Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 491

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даариймаа,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Д.Тт холбогдох эрүүгийн ... дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...ний өдөр ...хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, ...боловсролтой, ... мэргэжилтэй, Хаан хайбрид сервис ХХК-д хөргөлтийн инженер ажилтай, ...тоотод оршин суух хаяггай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Д.Т /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Витафит милк ХХК-ийн хашаанд байсан хөргөгчний 10 ширхэг моторыг шунахайн сэдэлтээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.328.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай компани болох Витафит милк ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс Даваадоржийн Д.Т засварчнаар ажилд орсон. Тэгээд Д.Т нь ажиллаж байх хугацаандаа 2018 оны 11 дүгээр сард компаний хашаанд байсан 10 ширхэг хөргөгчний моторыг хулгайлж авч гарсан байсан. Үүнийг борлуулалтын албаны дарга Мөнхжаргал мэдээд Д.Таас асуухад авсан нь үнэн төлнө гэж хэлсэн байдаг. Д.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр түгээлтийн жолооч Э.Мөнгөншагайгийн хамт 1, 2 дугаар чиглэлд явж байхдаа байгууллагын орлогын бэлэн мөнгө болох 1.751.950 төгрөгийг кассанд тушаалгүй завшсан байгаа юм. ...Гэхдээ уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй. Учир нь уг орлогын мөнгийг Д.Т нь хулгайд алдсан талаараа тухайн үед байгууллагын борлуулалтын албаны дарга О.Мөнхжаргалд мэдэгдсэн байсан. ... Д.Тын зүгээс Витафит милк ХХК-ийн бүх өр төлбөрийг бүрэн гүйцэт барагдуулсан учир манай компанийн зүгээс цаашид гаргах гомдол санал байхгүй...” гэжээ /хх-ийн 14-15-р тал/

 

Гэрч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сард Цагаан сарын дараа Д.Т надтай хамт 1, 2, 3 дугаар бүсэд түгээлтэнд ачигчаар явсан. Д.Т надад чи өөрийн хариуцсан 3 дугаар бүсийн тооцоог хийчих би 1, 2 дугаар бүсийн тооцоог хийе гээд баримтыг нь авсан. Гэтэл 1, 2 дугаар бүсийн түгээлт хийсэн мөнгийг тушаагаагүй байсан...” гэжээ /хх-ийн 19-20-р тал/

 

Гэрч О.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сард Д.Т болон Э.Мөнгөншагай нар түгээлтийн орлого 1.751.950 төгрөгийг тушаах ёстой байсныг дутаасан ба тус өдрийн маргааш нь над руу Д.Т залгаад тушаах ёстой байсан мөнгийг алга болгосон уучлаарай би төлж барагдуулна гэж хэлсэн...” гэжээ /хх-ийн 26-р тал/

 

Дамно хөрөнгийн үнэлгээний компаний “...Хөргөгчний моторыг 1.328.952 төгрөг” гэх тайлан /хх-ийн 33-р тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, Ял шийтгэлийн хуудас /хх-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Витафит милк ХХК-ийн хашаанд байсан хөргөгчний 10 ширхэг моторыг шунахайн сэдэлтээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.328.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Д.Б “...Д.Тын зүгээс Витафит милк ХХК-ийн бүх өр төлбөрийг бүрэн гүйцэт барагдуулсан учир манай компанийн зүгээс цаашид гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/, Дамно хөрөнгийн үнэлгээний компаний тайлан /хх-ийн 33-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх саналыг нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Д.Тыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Д.Тт тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ