| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0500/Э |
| Дугаар | 482 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 482
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил
улсын яллагч Б.Алтанцэцэг /томилолтоор/,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Т.Б.Бд холбогдох эрүүгийн .............дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ...дугаар сарын .... хотод төрсөн, ....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т.Б.Б /РД:.........../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оынн 06 дугаар сарын 10-ны орой 23:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Юби таун хотхон дотор архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ иргэн Б.Быг гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, хөндийд хий шингэн хуралт, хамар ясны хажуу хананы зөрүүтэй хугарал, зүүн нүд, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд шарх, зүүн хөмсөгт зулгаралт, тархи доргилт бүхий түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед би Гончигжанцан, Түвшинжаргал нарын хамтаар Түвшинжаргалыг гэрт нь хүргэж өгөхөөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Юби таун хотхоны хашаан дотор явж байсан чинь бид 3-ын ард талд хэсэг бүлэг залуучууд явж байсан. Намайг цохьсон залуугийн араар нь Гончигжанцан тойроод гарсан. Би араас нь гар утсаа оролдоод араас нь мөн адил гарсан чинь үл таних залуу ямар нэг шалтгаан байхгүй үг хэллэг хэлээгүй миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон би газар унахад Түвшинжаргал болон намайг цохьсон залуутай хамт явж байсан залуу намайг татаж босгосон, ...эмч намайг улсын нэг дүгээр эмнэлэг дээр нүдний ухархайн хагалгаанд орно гэж хэлсэн. Тэрний төлбөр болох 3.500.000 төгрөг толгойн тодосгогчтой имрай нь 500.000 төгрөг болно гэсэн нийт 4.000.000 төгрөг болно. ...Б.Бгийн ар гэрийхэн миний төлбөрийг барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ /хх-24-27-р тал/
Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд хажуугаар нь би түрүүлж гараад ард хүмүүс орилолдохоор нь эргээд хартал манай найзыг цохиод унагачихсан байсан, тэгээд харсан чинь манай найзын зүүн нүдний дээд доод талдаа бас хөмсөгний дээд талд язарчихсан байсан манай найз Б.Быг нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-31-р тал/
Гэрч П.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд хамгийн сүүлд манай найз Б.Б явж байсан чинь ямар нэг шалтгаан байхгүйгээр сорочкон цамцтай хар өмдтэй 18-19 орчим насны 170-180 см өндөртэй залуу манай найз Б.Бын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон хамт байсан үл таних эмэгтэй чи яаж байгаан бэ гээд тэр залууг найз нарт нь хэлээд энийг аваад яв гээд явуулсан, Б.Бын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-32-33-р тал/
Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бид нарын урд талд Б.Б найз охин Б.Бчимэгийн хамтаар явж байсан ард талд нь 2 эрэгтэй 1 эмэгтэй явж байсан. Тэгээд би харсан чинь Б.Б нэг залууг цохиод унагааж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-38-39-р тал/
Камерын бичлэгтэй Сидийнд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Бичлэгт 00:05 секундэд 15 орчим залуучуудын явж байгаа дүрс бичлэг харагдана. 00:22 секундэд хохирогч Б.Б нь газар унаж байхад 00:23 секундэд гэрч Б.Бг хамт явж байсан Б.Бчимэг гэх эмэгтэй түлхэн явуулж байгаа харагдана. 00:29 секундэд бичлэгний доод хэсгээс 5 залуу хохирогч Б.Б луу гүйж очиж байгаа харагдана. 02:00 секундэд бичлэгний хохирогч Б.Б түүний найз Түвшинжаргал, Гончигжанцан нар үл таних залуучуудын хамтаар орц руу алхаж байгаа харагдана. IMG_6460.MOV дугаартай файлыг тоглуулахад “...00:07 секундэд бичлэгний зүүн талаас гэрч Б.Бтэй хамт явж байсан түүний найз нар болох 6 залуу шатаар доош бууж байгаа харагдана. 00:24 секундэд үл таних 2 залуу, 1 охин гарж ирж эхний 6 залуугийн араас явж байгаа харагдана. 00:37 секундэд тэдний араас дахин 4 залуу явж байгаа харагдана. 01:06 секундээс 01:20 секунд хүртэл дахин 5 залуу явж байгаа харагдана. 01:20-0130 секундийн хооронд бичлэгт ямар нэг ач холбогдолтой зүйл байгаагүй учир дүрс бичлэг дуусна” гэх тэмдэглэл /хх-9-19-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6882 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Бын зүүн нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, хөндийд хий шингэн хуралт, хамар ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, зүүн нүд, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал цус хуралт, алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд шарх, зүүн хөмсөгт зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-43-44-р тал/
Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэг өгөхгүй. Би хохирогч Б.Бын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдлээ гэмшиж байна..” гэсэн мэдүүлэг /хх-59-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад /хх-62-68/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оынн 06 дугаар сарын 10-ны орой 23:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Юби таун хотхон дотор архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ иргэн Б.Быг гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, хөндийд хий шингэн хуралт, хамар ясны хажуу хананы зөрүүтэй хугарал, зүүн нүд, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд шарх, зүүн хөмсөгт зулгаралт, тархи доргилт бүхий түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч, шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Бын эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, хөндийд хий шингэн хуралт, хамар ясны хажуу хананы зөрүүтэй хугарал, зүүн нүд, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд шарх, зүүн хөмсөгт зулгаралт, тархи доргилт гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Бын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 84/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Б оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ