Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2016/01080

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2-р баг, *******гийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй

улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлэн цагаатгагдсан Г.Гэлэгийн нөхөх олговорыг авахыг хүссэн иргэний хэргийг  2016 оны  08 сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, прокурор Ц.Лхамсүрэн,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ: 

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээжийн аав болох Гэмпилийн Гэлэг нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 сарын 28-ны өдрийн 16-р хурлын тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн 1992 оны 5 сарын 28-ны өдрийн 84 дүгээр магадлалаар цагаатгагдсан билээ. Садан төрлийн холбоогоо 2002 онд Сүхбаатар аймгийн шүүхээр шийдүүлсэн. Тухайн үед өөр хүн гарч ирээд маргаан үүсгээд байхаар нь орхисон. Гэтэл тэр хүн нь хамааралгүй болоод авч чадаагүй юм билээ. Үүнийг сүүлд мэдсэн. Зууны мэдээ сонины 2016 оны 7 сарын нэр дээр гарсан. Одоо Г.Гэлэгийн үр хүүхдүүдээс зээ охин болох ******* ******* би үлдээд байгаа тул хэлмэгдлийн нөхөн олговор болох 1.000.000 төгрөгийг олгож өгнө үү гэв.  

 

Прокурор Ц.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлмэгдэгч Гэмпилийн Гэлэг нь 1938 онд улс төрийн хэрэгт хилсээр баривчлагдан  Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 сарын 28-ны өдрийн 16 дугаар хурлын тогтоолоор дээд хэмжээгээр шийтгэгдсэн бөгөөд Улсын Дээд Шүүхийн  цэргийн коллегийн 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 84 дүгээр магадлалаар  цагаатгагдсан болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч  ******* нь хэлмэгдэгч Гэмпилийн Гэлэгийн зээ охин болохоо шүүхээр тогтоолгон, сонинд нэхэмлэгчээр зарлагдсан учир түүний гаргасан нэхэмжлэлийг хангах үндэстэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

              Дорнод аймгийн Дарханхаан сумын 7-р багийн харъяат Гэмпилийн Гэлэг нь 1938 оны 4 сарын 28-ны өдрийн онц бүрэн эрхт комиссын 16 дугаар хурлын тогтоолоор дээд хэмжээгээр шийтгүүлсэн бөгөөд Улсын Дээд Шүүхийн 1992 оны 5 сарын 28-ны өдрийн 84 дүгээр магадлалаар цагаатгагдсан болох нь цагаатгалын 5354 тоот үнэмлэх, Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 1999 оны 8 сарын 2-ны өдрийн 10/8297 тоот лавлагаа, Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 5 сарын 28-ны өдрийн 84 дүгээр магадлал зэргээр  батлагдаж байна.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч ******* *******ийг хэлмэгдэгч Гэмпилийн Гэлэгийн зээ дүү болохыг тогтоосон байх боловч 2016 оны 7 сарын  “Зууны мэдээ ” сонинд зээ охин гэж зарлагдсан байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* нь хэлмэгдэгчийн зээ охин гэж тайлбарладаг бөгөөд зээ охин гэж зарлагдсанаас хойш нөхөх олговор нэхэмжлэх эрх болон олговрыг хуваах асуудлаар ямар нэгэн маргаан гараагүй учир шүүхэд хандсан байна.  

 

Хэлмэгдэгч Г.Гэлэгийн охин, нэхэмжлэгчийн эх Чимэддорж нь нас барсан байх тул Монгол улсын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д зааснаар хэлмэгдэгчийн зээ охин ******* нь нөхөх олговрыг авах эрхтэй болно.     

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн         115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон        ТОГТООХ НЬ:

 

            1. Монгол Улсын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн ******* сумын санхүү тасгаас 1.000.000 (нэг сая) төгрөгийг гаргуулан  ******* овогт *******  *******т олгосугай.

 

            2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ