Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0053

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0758 дугаар шийдвэрийг “Э” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

            Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид: 

            Нэхэмжлэгч: “Э” ХХК

            Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар  

Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ХХК-тай “Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”-ийн үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх барих, өмчлөх, ашиглах шууд гэрээ байгуулах тогтоол гаргаагүй Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Э” ХХК-тай “Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”-ийн үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх барих, өмчлөх, ашиглах шууд гэрээ байгуулах тогтоол гаргахыг Засгийн газарт даалгах, тогтоолын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрыг “Э” ХХК-тэй концессийн шууд гэрээ байгуулахыг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 758 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, өмгөөлөгч Б.Ц

            Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, М.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2020/0081/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0758 дугаар шийдвэрээр “Концессийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.12, 17 дугаар зүйлийн 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан ““Э” ХХК-тай “Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”-ийн үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх барих, өмчлөх, ашиглах шууд гэрээ байгуулах тогтоол гаргаагүй Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Э” ХХК-тай “Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи”-ийн үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх барих, өмчлөх, ашиглах шууд гэрээ байгуулах тогтоол гаргахыг Засгийн газарт даалгах, тогтоолын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрыг “Э” ХХК-тэй концессийн шууд гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.   

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

“... “Э э” ХХК-иас хүргүүлсэн албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар тогтоолын 44.1 дэх заалтын дагуу шууд гэрээ байгуулна уу” гэсэн утга бүхий албан бичиг хүргүүлэхэд Үндэсний хөгжлийн газраас 317 дугаар тогтоолын 44-т заасан уралдаанд шалгаруулалтын талаар тайлбар өгсөн байдаг.

“Э” ХХК болон Үндэсний хөгжлийн газар хооронд концессын гэрээний хэлэлцээр хийгдээгүй гэж юу ойлгож тайлбарлаад байна вэ. Концессын тухай хуулиар концессын гэрээг уралдаант шалгаруулалт, шууд гэрээ байгуулах аргаар байгуулдаг. Концессын тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд уралдаант шалгаруулалтыг зарлах, шалгаруулах, үнэлэх, хэлэлцээр хийхтэй холбоотой асуудлыг зохицуулсан. Харин 17, 19 дүгээр зүйлүүдэд шууд гэрээ байгуулах, гэрээ байгуулах шийдвэрийг хэрхэн гаргахыг тун ойлгомжтой байдлаар хуульчилсан. Гэтэл шүүх “Э” ХХК болон Үндэсний хөгжлийн газар Концессын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хэлэлцээр хийгээгүй гэж тайлбарлаж шийдвэр гаргаж байгаа огт үндэслэлгүй зүйл болжээ.

Үндэсний хөгжлийн газраас “Э” ХХК-тай шууд гэрээ байгуулах дүгнэлтийг гаргаж байгаагүй гэдэг нь огт үндэслэлгүй. “Э” ХХК-ийн зүгээс Концессын тухай хуулийн 17.1.2-т заасны дагуу “Концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг нь буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа” бидэнд оюуны өмчөөр баталгаажсан төсөл байна бидэнтэй шууд гэрээ байгуулах дүгнэлтийг гаргаж Монгол Улсын Засгийн газарт оруулж шууд гэрээ байгуулан ажиллах асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн зохих бүх байгууллагад хандсан түүний дагуу Үндэсний хөгжлийн газар, Аж үйлдвэрийн яамнаас Концессын тухай хуулийн 17.1.2-т заасны дагуу шууд гэрээ байгуулах боломжтой хэмээн дүгнэлт, танилцуулгаа гарган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт тухайн асуудалтай холбоотой бүх л баримт хангалттай байгаа. Үндэсний хөгжлийн газраас гаргаж ирүүлсэн баримт, төлөөлөгч нарын тайлбараар ч “Э” ХХК дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаж, түүнийг холбогдох байгууллага Засгийн газарт уламжилсан нь харагдана. Түүнчлэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, танилцуулгад ч мөн адил Концессын тухай хуулийн 17.1.2-т зааснаар шууд гэрээ байгуулахаар оруулж хэлэлцсэн нь тодорхой байгаа.

Шүүгчийн тайлбарлаад байгаа 15 дугаар зүйл төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтыг хэрхэн явуулдаг, зарладаг, үнэлдэг, хэлэлцээр хийдэг вэ гэсэн процессийг зохицуулж байгаа. Гэтэл шууд гэрээ байгуулдаг аргатай хольж хутган тайлбарлаад хэт нэг талыг барьж шийдвэрлэжээ. Түүнчлэн эс үйлдэхүй гаргаагүй байна гэж тайлбарлаж байгаа нь хууль зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
  2. “Э” ХХК нь “Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологийн үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх барих, өмчлөх, ашиглах концессийн шууд гэрээ байгуулах тогтоол гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах”, уг тогтоолын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрыг концессийн шууд гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
  3. Анхан шатны шүүхийн “Концессийн тухай хуулийн 17.2-т зааснаар Үндэсний хөгжлийн газраас “Э” ХХК-тай шууд гэрээ байгуулах дүгнэлт гаргаж байгаагүй, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар тогтоолоор 2013 оны 317 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, 441 гэсэн заалтаар Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төслийн шууд гэрээ байгуулахаар нэмснийг “Э” ХХК-тай шууд гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн хэсгүүдийг нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.
  4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “... шүүх уралдаант шалгаруулалттай холбоотой Концессийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг хэрэглэж “хэлэлцээр хийгээгүй” гэж тайлбарлаж шийдвэр гаргаж байгаа нь огт үндэслэлгүй ...” гэх гомдол үндэслэлтэй, анхан шатны шүүх маргааны зүйлд хамааралгүй, уралдаант шалгаруулалтын оролцогчтой хэлэлцээр хийх талаар зохицуулсан заалтыг үндэслэх хэсэгтээ хэрэглэсэн нь буруу байх боловч мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д зааснаар “шууд гэрээ байгуулах”-тай холбоотой эрх бүхий этгээдээс дүгнэлт гаргаж, Засгийн газарт хүргүүлээгүй талаар дүгнэж, тухайн хуулийг зөв хэрэглэсэн байх тул тус гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
  5. Мөн гомдолд “... Үндэсний хөгжлийн газраас “Э” ХХК-тай шууд гэрээ байгуулах талаар дүгнэлт гаргаж байгаагүй гэдэг нь үндэслэлгүй. Тус компани Концессийн тухай хуулийн 17.1.2-т зааснаар оюуны өмчөөр баталгаажсан төсөл байгааг үндэслэн шууд гэрээ байгуулах хүсэлтээ зохих бүх байгууллагад хандсаны дагуу дүгнэлт танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн байдаг. Бүх баримт хэрэгт байгаа” гэжээ.
  6. Хэрэгт авагдсан Хөрөнгө оруулалтын газрын танилцуулга /2 хавтаст хэргийн 98-100 тал/, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн хэсэг, Аж үйлдвэрийн сайдын 2015  оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/3552 дугаар албан бичиг, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015  оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/7230 дугаар албан бичиг, Эрчим хүчний сайдын 2015  оны 03 дугаар сарын 17-ны өдрийн а/720 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/724 дүгээр албан бичгүүдээс үзвэл Концессийн тухай хуулийн 17.2-т "Шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргаж Засгийн газар, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ” гэж заасны дагуу гаргасан эрх бүхий этгээдийн дүгнэлт гэж үзэхээргүй байна.
  7. Концессийн хуулийн 17.1-д “Дор дурдсан тохиолдолд шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болно”, ... 17.1.2-Т “Концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа” гэж заажээ.

Энэхүү заалтын дагуу “шууд гэрээ байгуулах” бол тухайн оюуны бүтээлийн онцлог нь “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх онцгой эрх” буюу концессийг хэрэгжүүлэхэд бусад этгээдээс авах боломжгүй, тухайн оюуны бүтээлийн онцлогийн талаар, мөн тухайн оюуны бүтээлийг ямар үндэслэлээр концесс хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн гэх мэт бусдаас давуу “шууд гэрээ” байгуулахад хүргэсэн хуульд заасан үндэслэлийн талаар эрх бүхий этгээдээс дүгнэлтэд заавал тусгаж, Засгийн газар уг дүгнэлтийг хэлэлцсэний үндсэн дээр тухайн этгээдтэй шууд гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэхээр байна.    

  1. “Э” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Улаанбаатар хотод хаягдал ашиглан эрчим хүч үйлдвэрлэх шийдэл” бичмэл бүтээлд 6817 дугаар зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байх боловч Үндэсний хөгжлийн газраас нэхэмжлэгчийн уг “оюуны бүтээл”-ийн онцлог, тухайн концессийг хэрэгжүүлэхэд тус “оюуны бүтээл” зайлшгүй шаардлагатай эсэх талаар тодорхой тусгасан дүгнэлт гараагүй байна.
  2. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН

           ШҮҮГЧ                                         Н.ДОЛГОРСҮРЭН

          шҮҮГЧ                                         С.МӨНХЖАРГАЛ