Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0560/З/Т |
Дугаар | 221/МА2022/0027 |
Огноо | 2021-12-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2022/0027
|
2021 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2022/0027 | Улаанбаатар хот |
Н.Л-О, Б.Е нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Б.Е, Н.Л-О
Нэхэмжлэлийн шаардлага: “1. Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 30,983,245 төгрөгийг Н.Л-О-т, 29,558,758 төгрөгийг гаргуулж Б.Е-д олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах,
2. Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалын Н.Л-О, Б.Е нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
3. Нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 23,756,590 төгрөг /Н.Л-О/, 22,664,356 төгрөг /Б.Е/-ийг хариуцагчаас гаргуулах,
4. Нэхэмжлэгч Н.Л-О намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны дарга, Б.Е намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалд тус тус эгүүлэн томилуулах,
5. Нэхэмжлэгч Н.Л-О, Б.Е нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 416 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Е-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М
Нэхэмжлэгч Б.Л-О, түүний өмгөөлөгч Д.Н
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Д.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа
Хэргийн индекс: 128/2021/0560/З/Т
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Л-О, Б.Е нар нь Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 30,983,245 төгрөгийг Н.Л-От, 29,558,758 төгрөгийг гаргуулж Б.Е-д олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалын Н.Л-О, Б.Е нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 23,756,590 төгрөг /Н.Л-О/, 22,664,356 төгрөг /Б.Е/-ийг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэгч Н.Л-О намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны дарга, Б.Е намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалд тус тус эгүүлэн томилуулах, нэхэмжлэгч Н.Л-О, Б.Е нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 416 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Л-О, Б.Е нарын “Гаалийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 30,983,245 төгрөгийг Н.Л-От, 29,558,758 төгрөгийг гаргуулж Б.Ед олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалын Н.Л-О, Б.Е нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 23,756,590 төгрөг /Н.Л-О/, 22,664,356 төгрөг /Б.Е/-ийг хариуцагчаас гаргуулах, Н.Л-О намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны дарга, Б.Е намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалд тус тус эгүүлэн томилуулах, Н.Л-О, Б.Е нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Маргаан бүхий акт болох Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар “Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг болон нэр бүхий их дээд сургуулиуд, холбогдох архивын лавлагаагаар тогтоогдож байх тул хавсралтад нэр дурдсан гаалийн ажилтнуудыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халсугай” гэж нэхэмжлэгч нарыг гаалийн улсын байцаагчийн ажлаас нь чөлөөлсөн.
3.2. Нэхэмжлэгч Н.Л-О нь Ховд-Эрдэм дээд сургуулийг 2005 онд “Нягтлан бодогч” мэргэжлээр D200511691 дугаартай дипломтой төгссөн, мөн 2012 онд Монгол Улсын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр D201226934 дугаартай дипломтой төгссөн. Түүнчлэн Н.Л-О нь анх 2005 онд 491 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт “шалгагч”-аар ажилд орсон бөгөөд энэ нь 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн хооронд хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Гаалийн улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилээс хэтрэхгүй туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа гаалийн ажилтныг шалгагч гэнэ” гэж заасан болзол шалгуурыг хангаж орсон байдаг. Цаашлаад Н.Л-О нь Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гааль, эдийн засгийн чиглүүлэх курсийг 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 07/110 дугаар гэрчилгээтэй төгсөн 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргын 84 дүгээр тушаалаар мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэн” гэж заасан хууль тогтоомж, болзол шалгуурт нийцэж байсан тул гаалийн улсын байцаагч болсон. Өөрөөр хэлбэл, Н.Л-О нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасны дагуу гаалийн улсын байцаагч болсон бөгөөд маргаан бүхий актад дурдаад буй шиг боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн улсын байцаагч болсон зүйл байхгүй.
3.3. Нэхэмжлэгч Б.Е-ы хувьд Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр 2010 онд D201015844 дугаартай дипломтой төгссөн бөгөөд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гааль, эдийн засгийн чиглүүлэх курсийн 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ЧК 11/074 дугаартай төгсөж, 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын 392 дугаар тушаалаар гаалийн улсын байцаагч болсон.
3.4. Маргаан бүхий акт болох Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаал нь дээр дурдсанчлан “Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн улсын байцаагчаар томилогдсон” хэмээх агуулгаар тодорхойлогдсон бөгөөд тухайн актын агуулга нь зорилгодоо нийцсэн эсэхийг тодруулахаар шүүхээс 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Н.Л-О, Б.Е нарын хувийн хэрэгт үзлэг хийсэн. Тус үзлэгээр мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дурдаад буй маргаантай гэх дипломууд /Н.Л-О Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг 2001 онд эрх зүйч мэргэжлээр D20010*******, нэхэмжлэгч Б.Е Монгол Улсын Багшийн их сургуулийг 2008 онд биеийн тамирын багш мэргэжлээр D200810722/-ыг гаалийн улсын байцаагч болох үедээ ашигласан эсэхийг тодруулсан ба нэхэмжлэгч нарын зүгээс гаалийн улсын байцаагч болох үедээ дээрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/01 дугаартай “Илтгэх хуудас”-д дурдсанчлан шалгаж, тодруул гэсэн дипломуудыг гаалийн улсын байцаагч болох үедээ ашиглаагүй болох нь тогтоогдсон.
3.5. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж хуульчилсан бөгөөд маргаан бүхий акт нь хууль болон агуулга, зорилгодоо нийцээгүй болохыг дээрх үзлэгээр тогтоосон. Мөн энэ ч үндэслэлээр шүүхийн 416 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11 дүгээр талд “Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нар гаалийн улсын байцаагчаар томилогдохдоо гаалийн улсын байцаагчид тавигдах дээд боловсролтой байх шаардлагыг хангаж байсан гэж үзэхээр байх боловч Н.Л-О нь Монгол Улсын Их сургуулийн хууль зүйн сургууль, Б.Е нь Монгол Улсын Багшийн их сургуульд тус тус суралцаж төгсөөгүй атлаа төгссөн мэтээр боловсролын баримт бичгийг бүрдүүлж ашигласан гэж үзэхээр байна” хэмээн дүгнэсэн. Шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд шүүхийн шийдвэр нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй болох нь харагдаж байх бөгөөд мөн шүүхийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй үнэлж чадаагүй гэж үзэхээр байна.
3.6. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11 дүгээр талд “Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “маргаан бүхий акт нь хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй ерөнхий зохицуулалтуудыг хэрэглэсэн тул утга агуулгын хувьд алдаатай” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй боловч хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй энэхүү алдаа нь хууль бус үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
3.7. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргах”, 40.2.3-д “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж хуульчилсан бөгөөд захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан аливаа шийдвэр, тушаал нь заавал тухайн актыг гаргах болсон бодит нөхцөл байдал, түүний хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгасан байж тухай акт зөрчилгүй буюу хуульд нийцсэн акт болохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдээс гаргасан акт нь зарим тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнддөг, цаашлаад хуулиар олгосон эрхийг зөрчдөг учир яагаад, ямар үндэслэлээр тус акт гарах болсныг, тус актаараа ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэх, мөн шийдвэрт тохирсон хууль хэрэглээний асуудлыг зөв тодорхойлж тусгасан байхаар хуульчилсан байна. Гэтэл шүүхийн дээрх дүгнэлт нь утга агуулгын хувьд алдаатай, мөн хуульд заасан ямар хэм хэмжээтэй, тус дүгнэлт нийцэж буй нь ойлгомжгүй. Мөн маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан 18 заалт бүхий ерөнхий зохицуулалт агуулсан заалтууд байх бөгөөд нэхэмжлэгч нар нь хуулийн энэхүү зүйлийн ямар заалтыг зөрчсөн нь ажлаас халах үндэслэл болсныг тодорхойлоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасныг шууд зөрчсөн гэж үзэхээр байна.
3.8. Харин шүүх “маргаан бүхий 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаар тушаалыг хуульд нийцсэн” гэж дүгнэсэн бөгөөд “нэхэмжлэгч нарыг Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, өөрсдөө хууль бус үйлдэл гаргасан байх тул маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангасан акт” хэмээн дүгнэжээ.
3.9. 2002 оны Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болж, тус өдрөөс шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөж эхэлсэн. Маргаан бүхий акт нь цаг хугацааны хувьд 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гарсан бөгөөд гаалийн байгууллага нь 2019 оны шинэчилсэн Төрийн албан тухай хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй ба тус үүргийнхээ хүрээнд хүчин төгөлдөр хуулийг баримтлан маргаан бүхий актыг гаргасан. Гэтэл шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт “2002 оны Төрийн албаны тухай хуулийг ашиглах ёстой боловч /шинэчилсэн/ Төрийн албаны тухай хуулийн 37, 47 дугаар зүйлийг барьсан нь буруу” хэмээж 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д заасныг иш татан хэрэглэж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан дүгнэлт хийж буй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчөөд зогсохгүй хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзэж байна.
3.10. Түүнчлэн шүүх шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримталсан атлаа дүгнэлт хэсэгтээ “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулаагүй” гэх үндэслэлээр дан ганц хариуцагчийг буруутгах нь өрөөсгөл байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус хуульд заасан “бодит нөхцөл байдалд тохирсон” гэх ойлголт нь захиргааны байгууллагын зүгээс бодит нөхцөл байдлыг эхлээд тогтоох, цаашлаад бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах ойлголт. Харин бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд холбогдогч этгээдүүдэд Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулж байж зөрчил гаргасан этгээдийн зөрчлийн шинж байдал, түүнийг гаргах болсон шалтгаан нөхцөл, учруулсан гэм хорыг арилгах боломж нөхцөлийг тогтоох, цаашлаад зөрчилд тохирсон хэм хэмжээг хэрэглэх тухай ойлголт байна гэж үзэж байна.
3.11. Мөн тус хуулийн “шийдвэр үндэслэл бүхий байх” ойлголт нь нэгэнт бодит нөхцөл байдлыг тогтоож, зохих этгээдээс тайлбар, мэдүүлэг, шаардлагатай баримт материалтай танилцсан захиргааны байгууллага нь тухайн зөрчил дутагдалд тохирсон хэм хэмжээг буюу хуулийг зөв тайлбарлан хэрэглэх тухай ойлголт. Нөгөөтэйгүүр шүүхийн 416 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11 дүгээр талд “Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нар гаалийн улсын байцаагчаар томилогдохдоо гаалийн улсын байцаагчид тавигдах дээд боловсролтой байх шаардлагыг хангаж байсан гэж үзэхээр байна” гэж дүгнэж, цаашлаад “Б/310 дугаар тушаалыг гаргахдаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг бүхэлд нь, 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалтыг баримталсан нь буруу байх боловч ... зарчмыг алдагдуулахаар байна” гэх дүгнэлт нь маргаан бүхий акт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн гэж үзэхээр зөрүүтэй дүгнэлт болжээ.
3.12. Тодруулбал, маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн/-ийн 37, 47 дугаар зүйлийг баримталсан нь буруу бол дээрх акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д нийцсэн байх боломжгүй. Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай тогтоолын 6 дугаар тал, 21 дэх мөрөнд “мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулж хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох боломжийг захиргааны шийдвэр гаргасан байгууллага албан тушаалтнаар гүйцэтгүүлэх нь зүйтэй” хэмээн дүгнэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус хуульчилсан атал шүүх “мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэхгүй” гэж дүгнэж буй нь дээр дурдсан хуулийг зөрчсөн, хэт нэг талыг барьсан, явцуу шийдвэр болсон.
3.13. Нэхэмжлэгч Н.Л-О, Б.Е нарын зүгээс 5 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд үүнээс нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа “Гаалийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 30,983,245 төгрөгийг Н.Л-От, 29,558,758 төгрөгийг Б.Е нарт олгуулах, мөн тус хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон.
3.14. Шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагад холбогдуулж шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13 дахь талд “Б/310 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын цалин хөлс олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
3.15. Маргаан бүхий акт болох Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар тушаалын 1 дэх заалтаар “Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг болон нэр бүхий их дээд сургуулиуд, холбогдох архивын лавлагаагаар тогтоогдож байх тул хавсралтад нэр дурдсан гаалийн ажилтнуудыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халсугай” хэмээн тушааж нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгосон. Харин дээрх тушаалын 4 дэх заалтаар “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалыг хавсралтад заасан Н.Л-О, Б.Е нарт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” хэмээн тушаасан шийдвэр гаргасан. Дээрх тушаалыг хууль зүйн утгаар нь авч үзвэл Н.Л-О, Б.Е нарыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл гаалийн улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлөөгүй байсан гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч нарыг гаалийн албанаас анх чөлөөлсөн Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаал Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тогтоолоор түдгэлзэж, шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Гаалийн ерөнхий газраас тус шийдвэрийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаал гарсан. Тус тушаалын 1 дэх заалтаар нэхэмжлэгч нарыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халж, 4 дэх заалтаар өмнөх тушаалын хууль зүйн үйлчлэлийг дуусгавар болгосон буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Иймээс “нэхэмжлэгч нарыг гаалийн албанаас 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлсөн” гэж үзэх бөгөөд нийт ажилгүй байсан 373 хоногийн цалин хөлсийг Б/310 дугаар тушаалын 1 дэх заалтынхаа хүрээнд гаргаж өгөх үүрэгтэй.
3.16 Дээрхээс үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 416 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчиж өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзэж байх тул тус шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзнэ. Иймд мөн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Н.Л-О, Б.Е нар нь 1. Гаалийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 30,983,245 төгрөгийг Н.Л-От, 29,558,758 төгрөгийг гаргуулж Б.Ед олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, 2. Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалын Н.Л-О, Б.Е нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 3. Нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 23,756,590 төгрөг /Н.Л-О/, 22,664,356 төгрөг /Б.Е/-ийг хариуцагчаас гаргуулах, 4. Нэхэмжлэгч Н.Л-О намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны дарга, Б.Е намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалд тус тус эгүүлэн томилуулах, 5. Нэхэмжлэгч Н.Л-О, Б.Е нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2.2. Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тогтоолоор “нэхэмжлэгч Н.Л-О, Б.Е ... нараас “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын /Боловсролын хуурамч бичиг баримт ашиглан гаалийн албанд томилогдсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан/ нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах” шаардлага гаргасныг хянан хэлэлцээд Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол мөн тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.
2.3. Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/310 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37, 47 дугаар зүйлийн 47.1.4, Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.8, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.17, Захиргааны ерөнхий хуулийн 39, 43, 46 дугаар зүйл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаартай албан бичиг, Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Боловсролын хуурамч бичиг, баримт ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг болон нэр бүхий их, дээд сургуулиуд, холбогдох архивын лавлагаагаар нотлогдож байгаа гэж үзээд хавсралтад нэр дурдагдсан гаалийн ажилтнуудыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс тасалбар болгон гаалийн албанаас халсан”, мөн тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын хавсралтад заасан Н.Л-О, Б.Е нарт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.
2.4. Анхан шатны шүүх “... маргаан бүхий акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчимд нийцсэн, ... хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ч энэхүү алдаа нь нэхэмжлэгч нарын хууль бус үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй, ... гаалийн албан хаагч болон гаалийн улсын байцаагч нь эрх зүйн байдлын хувьд ялгаатай бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч болох гаалийн улсын байцаагчийн хувьд хууль ёсны дагуу олгогдоогүй боловсролын баримт бичиг ашигласан зөрчлийг зөвтгөх аливаа нөхцөл байж болохгүй, ... сонсох ажиллагаа явуулах талаарх захиргааны байгууллагын үүрэг нь тайлбар, санал гаргах оролцогчийн эрхийг хязгаарлаагүй байхад нэхэмжлэгчээс Улсын дээд шүүхийн тогтоолыг зөвхөн хариуцагч биелүүлэх үүрэгтэй мэтээр тайлбарлан маргаж байх тул мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэхгүй” гэж дүгнээд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
2.5. 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гаалийн тухай хууль /1996 оны/-ийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэнийг гаалийн улсын байцаагч” гэж ойлгохоор, 70 дугаар зүйлийн 70.1-д –“Гаалийн улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилээс хэтрэхгүй туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа гаалийн ажилтныг шалгагч” гэж ойлгохоор тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Б.Е нь Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаар тушаалаар Ховд аймгийн Булган дахь гаалийн газар эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчаар, Н.Л-О нь 2005 оноос Баян-Өлгий дахь Гаалийн газарт шалгагчаар ажиллаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 84 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар тус тус томилогдсон, эдгээр үйл баримттай талууд маргаагүй байна.
2.6. Харин 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5-д “Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол Улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байвал зохино” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Б.Е, Н.Л-О нар нь дээрх хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх үед буюу 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар “дээд боловсролтой байх” хуулийн шаардлагыг хангасны үндсэн дээр гаалийн улсын байцаагчийн албан тушаалыг эрхлэх боломжтой байжээ гэж үзэхээр байна.
2.7. Нэхэмжлэгч нараас “... Н.Л-О Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг 2001 онд эрх зүйч мэргэжлээр /D20010*******/, Б.Е Монгол Улсын Багшийн их сургуулийг 2008 онд биеийн тамирын багш мэргэжлээр /D200810722/ төгссөн талаарх дипломуудыг гаалийн улсын байцаагч болох үедээ ашигласан эсэхийг тодруулахад тухайн үед ашиглаагүй болох нь тогтоогдсон” гэж давж заалдах гомдолдоо дурдсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаар албан бичгээр холбогдох лавлагаа, тодорхойлолтуудыг үндэслэн нэр бүхий албан хаагчдын боловсролын баримт бичигт шалгалт хийсэн дүнг ирүүлсэн, уг албан бичгийн хавсралтад “... нэхэмжлэгч Н.Л-О нь Монгол Улсын Их сургуулийг 2001 онд “эрх зүйч” мэргэжлээр төгсөөгүй, Б.Е нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг 2008 онд “биеийн тамирын багш” мэргэжлээр төгсөөгүй” гэж дурдсан, нэхэмжлэгч нар 06/4243 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариутай холбогдуулж аливаа байдлаар маргаагүй, D20010*******, D200810722 дугаартай дипломууд нь нэхэмжлэгч нарын төрийн албан хаагчийн хувийн хэрэгт авагдаагүй, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нар нь дээрх сургуулиудыг дурдсан мэргэжлүүдээр төгссөн, мөн боловсролын дээрх баримт бичгүүд нь хууль ёсных болох нь баттай тогтоогдохгүй байх тул энэ тохиолдолд тус сургуулиудыг төгссөн мэтээр боловсролын баримт бичгийг бүрдүүлэн өөрт ашигтай, давуу байдлыг бий болгож байжээ гэж дүгнэхээр байна.
2.8. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Л-Ооос 2001 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн эсэх, ямар шалтгааны улмаас эх баримтыг гаргаж өгөөгүй талаар тодруулахад “... төгссөн, ... диплом алга болсон, ... сайн хөөцөлдвөл олдоно, ... нэгэнт маргаан үргэлжилж байгаа учраас нэмж нотлох баримт аваагүй тул шийдэгдсэний дараа үнэн зөвийг олно, ... бичиг баримтыг хайвал олдоно, ... Гаалийн ерөнхий газраас надад мэдэгдэх сонсох ажиллагаа хийх ёстой гэсэн бодолтой байсан” гэх зэргээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэгэнт захиргааны байгууллагын буруутай шийдвэрийн улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж шүүхээр маргаж байгаа бол тухайн шийдвэрийн үндэслэл болсон асуудлыг тодруулах боломжтой байхад энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй, хуурамч бичиг баримт ашиглаагүй гэдгээ нотлохоор өөрийн зүгээс шалтгаалах арга хэмжээг аваагүйгээс гадна тухайн боловсролын диплом хуурамч болох тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаартай албан бичигтэй холбогдуулж өнөөдрийг болтол ямар нэгэн байдлаар маргаагүй байна.
2.9. Мөн Н.Л-О нь 2012 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг “Менежмент, гадаад худалдаа, гааль” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн болох нь Монгол Улсын Их сургуулийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2/2987 дугаар албан бичгээр, Б.Е нь 2010 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны дэргэдэх Хөдөлмөрийн дээд сургуулийг “нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн болох нь тус сургуулийн Сургалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 172 дугаартай албан бичгүүдээр тус тус нотлогдож байх боловч цаг хугацааны хувьд 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Гаалийн тухай хууль /2008 оны/-ийн 273 дугаар зүйлийн 273.5-д заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй.
2.10. Нэхэмжлэгч нараас “... Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулж байж зөрчил гаргасан этгээдийн зөрчлийн шинж байдал, түүнийг гаргах болсон шалтгаан нөхцөл, учруулсан гэм хорыг арилгах боломж нөхцөлийг тогтоох, цаашлаад зөрчилд тохирсон хэм хэмжээг хэрэглэх тухай ойлголт байна” гэж гомдолдоо дурдах боловч уг маргааны хувьд Улсын дээд шүүх 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор хариуцагч уг асуудлыг дахин судалж, шинэ акт гаргах талаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч нар хэргийн оролцогчийн хувьд мэдэж байсан, тухайн маргаантай асуудалд холбогдуулж өөрт байгаа баримтыг гаргаж өгөх, тайлбар хийх эрхийг захиргааны байгууллагаас хязгаарлаагүй, түүнчлэн нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 32 дугаар зүйлийн 32.3, 32.4-т тус тус зааснаар холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд ийнхүү өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь мөн хуулийн 32.8-д зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
2.11. Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд орших бөгөөд нэхэмжлэгч нар төрийн тусгай албан хаагчийн хувьд Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна төрийн албаны тусгай зарчмыг баримтлах үүрэгтэйн хувьд дээр дурдсан сургуулиудыг төгссөн мэтээр боловсролын хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь иргэн бүр төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, төрийн албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, ил тод байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг төрийн албаны зарчмыг ноцтой зөрчжээ.
2.12. Дээрхээс үзвэл маргаан бүхий Б/310 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарыг гаалийн албанаас халсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхээргүй бөгөөд гомдолд дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, цаашлаад урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй байна.
2.13. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... хариуцагчаас маргаан бүхий Б/310 дугаар тушаалыг гаргахдаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг бүхэлд нь, 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалтыг баримталсан нь буруу байх боловч ... нотлох баримтуудаар актад дурдсан “Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон” гэх үйл баримт үгүйсгэгдээгүй, зөрчил хэвээрээ байх тул дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон” шийдвэр гаргах захиргааны үйл ажиллагааны зарчмыг алдагдуулахаар байна.” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд гаргасан шийдвэртэйгээ зөрчилдөхөөр дүгнэлт болжээ. Гэвч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
2.14. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, мөн зүйлийн 37.1 дэх хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлт нь “төрийн жинхэнэ албан хаагчийн...” гэдэг гарчгийн ”жинхэнэ” гэдгийг хассан бөгөөд 37.1 дэх хэсэгт төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг нэрлэн заасан байх тул нэхэмжлэгч нарын дээр дурдсан сургуулиудыг төгссөн мэтээр боловсролын баримт бичгийг бүрдүүлэн өөрт ашигтай, давуу байдлыг бий болгосон үйлдэл нь мөн хуулийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.
2.15. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэлийг заасан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий Б/310 дугаар тушаалыг гаргахдаа мөн хуулийн 47.1.4-т “Энэ хуульд заасан бусад үндэслэл” гэж заасныг баримталсныг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн “...нэхэмжлэгч нар тухайн их дээд сургуулиудыг суралцаж төгссөн эсэх болон боловсролын бичиг баримт нь хууль ёсных гэдэг нь одоогоор тогтоогдоогүй, эсхүл боловсролын баримт бичиг нь хуурамч биш гэсэн нөхцөл байдал өнөөг хүртэл баталгаажаагүй бөгөөд ... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 албан бичиг хүчинтэй байгаа энэ цаг үед нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй.
2.16. Түүнчлэн нэхэмжлэгч нар Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.4-т зааснаар гаалийн улсын байцаагч нь “Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ” гэж өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстойг дурдах нь зүйтэй.
2.17. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч дээрх байдлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 416 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “4.2.5-д” гэсний дараа “Гаалийн тухай хууль /2008 оны/-ийн 273 дугаар зүйлийн 273.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.4-т” гэж нэмсэн өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН