Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 670

 

 2020          07            07                                   2020/ШЦТ/670

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч М.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Р-д холбогдох эрүүгийн 1911031340497 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт оршин суух,

урьд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 826 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан. М.Р.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Р нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Отгонтэнгэр” цайны газарт “хөдөөнөөс мах ачиж ирсэн том машин тавих газар байхгүй байна, танай хашаанд тавьчихъя, утасны эрх хаагдчихсан байна сэргээлгэх гэсэн юм” гэж 70,000 төгрөг, “барьчих утас байна уу” гэж Нокиа маркийн гар утас, “хүнээс мөнгө авах ёстой юм утсаараа яриулаач” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Нокиа, Самсунг Эс-7 Эдж маркийн гар утсуудыг нь залилан авч нийт 335.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг, Төмөр замын 14-34 тоотод оршин суух иргэн Н.Батсүхэд “ишиг зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 800.000 төгрөгийг шилжүүлэн авсан,  

- 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт Ч.Дугаржавт “180 ширхэг ишиг, 30 хурга, нийт 210 ширхэг төл мал 3 сая төгрөгөөр зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдчилгаа гэж 800.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

- 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Баялаг бууз’’ цайны газарт хохирогч Б.Балжмааг “гар утсаар чинь зураг дарчихаад эхнэртээ үзүүлэх гэсэн юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Самсунг Жи-6 Эдж маркийн гар утсыг авч 464.970 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Р мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учирсан хохирлыг төлнө...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Иргэн Х.Баяртсайханаас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /1- р хх-ийн 10-р хуудас/,

2. Хохирогч Х.Баяртсайханы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 15 дугаар 84-н буудал дээр байрлах “Отгонтэнгэр” нэртэй цайны газар ажиллуулдаг юм. Өчигдөр орой манай цайны газарт нэг залуу орж ирээд хоол идээд гарсан ба “би танай энд нийтийн байранд амьдарч байгаа юм. Архангай аймгаас чиргүүлтэй машинаар мах ачиж ирсэн, машинаа “Монос”-ын тэнд тавьчихсан байгаа, мах буулгачих найдвартай газар байна уу” гэхээр нь би “манай хашаа байшин байгаа, маргааш үзэхгүй юу” гэж хэлсэн юм. Тэгээд тэр залуу өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн үед нийтийн байрнаасаа гарч ирж байсан. Би цайны газраа онгойлгоод орж ирэхэд хамт орж ирээд “ахаа утсаа өгөөч, утсаар чинь хүнтэй ярья” гээд миний утсаар яриад өдөржин манай цайны газар байсан юм. Тэгээд надаас “утасны дугаараа сэргээлгэе” гээд эхлээд 40.000 төгрөг аваад утсаа сэргээлгээд, “ахаа барьчихаар утас байна уу” гэхээр нь би “нэг утас байна” гээд "Нокиа" гар утсаа өгсөн юм. Хүнтэй утсаар яриад гарч ороод байсан ба “одоо нэг хүн ирж байгаа, тэр хүнээс би мөнгө авах ёстой юм, би утсаа нээчих юм бол хүнээс мөнгө ирнэ” гээд байсан болохоор нь би өгсөн юм. “Утас нээгдэхгүй байна” гээд ахиад 30.000 төгрөг авсан. Орой 18 цаг өнгөрч байхад “нөгөө ирэх хүн маань ирж байна” гээд миний утсаар яриад гадаа зогсож байсан юм. Утсаар ярьж байхдаа “би утсаа таслахгүй байж байя, дээшээ өгсөөд бай” гэх мэтээр яриад байсан. Орой нэг хэсэг манай цайны газрын үүдэнд цагдаагийн машин зогсож байсан тул гайгүй байлгүй дээ гэж бодож байсан юм. Хэсэг хугацааны дараа цагдаагийн машин явснаас хойш манай эхнэр миний утас руу залгахад нөгөө залуу утас аваад “би нөгөө хүнтэйгээ уулзчихсан байна, одоо орлоо” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа утас руугаа залгасан чинь холбогдох боломжгүй болчихсон байсан. Миний утас 2019 оны зун хувь хүнээс 280.000 төгрөгөөр авсан 2 симтэй “Самсунг эс-7 эдж” загварын шаргал өнгөтэй гар утас байсан. Тэр залуугийн амьдарч байгаа гэх нийтийн байр нь манай цайны гарын ойролцоо байдаг бөгөөд гар утсаа алдсаны дараа эхнэр амьдарч байсан нийтийн байрнаас нь очоод тэр залуугийн талаар асуугаад ямар утсаар ярьсныг асуухад 95115952 дугаарын утсаар ярьсан байсан. Мөн манай эхнэрийн утсаар хүнтэй яриад байсан ба гар утсаа алдсаны дараа ярьсан дугаар луу залгахад бас залилуулсан хүн байсан ба 5055826049 дугаарын дансанд мөнгөө шилжүүлж залилуулсан гэсэн. Миний алдсан гар утсанд 99192920, 96192920 дугаарууд ашиглагдаж байсан. Би одоо алдсан гар утсаа 280.000 төгрөгөөр үнэлнэ. Ийм асуудал болоод цагдаагийн байгууллагад хандсан юм. Надаас “утсаар чинь яриад өгье” гэж хэлээд миний “Самсунг эс-7 эдж” загварын гар утсыг залилж авсан хүн мөн байна. Би наад хүнийг чинь туранхай, өндөр нуруутай монхор хамартай, том шүдтэй хүн байсан болохоор царай нь миний санаанаас гарахгүй байна, би шууд таньж байна. Миний өргөдөл дээр 90.000 орчим төгрөг гэсэн нь үнэн. Би сүүлд гэрчийн мэдүүлэг өгөхдөө дутуу хэлсэн байна. Тухайн 90.000 төгрөгийг эхлээд утасны төлбөр гэж 35.000 төгрөг аваад “дутуу төлөгдсөн болохоор эрх нь сэргэгдэх байна” гэж хэлээд дахиж 40.000 төгрөг нэмж аваад эрхээ сэргээлгэсэн юм. Тэгээд “надад барих утас байхгүй байна” гэхээр нь надад байсан хуучин загварын товчлууртай “Нокиа” гар утас байсан тэр утсыг  20.000 төгрөгөөр бодож өгсөн юм. Би тухайн гар утсыг олон жилийн өмнө авч байсан хуучны сайн “Нокиа” загварын гар утас байсан. Би одоо моделийг нь сайн хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 12-р хуудас/,

3. Гэрч М.Ц-ийн: “...Би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 84-н автобусны буудал дээр байрлах “Отгонтэнгэр” нэртэй цайны газрыг өөрийн нөхөр Х.Баяртсайханы хамтаар ажиллуулдаг байсан. Би тухайн цайны газарт тогоочоор нь ажиллаж байсан юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орой нь үл таних залуу манай нөхөрт /үзүүлсэн зураг дээрх М.Р/ өөрийгөө “хөдөөнөөс том машинтай малын мах ачиж оруулж ирсэн, ядарч байна” гэж ярьж байсан. Тэгээд сууж байхдаа “танай энэ хавьд том машин оруулчих хашаа байна уу, оруулж ирсэн машинаа байрлуулах гэсэн юм, хашаа олдохгүй байна” гэж байсан тэгээд манай нөхөр Х.Б “нэг хашаа байгаа, өглөө орж ирж үзэхгүй юу” гэж хэлсэн юм. Тэгээд тэр орой нь хоол идээд гарч яваад манай хажуу талын дэн буудалд байрлаж байсан тэгээд маргааш өглөө нь орж ирээд “би хөдөөнөөс оруулж ирсэн малын мах ачсан урт чиргүүлтэй машинаа “Монос”-ын хашаанд байрлуулсан байгаа өдрийн цагаар хөдөлгөөн ихтэй болохоор явж болохгүй орой хөдөлгөөн сийрэг болохоор авч ирэхээс” гээд хоол идээд сууж байхдаа ярьж байсан тэгээд “их ядарч байна, малын мах хөлсөөр буулгачих хүн байна уу” гэж яриад “энэ орчмоор мах авах хүн байгаа болов уу” гээд сууж байхдаа “одоо хүн ирж мөнгө өгөх ёстой, утасны эрх хаагдсан байна” гээд манай нөхөр Х.Б-тай яриад суугаад байсан, “утсаа сэргээгээдэхье, та мөнгө иртэл түр мөнгө өгөөч” гээд манай нөхрөөс 2 удаа нийтдээ 75.000 төгрөг авсан байсан. Тэгээд сүүлдээ гар утас болох “Самсунг эс 7 эджи” загварын гар утсыг нь аваад “одоо дээшээ яваад бай” гээд ярьж байгаад тэр чигээрээ гараад явсан тэрнээс хойш орж ирээгүй тэгээд байрлаж байсан буудалд нь орж үзэхэд 2 хоног л болсон гэж хэлсэн юм. Тэгээд залилуулсан талаар мэдээд манай нөхөр цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 45-р хуудас/,

4. “Дамно” хөрөнгийн үнэлгээний газраас гар утсыг 250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх-ийн 48-49-р хуудас/,

5. Хохирогч Н.Батсүхийн: “...Манай эхнэр фэйсбүүкээр “ишиг зарна” гэсэн зар байна гээд надад 95115952 гэсэн дугаарыг нь хэлж өгсөн юм. Ингээд би уг дугаар луу 2019 оны 11 дүгээр сарын 09-нд залгаж асуутал “зарах ишиг байгаа” гэхээр нь “та Номгонд аваад ир, би авъя” гэж хэлсэн. Тэгтэл 2019 оны 11 дүгээр сарын 12-нд 95115952 дугаарын эзэн болох М.Ренчинготов нь миний утас руу залгаад “малыг чинь авчрах гэсэн бензины мөнгө хэрэгтэй байна, над руу 800.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь “та хаана байна” гэсэн чинь “би Дарханд байна” гэсэн. Тэр үед би Номгонд байсан учир хадам ээж Туяа руу яриад “М.Р гэдэг хүнтэй уулзаад 800.000 төгрөг өгчих” гэж хэлсэн юм. Ингээд манай хадам ээж Туяа М.Р гэдэг хүнтэй уулзаад хамт Хаан банк ороод 800.000 төгрөгийг М.Р 5055856049 дугаарын данс руу нь шилжүүлээд баримтыг надад өгсөн юм. Ингээд М.Р гэдэг хүн 2019 оны 11 дүгээр сарын 18-нд “мал авчирч өгнө” гэж хэлээд байхгүй болохоор нь асуутал “Эрдэнэтэд явж байна” гэж хэлээд утсаа таслаад авахаа байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 157-р хуудас/,

6. Гэрч Б.Т: “...Манай хүргэн Н.Б над руу утсаар яриад “би хүнээс мал авах боллоо та тэр хүнтэй уулзаад дансанд мөнгө шилжүүлээд өгчих” гэсэн юм. Ингээд “мал зарна” гэсэн хүний утас буюу 95115952 дугаарын утас руу ярихад “шүүхийн хажууд явж байна” гэхээр очиж уулзаад хуучин Дарханы 18-р буудлын хажууд байдаг Хаан банк руу хамт очоод тэр залуугийн өгсөн 5055826049 дугаарын данс руу нь 800.000 төгрөг шилжүүлж өгөөд мөнгө шилжүүлсэн баримтыг нь би хүргэн хүүдээ өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 147-р хуудас/,

7. Хаан банкны М.Р-ын 5055826049 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 164-167-р хуудас/,

8. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 5055826049 дугаартай М.Р-ын дансанд Туяагаас 800.000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлгийн хуулбар /1-р хх-ийн 145-р хуудас/,

9. Хохирогч Ч.Дугарнямын: “...М.Р гэдэг хүн мал худалдах талаар гэрээ хийгээд “би танд авчирч өгнө” гэхээр нь “би дархан орж гэрээ хийж чадахгүй манай хүүхэд Дарханд байгаа очоод гэрээ хийнэ” гэж хэлсэн. М.Р гэдэг хүн “та надад бензиний мөнгө урьдчилгаа болгож өг, би танд 180 ширхэг ишиг, 30 хурга, нийт 210 мал 3 сая төгрөгөнд бодож өгнө...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 207-208-р хуудас/,

10. Гэрч Д.О-ын: “...“Эрдэнэс” плазад байрлах нотариат дээр уулзахаар болсон. 2019 оны 11 дүгээр сарын 18-нд М.Р гэдэг хүн 210 тооны мал бог мал худалдаж авахаар тохироод урьдчилгаа 800.000 төгрөг төгрөг өгөөд мал авчирч өгөхөд нь үлдэгдэл 2.200.000 төгрөгийг өгөхөөр гэрээ байгуулсан. М.Р гэдэг хүн малаа 2019 оны 11 дүгээр сарын 21-нд авчирч өгнө гэсэн юм. Үүнээс хойш малаа өгөхгүй утсаа ч авахгүй алга болсон. Нийт 3 сая төгрөгөнд том ишиг 120, жижиг ишиг 60, том хурга 30 нийт 210 тооны бог мал худалдаж авахаар тохирсон. Уг бог малаа М.Р гэдэг хүн Завхан аймгаас авчирч өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 186-р хуудас/,

11. Гэрч Э.Ц-ийн: “...Манай хадам аав Дугарням “хүнээс хурга ишиг авах болсон тэр хүн нь заавал худалдах-худалдан авах гэрээ хийнэ тэгэхгүй болохоор мал авчруулчхаад хүмүүс авдаггүй юм” гэж байна “Дарханд ойрхон байгаагаараа очоод гэрээ хийгээд урьдчилгаа 800.000 төгрөг өгчих” гэсэн. Ингээд “хурга ишиг зарна” гэсэн хүн рүү нь утсаар ярихад “Олон улсын худалдааны төв дээр байна” гэхээр нь яваад очтол “энд байдаг нотариат хүнтэй байна үйлчилгээний төв оръё” гээд “Эрдэнэс” плазагын 2 давхарт байдаг нотариат орж худалдах-худалдан авах гэрээ хийсэн. М.Р гэдэг хүнтэй гэрээгээ хийсний дараа М.Р-ын Хаан банкны 5055826049 дугаарын данс руу би өөрийн Хаан банкны 5516063719 дугаарын данснаас мобайл банкаар шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 209-р хуудас/,

12. Худалдах-худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-ийн 187-р хуудас/,

13. Э.Цолмонгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 189-р хуудас/,

14. Хохирогч Б.Балжмаагийн: “...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Да хүрээ” захын хажуу талд автомашины угаалгын газар орж өөрсдийн зарах гэж байсан машинаа бүтэн угаалгад оруулсан. Манай машиныг авах гэж байгаа залуу “эхнэр, охин хоёр гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү машинаараа явсан тэр залуу “би утсаар чинь авах гэж байгаа машиныхаа зургийг дараад эмнэлэг рүү орж эхнэртээ үзүүлчхээд ирье” гээд миний “Самсунг жи 6 эджи” пласс маркийн гар утсыг аваад тэр чигээрээ алга болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 246-248-р хуудас/,

15. Гэрч Н.Д: “...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Да хүрээ” захын төв хаалган дээр очиход нэг үл таних эрэгтэй “манай нутгийн дугаартай машин байна зарах гэж байгаа юм уу” гэж хэлэхэд нь тийм гэхэд тэр хүн өөрийгөө “Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн танай машиныг авъя” гэж хэлээд хоорондоо 9 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон. “Да хүрээ” захын хажуу талд автомашины угаалгын газар орж өөрсдийн зарах гэж байсан машинаа бүтэн угаалгад угаалгасан. Тэр эрэгтэй Гэмтэл согог судлалын үндэсний төвд эхнэр хүүхэд хоёр хэвтэж байгаа гээд бид нар Гэмтлийн эмнэлэг дээр очсон тэр залуу “би утсаар чинь авах гэж байгаа автомашиныхаа зургийг дараад эмнэлэг рүү орж эхнэртээ үзүүлчихээд ирье” гэж хэлээд манай эхнэр Балжмаагийн “Самсунг жи 6 эджи” плас загварын гар утсыг аваад тэр чигээрээ алга болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 233-235-р хуудас/,

16. Эд хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 2-р хуудас/,

17. Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 240-242-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Р-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Р-ыг хохирогч нарыг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч М.Р нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч М.Р-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Р нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Отгонтэнгэр” цайны газарт “хөдөөнөөс мах ачиж ирсэн том машин тавих газар байхгүй байна, танай хашаанд тавьчихъя, утасны эрх хаагдчихсан байна сэргээлгэх гэсэн юм” гэж 70,000 төгрөг, “барьчих утас байна уу” гэж Нокиа маркийн гар утас, “хүнээс мөнгө авах ёстой юм утсаараа яриулаач” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Нокиа, Самсунг Эс-7 Эдж маркийн гар утсуудыг нь залилан авч нийт 335.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг, Төмөр замын 14-34 тоотод оршин суух иргэн Н.Батсүхэд “ишиг зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 800.000 төгрөгийг шилжүүлэн авсан,  

- 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт Ч.Дугаржавт “180 ширхэг ишиг, 30 хурга, нийт 210 ширхэг төл мал 3 сая төгрөгөөр зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдчилгаа гэж 800.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

- 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Баялаг бууз’’ цайны газарт хохирогч Б.Балжмааг “гар утсаар чинь зураг дарчихаад эхнэртээ үзүүлэх гэсэн юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Самсунг Жи-6 Эдж маркийн гар утсыг авч 464.970 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь иргэн Х.Баяртсайханаас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /1- р хх-ийн 10-р хуудас/, хохирогч Х.Баяртсайханы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 12-р хуудас/, гэрч М.Цэцэгмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 45-р хуудас/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний газраас гар утсыг үнэлсэн үнэлгээ /1-р хх-ийн 48-49-р хуудас/, хохирогч Н.Батсүхийн мэдүүлэг /1-р хх-ийн 157-р хуудас/, гэрч Б.Туяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 147-р хуудас/, Хаан банкны М.Р-ын 5055826049 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 164-167-р хуудас/, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 5055826049 дугаартай М.Р-ын дансанд Туяагаас 800.000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлгийн хуулбар /1-р хх-ийн 145-р хуудас/, хохирогч Ч.Дугарнямын мэдүүлэг /1-р хх-ийн 207-208-р хуудас/, гэрч Д.О-ын мэдүүлэг /1-р хх-ийн 186-р хуудас/, гэрч Э.Ц-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 209-р хуудас/, худалдах худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-ийн 187-р хуудас/, гэрч Э.Ц-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 189-р хуудас/, хохирогч Б.Балжмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 246-248-р хуудас/, гэрч Н.Д-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 233-235-р хуудас/, эд хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 2-р хуудас/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 240-242-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, худал амлах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.Р нь худал хэлж, бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч, хүлээн авсан мөнгийг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилгыг агуулсан, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Р-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан буюу шүүгдэгч нь учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Тус гэмт хэргийн улмаас хохирогч Х.Баяртсайханд 335.000 төгрөг, Н.Батсүхэд 800.000 төгрөг, Ч.Дугарнямд 800.000 төгрөг, Б.Балжмаад 482.970 төгрөг, нийт 2.417.970 төгрөгийн хохирол учирсан тул хохирлыг гэм буруутай этгээд болох М.Р-оос гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч М.Р-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч М.Р-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин шүүгдэгч М.Р-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд залилах гэмт хэрэгт холбогдсон, нийгэмшихгүй байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

-       Бусад асуудлаар:

Эрүүгийн 1911031340497 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р-ын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 54 /тавин дөрвөн/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р-оос нийт 2.417.970 /хоёр сая дөрвөн зуун арван долоон мянга есөн зуун далан/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Баяртсайханд 335.000 /гурван зуун гучин таван мянган/ төгрөгийг, хохирогч Н.Батсүхэд 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг, хохирогч Ч.Дугарнямд 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг, хохирогч Б.Балжмаад 482.970 /дөрвөн зуун наян хоёр мянга есөн зуун далан/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Р-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Р-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ