Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 06

 

            

 

 

 

 

 

 

А.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

             Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2017/ШЗ/299 дүгээр шүүгчийн захирамжтай, шүүгдэгч А.Тт холбогдох, эрүүгийн 1719001050062 дугаартай, 1 хавтас, 202 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;                                                                                                            

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Газар зүй, аялал жуулчлалын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Данзанваанчигийн ....тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржгин овогт А-ийн Т /ЕЭ91101809/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч А.Т нь Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг, 4 дүгээр 58 дугаар байрны гадна зогсоолд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 31-71 ДГО тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Г.Буян-Өлзийгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Боржгин овогт Алтандөлийн Тт холбогдох эрүүгийн 1719001050062 дугаартай хэргийг Аймгийн Прокурорын газарт буцааж,

Шүүгдэгч А.Тт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. ЭХХШТХ-ийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар дээрх хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах тогтоолын аль нэг эрх зүйн хэлбэрийг гаргахаар заажээ. Гэтэл шүүхээс хуульд байхгүй өөрөөр хэлбэл хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. ЭХХШТХ-ийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэгт шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэсэн ойлголтгүй хуульчилсан учир мөрдөгч дээрх хэргийг хүлээн аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн хугацаа байхгүй юм.

ЭХХШТХ-ийн 33.3 дахь хэсэгт “зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж хуульчилж өгсөн байхад мөн хуулийн 17.5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх хэрэгт зөвхөн гэм буруутайг тогтоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан хийгдэх ёстой атал урьдчилсан хэлэлцүүлэг хийж, дээрх хуулийн заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Яллагдагч А.Тт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ЭХХШТХ-ийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг бөгөөд энэ хэрэгт урьдчилан хэлэлцүүлэг явуулахгүй, шүүхээс гарах тогтоол нь цагаатгах болон шийтгэх хэлбэртэй байхад шүүх уг хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг захирамжаар буцаасан нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ЭХХШТХ-ийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн 31-71 ДГО автомашины өмчлөгч буюу эзэмшигч нь Д.Амгалан нь өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон эсэхийг шалгаж тогтоох шаардлагагүй, Д.Амгалан нь яллагдагч А.Тын төрсөн эх бөгөөд тэд нэг гэрт хамт амьдардаг учир уг тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн дундын хэрэгцээнд ашигладаг болно. Мөн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч нь Д.Амгалан, яллагдагч А.Т нар хохирлыг давхар хариуцах эсхүл гэм хор учруулсан этгээд дангаар хариуцах эсэх нь тодорхойгүй гэх боловч Т Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрсэн учир өөрийн үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг бүрэн хариуцах чадвартай байх ба Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг Амгаланд халдаах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс .. хохирогч Буян-Өлзийгийн зүүн нүдний дотор талын ухархай урагдчихсан байсан гэж эмч хэлж байсан, гэтэл энэ талаар дүгнэлтэндээ оруулаагүй байна.. гэсэн тайлбар гаргасан тул нэмэлт шинжилгээ хийлгэх асуудлыг шийдвэрлэх гэсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дүгнэлт тодорхойгүй, шинэ нөхцөл байдал бий болоогүй учир дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил эсэргүүцэлд бичсэн тайлбартаа: Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол илт зөрчигдөхөөр дутуу шалгагдан шууд шүүхэд шилжиж оруулж ирсэн нь прокурорын алдаа, хяналт сул байгаа нь харагдаж байна. Яллагдагч Т нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын шаардлага 17.1, 2, 3-т заасан гэм буруугаа хүлээх, хүсэлт гаргах, хохирол төлбөр төлөхөө илэрхийлээгүй байна. Мөн яллагдагч Т нь Амгалангийн автомашиныг эзэмшиж явахдаа осол гаргасан. Амгалан автомашинаа ашиглахыг зөвшөөрсөн эсэх талаар огт шалгаагүй байна.  Хохирогч Буян-Өлзийгийн харах эрхтэнд гэмтэл авсан байж болзошгүй байна. Гэтэл үүнийг түүнд учирсан хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй байх тул ЭХХШТХ-ийн 27.1-д зааснаар шинжээч томилж тогтоох шаардлагатай байна.  Хохирогчид учирсан гэмтэл нь шүүх хуралдааны явцад тогтоон шийдвэрлэх боломжгүй, бүрэн биш байна. Прокурор нь Тыг хэрэг хариуцах чадвартай насны хязгаарт хүрсэн байна гэсэн үндэслэл нь хохирлыг Т хариуцах хууль зүйн үндэслэл болохгүй юм. Дээрх үндэслэлүүдээр шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар эсэргүүцэлд бичсэн тайлбартаа: Тт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2017.11.17-ны өдөр товлогдсон, харин урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй байсан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзээд ял оногдуулах шүүх хуралдаан зарласан гэж үзэж байгаа болно. ЭХХШТХуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар мөн хэсгийн 4.1-4.6-д заасан нөхцөл байдлуудыг хянах, мөн зүйлийн 6 дахь хэсэгт .. энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаана гэж заасныг баримтлан хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх зохицуулалтаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр хуульчлагдаагүй байна. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017.10.04-ний өдрийн яаралтай  тусламжийн хуудсанд хохирогчийн нүүр зүүн талдаа хөхөрч няцарсан гэснээс бус нүдэнд гэмтэл шархтай гэж бичигдээгүй, мөн өдөр уг эмнэлэгт нээсэн өвчний түүхэнд нүдний эмчийн үзлэгт баруун нүдний зовхины цус хуралт ихтэй, зүүн нүдний салстанд цус хурсан, гэрлийн систем хэвийн гэж бичсэн, шинжээч дүгнэлтээ нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүхэд бичигдсэн онош, эмчийн үзлэгт үндэслэж гарсан тул хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарласанчлан шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа болно. Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.4-т даатгуулагч гэж даатгагчтай гэрээ байгуулж замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг хэлнэ гэж томьёолсон. Монгол даатгал ХХК-тай 2016.10.25-ны өдөр 31-71 ДГО улсын дугаартай автомашиныг өмчлөгч Д.Амгалангийн байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний нэр дурдсан жолооч нар хэсэгт А.Т гэж бичигдсэн. Энэ нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээгээр өмчлөгч Тт тээврийн хэрэгслээ жолоодохоор шилжүүлэхийг мөн даатгагч Тт нөхөн төлбөр олгохыг тус тус хүлээн зөвшөөрсөн байна.  Хавтаст хэрэгт жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хуулбарыг нотлох баримтаар авч тусгуулаад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Тт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаахаар гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2017/ШЗ/299 дүгээр шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч А.Т нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 31-71 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа хохирогч Г.Буян-Өлзийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллуулахаар прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д заасан зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр өгсөн нь энэхүү хуульд нийцжээ.

Хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 16-нд яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласан 298 тоот шүүгчийн захирамж гаргасны дагуу шүүх хуралдаанаа эхлүүлсэн ба шүүх хуралдааны үед хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжилаас хохирлын асуудал, иргэний хариуцагч татан оролцуулах асуудлыг  хэлэлцүүлэх зорилгоор урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт тавьсныг шүүх хүлээж авч, шүүх хуралдаанаа хойшлуулсан тухай 311 тоот шүүгчийн захирамж гаргасны дараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцаах тухай 299 тоот шүүгчийн захирамжийг гаргасан болох нь тус тус шүүгчийн захирамжууд, шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр тогтоогдож байна.

Анхан шатны шүүхийн эдгээр ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 17.4, 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмуудыг зөрчсөн гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд энэ утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэх ба анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж,  товлон зарласан шүүх хуралдааныг явуулж байхдаа хуралдааныг хойшлуулж урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь буруу болжээ. 

Хэрвээ шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д зааснаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ердийн журмаар хэргийг шийдвэрлэх боломжтой ба яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн атлаа урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь дээрх хуульд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д тус тус нийцээгүй байна.

Шүүх хуралдааны шатанд хохирогчийн өмгөөлөгч Д.Дагийнамжилаас гаргасан хүсэлтийн дагуу хохирогчийн биед учирсан хохирлын талаар дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргах,  иргэний хариуцагчийг татах шаардлагатай байна гэж үзсэн бол анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4, 15.5-т тус тус зааснаар хүсэлтийг хангаж, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  шинжээч томилж дүгнэлт гаргуулах,  иргэний хариуцагчийг татан оролцуулж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

 Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д заасан зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам болон мөн хуулийн 17.1-д заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмууд өөр хоорондоо ялгаатай, тус тусдаа онцлог зохицуулалттай бөгөөд хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын гаргасан хүсэлт нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д заасан зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгай журамд нийцээгүй буюу шүүгдэгч А.Тт холбогдох хэрэг нь уг журамд зааснаар шийдвэрлэх хэрэгт хамаарч байгааг анхан шатны шүүх анхаараагүй хуульд заасан журмыг зөрчиж хэргийг прокурорт буцаасан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д заасан зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх онцлог зохицуулалт нь  богино хугацаанд хэргийг шийдвэрлэх зорилготой бөгөөд мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх бөгөөд энд заасан прокурорын хяналт нь мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар буюу яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянах ажиллагаа болно.

Гэтэл  энэ хэрэгт шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа зөвшөөрөхгүй болон хохирлыг нөхөн төлөхгүй гэсэн талаар маргасан зүйлгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Анхан шатны шүүхийн эдгээр бүх үйл ажиллагаанууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай 2017/ШЗ/298 дугаар шүүгчийн захирамж,  2017 оны 11 дүгээр сарын 17-ны хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай 2017/ШЗ/311, хэргийг прокурорт буцаах тухай 2017/ШЗ/299 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                      А.САЙНТӨГС