Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 637

 

 2020          06            26                                   2020/ШЦТ/637

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Д.Үүлэн,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Н.Г-д холбогдох эрүүгийн 2005012061002 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шинэ гэрэлт” ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 5, эх, дүү нарын хамт  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н.Г.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 45 дугаар байрны 9 давхарт хохирогч Б.Т-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамрын ясны далд хугарал, таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, дух, баруун хөмсөг, үүдэн баруун доод 1-р шүдний хугарал, 2-р шүдний хугарал, сулрал эрүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Т-гийн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 1 дүгээр орцны 9 давхарт байрлах айлд очсон. Тэгээд очоод хаалгыг нь тогшиход Тэргэл гэх н.А-ын ангийн хүүхэд бид гурвыг гэртээ оруулсан. Гэрт нь найз нь гээд хоёр банди сууж байсан. Н.А болон Тэргэл, н.Г бид 4 хамт хөзөр тоглосон. Тэгтэл н.А, н.Т хоёр хөзөр тоглож байснаа болиод бид хоёр хөзөр тоглоод сууж байхдаа хөзөр дээрээ булхайцлаа гээд маргалдсан. Тэгтэл Н.Г намайг нэг удаа хацар дээр алгадсан. Би тэр үед өөдөөс нь цээж рүү нь түлхсэн. Бид хоёр маргалдах үед н.Т болон н.А хоёр салгасан. Тэгээд би Н.Г-тай маргалдаад “айлд маргаад яах вэ, орц руу гаръя” гээд хамт гарсан. Тэгээд орцонд маргалдаад зогсож байхад намайг дахин нэг удаа зүүн хацар луу алгадахаар нь би эргүүлээд нүүр лүү нь цохисон чинь миний нүүр лүү баруун гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд миний нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Одоо биеийн байдал бүгд эдгээд хэвийн болсон. Эмчилгээнд зарцуулсан баримт байхгүй. Зөвхөн томографикийн зураг авахуулсан 120.000 төгрөгийн баримт өгсөн. Н.Г надаас уучлалт гуйсан. Бид нар сайн дураараа эвлэрсэн. Өөр гомдол санал байхгүй тул хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12-р хуудас/,

2. Гэрч Э.А: “...Бид нар юм яриад хөзөр тоглож суусан. н..Т бид хоёр хөзөр тоглохоо болиод н.Т, н.Г гэх хүүхэдтэй хөзөр тоглоод сууж байснаа босож ирээд н.Т рүү юм ярьж байхад нь уурлаад нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Бид нар юм ярьж сууж байтал н.Т н.Г гэх хүүхэд “юм яръя” гээд дагуулаад гарсан. н.Т орцонд хүмүүс зодолдоод байх чимээ гарахаар нь н.Т бид нар орц руу гартал үүдэнд н.Т зогсож байсан ба н.Т хамраас цус гарсан байсан учир бид нар салгаад н.Т гэрт оруулаад угаалгын өрөөнд оруулсан. н.Т н.Г хөзөр тоглож юм ярьж сууж байснаа гэнэт маргалдаад барилцаж аваад бие биенээ бариад авсан. Дараа нь орцонд гараад зодолдсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

3. Гэрч У.Т: “...н.Тэмүүлэн гэх хүүхэд найз Н.Г-тай том өрөөнд бид нар тойрч сууж байхад маргалдаад хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл Тэмүүлэн Н.Г нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Н.Г н.Т “ам хэлээрээ эв зүйгээ олъё, айлд маргаад хэрэггүй, гаръя” гээд тэр хоёр орц руу гарсан. Гэнэт пижигнээд явчихаар нь бид нар гартал Н.Г, н.Т хоёр зодолдож байсныг би н.А хамт салгаад оруулсан. н.Т Н.Г зүүн нүд улайж хөхөрсөн. н.Т уруулын дотор талаас болон хамраас нь цус гараад дух нь хөхөрсөн харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч эмч Ц.Б-н №3996 дугаартай: “...Б.Т-гийн биед хамрын ясны далд хугарал, таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, дух, баруун хөмсөг, хамар, зүүн зулайн хуйх, хүзүүнд цус хуралт, уруулд няцарсан шарх, цус хуралт, үүдэнд баруун доод 1-р шүдний хугарал, 2-р шүдний хугарал, сулрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах түл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,

5. Шүүгдэгч Н.Г-ий: “...н.Т их сургуулийн ангийн найз гэх н.А нь найз н.Т дүүгийнхээ хамт гэрт нь ирсэн. н.Т гэх хүүхэд бид хоёр 13 гэх хөзөр тоглож байтал булхайцаад хөзөр илүү хаяад оноо дутуу бодоод тэрнээсээ болж бид хоёр маргалдаад бид хоёр заамдалцаад барилцаж авсан. Ингээд барилцаж авах үедээ би н.Т “чи одоо яагаад байгаа юм бэ” гээд нүүр лүү нь нэг удаа цохисон. н.Т-эй орц руу гараад ярилцсан. Тэгтэл н.Т “чи юу гээд байгаа юм” гээд намайг заамдаж бариад авахаар нь “чи зүгээр байгаарай” гээд гарынхаа алгаар нүүр лүү нь түлхсэн. Тэгээд би Б.Т-гийн нүүр лүү нь баруун гараараа 3 удаа гараараа цохисон. Намайг зөрүүлээд Б.Т нүүр лүү гараараа миний баруун нүдний доод хэсэг рүү цохихоор нь би нүдээ дараад доош суусан. Тэгээд дээрээс нь тонгойгоод ирэхээр нь би дээшээ өлийж толгойгоороо Б.Т”гийн нүүр хамар ам орчим руу нь мөргөж босож ирээд өөдөөс нь харж байгаад дахин нүүр лүү нь мөргөсөн. Ингээд зодолдож байхад н.Т, н.А нь гарч ирээд бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,

6. Хохирогч Б.Т 470.000 төгрөг авсан талаарх баримт /хх-ийн 85-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 87-р хуудас/ гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 89-р хуудас/ гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 45 дугаар байрны 9 давхарт хохирогч Б.Т-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамрын ясны далд хугарал, таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, дух, баруун хөмсөг, үүдэн баруун доод 1-р шүдний хугарал, 2-р шүдний хугарал, сулрал эрүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Т-гийн мэдүүлэг /хх-ийн 9-12-р хуудас/, гэрч Э.А-ын мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, гэрч У.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №3996 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/, шүүгдэгч Н.Г-ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Г шууд санаатай үйлдлээр хохирогч Б.Т-гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Н.Г Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

  • Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-ий эмчилгээний зардалд шүүгдэгч Н.Г нь 470.000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг шүүгдэгч Н.Г хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Н.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгч Н.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Г-ий хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.     

  • Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005012061002 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Н.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Н.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ