад машины үнэ төлөөгүй гэж нотлох баримтыг үгүйсгэж худал мэдүүлсэн. Баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх хуралдаанд гэрчээр н.Алимааг оролцуулах хүсэлт гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй. Худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгоход гэрээний зүйлийг буцаан өгөх үүрэгтэй байхад миний бие машин ч байхгүй, төлсөн мөнгө ч байхгүй болоод байна. Итгэмжлэл хүчин төгөлдөр гэж үзэх боловч итгэмжлэл олгосон захирал Раn Xian Qin-ийг гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй байхад нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ханшашир ХХК нь хариуцагч В.Бямбажамцад холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, В.Бямбажамцын нэр дээр шилжүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын  бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг хүчингүй болгуулах, тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч хэлэлцэн тохирсон 12 000 000 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж маргажээ.

 

Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Nissan Titan” маркийн 07-35 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6 000 ам.доллараар буюу 12 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь машиныг хариуцагчийн эзэмшилд шилжүүлж, тээврийн хэрэгслийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-ийн 6 дугаар хуудас/

 

Тус гэрээнд худалдан авагч В.Бямбажамцын нэргийг В.Бямбажав гэж ташаа тусгасан боловч уг хэлцэл хийгдсэн талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хөрөнгийг шаардлагатай бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч В.Бямбажамц нь хэлэлцэн тохиролцсон үнэ 12 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч уг мөнгийг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Хариуцагчийн тайлбарт дурдсан “...банкнаас 10 000 000 төгрөг, н.Алимаагаас 2 000 000 төгрөг зээлсэн” гэх нөхцөл байдал нь машины үнийг нэхэмжлэгчид төлснийг эргэлзээгүй нотлох баримт болохгүй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Хариуцагч гэрээний үүргийг биелүүлснээ нотлоогүй, гэрээ байгуулснаас хойш үүргийг гүйцэтгэх хангалттай хугацаа байсан байх тул нэхэмжлэгчийн хувьд хуулийн дээрх заалтын дагуу гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В.Бямбажамцаас машинаа буцаан авсаныг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч уг машиныг биет байдлаар нь буцаан авах эрхтэй тул гэрээнээс татгалзсаны бусад үр дагавар болон холбогдох бичиг баримтыг хүчингүй болгох, тээврийн хэрэгслийг бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэхийг хариуцагчид даалгах зэргээр үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь зөв гэж үзнэ. 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээний зүйлийг барьцаалсан гуравдагч этгээдийн барьцааны эрхийг дуусгавар болгох зэргээр ашиг сонирхлыг нь хөдсөн зүйл заагаагүй байх тул гуравдагч этгээдийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлын дагуу  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна. 

 

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд “Sun Lin Fa” нь “Раn Xian Qin”-д “Ханшашир” ХХК-ийг бүрэн төлөөлөх итгэмжлэлийг олгосон бөгөөд уг итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлийг Раn Xian Qin гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.Пүрэвдоржийг оролцуулахаар итгэмжлэл олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхаас гадна нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан талаар нэхэмжлэгч өөрөө гомдол гаргаагүй нь диспозитив зарчимд нийцнэ. /хх-ийн 17-18, 91-95 дугаар хуудас/

 

Мөн гэрчээр Б.Алимааг оролцуулах хүсэлтийг шүүх хангаж гэрчийн мэдүүлэг авсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. /х.х-ийн 78, 85, 86 дугаар хуудас/

 

 Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаж, баримтлах ёсгүй хуулийн зохицуулалтыг баримталсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг гэснийг хасах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч болон гуравдагч этгээд нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01085 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “182 дугаар зүйлийн 182.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Бямбажамц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

          

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж. ОЮУНТУНГАЛАГ

   ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                            Ш.ОЮУНХАНД