Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0075

 

 

Б.Т-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар шийдвэрийг Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

            Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид: 

            Зөрчлийн хэргийн холбогдогч: Б.Т

            Эрх бүхий албан тушаалтан: Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н

Гомдлын шаардлага: Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0178704 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар

Шүүх хуралдааны оролцогчид:

Хэргийн индекс: 124/2021/0060/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн “Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0178704 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

2. Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Б.Т нь 2020 оны 10 дугаар сард орон нутгийн сонгуульд Ховд суманд Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшсэн бөгөөд нэр дэвшихдээ Ховд сумын Хаан банканд данс нээлгэсэн. Тухайн үед сонгуульд нэр дэвшиж байхдаа сонгуулийн тухай хуульд заасны дагуу зардлын дансны мэдээллээ сумынхаа Ардчилсан намын даргад өгсөн. Сумын Ардчилсан намын дарга нь нэр дэвшигч 21 хүнийхээ зардлын дансны мэдээллийг нэгтгээд Аймгийн Ардчилсан намд хүргүүлснийг Аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Ховд сумын Ардчилсан намаас зардлын дансны мэдээллээ хуулийн хугацаанд хүргүүлсэн. Мөн Ардчилсан намын дарга нь Ховд сумын Ардчилсан намаас нэр дэвшигчдийн зардлын дансны мэдээлэл хуулийн хугацаанд манайд ирсэн гэх албан бичиг ирүүлсэн байгаагаас үзэхэд тухайн нэр дэвшигч маань дансны мэдээллээ Төрийн аудитын газар хугацаандаа хүргүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасны дагуу санал авах өдрөөс  20-оос доошгүй хоногийн өмнө Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж зааснаас үзэхэд данс бүртгүүлэх үүргийг нэр дэвшигчид хүлээлгэжээ. Тухайн хуульд нэг дэвшигч өөрөө биеэр ирж бүртгүүлэх үүрэгтэй гэх заалт огт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 69 дүгээр захирамжаар захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх болон шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.А-ийг томилсныг албажуулсан атлаа анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.О даргалж, шүүхийн шийдвэрийг гаргасан байх тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.   

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  121 дүгээр зүйлийн 121.1.4-т “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-дДавж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана: 121.3.2. Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж тус тус заасан.

Дээрх хууль заасны дагуу  хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн үндэслэл илэрч байх тул нэхэмжлэгчийн гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хэлэлцэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                        С.МӨНХЖАРГАЛ