Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00592

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02854 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 120 дугаар магадлалтай,

                                                                                               

Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох

2016 оны 11 сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22,715,598 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч Г.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би “С” ХХК-д Дотоод аудитын албаны ахлах аудитор албан тушаалд 2012 оны 10 сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 сарын 12-ны өдрийн Б-282 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 19-ний өдрийн 1359 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 374 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 511 дүгээр тогтоолоор ажилд эгүүлэн тогтоолгосон. Улмаар “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 сарын 27-ны өдрийн Б-457 тоот тушаалаар “С” ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежер албан тушаалд томилогдсон. Би 2017 оны 08 сарын 03-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2016 оны 11 сарын 29-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2017 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэлх цалин хөлс, олговрыг гаргуулах хүсэлт гаргасан боловч Санхүү төлөвлөлтийн газрын захирал олгох боломжгүй, компанийн нөхцөл байдлыг үл хайхран дахин огт ажиллаагүй хугацааныхаа цалинг нөхөж авах тухай ярьж байгаа хүнтэй цаашид хамтран ажиллахыг хүсэхгүй байна гэдгийг илэрхийлсэн. Би анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгож өгнө үү гэсэн хүсэлтээ 2017 оны 06 сарын 29-ний өдөр Ө.Жамбалсүрэн хуульчтай уулзахдаа хэлсэн боловч тодорхой хариу өгөөгүй. Миний дундаж цалин сарын 2,950,969 төгрөг болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон. Иймд хуульд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу 2016 оны 11 сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэлх цалин хөлс олговорт 7 cap 15 хоногийн цалин болох 22,715,598 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн, Ц.Эрдэнэбат, өмгөөлөгч М.Бадрал нарын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч 2016.11.29-ний өдрөөс 2017.07.27-ны өдрийг хүртэл 7 cap 15 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22,715,598 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч өмнө нь “С” ХХК-ийн Дотоод аудитын албаны ахлах аудиторын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2016.04.12-ны өдрийн Б-282 тоот тушаалаар ажлаас халагдсан. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн гомдол шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.29-ний өдрийн 1359 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.02.03-ны өдрийн 374 дүгээр магадлалаар нэхэмжлэгчийг “С” ХХК-ийн Дотоод аудитын албаны ахлах аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 7 cap 18 хоногийн олговорт 23,127,366 төгрөгийг “С” ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн. Хариуцагч уг магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн 2017.04.25-ны өдрийн 511 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.02.03-ны өдрийн 374 дүгээр магадлалаар хангасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч нь 2016.11.29-ний өдрөөс биш, харин уг магадлал гарсан 2017.02.03-ны өдрөөс хойшхи олговрыг нэхэмжлэх ёстой.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.02.03-ны өдрийн 374 дүгээр магадлалаар нэхэмжлэгчийн 2016.04.13-ны өдрөөс 2016.11.29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 23,127,366 төгрөг гаргуулахдаа нэг сарын дундаж цалинг 2,950,969 төгрөгөөр тооцсон байх бөгөөд түүнээс нь нэг ажлын өдрийн дундаж цалинг тооцоход 137,254.6 төгрөг болж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2016.04.13-ны өдрөөс 2016.11.29-ний өдрийг хүртэл 7 cap 18 хоног гэж тоолон, нэг сарын дундаж цалин 2,950,969 төгрөгийг 7 сараар /5-11 cap/, нэг ажлын өдрийн дундаж цалин 137,254.6 төгрөгийг 18 хоногоор үржүүлж, нийт /20,656,783+2,470,583=/ 23,127,366 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасан байна. 2016.04.13-ны өдрөөс 2016.04.30-ны хооронд календарийн 18 хоног, ажлын 13 өдөр байхад шүүх ажлын 18 өдрөөр тооцож, ажлын 5 өдрийн олговор 686,273 төгрөгийг нэхэмжлэгчид илүү бодож олгосон байна. “С” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу уг илүү бодогдсон 5 өдрийн 686,273 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон тул нэхэмжлэлийн дүнгээс 686,273 төгрөгийг төлсөнд тооцон хасна. Нэхэмжлэгч нь нэгэнт хүлээж авсан 5 өдрийн 686,273 төгрөгийг дахин нэхэмжлэх нь буруу юм.

“С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.04.12-ны өдрийн Б-282 тоот тушаалын дагуу Г.Б-гийн цалинг 2016 оны 4 cap дуустал ажлын 21 хоногоор тооцон бүрэн олгосон, мөн 2016 оны 05 сарын 06-ны өдрийг дуустал ажлын 5 хоногийн цалинг, нийт 2,871,592 төгрөг цалинд олгосон байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2016.04.13-ны өдрөөс 2016.05.06-ны өдрийн цалинтай тэнцэх олговор 2,871,592 төгрөгийг дээр дурдсан шүүхийн шийдвэрээр давхар бодуулж авсан. “С” ХХК нь дээрх шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгчид олгосон 2016.04.13-ны өдрөөс 2016.05.06-ны өдрийг хүртэлх нийт ажлын 18 хоногийн цалингийн 2,871,592 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс төлсөнд тооцон хасна. Нэхэмжлэгч нь нэгэнт хүлээж авсан ажлын 18 өдрийн 2,871,592 төгрөгийг дахин нэхэмжлэх нь буруу юм.

Хариуцагч Улсын дээд шүүхийн 2017.04.25-ны өдрийн 511 дүгээр тогтоолыг 2017.05.15-ны өдөр хүлээн авсан бөгөөд Дотоод аудитын албаны ахлах аудитор албан тушаал байхгүй болсонтой холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу нэхэмжлэгчид адил чанарын өөр албан тушаал болох Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү, бүртгэлийн албаны Дотоод хяналтын менежерийн албан тушаалыг 2017.06.22-ны өдөр уулзахдаа санал болгосон. Тэгэхэд нэхэмжлэгч өмгөөлөгчтэйгөө ярилцаж байж хариу өгнө гэж хэлээд хариу өгөөгүй. Иймд хариуцагч нь 2017.06.29-ний өдөр уг саналаа бичгээр өгсөн. Нэхэмжлэгч уг саналыг компани дээр ирж аваад явсан. Нэхэмжлэгч 2017.06.29-ний өдөр уг саналыг хүлээн зөвшөөрсөн ч хөдөлмөрийн гэрээний бусад гол нөхцлүүдийн талаарх саналыг авна гэсэн өргөдөл    ирүүлсний дагуу 2017.07.06-ны өдөр хөдөлмөрийн гэрээний бусад гол нөхцлүүдийг мэдэгдэж, 2017.07.06-ны өдрийн дотор хариугаа өгөхийг нэхэмжлэгчээс хүссэн. Гэтэл нэхэмжлэгч би хөдөө явах ажилтай боллоо, ирж байгаад хариу өгнө гээд 2017.07.17-ны өдөр хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хөдөлмөрийн гэрээний төслийг өгнө үү гэсэн хариу өгсөн. Хөдөлмөрийн гэрээний төсөлтэй танилцаж байна гэж 10 хоног болж байж зөвшөөрсөн тул тус компанийн гүйцэтгэх захирлын 2017.07.27-ны өдрийн Б-457 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд авсан. Хариуцагчийн хувьд 2017.06.22-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд авсан тушаалыг гаргах бүрэн боломжтой байсан ч дээр дурдсаны дагуу нэхэмжлэгчээс шалтгаалж түүнийг ажилд авах ажиллагаа 2017.07.27-ны өдөр хүртэл сунжирсан болно. Иймд хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс болж 2017.06.22-ны өдрөөс хойш сунжирсан хугацааны олговрыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Улсын дээд шүүхийн 2017.04.25-ны өдрийн 511 дүгээр тогтоол гарснаас хойш 3 cap гаруй хугацааны дараа буюу 2017.08.17-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. 2016.11.29-ний өдрөөс 2017.07.27-ны өдрийг хүртэл 7 cap 15 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагатай энэ нэхэмжлэлд 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх асуудал яригдах ёстой. Нэхэмжлэл гаргасан 2017.08.17-ны өдрөөс урагш 3 сарын хугацааг тоолж үзэхэд 2017 оны 7, 6, 5-р сарын олговруудыг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, харин 2017 оны 4 cap, түүнээс өмнөх хугацааны олговрыг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага нь cap бүрийн цалин хөлс олгох ёстой байсан хугацаанаас хойш 3 сараас хэтрээгүй байх ёстой. 2017.06.22-ноос 2017.07.27-ны өдрийг хүртэл ажилд авсан тушаал гараагүй сунжирсан шалтгаанд хариуцагч буруугүй тул уг хугацааны олговрыг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй болсон. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй 2017 оны 5-р cap, 6-р сарын 22-ны өдрийг хүртэлх олговор 5,009,788 төгрөгийг хариуцахад хүрч байгаа боловч өмнө нь (686 273+2 871 592=) 3,557,865 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар дурдсан тул зөрүү 1,451,923 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 21,263,675 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрсөн 1,451,923 төгрөгийн үнийн дүнгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлж, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх болно гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02854 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-гийн “С” ХХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 22,715,598 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 120 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02854 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-гийн ажилгүй байсан хугацааны олговорт 22,715,593 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч “С” ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Бадралын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.05-ны 120 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтыг хэрэглэх ёстой байхад хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь буруу болсон. Нэхэмжлэгч өмнө нь “С” ХХК-ийн Дотоод аудитын албаны ахлах аудиторын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2016.04.12-ны өдрийн Б-282 тоот тушаалаар ажлаас халагдсан. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн гомдол шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.29-ний өдрийн 181/ШШ2016/01359 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.02.03-ны өдрийн 374 дүгээр магадлалаар нэхэмжлэгчийг “С” ХХК-ийн Дотоод аудитын албаны ахлах аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.02.03-ны өдрийн 374 дүгээр магадлалаар бий болсон тул нэхэмжлэгч нь 2016.11.29-ний өдрөөс биш, харин уг магадлал гарсан 2017.02.03-ны өдрөөс хойшх хугацааны олговрыг нэхэмжлэх эрхтэй. 2017.02.03-ны өдрөөс өмнө хариуцагчид нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үүрэг үүсээгүй байсан. Иймд 2016.11.29-ний өдрөөс 2017.02.03-ны өдөр хүртэлх ажлын 47 хоногт ногдох 6,450,966 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах ёстой байсан.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг хэрэглэх ёстой байхад хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь буруу болсон. Хариуцагч Улсын дээд шүүхийн 2017.04.25-ны өдрийн 001/ХТ2017/00511 дүгээр тогтоолыг 2017.05.15-ны өдөр хүлээн авсан бөгөөд Дотоод аудитын албаны ахлах аудитор албан тушаал байхгүй болсонтой холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу нэхэмжлэгчид адил чанарын өөр албан тушаал болох Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү, бүртгэлийн албаны Дотоод хяналтын менежерийн албан тушаалыг 2017.06.22-ны өдөр уулзахдаа санал болгосон. Тэгэхэд нэхэмжлэгч өмгөөлөгчтэйгээ ярилцаж байж хариу өгнө гэж хэлээд хариу өгөөгүй. Иймд хариуцагч нь 2017.06.29-ний өдөр уг ажлын саналаа бичгээр өгсөн. Нэхэмжлэгч уг саналыг компани дээр ирж аваад явсан. Нэхэмжлэгч 2017.06.29-ний өдөр уг саналыг хүлээн зөвшөөрсөн хариу ирүүлсэн ч хөдөлмөрийн гэрээний бусад нөхцлүүдийн талаарх саналыг авна гэсэн тул 2017.07.06-ны өдөр хөдөлмөрийн гэрээний бусад гол нөхцлүүдийг мэдэгдэж, 2017.07.06-ны өдрийн дотор хариугаа өгөхийг нэхэмжлэгчээс хүссэн. Гэтэл нэхэмжлэгч би хөдөө явах ажилтай боллоо, ирж байгаад хариу өгнө гээд 2017.07.17-ны өдөр хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байна, иймд хөдөлмөрийн гэрээний төслийг өгнө үү гэсэн хариу өгсөн. Үүний дараа 10 хоног болж байж зөвшөөрсөн тул 2017.07.27-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирлын Б-457 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд авсан. Хариуцагчийн хувьд 2017.06.22-ны өдрийн уулзалтаар нэхэмжлэгчийг өөр ажилд авах саналаа мэдэгдсэн, ажилд авах тушаалыг гаргах бүрэн боломжтой байсан ч дээр дурдсаны дагуу нэхэмжлэгчээс шалтгаалж түүнийг ажилд авах ажиллагаа 2017.07.27-ны өдөр хүртэл сунжирсан болно. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид олон ажил санал болгоогүй, нэг л ажил санал болгосныг нэхэмжлэгч зөвшөөрсөн. Хариуцагч 2017.06.29-ний өдөр Санхүү, бүртгэлийн албаны Дотоод хяналтын менежерийн албан тушаалыг санал болгосныг нэхэмжлэгч тэр өдөр нь зөвшөөрсөн тул 2017.06.29-ний өдөр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцах хариуцагчийн үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Иймд 2017.06.29-ний өдрөөс 2017.07.27-ны өдрийг хүртэлх ажлын 15 хоногт ногдох 2,058,819 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах ёстой байсан.

Нэхэмжлэгчийг “С” ХХК-ийн Дотоод аудитын албаны ахлах аудиторын албан тушаалаас 2016.05.07-ны өдрөөр тасалбар болгон халсан “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.04.12-ны өдрийн Б-282 тоот тушаалын дагуу хариуцагч нь Г.Б-гийн цалинг 2016 оны 4-р сар дуустал ажлын 21 хоногоор тооцон бүрэн олгосон, мөн 2016 оны 05 сарын 06-ны өдрийг дуустал ажлын 5 хоногийн цалинг, нийт 2,871,592 төгрөг цалинд олгосон байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2016.04.13-ны өдрөөс 2016.05.06-ны өдөр хүртэл ажилгүй байсан гээд уг хугацааны цалинтай тэнцэх олговрыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.02.03-ны өдрийн 374 дүгээр магадлалаар давхар гаргуулж авсан. Хариуцагч нь уг магадлал гарахаас өмнө нэхэмжлэгчид олгосон 2,871,592 төгрөгийг энэ нэхэмжлэлийн дүнгээс хасч, харилцан тооцох, суутгах эрхтэй гэсэн тайлбар гаргасныг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 22,715,593 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох гэснийг 11,381,377 төгрөгөөр багасгаж, 11,334,216 төгрөг гаргуулах гэж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.05-ны өдрийн 120 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 22,715,598 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 1,451,923 төгрөгийг төлнө, энэ хэмжээнд холбогдох даатгалын шимтгэл төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсэг нь үндэслэлгүй гэж маргажээ.

“С” ХХК нь ажилтан Г.Б-г 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б-282 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1359 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 374 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 511 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 23,127,366 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Хариуцагч “С” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр биелүүлж, нэхэмжлэгч Г.Б-г Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны Дотоод хяналтын менежерийн албан тушаалд томилсон боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгоогүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч Г.Б-г 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв, хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах эрхийн зөрчил арилсан буюу түүнийг ажилд томилсон 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын талаар гомдол гаргах хугацааг тоолсон нь үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 374 дугаартай магадлалаар Г.Б-гийн нэг сарын цалинтай тэнцэх олговрыг 2,950,969 төгрөгөөр тогтоосныг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговорт 22,715,593 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 374 дугаартай магадлалд Г.Б-д ажилгүй байсан 7 сар 18 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговорт 23,127,366 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл тооцож олгохдоо 1 сарын хугацааг илүү тооцсон байх тул нэхэмжлэгчийн гаргасан энэ удаагийн нэхэмжлэлийн шаардлагаас давхар тооцогдсон нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хасах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1-д нийцнэ. 

Иймээс давхар тооцогдсон 2,950,969 төгрөгийг хасч, хариуцагч байгууллагаас 19,764,624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 120 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “22,715,593” гэснийг “19,764,624” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “С” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 197,100 /нэг зуун ерэн долоон мянга нэг зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

                                     ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН