Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 433

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Б.М-ад  холбогдох эрүүгийн ..... дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, …. оны ... дүгээр сарын ... өдөр … төрсөн, ....настай, ..., бүрэн дунд боловсролтой, … мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Б.Б.М- /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.М- нь “Шар доктор” ХХК-нд бараа бүтээгдэхүүний борлуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын хооронд борлуулалтын орлогын 9.111.743 төгрөгийг бэлнээр авч компанид тушаалгүй бусдад хүүтэй зээлдүүлэх, хувийн хэрэгцээндээ зарцуулах зэргээр хувьдаа ашиглан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

         

Хохирогч Ш.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...“Шар Доктор” ХХК-ний зүгээс намайг итгэмжилсэн төлөөлөгчөөр томилж Б.М-, Бат-Эрдэнэ нарт холбогдох хэрэг дээр хэргийн оролцогчоор ажиллуулахаар болсон. Болсон хэргийн талаар гэвэл Б.М-, Бат-Эрдэнэ нар нь хариуцсан дүүргүүдэд байгууллагын бараа бүтээгдэхүүнийг тарааж түгээлт хийхдээ тооцоог байгууллагад тушаахдаа дутуу тушааж өөрсдийн хувийн данс руу болон бэлнээр мөнгө авч хувьдаа завшиж байсан нь санхүүгийн шалгалтаар тогтоогдсон. Бид нар Б.М-, Бат-Эрдэнэ нартай уулзаж энэ талаар асуухад өөрсдөө хүлээн, хохирол төлж барагдуулах тухай гараар бичиж өгсөн. Мөн бид нар хамтран ажилдаг газрууд руугаа ярьж, өр зээл байгаа эсэх талаар асуухад ямар ч өр төлбөр байхгүй тооцоог бүрэн хийж дуусгасан байсан...” гэжээ /хх-ийн 5-р тал/

 

Гэрч С.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай компани борлуулагчаар ажиллаж байсан Б.М-, Т.Бат-Эрдэнэ нар нь 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 2019 оны 12 сарын 01-ны хооронд компаний бүтээгдэхүүнийг борлуулах цэгүүд болон худалдан авагч нарт хүргэж өгөхдөө төлбөр тооцоог бэлнээр авч компанид тухайн өдрийн орлогыг тушаахдаа дутуу тушааснаас болж компанид хохирол учруулсан. Тодруулах юм бол Б.М- нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт борлуулалт хийдэг байсан бөгөөд худалдан авагч нараас төлбөр тооцоог бэлнээр өөрөө аваад байгууллагын данс руу тушаадаг байсан. ...Гэтэл Бат-Эрдэнэ, Б.М- нар нь байгууллагад өгөх ёстой мөнгөн орлогыг дутуу тушааж хувьдаа завшсан байна. Б.М-ын хувьд байгууллагаас 9.111.743 төгрөг, Бат-Эрдэнийн хувьд 4.714.432 төгрөгийг байгууллагад тушаахгүйгээр хувьдаа завшсан нь байгууллагын шалгалтаар тогтоогдсон. ...Манай байгууллагын зүгээс санхүүгийн Даймонд программ ашиглаж түгээгч нарт хяналт тавьдаг бөгөөд Б.М-, Бат-Эрдэнэ нар нь тухайн өдрийн орлогыг дутуу тушааж программ дээр авлага үүсгэж байсан юм. Өөрсдөөс нь орлого дутуу тушаасан талаар нь асуухад зарим газруудад зээлээр өгсөн, зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэх тайлбарыг хэлдэг байсан. Гэтэл авлага нь өндөр дүнтэй болоод эхэлсэн учраас бид нарын зүгээс шалгалт хийж тухайн байгууллагууд руу нь холбогдож үзэхэд бараа бүтээгдэхүүн авсан төлбөр тооцоог тухай бүрт нь төлсөн байсан, ганц нэг газар зээлээр аваад тэгээд төлбөрийг дараа нь төлж барагдуулсан байсан. Тэгээд Б.М-, Бат-Эрдэнэ нартай уулзаж энэ тухай хэлэхэд өөрсдөө хүлээн зөвшөөрч төлбөр тооцоогоо барагдуулна гэж хэлсэн...” гэжээ /хх-ийн 5-р тал/

 

Гэрч Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн оруулж ирэн худалдаа наймаа хийдэг бөгөөд Отгонцэцэгээс богино хугацаанд мөнгө хүүтэй зээлээд 2 жил болж байна. Би 2019 оны 10 дугаар сард 2 сая төгрөг, 11 сарын эхээр 5 сая төгрөг нийт 7 сая төгрөгийг Отгонцэцэгээс зээлсэн юм. Гэтэл уг мөнгө нь түүний ах Б.М-ын мөнгө байсан юм билээ. Энэ талаар би сүүлд нь мэдсэн. Отгонцэцэг 2020 оны 04 дүгээр сард над руу яриад “чамд зээлсэн 7 сая төгрөг бол ахын байгууллагын мөнгө юмаа, тэгээд байгууллага нь мэдчихээд ахыг цагдаад өгнө гээд айлгаад байна, чи зээлсэн мөнгөө яаралтай өгөх хэрэгтэй байна шүү” гэж хэлсэн...” гэжээ /хх-ийн 10-р тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-20-29, 31-50 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.М- нь “Шар доктор” ХХК-нд бараа бүтээгдэхүүний борлуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын хооронд борлуулалтын орлогын 9.111.743 төгрөгийг бэлнээр авч компанид тушаалгүй бусдад хүүтэй зээлдүүлэх, хувийн хэрэгцээндээ зарцуулах зэргээр хувьдаа ашиглан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Ш.У “...байгууллагын бараа бүтээгдэхүүнийг тарааж түгээлт хийхдээ тооцоог байгууллагад тушаахдаа дутуу тушааж өөрсдийн хувийн данс руу болон бэлнээр мөнгө авч хувьдаа завшиж байсан нь санхүүгийн шалгалтаар тогтоогдсон. ...Мөн бид нар хамтран ажилдаг газрууд руугаа ярьж, өр зээл байгаа эсэх талаар асуухад ямар ч өр төлбөр байхгүй тооцоог бүрэн хийж дуусгасан байсан...” /хх-ийн 5-р тал/ гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.М-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүгдэгч Б.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогчид хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, хохирогч хүсэлт гомдол байхгүй /хх-56-р тал/ зэрийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 280 цагийн нийтэд тустай ажил хийх ялын саналыг нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн талаар

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд хохиролоо төлж барагдуулах талаар бичгээр хүсэлт гаргасан, шүүгдэгч 1.111.750 /нэг сая нэг зуун арван нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөг төлсөн болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорин хохиролд шүүгдэгч Б.М-аас 7.999.993 /долоон сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч “Шар доктор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ут олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б.М-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.М-аас 7.999.993 /долоон сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Ут олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ