Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 432

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч П.Энхболд,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн З.Г.А-т холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны ...дүгээр сарын ... өдөр ... төрсөн, ...настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...мэрэгжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй З.Г.А- /РД:........../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрийнх нь эзэмшдэг Хаан банкны 5089025437 тоот дансанд 373.760 төгрөг шилжин орж ирснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ буюу бусдын мөнгө болохыг мэдсээр байж завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гэртээ өөрөө гар утсаараа фэйсбүүкээр “Bolor outlet shop” гэсэн онлайн шопоор Солонгосын Costco сүлжээ дэлгүүрэээс лайв хийж байхаар нь би 6 ширхэг авакода тос, хүүхдийн нарны тос захиалсан. Тэгээд лайв дээр нь явж байсан Хаан банк А- данс шүү гэсэн 5089025437 тоот дансанд эхлээд 266.400 төгрөг шилжүүлсэн дараа нь 103.160 төгрөг, сүүлд нь 4.200 төгрөг тус тус шилжүүлсэн. Тэгээд бараагаа авахаар очиж уулзсан чинь таны мөнгө орж ирээгүй байна таны бараа ирсэн гэж хэлсэн. Тэгээд дансны дугаарыг нь үзүүлсэн чинь А- гэх хүнийг мэдэхгүй, намайг данс андуулсан байна гэж хэлсэн. ...миний хохиролыг А- гэх эмэгтэй барагдуулсан ба надаас уучлалт гуйсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ /хх-ийн 10, 12-р тал/

 

Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-3-р тал/ Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-4/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрийнх нь эзэмшдэг Хаан банкны 5089025437 тоот дансанд 373.760 төгрөг шилжин орж ирснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ буюу бусдын мөнгө болохыг мэдсээр байж завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Г.Гийн “...миний хохиролыг А- гэх эмэгтэй барагдуулсан ба надаас уучлалт гуйсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12-р тал/, Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-3-р тал/ Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-4/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Аийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 джх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох саналыг нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ат оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгаж шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З.Г.А-ийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Ат оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Ат оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

  

 

 

                                       ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ