Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 660

 

2020          07            03                                   2020/ШЦТ/660

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д.Ц-д холбогдох эрүүгийн 1905029671119 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.Ц.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Ц нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны гадна 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Т-ийн гээгдүүлсэн “Оппо А3” загварын гар утас, 120.000 төгрөг, түрийвч зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.Т-т 505.948 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. “Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БГ2-19-1219 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38-р хуудас/,

2. “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 40-р хуудас/,

3. Хохирогч Б.Т-ийн: “...би 2019 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, УБ паласын урд байрлах байрны гадаа найз охиноо хүлээгээд найз Энх-Оргилын хамт сууж байгаад гар утас, түрийвчээ сууж байсан сандал дээрээ тавтад найз Энх-Оргилд “харж байгаарай би бие засчихаад ирье” гээд байрны булан эргээд, байрны булан руу бие засаж байсан чинь араас манай найз Энх-Оргил хүрээд ирсэн. Би Энх-Оргилоос “миний утас түрийвчийг яасан бэ” гэж асуухад “өө мартчихсан байна” гээд эргээд нөгөө сууж байсан сандал руу Энх-Оргил бид хоёр гүйж очиход миний гар утас, хэтэвч байхгүй болчихсон байсан. Тэгэхэд тэр байрны жижүүр нь гэх настайвтар ах харж байсан болохоор тэр ахыг олж асууя гээд уг байрны жижүүр амьдардаг хаалгыг тогшиход хаалгаа ерөөсөө тайлж өгөхгүй, хүн байгаа үгүй нь мэдэгдэхгүй байсан. Миний хэтэвчинд бэлэн 120.000 төгрөг байсан. Өөр ямар нэгэн бичиг эд зүйлс байгаагүй миний гар утас “Оппа А3” маркийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

4. Гэрч Т.Шүрэнцэцэгийн: “...2019 оны 07 дугаар сарын наадмын үер миний төрсөн хүү Б.Т нь өөрийнхөө “Оппа АЗ” маркийн гар утсаа алга болгочихсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

5. Шүүгдэгч Д.Ц-ийн: “...би 2019 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 05 цагийн үед үүр цайж байхад манай хажуу талын Улаанбаатар паласын байрнаас 20-иод насны 2 эрэгтэй хүүхэд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 49 дүгээр байрны орцны гадаа байдаг модон сандал дээр ирээд суусан. Тэгээд би цаана нь хог шүүрдээд байж байсан чинь хоёулаа урагшаа чигээрээ босоод яваад өгсөн. Тэгээд би цэвэрлэгээ хийж дуусгачхаад сандал дээр очоод хартал гар утас, түрийвчийн хамт байсан. Тэгээд би гар утас түрийвчийг аваад жижүүрийнхээ байр луу ороод түрийвч доторх мөнгийг гаргаад тоолтол 120.000 төгрөг байсан. Нөгөө 2 хүүхэд буцаж ирээд манай жижүүрийн байрны хаалгыг 30-аад минут нүдээд байсан. Тэгээд нүдэж байх хугацаандаа эрэгтэй хүүхэд “хөөе пизда минь утсаа авъя” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би айгаад гаргаж өгч чадаагүй. Маргааш нь би тэр олж авсан мөнгөөрөө хоол ундны юм аваад үрээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Ц нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 66-р хуудас/ гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 67-р хуудас/ гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ц-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны гадна 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Т-ийн гээгдүүлсэн “Оппо А3” загварын гар утас, 120.000 төгрөг, түрийвч зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.Т-т 505.948 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн БГ2-19-1219 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38-р хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 40-р хуудас/, хохирогч Б.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Т.Ш-ийн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, шүүгдэгч Д.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Ц Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

-       Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-т учирсан хохирлыг барагдуулсан /хх-ийн 57-р хуудас/, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг шүүгдэгч Д.Ц хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Д.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгч Д.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.     

-       Бусад асуудлаар:

Эрүүгийн 1905029671119 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Д.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ