Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 295

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч Д.Халиуна шүүх бүрэлдэнтэй 

Нэхэмжлэгч: “Н” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Гуравдагч этгээд: “С” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Г.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н*******, иргэдийн төлөөлөгч О.П******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Танай шүүхэд хянагдаж байгаа “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох иргэний хэрэг маргаанд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дараах тодруулгыг хийж байна. 

Үүнд: Д******* аймгийн Б******* сумын Түргэн багийн нутаг дэвсгэрт “Н” ХХК-ийн эзэмшдэг 400 га талбайн зарим хэсэгт давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тушаалаар “С*******” ХХК-д ашигт малтмал эрэн хайх тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль зөрчиж, газар эзэмшигчийн дараах эрхийг зөрчсөн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд Ашигт малтмалын газраас тухайн аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэх үүрэгтэй байна. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т мэдэгдлийг хүлээн авсан Засаг дарга сум орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авах үүрэгтэй байх ба 19.5, 19.6-д зааснаар аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал өгсөн тохиолдолд Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар зохицуулсан байна. 

Энэ хэрэг маргааны хувьд Д******* аймгийн Б******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргаас 2 удаа татгалзсан хариу ирүүлсэн. Д******* аймгийн Засаг даргаас мөн 2 удаа татгалзсан байхад хууль зөрчин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс “С” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь илт хууль бус акт болсон гэж үзэхээр байна. 

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийг эзэмших ашиглахад хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй хэмээн заасан нь “Н” ХХК-ийн хувьд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гаргасан 306 дугаар тушаалыг хүчингүй болгохоор шаардах эрхтэй байна. 

Дээрх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар тушаал гарснаар “Н” ХХК-ийн эзэмшиж буй 400 га газрын 53.3 га талбайг давхцаж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших ашиглах эрхтэй гэж заасныг зөрчиж байна. 

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...”Н” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын  тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргаж нийтэд зарласан. 

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

“С” ХХК нь Д******* аймгийн Б******* сумын нутаг С толгой нэртэй 343.38 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өргөдөл гаргаж кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-026176 дугаарт бүртгүүлсэн байна. 

Тус компанийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, хүсэлтэд дурдсан талбайд зураг зүйн ш хийж үзэхэд нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “...тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6/7166 албан тоот бичгээр санал авахаар Д******* аймгийн Засаг даргад хүргүүлсэн. 

Д******* аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээж авч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1/4492 албан тоотоор Б******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 04 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тул дэмжихгүй санал ирүүлсэн. 

“С” ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр орон нутгаас дахин санал авах хүсэлтийг манай байгууллагад гаргасны дагуу Д******* аймгийн Засаг даргад 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6/1023 тоотыг хүргүүлсэн. 

Д******* аймгийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1/615 тоотоор аймгийн ГХБХБГ-ын улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй, аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар тогтоолоор дэмжсэн саналыг ирүүлсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалтыг үндэслэн бүртгэлийн NE-026176 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн хянан үзэж Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр хайгуулын тоот тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт болон холбогдох хуульд нийцсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулаагүй болно. 

Иймд “Н” ХХК-ийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд “С” ХХК-иас болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******ын тус шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулгыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

Үүнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулгадаа “С” ХХК-ийг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газар хянан шийдвэрлэх явцдаа Д******* аймгаас санал авч, уг санал нь дэмжихээс татгалзсан санал ирсээр байхад дахин санал авах замаар тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.41, 19.52, 19.63-д заасныг зөрчиж байна гэжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалт нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай байрших аймгийн Засаг даргаас санал авах зохицуулалт бөгөөд аймгийн Засаг даргын хувьд Ашигт малтмалын газарт 30 хоногийн дотор хариугаа ирүүлэхийг үүрэг болгосон байдаг. Мөн хуулийн 19.5 дахь заалт нь хэрвээ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал ирүүлэх тохиолдолд зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах талаар тодорхой заасан. Харин 19.6-д аймгийн Засаг дарга дэмжсэн хариу шууд ирүүлсэн бол ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан байна. 

Гэтэл анх татгалзсан санал ирүүлэхдээ Д******* аймгийн Засаг дарга энэ хуульд заасан 30 хоногийн дотор санал ирүүлэх хугацаагаа хэтрүүлж  саналаа ирүүлсэн ба ирүүлсэн саналдаа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах бодитой хууль зүйн үндэслэл заагаагүй. Гэтэл Ашигт малтмалын газраас дээрх хуульд заасан хугацаа хэтрүүлж болн хуульд заасан бодит татгалзах үндэслэлгүйгээр ирүүлсэн саналыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан үндэслэлээр шууд зөвшөөрсөнд тооцож манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нөхцөл бүрдсэн байсан. Уг асуудлаар манай компани хэд хэдэн удаа дээрх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүсч Ашигт малтмалын газарт хандсан боловч шийдвэрлэж өгөхгүй нэлээд удаасан ба харин дахин орон нутгаас санал авах ажиллагаа хийж улмаас Д******* аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал ирүүлснээр манай компани дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон. 

Үүнд хуульд үл нийцэх үйлдэл, үйл ажиллагаа, шийдвэр огт байхгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шигээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл огт байхгүй юм. 

Түүнчлэн Ашигт малтмалын хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгохдоо тухайн талбайд өмчлөх, эзэмших, ашиглах эрх байгаа эсэхийг шалгах үүрэг хүлээдэггүй. Тодруулбал Ашигт малтмалын хувьд Иргэний хууль, Газрын тухай хуулийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.   

Иргэдийн төлөөлөгч О.П******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Хэлэлцэж байгаа асуудал 2016 онд эхэлсэн байгаа. Өнөөдөр “Н” ХХК-ийн газар өмчлөх, эзэмшиж байгаатай шууд хамаарахгүй буюу тус компани энэ маргаанаас шалтгаалан сунгалтаа хийгээгүй байж болзошгүй. Гуравдагч талын саналыг дэмжихгүй байна. Хариуцагч нь Улсын Их Хурал, Засгийн газрын хуульд заасны хүрээнд ажиллаж байгаа хэдий ч 1 хүний эрхээр, нөгөө этгээдийн эрх хязгаарлагдах ёсгүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр нэхэмжлэгч “Н” ХХК-иас гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анх “Н” ХХК-иас шүүхэд хандаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэрийн дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлд ногдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэрийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдэж, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газарт гомдол гаргасны дагуу тус газраас 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/937 дугаар албан бичгээр хариу өгсөн байна. 

Үүний дараа “Н” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9721 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10131 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасны дараа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна. 

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн тодруулгадаа “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа гэж өөрчилсөн  байх ба  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан болон захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлснээс хойш даруй 1 жил 3 сар гаруй хугацаа өнгөрсөн байх тул шүүх энэ өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр Д******* аймгийн Б******* сумын Б******* нэртэй 3624.80 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “А ” ХХК-д, мөн сумын С толгой нэртэй 343.38 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д тус тус олгожээ.  

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д******* аймгийн Засаг дарга болон Б******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас 2 удаа татгалзсан хариу ирүүлсэн байхад хариуцагч нь хууль зөрчин гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь илт хууль бус шийдвэр болсон” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэр нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 26 дугаар тогтоолоор ирүүлсэн “дэмжсэн” саналд үндэслэж гарсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулаагүй” гэж тус тус маргажээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:  

- “Н” ХХК нь Д******* аймгийн Б******* сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар захирамжаар тус аймгийн Б******* сумын Түргэн баг Рашаант нэртэй 400 га газрыг “Мод үржүүлэн тарих, нөхөн сэргээх зориулалт”-аар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар мөн сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/67 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг дахин 5 жилийн хугацаатай сунгасан , энэ хугацаа дуусгавар болоход газар эзэмших эрхийн хугацаа сунгаагүй, “Н” ХХК-ийн тарьсан гэх мод ургаагүй болохыг Д******* аймгийн Б******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/119 тоот  албан бичгээр тодорхойлсон,

- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2/504 тоот , Ашигт малтмал, газрын тосны газрын 7/2885 тоот  албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаанаас үзвэл, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эзэмшиж байсан 400 га газар нь Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр “С” ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын 343.38 га талбай 541696,3 м.кв  буюу 54,19 м.кв  талбайгаар давхцалтай, бусад хуулийн этгээдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалгүй, 

- Хариуцагчаас “С” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан хүсэлтэд Д******* аймгийн Засаг даргаас удаа дараа санал авсан байх ба хамгийн сүүлд Д******* аймгийн Засаг даргаас 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “дэмжиж байна” гэсэн агуулга бүхий 146 дугаартай саналыг  ирүүлжээ. 

Дээрхээс дүгнэн үзвэл, хариуцагч Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хууль/2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах”-аар заасантай нийцсэн гэж үзэхээр байх бөгөөд энэ шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байна. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэр нь дээрх татгалзсан саналуудад үндэслээгүй, харин хамгийн сүүлд ирүүлсэн “Дэмжсэн” саналд үндэслэсэн байх тул “Н” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан гуравдагч этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр гэж үзнэ. 

Нөгөө талаас, “Н” ХХК нь тухайн газрын “мод үржүүлэх, нөхөн сэргээх” зориулалтаар эзэмшиж байсан байх ба тарьсан мод ургаагүй гэсэн үндэслэлээр газар газар эзэмших эрхийн хугацааг сунгаагүй нөхцөлд Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэх үндэслэл болохгүй. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “орон нутгаас 2 удаа татгалзсан хариу өгсөн” хэмээн тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгчийн зүгээс “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй”-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ саналууд нь 306 дугаар шийдвэрийн үндэслэл болоогүй байх тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс газрыг олгогдсон зориулалтын дагуу эзэмшиж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд  ирүүлээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Хариуцагчаас “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулаагүй” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэр нь цаг хугацааны хувьд Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө гарсан шийдвэр байх тул хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм. 

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан тодорхой үндэслэл дурьдаж маргаагүйг тэмдэглээд нэхэмжлэгч “Н” ХХК-иас гаргасан “Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасныг баримтлан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.МӨНХЗУЛ

                    ШҮҮГЧ                                        Д.ОЮУМАА

                    ШҮҮГЧ                                        Д.ХАЛИУНА