Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 621

 

 2020          06            23                                   2020/ШЦТ/621

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Б.Батнасан,

хохирогч Г.Ц,

шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Т-т холбогдох эрүүгийн 2005017130935 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, “Гүрний түмэн хүнс” ХХК-нд гадаад бодлого, үйлдвэрлэл, маркетинг борлуулалт хариуцсан захирал ажилтай, ам бүл 1 оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тоотод оршин суух,

Урьд Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдөр суллагдаж байсан, Г.Т.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орхон 2-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Гүрний түмэн хүнс” ХХК-ийн ажлын байранд хохирогч Г.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь баруун сарвууны алганы шивнүүр ясны хугарал, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр хохирогч Г.Ц бид 2 Фэйсбүүкийн найзууд учир хоорондоо харилцсан. Г.Ц нь “сэтгэл санаа муу байна” гэсэн болохоор сэтгэл санааг нь дэмждэг хүн болж хамт пиво уусан. Тэгээд согтоод юу болсныг мэдэхгүй байна. Г.Ц “чи намайг зодсон” гэсэн. Би хохирогчийн эмчилгээний зардалд 1 сая төгрөг өгсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ц мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Г.Т нь миний биед хүндэвтэр гэмтэл учруулчхаад надаас нэг ч удаа уучлал гуйгаагүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа Г.Т-аас нэхэмжлэх болно. Хуулийн хүрээнд арга хэмжээ авч өгнө үү...” гэв.    

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Ц-ын: “...Бид нар Г.Т-ын авсан арав орчин пивыг хувааж уусан, тэгээд Б.Жавзандулам бид 2 явлаа гээд уг уулзалтын өрөөнөөс гарсан. Тэгээд Б.Ж-ыг Г.Т үстэж хойшоо татахад Б.Жавзандулам хойш алхсан. Тэгэхэд Г.Т миний араас өмсөж явсан хувцаснаас татаж газар унагаагаад нүүрэн дээр нэг удаа дэвссэн. Босож ирэхэд миний нүүр толгой хэсэг өвдөж байсан. Намайг гэртээ очиход миний гар эвгүй болсон байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тоогоогүй унтаад амарчихсан. Өглөө босоход миний гар орчим эвгүй болсон, алга орчим хөхөрсөн, нүүр хавдаж хөхөрсөн байдалтай байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-17 дугаар хуудас/,

2. Гэрч Б.Ж: “...Тэгээд явлаа гээд гарах гэхэд Г.Т миний үснээс татсан би “яаж байгаа юм” гэхэд миний урд алхаж байсан Г.Ц-ыг хувцаснаас нь татаж газар унагаагаад баруун хөлөөрөө Г.Ц-ын нүүрэн хэсэгт нэг удаа дэвссэн. Тэгэхэд нь би Г.Т-ын найзыг нь дуудсан. Найз нь гарч ирээд болиоч гэсэн. Тэгээд Г.Ц-ын гэрт нь очиж хоносон. Маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өглөө босоход Г.Ц “миний нүүр лугшиж өвдөөд байна, гуя өвдөөд байна, баруун гар болохгүй өвдөөд байна” гэсэн. Би шууд “зодсон залуугийн ажил дээр нь очъё” гэсэн. Надад гэмтэл шарх байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,

3. Гэрч Ц.Б: “... Саарал хувцастай эмэгтэй явлаа гээд босоод явах гэхэд Г.Т босож ирээд тэр хүүхний цээж рүү нь хоёр гараараа түлхэхэд саарал хувцастай хүүхэн газар унаад босож ирээд Г.Т-ыг барьж авахад нь Г.Т баруун гараараа нэг удаа зүүн хацар луу нь алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

4. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №5599 дугаартай: “...Г.Ц-ын биед баруун сарвууны алганы шивнүүр ясны хугарал, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн. Дээрх баруун сарвууны алганы шивнүүр ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн мөр, баруун гуяны цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

5. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Т-ын: “...Бид нар 10 гаруй пиво хувааж уусан. Тэгээд би согтоод юу болсноо мэдэхгүй байна. Нэг сэргэхэд гэртээ байсан. Тэгээд ажил дээр ороод байж байхад Г.Ц найзтайгаа ирээд “намайг чи зодсон” гэсэн, тэгээд Г.Ц цагдаа руу явъя гэсэн. Тэгээд гараад эмнэлэг дагуулж яваад гарын зураг, тархины зураг авахуулж өгөөд би тооцоог нь хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-37-р хуудас/,

6. Хохирогч Г.Ц-аас анх Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-р хуудас/,

7. Компьютер томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Т-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орхон 2-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Гүрний түмэн хүнс” ХХК-ийн ажлын байранд хохирогч Г.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь баруун сарвууны алганы шивнүүр ясны хугарал, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 11-17 дугаар хуудас/, гэрч Б.Ж-ын мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/, гэрч Ц.Батчулууны мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Н-ийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №5599 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Т-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-37-р хуудас/, хохирогч Г.Ц-аас анх Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-р хуудас/, Компьютер томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Т нь хохирогч Г.Ц-ын биед халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Г.Т Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

  • Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ц-ын биед баруун сарвууны алганы шивнүүр ясны хугарал, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.

Хохирогч Г.Ц нь эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа ирүүлээгүй, шүүгдэгч Г.Т нь хохирогчийн эмчилгээний зардалд 780.000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой ирээдүйд гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзав.

Тухайлбал улсын яллагчаас шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан нь тухай шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Г.Т-ын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

  • Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005017130935 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Ц тус хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ