Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 305

 

Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/01361 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Грийн валей ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 398 881 915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Л.Ариунаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ялалт, А.Уртнасан

Хариуцагчийн өмгөөлөгч: Я.Баярсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Грийн валей ХХК нь тус банктай 2015 оны 9 сарын 29-ний өдөр 3053-2015/113 тоот зээлийн гэрээ байгуулан 156 000 ам.долларын зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 13,0 хувийн хүүтэйгээр, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтаар авч,  барьцаанд эзэмших эрхийн 023083 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 8041/5423 дугаартай, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бугын аманд байрлах 30 000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалсан. Барьцааны гэрээг Өмч, газрын харилцааны албанд бүртгүүлсэн. Гэрээгээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлийн хүүг сар бүрийн эцэст, үндсэн зээлээс 56 000 ам.долларын хэсэгчилсэн төлөлтийг 2016 оны 3 сарын 30-нд тус тус төлөхөөр байсан.  Гэтэл Грийн валей ХХК нь хуваарийг удаа дараа зөрчсөн, банк албан бичгээр мэдэгдэл, шаардлагыг хүргүүлсэн ч биелүүлээгүй. Иймд гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 173 560 000 ам.доллар буюу 387 373 770 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан, мөн нэхэмжлэлийн шаардлагаа 398 881 915 төгрөг болгон нэмэгдүүлсэн тул  дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Уянга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийг төслийн үйл ажиллагаанд зарцуулах байсан ч эдийн засгийн урьдчилан тааварлашгүй нөхцөл байдлаас төслөө хэрэгжүүлж чадаагүй. Зээл, тооцоолол дээр маргахгүй. Энэ хугацаанд ам.долларын ханш ихээр өссөн. Гэрээ байгуулах үеийн ханшаар тооцож  40 786 600 төгрөгийг хасч өгнө үү гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Грийн валей ХХК-аас 173 560 ам.доллар буюу 387 373 770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгож, нэхэмжлэгч Капитрон банкны нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 сарын 1-ний өдөр төлсөн 2 094 819 төгрөг, 2016 оны 1 сарын 24-ний өдөр төлсөн 143 987 төгрөг, 2016 оны 11 сарын 15-ны өдөр төлсөн 70 044 төгрөг, нийт 2 308 850 төгрөгийн 2 152 359,5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 156 490,5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Грийн валей ХХК-аас 2 094 819 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Капитрон банкны төлөөлөгч Л.Ариунаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Капитрон банк нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг дангаар цуцалаагүй, цуцлах эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ тухай анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийн асуултад хариулахдаа тодорхой тайлбарласан, хариуцагч тал  маргаагүй.

Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр зээлийн гэрээг цуцалсанд тооцож тухайн өдрөөс хойш тооцогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн гэрээнээс татгалзах эрх нь тухайн зээлийн харилцааг бүхэлд дуусгавар болгоход чиглэсэн тул Капитрон банкинд гэрээг цуцалснаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалттай зөрчилдөж байна. Хэрэв анхан шатны шүүх нэхэмжлэл гаргасан өдрөөс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм бол гэрээ цуцалснаас хойшхи хугацаанд тооцогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг ханган шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь хариуцагч Грийн валей ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн зөрчилтэй хобоотойгоор гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 398 881 915 төгрөгийг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 40 786 600 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 156 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, жилийн 13 хувийн хүүтэйгээр буцаан төлөхөөр  хариуцагч тал үүрэг хүлээж мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авчээ.

 

Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч банкинд гэрээний 10.2 болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах эрх үүссэн талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага заан хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн мөнгөн хөрөнгийн хамт буцаан шаарджээ.

 

Иймд зээлдэгчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр гэрээ цуцлагдсан гэж үзэх бөгөөд гэрээ цуцлагдсанаар гэрээний үндсэн үүрэг дуусгавар болох тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг шаардах боломжгүй харин нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирлыг шаардах боломжтой. Нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас хойшхи хугацааны талаар маргаж нэмэгдүүлсэн шаардлагаа өөрт нь учирсан бодит хохирол буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зайлшгүй олох байсан орлого гэдгийг баримтаар нотлож чадаагүй байх тул 11 508 145 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалж, мөнгөн хөрөнгөө буцаан шаардсанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг зайлшгүй олох ёстой байсан орлого гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөв боловч шаардах эрхийг зохицуулаагүй Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасан тодорхойлолтыг баримталсныг хасч, гэрээнээс татгалзсаны үр дагаврыг гэрээ цуцлагдах хүртэлх үүргийн биелэлтийн хамт шийдсэн байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг гэж, түүнчлэн гэрээг цуцласантай холбоотойгоор хохирлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлд хамааралтай Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг гэж тус тус нэмж, хуулийн этгээд “Капитрон банк” ХХК-ийн нэрийг дутуу бичсэнийг залруулах, хэрэгсэхгүй болгож буй үнийн дүнг бичээгүй байсныг нөхөж бичих зэргээр найруулга, хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/01361 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Грийн валей ХХК-аас 173 560 ам.доллар буюу 387 373 770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 11 508 145 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтын “Капитрон банк” гэснийг “Капитрон банк ХХК” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                   Ш.ОЮУНХАНД