Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2018/0330

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын шүүх бүрэлдэхүүнтэй,  тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар С.Э гийн нэхэмжлэлтэй, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: С.Э

Хариуцагч: Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга

Гуравдагч этгээд: Э.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн С.Э-д холбогдох “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/42 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ... ТЗ ангиллаас ТҮ ангилалд шилжүүлснээр цалин буурсан тул өнөөдрийг хүртэлх цалингийн зөрүүг нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж*******, иргэдийн төлөөлөгч Б.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намсрай нарыг оролцуулан хийв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 тоот тушаалаар “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр” батлагдсанаар

 Цаг уур, орчны шинжилгээний газрын өмнөх бүтцэд ажиллаж байсан “Цаг уурын хэлтэс” нь “Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс” нэртэй болж тус хэлтэст тус тусын улсын сүлжээ хариуцаж байсан мэргэжилтнүүд харьяалагдан ажиллах болсон. 

С.Э миний бие өмнөх бүтцээр “Орчны шинжилгээний хэлтэс”-т харьяалагдан орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцан ажиллаж байсан бөгөөд миний ажлын байр “Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс”-т Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан нэртэй болж, нэр нь өөрчлөгдсөн ч ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үргэлжилж байгаа. 

Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор Цаг уур, орчны шинжилгээний газрын орон тоо хэвээрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын хавсралтаар батлагдсан “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-т агентлагийн зорилт, зорилго, үйл ажиллагааны стратеги, чиг үүрэг хэвээр байсаар байтал миний биеийг төрийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчаас төрийн үйлчилгээний албан хаагч болгон эрх зүйн статус бууруулсан, мөн цалин буурсан нь Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, “Төрийн албаны тухай хууль”, “Засгийн газрын тухай хууль”, “Агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-иудыг ноцтой зөрчсөн гэж үзэн төрийн захиргааны байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчаар ажилд эгүүлэн томилуулах, хууль бусаар ажлаас чөлөөлсөнг тогтоолгох, цалин бууруулсан цалингийн зөрүүг олгуулах эрх зүйн үндэстэй гэж үзэж байна. 

Иймд хууль журмын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байгаа болно. 

Нэхэмжлэлийн шаардлага: 

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн С.Э-д холбогдох “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/42 тоот тушаалыг хүчингүй болгуулах

2. Төрийн захиргааны байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчаар “Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс”-т Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах

3. Цаг уур, орчны шинжилгээний газрын орон тоо хэвээр хадгалагдаж байгаа орон тооны цомхотгол хийгдээгүй, агентлагийн чиг үүрэг хэвээр байсаар байтал Төрийн жинхэнэ албан тушаалаас төрийн үйлчилгээний албан тушаалд өөрөөр хэлбэл, ТЗ ангиллаас ТҮ ангилалд шилжүүлснээр цалин буурсан тул өнөөдрийг хүртэлх зөрүүг нөхөн олгуулах (Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллаж байх үеийн нэг сарын цалин 1027000 төгрөг байсан бөгөөд Байгал орчин, хэмжил зүйн төв лабораторид шилжүүлснээр нэг сарын цалин 699725 төгрөг болж буурсан)

4. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-дэх хэсгийг тайлбарлаж байна. “Нэхэмжлэгч өөрөө өмнө нь ажиллаж байгаагүй хэлтэс рүү орох гээд байна” гэж ярилаа. Төрийн албаны тухай хуульд зааснаар: Төрийн байгууллага гэсэн болохоос ямар нэгэн хэлтсийн тухай яригдаагүй. Хэлтэс гэдэг ойлголт нь төрийн байгууллага гэсэн ойлголтод хамаарахгүй учраас хэлэх гээд байгаа тайлбарт нь хамааралгүй гэж үзэж байна. Орон тооны тухайд гэвэл өөрөө энэ бол дээд хязгаар юм. Энэ хязгаараас доошоо ажиллуулах боломжтой гэж байна. хуучин ажиллаж байсан бүх хүмүүс ажилдаа эргүүлэн томилогдоод, зөвхөн нэхэмжлэгчийн Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори луу шилжүүлээд, нэхэмжлэгчийн ажлын орон тоонд лабораторид ажиллаж байсан хүн шилжээд ирчихсэн. Тэгэхээр үүнд ямар нэгэн орон тоо хасагдсан, нэмэгдсэн гэдэг зүйл байхгүй гэдэг нь тодорхой байгаа” гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...чөлөөлсөн асуудал, лабораторийн захирлын тушаалыг мөн давхар шилжүүлээд томилсон тушаал гаргасан. Б/42 тушаалын дагуу лабораторийн тушаал гарсан. Чөлөөлсөн, шилжүүлээд томилсон хоёр асуудалд хоёуланд нь гомдол гаргаж байгаа гэж ойлгож байгаа. Маргаан бүхий тушаалыг байгууллагын даргын эрх хэмжээний хүрээнд гарсан үздэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Э  Орчны хяналт шинжилгээний хэлтэст ажиллаж байсан ба Б/42 тушаал нь “Хөтөлбөр шинэчлэн батлах тухай” А/32 дугаар тушаалын дагуу бүтэц зохион байгуулалтын хувьд хийгдсэн. Үүний дагуу С.Э  нь Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан. Өнөөдөр тус албан тушаал манай байгууллагад байхгүй учраас нэхэмжлэгчийн “ажилд эргүүлэн томилж өгөөч ээ” гэсэн шаардлагыг хангах боломжгүй. 

Учир нь Орчны хяналт шинжилгээний хэлтэст байсан орон тоо нь Уур амьсгалын хэлтэс рүү шилжихдээ хоёр хэлтсийн гурван ажилтанд чиг үүрэг нь хуваагдаж очсон. Нэхэмжлэгч нь Улсын сүлжээ уур амьсгалын хэлтэс буюу өөрөө ажиллаж байгаагүй хэлтэст өөрөө эргүүлэн томилогдох тухай асуудал ярьж байгаа. Томилогдож байгаагүй албан тушаал буюу гуравдагч этгээд Э.А-ийн ажиллаж байгаа албан тушаалд намайг томилж өг гээд байгаа. Тэгэхээр эгүүлэн томилох тухай асуудал байхгүй. Хууль зүйн хувьд ойлгомжгүй гэж үзэж байна. Хэдийгээр энэ хүний албан тушаалын чиг үүрэг нь тухайн байгууллагадаа хадгалагдан үлдсэн боловч өнөөдөр таван хүний ажлын үүрэгт хуваагдаад очсон. 

С.Э-ийн ажлын байрны орон тоо хасагдаж, гүйцэтгэсэн ажлын чиг үүргийн 1 болон 2 дахь заалтад албан тушаалын зорилгыг тодорхойлсон байдаг. Тус зорилгод “Орчны хяналт шинжилгээний чиглэлээр салбарын хэмжээнд баримтлах бодлого, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэгтэй” гэж заасан. Гэтэл Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ гэсэн хэсэг нь Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргын ажил үүргийн хуваарьт шилжсэн. Ингээд ажил үүргийн хуваарь нь өөрчлөгдсөн. Орчны хяналт шинжилгээний чиглэлээр салбарын хэмжээнд баримтлах чиглэл, эрхлэх эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, шаардлагатай зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг нь Орчны шинжилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын нэг болон хоёрдугаарт шилжээд очсон. Иймд нэхэмжлэгч С.Э-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилгын хоёр чиг үүрэг нь хоёулаа хэлтсийн даргад шилжсэн. 

Хоёр дахь зорилгод нь: Улсын сүлжээний орчны шинжилгээний салбарын мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх чиг үүрэг нь тус хэлтсийн Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн гээд одоо өөрийнх нь эргүүлж томилж өгөөч гээд байсан гуравдагч этгээд Э.А-ийн ажлын чиг Улсын сүлжээний Орчны шинжилгээний салбарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх гэсэн үүрэг шилжсэн. Гэтэл энэ ажлын байрын тодорхойлолт нь Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, “технологи” гээд үг орж ирсэн. Гэтэл С.Э  нь технологи хариуцаж байгаагүй. Ингээд ажлын байранд тавигдсан тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлагыг хангагддаггүй. 

Гурав дахь зорилтод: Орчны шинжилгээний ажлын хөтөлбөртэй уялдуулан ажиллах хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж, сонсгол хийх, захиалах, хуваарилах ашиглалтанд хяналт тавих энэ чиг үүргүүдийг хэрэгжүүлж байсан. Энэ чиг үүрэг нь Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн автомат станц, цахим технологи хариуцсан мэргэжилтэнд шилжсэн. 

Дөрөв дэх зорилтод: Орчны хяналт шинжилгээний мэдээ мэдээллээр төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хангах чиг үүрэг нь Орчны чанарын төлөв байдлын талаар гарсан мэдээ тайланг нэгтгэх, хяналт тавих, мэдээ мэдээллээр төрийн байгууллага, холбогдох байгууллагуудыг хангах гэж өргөжсөн. Ингээд өргөжөөд тус хэлтсийн Орчны чанарын хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтний чиг үүрэгт шилжсэн. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд ажлын байр энэ хүнд байхгүй. Ажлын чиг үүрэг нь хоёр хэлтсийн 4, 5 хүний ажлын чиг үүрэгт шилжсэн. 

Нэхэмжлэгч С.Э  ТЗ-ээс ТҮ-рүү шилжсэн. Иймээс би үндсэн цалингийн зөрүү 327 мянга 684 төгрөгийн зөрүү гарсан гэдэг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг барьж халсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан. Цалин буурсан асуудлыг зохицуулж болно гэж үзэж байна. ТЗ-ээс ТҮ рүү шилжиж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Төрийн албан хаагчийг шилжүүлэх тохиолдолд мэргэжил, мэргэшлийг нь харгалзаад цалин бууруулахгүйгээр шилжүүлнэ гэснийг харин цалин бууруулаад шилжүүлсэн, тэгвэл цалин бууруулсан асуудал нь хоёр өөр ойлголт гэж үзэж байна. Шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, бууруулаад шилжүүлсэн нь буруу гэж байгаа бол цалингийн зөрүүг олгоё гэж байгаа. сая өөрөө тайлбартаа хэлсэн. “Манай байгууллага 54 орон тоо батлагдсан, гаднаас 30 хүн ороод ингээд орон тоо хангалттай. Гэхдээ орон тооны дээд, доод хязгаарыг дээд шатны байгууллага нь тогтоож өгнө. Яг 54 хүн байх ёстой гэж ойлгоод байх шиг байна. Энэ асуудлыг тухайн байгууллагын удирдлага, Засгийн газрын агентлагийн тухай хууль, салбарын хуулиараа доод дээд хязгаарыг тогтоож байгаа учраас ажлын давхцлыг арилгаад төсвөө хэмнэх зохицуулалт нь тухайн агентлагийн даргын эрх мэдлийн дагуу зохицуулагдсан тул Б/42 тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч С.Э  цалингийн зөрүүгээр яг хэдэн төгрөг шаардаад байгаа нь тодорхой бус байна. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч С.Э  нь Б/42 тушаалтай дагалдаад инженерийн ажилд томилсон асуудалд гомдол гаргасан гэж ойлгож байна. Б/42 тушаал гарснаас хойш хэдэн хоног өнгөрсөн бэ? Ямар хугацаанд шаардлага гаргах ёстой вэ? зэргийг авч үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд харилцан зөрчилдөж байна гэж үзэж байна” гэв. 

 

Гуравдагч этгээд Э.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Э******* овогтой Амарзаяа миний бие 2010 онд Монгол Улсын Их Сургуулийг Хүнсний химич мэргэжлээр төгсөж 2011 онд Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид Усны хэсгийн техникч, 2012 онд төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч 2013 оны Цаг уур орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний сүлжээ, Уур амьсгалын үйлчилгээний хэлтэст Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр амаржиж одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байна. 

Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа өөрийн мэдлэг, мэргэжлээ байнга дээшлүүлж дотоодын болон гадаадын сургалт хөтөлбөрт хамрагдан, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ сайн гүйцэтгэхийн сацуу, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны мэргэшлийн түвшинг үнэлэх үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай үнэлгээтэй дүгнүүлж ирсэн. 

Байгууллага хамт олон нийтийг хамарсан спорт, урлагийн ойн арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцож яам, салбар  байгууллагын тэмцээнүүдэд сүүлийн 2, 3 жил аварга, шилдэг тоглогч болж байсан удаатай. Ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

Нэхэмжлэгч С.Э нь Орчны шинжилгээний хэлтэст Орчны хяналт шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхад нь Байгаль орчин аялал жуучлалын сайдын тушаал, холбогдох бусад шийдвэрээр манай байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөж, харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид мэргэжлийн дагуу шилжүүлсэн томилогдсон байна. 

1. Одоогийн миний эрхэлж байгаа ажил албан тушаал Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүрэг, гүйцэтгэх ажил үүрэг, мөн үр дүнгийн гэрээгээр нийлүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээ нь С.Э гийн урьд нь гүйцэтгэж байсан нэхэмжлэлд дурдсан ажил үүргээс огт өөр төдийгүй төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн сүлжээ, ангилал, зэрэглэл ч өөр юм. 

2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...эсвэл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ...”-аар заасан. С.Э нь Орчны шинжилгээний хэлтэст Орчны хяналт шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан ба хуульд заасанчлан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь миний одоогийн ажлын үүрэгт хамаарахгүй болно. 

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд ...” гэж зааснаар байгууллагын удирдлагууд мэргэжил, мэргэшлийн дагуу С.Э г өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа” тохиолдолд ажил, албан тушаал хэвээр хадгалагдана гэж заасан. 

Тиймээс Э.А миний Цаг уур, орчны шинжилгээний газрын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа учир миний хуулиар олгогдсон эрхийг хөндөхгүй  гэж найдаж байна” гэжээ. 

Иргэдийн төлөөлөгч Г.Ц******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгч С.Э-ийн хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

С.Э  нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд хандаж Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны Б/42 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа “... А/81 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүйд тооцох” гэж нэмэгдүүлж, мөн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах” шаардлагаа “Төрийн захиргааны байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчаар “Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс”-т Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах”  гэж тодруулсан байх ба 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа, 

1. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн С.Э-д холбогдох “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/42 тоот тушаалыг хүчингүй болгуулах,

2. Төрийн захиргааны байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчаар “Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс”-т Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах,

3. ТЗ ангиллаас ТҮ ангилалд шилжүүлснээр цалин буурсан тул өнөөдрийг хүртэлх зөрүүг нөхөн олгуулах

4. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэж томъёолж, эдгээр шаардлагаа дэмжиж байгааг илэрхийлсэн тул шүүх эдгээр шаардлагын хүрээнд, мөн гуравдагч этгээд Э.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр “...шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Бичгээр өгсөн тайлбараа дэмжиж байгаа” гэдгээ илэрхийлсэн тул уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гуравдагч этгээдийг байлцуулалгүйгээр тус хэргийг хянан хэлэлцсэн болно. 

 

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 тоот тушаалаар “С.Э-г тус газрын Орчны шинжилгээний хэлтсийн Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлж” шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгч болон  түүний өмгөөлөгчөөс дээрх тушаалыг эс зөвшөөрч “...С.Э-ийн эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг хасагдаагүй, орон тоо цөөрөөгүй нэмэгдсэн байхад С.Э-г ганцаарчилсан тушаал гаргаж төрийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлсэн нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “С.Э-ийн эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг 2 хэлтсийн 3 албан тушаалд шилжсэн тул түүнийг өөр албан тушаалд шилжүүлсэн нь хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн бөгөөд эгүүлэн тогтоолгох гээд байгаа албан тушаалын харъяалагдах хэлтэс нь шинээр үүссэн тул энэ шаардлага үндэслэлгүй” гэж тус тус маргажээ. 

 

С.Э 2006 онд Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу тангараг өргөсөн  төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд 2010 оноос хойш Цаг уур, орчны шинжилгээний газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтээр тогтоогдож байна . 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу ажил олгогч захиргааны байгууллага, албан тушаалтан нь төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг “чиг үүрэг хадгалагдсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах үүрэгтэй. 

Гэтэл хариуцагчаас Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаар тушаалаар батлагдсан Цаг, уур орчны шинжилгээний газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг үндэслэж маргаан бүхий актыг гаргахдаа хуулийн дээрх зохицуулалтыг баримтлалгүй, Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-г албан тушаалаас чөлөөлж, улмаар төрийн өөр байгууллагын мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн нь буруу байна. 

 

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан төрийн албан хаагчийн өөр албан тушаалд шилжүүлэх тухай зохицуулалтыг “... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан” тохиолдолд хэрэглэх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, тогтоогдож буй үйл баримтаас үзвэл хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байжээ. Тодруулбал, 

1/ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А-77 дугаар тушаалаар батлагдсан бүтцийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэх 2 хэлтэс/цаг уурын болон орчны шинжилгээний/ -тэй байхаар зохион байгуулагдсан байсныг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаар тушаалаар батлагдсан тус агентлагийн мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий 3 нэгж/урьдчилан мэдээлэх, улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний, мөн орчны шинжилгээний/-тэй  байхаар өөрчлөн зохион байгуулсан байна. 

Улмаар Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар цаг уурын болон орчны шинжилгээний хэлтэст ажиллаж байсан 16 албан хаагчийг, С.Э-г оруулаад 17 албан хаагчийг албан тушаалаас чөлөөлж, 2 дугаар хавсралтаар тус газрын улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний, мөн орчны шинжилгээний хэлтэст /урьдчилан мэдээлэх хэлтсийн албан хаагчдыг оруулахгүйгээр/ 22 албан хаагчийг албан тушаалд томилсноос  үзвэл албан тушаалын орон тоо хасагдсан гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж буй “... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тул мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжүүлсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Нөгөө талаас, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно”, 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” гэж зааснаас үзвэл хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэж өөр ажил, албан тушаалд шилжүүлэх тохиолдолд төрийн албан хаагчтай тохиролцсон байхын зэрэгцээ цалин хөлс бууруулахгүй байх шаардлага тавьжээ. 

 

Гэтэл хариуцагч нь С.Э-г Байгаль орчны төв лабораторид шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шилжүүлэн ажиллуулсан албан тушаал нь төрийн өөр байгууллагад төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарч байх ба өмнө авч байсан 1,027,409.0 /үндсэн цалин 733,8693, ажилласан жилийн нэмэгдэл 146773, зэргийн нэмэгдэл 146,773/ төгрөгийн цалин хөлс нь буурч үндсэн цалин 699,725 төгрөг болсон нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна. 

2/ Нэхэмжлэгч С.Э-ийн өмнө эрхэлж байсан “Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн”-ийн ажлын байрны “Цаг уур, орчны шинжилгээний газрын болон салбарын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ..., сүлжээний хөтөлбөр, арга зүй, боловсруулах, тэдгээрийг байгуулах, шилжүүлэх, татан буулгах үндэслэлийг боловсруулах, сүлжээний тасралтгүй ажиллагаа, стандартын шаардлагыг хангуулах, бодлого боловсруулахад санал оруулах, мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгөх, мэдээллээр хэрэглэгчдийг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, арга зүйгээр хангах, хяналт тавих”  гэсэн үндсэн чиг үүрэг нь шинэ бүтцээр бий болсон “Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны чиг үүрэгт хадгалагдан үлдсэн болох нь тус ажлын байрны зорилгыг “Цаг уур, орчны улсын сүлжээний орчны шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний хөтөлбөрийн хэрэгжилт, технологи, хэмжлийн нэгдмэл байдалд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, техник, технологи нэвтрүүлж, заавар, технологийн баримт бичгийг боловсронгуй болгох”  гэж бичигдсэн байдлаар тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... ажлын байрны чиг үүрэг 2 хэлтсийн 3 албан тушаалд хуваагдан шилжсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. 

 

Хэдийгээр хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж буй “орчны хяналт шинжилгээний салбарын хэмжээнд орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг удирдан зохион байгуулах” чиг үүрэг Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргад шилжсэн гэх тайлбар үндэслэлтэй боловч энэхүү чиг үүрэг нь тухайн байгууллагад улсын сүлжээ хариуцсан бие даасан нэгж байгаагүй үед С.Э  нь ахлах мэргэжилтэн болохынхоо хувьд гүйцэтгэж байсан чиг үүрэг гэж үзэхээр байх бөгөөд энэ асуудлыг хариуцах бие даасан нэгж байгуулагдсан тохиолдолд удирдан зохион байгуулах чиг үүрэг удирдах албан тушаалтанд шилжих нь зүй ёсны шилжилт байх тул ажлын байрны үндсэн чиг үүрэг хуваагдан шилжсэн гэж үзэх үндэслэл биш байна.

 

Мөн хариуцагчаас ирүүлсэн “...хөтөлбөрийн хэрэгжилт, технологийн асуудал” нь Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэнд шилжсэн гэсэн тайлбарыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна. 

Учир нь С.Э-ийн эрхэлж байсан Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн 2 дугаар үндсэн зорилтыг “...улсын сүлжээний байршил, хийх ажлын хөтөлбөр, арга зүйг боловсруулах, мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд хяналт тавих” гэж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг “...хөтөлбөр, арга зүй, стандартуудыг боловсруулан гаргасан байх, ... ажилтнуудыг сургаж мэргэшүүлсэн байх” тодорхойлсон нь хариуцагчийн уг чиг үүрэг шилжсэн гэж тайлбарлаж буй Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний ажлын байрны “...хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, “...технологи, стандарт, аргачлалыг мөрдүүлэх, салбарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах”, “хэмжих хэрэгслийг автоматжуулах, цахимжуулах” гэсэн үндсэн зорилтуудаас агуулгын хувьд ялгаатай байна. 

Өөрөөр хэлбэл, Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн нь цаг уурын улсын сүлжээний хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангах гэхээсээ илүүтэй улсын сүлжээний хэвийн ажиллагааг хангаж ажиллахаар байх бөгөөд энэ түүний ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдээс нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлттэй тохирохгүй байна. 

Харин Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний ажлын байрны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд нь агуулгын хувьд нэхэмжлэгч С.Э-ийн эрхэлж байсан Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлттэй “...сүлжээний хөтөлбөр боловсруулах”, “сүлжээний тасралтгүй ажиллагаа, стандарт хангуулах”, “салбарыг өдөр тутмын арга зүй, удирдлагаар хангах”, “хэмжих хэрэгсэл, автомат багаж төхөөрөмжөөр хангагдсан байх”, “арга зүй, заавар, журам боловсруулагдаж баталгаажсан байх” зэрэг үзүүлэлтүүдээр ижил байна. 

 

Дээрхээс үзвэл, хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн эрхэлж байсан “Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий ажлын байрын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь одоогийн “Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд хэвээр хадгалагдан үлдсэн байхад төрийн албан хаагчийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах талаар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.  

Гэвч маргаан бүхий Б/42 дугаар тушаалаар С.Э-ийн чөлөөлөгдсөн Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал нь тухайн байгууллагад одоо байхгүй байх ба шүүхээс маргаан бүхий актын С.Э г албан тушаалаас чөлөөлсөн гэсэн хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул “Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын “С.Э-г Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин маргаан бүхий Б/42 дугаар тушаалаар “С.Э-г ...Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байх ба Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар С.Э-г Усны шинжилгээний лабораторид инженерээр томилж ТҮ-7 ангилал, зэрэглэлд 608,457.0 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллуулсан  байх ба энэ цалингийн хэмжээ нь өмнө төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байхдаа авч байсан цалингаас байгаа   нь түүний төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж авах цалин хөлсний хэмжээг бууруулсан үр дагаврыг үүсгэжээ. 

Гэвч С.Э  нь өнөөдрийн байдлаар дээрх албан тушаалд ажиллаж байх ба маргаан бүхий Б/42 дугаар тушаалын “... С.Э-г Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлсүгэй” гэсэн хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ажил эрхэлсэн болон цалин хөлс авсан байдал үгүйсгэгдэхээр байх тул Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаалын “... С.Э-г Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлсүгэй” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эцэст нь нэхэмжлэгчийг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулалгүйгээр төрийн өөр байгууллагад шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул С.Э-г Цаг уур, орчны шинжилгээний газрын “Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь ... бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар цалингийн зөрүүг сард 327,684.0 төгрөгөөр, өдөрт 12,634.0 төгрөгөөр тооцож 2016 оны 09 дүгээр сарын 13-аас 2018 оны 05 дугаар 29-нийг хүртэлх 1 жил 8 сар 8 хоног буюу ажлын 422 өдрөөр үржүүлж нийт 5,331,573 төгрөгийг нэхэмжлэгч С.Э-д олгож, зөрүүд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.4, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э-ийн Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаалын  1 дэх заалтын “С.Э-г ...Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлсүгэй” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, мөн заалтын “”С.Э-г Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж...” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, С.Э-г Цаг уур, орчны шинжилгээний газрын “Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны тус тус баримтлан С.Э-ийн цалингийн зөрүү 5,331,573  /таван сая гурван зуун гучин нэгэн мянга таван зуун далан гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгож, зөрүүд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаас 35100 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ц.МӨНХЗУЛ 

ШҮҮГЧ               У.БАДАМСҮРЭН

ШҮҮГЧ                          Ц.ОДМАА