Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 304

 

Тэмүүн Холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/01154 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Тэмүүн Холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн банк ХХК болон Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох

 

Тендерийн гүйцэтгэлийн баталгаа чөлөөлөх тухай мэдэгдлийг Төрийн банкинд хүргүүлэхийг  Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгаж, тендерийн гүйцэтгэлийн баталгаа 141 687 235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Нарангарав,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Мандах

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Болорчимэг

Хариуцагч Зам, Тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Тэмүүн Холдинг ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэмүүн холдинг ХХК нь Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамтай 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр  Булган аймгийн Сэлэнгэ мөрнийг гатлах явган зорчигчийн 2 хэсэг 422,5 метр урт гүүрийн ажил гүйцэтгэх 2 883 744.696 төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр тендерийн гүйцэтгэлийн баталгаа болгож Тэмүүн холдинг ХХК  Төрийн банкны 10000031877 тоот дансанд 141 687 235 төгрөг байршуулсан. Гэрээгээр  ажлаа хийж байтал  захиалагч  гэрээг цуцалж, явган хүний гүүр хийхгүйгээр өмнө хийгдсэн ажлыг өөрчилж, өөр аж ахуйн нэгжээр авто замын зорчих хэсэг бүхий бетон  гүүр бариулахаар болсон. Тэмүүн холдинг ХХК-ийн тендерийн гүйцэтгэлийн баталгааны 141 687 235 төгрөг  өнөөдрийг хүртэл Төрийн банкинд  байгаа,  мөнгөө авахаар хандахад Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ ирүүлвэл  мөнгийг суллаж өгнө гэдгээ хэлсэн.  Хэрэгт шүүхийн шийдвэр, тогтоол байгаа ч, тухайн үйл баримтыг  шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр биш юм. Төрийн банк  мөнгийг үндэслэлгүйгээр ашиглаад байж байна. Нэгэнт  гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч талын хийсэн ажил 38%-тай болох нь тогтоогдсон. Энэ 38%-ийн ажлаас ямар нэгэн доголдол, зөрчил илрээгүй.

 Тендерийн гүйцэтгэлийн зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар гэрээг дүгнэж, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчинтэй, мөн гэрээний 53 дугаар зүйлийн 53.1-д гүйцэтгэлийн баталгааны хүчинтэй байх хугацаа дуусах өдөр нь ажил дууссан тухай мэдэгдэл гарсан өдрөөс хойш 28 дахь өдөр байна гэж тус тус заасан.

Зам, тээврийн хөгжлийн яаманд гүйцэтгэлийн баталгааг цуцлах тухай мэдэгдлийг Төрийн банкинд хүргүүлэхийг даалгаж, Төрийн банкнаас 141.687.235 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Захиалагчаас гэрээг дүгнэн гүйцэтгэлийн баталгаа цуцлах албан хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд банкны зүгээс гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөх боломжтой гэжээ.

 

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.  Тэмүүн холдинг ХХК-иас хуучнаар Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яамтай 2012 онд байгуулсан 31 тоот гэрээний дагуу байршуулсан тендерийн гүйцэтгэлийн баталгаа болох 141 687 235 төгрөг гаргуулах, ажлын хөлс гаргуулах асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015.01.23-ны өдрийн 84 дүгээр магадлал байгаа бөгөөд уг магадлалаар гүйцэтгэлийн баталгаа болон бараа материалын үнэ болох нийт 184 252 235 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ магадлалыг тухайн үед нэхэмжлэгч тал хяналтын журмаар гомдол гаргаж хянуулаагүй, хүчин төгөлдөр болсон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүхийн 2015.10.12-ны өдрийн 212 дугаар тогтоолоор Тэмүүн холдинг ХХК-ийн гүйцэтгэлийн баталгаа мөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү нэхэмжлэлээр холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн тус компани нь уг тогтоолыг тухайн үедээ давж заалдаагүй, тогтоол хүчин төгөлдөр болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар нэхэмжлэгч Тэмүүн холдинг ХХК-ийн гүйцэтгэлийн баталгаа болох 141.687.235 төгрөгийг чөлөөлөх тухай мэдэгдлийг Төрийн банкинд хүргүүлэхийг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгаж, хариуцагч Төрийн банкнаас 141.687.235 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тэмүүн холдинг ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Тэмүүн холдинг ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 936.600 /866.400+70.200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 70.200 төгрөг, хариуцагч Төрийн банкнаас 866.400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Тэмүүн холдинг ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

 Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх  маргаан бүхий хэргийг өмнө нь  2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 4827 дугаар шийдвэрээр, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 84 дүгээр магадлалаар, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 212 дугаар шүүхийн тогтоолоор, мөн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 25 дугаар шүүхийн тогтоолоор тус тус шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр бүхий шийдвэрүүд байгааг анхаараагүй шийдвэрлэсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ  гэснийг зөрчсөн. 

Мөн гэрээ цуцлагдсан гэдэг ч чухам хэддүгээр тушаалаар  гэдэг нь тодорхойгүй, Шүүхийн шийдвэр  агуулгын  алдаатай бичигдсэн.  "Хуучнаар Зам, тээвэр барилга,
хот байгуулалтын яам нь 2016.07.21-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын
бүтцийн тухай хуулиар Зам, тээврийн хөгжлийн яам болж нэр өөрчлөгдсөн болохыг
дурдаж байна" гэсэн байх бөгөөд  Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яам биш харин
Зам, тээврийн яам нь Зам, тээврийн хөгжлийн яам нэртэй болсон юм.  Нэхэмжпэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах заалтыг  ноцтой зөрчлөө. Уг хэрэг  2014-2016 онуудад нийт 4 удаагийн шүүхээр шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байхад дахин шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 65 дугаар зүйлийн 65.1.6, 120 дугаар зүйлийн 120.5 дахь хэсгийн заалтыг тус тус ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Тэмүүн холдинг ХХК нь дэнчинд тавьсан 141 687 235 төгрөгийг буцаан  гаргуулахаар шаардсаныг хариуцагч Зам тээврийн хөгжлийн яам эс зөвшөөрч тухайн үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул дахин авч хэлэлцэх үндэслэлгүй гэж, хариуцагч Төрийн банк ХХК нь Зам тээврийн хөгжлийн яамнаас зөвшөөрвөл 141 687 235 төгрөгийг чөлөөлж нэхэмжлэгчид олгоход татгалзах зүйлгүй гэж тайлбарлажээ. 

 

“Тэмүүн холдинг” ХХК  нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай 2012 оны 04 дүгээр сарын 2-нд Сэлэнгэ мөрнийг гатлах явган зорчигчийн гүүрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал 38 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байхад төслийн зориулалт, чиглэл өөрчлөгдсөний улмаас захиалагч талын санаачилгаар гэрээ цуцлагдсан, уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдэж дуусгавар болсон үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 64-66, 68- 71/

 

Талууд гэрээ цуцлагдсантай холбоотойгоор 141 687 235 төгрөгний  дэнчинг буцаах эсэх асуудлаар өмнө шүүхийн шийдвэр гарсан эсэхэд маргаантай байна. Хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4827 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 84 дүгээр магадлалаар ажил гүйцэтгэх гэрээний захиалагч, гүйцэтгэгч талуудын хоорондын шаардлага, ажлын хөлсний асуудлыг шийдвэрлэжээ. Уг шийдвэрүүдэд ажлын хөлснөөс захиалагчийн хяналтын зардал, норм, нормативийн зардал, хугацаа хэтрүүлсний алданги зэргийг суутган тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж 143 352 166 төгрөгийн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгч буюу Тэмүүн холдинг ХХК-д өгсөн, дэнчингийн 141 687 235 төгрөгийн нэхэмжлэлийг “...чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгах тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө” гэсэн тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв гэжээ. /хх-ийн 66/

 

Дэнчинг шаардсаныг тухайн үед хэрэгсэхгүй болгохдоо шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь нэхэмжлэгчийн энэ хэрэгт гаргасан нэхэмжлэлд зааж буй үндэслэлээс өөр байна. Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаарх асуудлаар шүүхийн шийдвэртэй гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх Тэмүүн холдинг ХХК-ийн Төрийн банкинд байршуулсан 141 687 235 төгрөгийн хууль, эрх зүйн агуулгад зөв зүйлчилж дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 53 дугаар зүйлийн 53.1-т “...гүйцэтгэлийн баталгааны хүчинтэй байх хугацаа дуусах өдөр нь ажил дууссан тухай мэдэгдэл гарсан өдрөөс хойш 28 дахь өдөр байна” гэж зааснаас үзэхэд “Тэмүүн холдинг” ХХК нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар дэнчинд 141 687 235 төгрөгийг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны мэдлийн дансанд шилжүүлсэн байна.

 

Талуудын хоорондын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж, 38 хувийн гүйцэтгэлтэй гэж үзсэнээр гэрээний харилцаа дуусгавар болсон нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байна. Дэнчингийн 141 687 235 төгрөгийг суутган тооцох үндэслэл тогтоогдоогүй, Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дах хэсэгт зааснаар гэрээ цуцлагдахад дэнчинг буцаан өгөх үүрэг дэнчин авсан талд үүснэ. Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дах хэсэгт зааснаар дэнчинг өөртөө үлдээх эсхүл хохиролд тооцон авах үндэслэл үүссэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй болно.

 

Дэнчин нь гэрээний үндсэн үүргийг хангах аргын нэг бөгөөд гэрээ цуцлагдсан эсхүл үндсэн үүрэгт тооцон аваагүй тохиолдолд буцаан өгөх үүргийг дэнчин авсан талд хүлээлгэдэг хэлцэл юм. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд үүргийг гэрээний оролцогч талаас шаардах эрхтэй бөгөөд уг дэнчинг буцаахыг гэрээний тал биш этгээд болох “Төрийн банк” ХХК-д үүрэг хүлээлгэн шийдсэн нь үндэслэлгүй юм. “Төрийн банк” ХХК нь дэнчин авсан тал биш тул дэнчингийн мөнгийг буцааж төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй.

 

Иймд дэнчин авсан Зам, тээврийн хөгжлийн яамнаас Төрийн банк ХХК-нд байршуулсан 141 687 235 төгрөгийг дэнчин тавигч Тэмүүн холдинг ХХК-нд буцаан олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Төрийн банк ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/01154 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Тэмүүн холдинг ХХК-ийн дэнчинд тавьсан Төрийн банк ХХК-д байршиж буй 141.687.235 төгрөгийг чөлөөлж, нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгаж, хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 70 200 төгрөг, хариуцагч Төрийн банкнаас 866 400 төгрөгийг тус тус гаргуулж” гэснийг “хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 936 600 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам нь давж заалдах журмаар гаргасан гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                    Ш.ОЮУНХАНД