Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 618

 

2020          06            23                                   2020/ШЦТ/618

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.З-д холбогдох эрүүгийн 2005014930904 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол  Улсын иргэн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.З.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны 14 тоотод иргэн М.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч М.Г: “...2020 оны 04 дүгээр сарын 15-ны орой миний бие гэртээ ээж хүүхдийн хамтаар байж байхад Азжаргал 6 настай хүү маань бэлэн гоймон идэх гэж байгаад халуун ус хөлөн дээрээ асгачихсан юм. Тэгээд байж байтал Б.З надаас хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би нээх тоохгүй байж байтал Б.З манай гэрээс гараад явчихсан. Тэгээд би хүүхдийнхээ хөлийг цэвэрлэчхээд унтах гээд орондоо ороод байж байтал Б.З дахиад манай гэрт орж ирээд намайг “пизда минь босооч” гэхээр нь би Б.З-д хандаж “хэн чамайг манай гэрт дуудсан юм” гэхэд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Золоог “чи манайхаас яв” гэхэд Золоо “би хүүхдийнхээ хөлд тос түрхэж өгчхөөд явна” гээд байсан. Тэгээд маргалдаж байтал Б.З миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний уруулаас цус гарахаар нь би Б.З-д хандаж “би ажил төрөл хийдэг хүн яаж байгаа юм бэ” гээд зууралдсан чинь Б.З миний хоёр гарыг толгойн ар хэсэгт өчиж байгаад намайг хөлөөрөө хавираад газар унагаасан. Тэгтэл ээж маань хажуугаас Б.З-д хандан “чи болиоч ээ, хүүхэд аллаа шүү дээ” гэж хэлсэн. Би газраас босож ирээд Б.З-тай маргалдаж байгаад ээжийгээ цагдаа дууд гэсэн чинь Б.З манай гэрээс гараад явсан. Надад учирсан гэмтлүүдийг Б.З учруулсан. 2019 онд намайг өчиж газар унагаж байгаад миний бие рүү гараараа цохиж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

2. Гэрч О.Н: “...2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний охин М.Г зээ хүү Азжаргал нарын хамт гэртээ байж байсан. Тэгтэл манай зээ хүү бэлэн гоймон идэх гэж байгаад халуун ус хөл дээрээ асгаад түлчихсэн. Тэгэхээр нь би охиныхоо салсан нөхөр болох Б.З-д болсон үйл явдлыг хэлээд “эм, тос авчраад өгөөч” гэж хэлсэн. Удалгүй Б.З эм болон тос авчирч өгсөн. Тухайн үед М.Г орон дээрээ хэвтчихсэн нүүрэн дээрээ маск тавьж байсан бөгөөд Б.З М.Г рүү уурлаж “хүүхэд хөлөө түлчхээд байхад чи нүүрэн дээрээ маск тавиад байхдаа яадаг юм” гээд уурлахад М.Г “ээж хөлийг нь янзалж байгаа биз дээ” гэхэд Б.З М.Г дээр очоод уруул болон нүүр хэсэг рүү нь гараараа нэлээн олон удаа цохисон. Тэр үед би Б.З руу хандаж “чи боль, би зээ хүүгийнхээ хөлийг өөрөө янзална” гээд гэрээсээ хөөж гаргасан. Миний харснаар уруул рүү нь гараараа цохисон. Бас нуруу руу нь цохисон. Уруул нь сэтрээд цус гарч байсан. 2014 онд манай охин М.Ган-Эрдэнийг төрөөд 10 хоноогүй байхад нь Б.З зодож байсан гэсэн тухайн үед би хажууд нь байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

3. Шүүгдэгч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед намайг гэрт Ган-Эрдэнийн гэрт ороход манай хүү хөлөө халуун усанд түлчихсэн байж байсан. Тэгтэл М.Г орон дээр маск тавьчихсан хэвтэж байхаар нь миний уур хүрээд М.Г-эд хандаж “чи эмэгтэй хүн байж ичээч” гэхэд М.Г надад “чамд хамаагүй” гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгтэл М.Г миний ах нуруу руу сандал авч шидээд над дээр хүрч ирээд миний цээж хэсгийг маажсан. Тэгээд би хоёр гарыг нь барьж аваад ноцолдож байгаад бид хоёр газар унасан. Тэгээд би М.Г-ийг тайвширтал газар хоёр гараас нь барьж хэвтэж байгаад газраас боссон. Тухайн үед газраас босоход М.Г-ийн уруулаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

4. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №4757 дугаартай: “...М.Г-ийн биед уруулд нь язарсан шарх, цээж, бугалга, дас, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн шинжээч эмч Н.Т-н дүгнэлт...” /хх-ийн 36-р хуудас/,

5. Аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.З-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны 14 тоотод иргэн М.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.Г-н мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, гэрч О.Н-ын мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, шүүгдэгч Б.З-ын мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн №4757 дугаартай шинжээч эмч Н.Т-н дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 5-8-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.З нь хохирогч М.Г-ийн биед халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.З Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч М.Г энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлын талаарх нотлох баримтаа ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.З-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзав.

Тухайлбал улсын яллагчаас шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан нь тухай шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Б.З-ын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005014930904 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.З цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.З цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ