Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 650

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2020          07           06                                      2020/ШЦТ/650

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

            улсын яллагч Б.Мөнгөншагай,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батчулуун, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Г.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709018120205 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, 04 наснаас 19 насны 2 хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г.О /регистрийн дугаар/, 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.О нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Г.Нямдоржийг "Хүнд өвчний улмаас Гранд мед эмнэлэгт болон Бүгд Найрамдах Солонгос улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, эмчилгээний зардал болон визний хугацаа сунгах мөнгө хэрэгтэй байна, буцааж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 74.442.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Талийгаач Нямдорж ахын хүү Батчулуун, охин Мандах нараас хамгийн түрүүнд уучлалт хүсэж байна. Би талийгаачтай хамгийн анх 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр танилцсан. Тухайн цаг үед миний ээж өнгөрөөд удаагүй байсан ба би 3 сартай жирэмсэн байсан. Би ээжийгээ өнгөрөх үед нилээд их хэмжээний өр ширтэй үлдсэн байсан. Би хүнд хэцүү байх үедээ Нямдорж ахтай танилцсан. Тэр хүн өгөөмөр сэтгэл гаргаж миний бүх асуудалд болон хэцүү байгаа бүх зүйлд надад сэтгэл санаа, мөнгө төгрөгний тусламж үзүүлж байсан. Бид хоёр хоорондоо энэ мөнгийг эргүүлж өгнө гэж хоорондоо тохиролцож ярилцсан  протоколууд болон нотариатаар хийсэн гэрээнүүд байдаг. Мөрдөн байцаалтын явцад заримн нэг зүйлийг хэлэх боломжгүй байсан. Тэрийг одоо ч хэлэхэд хэцүү байна. Ер нь талийгаачийн сайхан сэтгэлийг бодож, өнөөдөр ч гэсэн хүндэлж бодож зогсож байна. Би өр төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байна. Үнэхээр хэцүү байдалд байсан учраас би хүнд байдалд ороод шүүхийн танхимд зогсож байгаадаа итгэж чадахгүй харамсаж байна. Би өр төлбөрийг төлж барагдуулмаар байна. Өнгөрсөн хугацаанд 2 нас хүрэхээр цэцэрлэгт өгөөд өр төлбөрөө төлж эхэлнэ гэж ярьж байсан. Талийгаач үүнийг хүлээн зөвшөөрч байсан. Манай хүүхэд 2 нас хүрээгүй байхад талийгаач  нэг өдөр хүүхдүүд мэдээд асуудал үүслээ гээд Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн байдаг. Энэ хугацаанд сэтгэл санааны хувьд тайван байж чадаагүй. Сэтгэл санааны хувьд нэг өдөр ч тайван байж чадаагүй. Одоо манай хүүхэд 4 нас хүрсэн учраас би цэцэрлэгт өгөөд ч болов ажил хийгээд өр төлбөрийг төлөх боломж надад байгаа. Тийм болохоор би хүмүүст учруулсан хохирлоо төлж барагдуулахыг хүсч байна. Би Батчулуун ахад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулна…” гэв.

түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....би ээжийгээ БНСУ-руу эмчилгээнд авч явахад зардал нь 80 сая төгрөг болоод 30 сая төгрөгийг Нямдорж гэх хүнээс өөрийгөө
өвдсөн гэж худлаа хэлээд авсан. Үлдсэн 50 сая төгрөгийн 40 сая төгрөгийг би хүнээс зээлсэн. 10 орчим сая төгрөг нь найз нөхөд, гэр бүлээс цугларсан юм. Ингээд би 2015 оны 11 дүгээр сард яваад 2016 оны 01 дүгээр сарын эхээр ээжийгээ дагуулаад ирсэн. БНСУ-руу явсан боловч ээжийн бие сайжраагүй 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нас барсан юм. Ингээд 40 сая төгрөг зээлсэн хүмүүс мөнгөө нэхээд байхаар нь би Нямдорж ахад өөрийнхөө биеийг өвдсөн хэвээр байгаа гэж худал хэлж хүмүүст бас өртэй байгаад байна гэх мэтээр хэлээд цувуулж авсаар байгаад 80 орчим сая төгрөг авсан. ...Аргагүй байдалд орсон тул худал хэлж мөнгө авсан. ...70 сая төгрөгийг ээжийнхээ эмчилгээний зардалд зарцуулсан. Үлдсэн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан. ...хүнээс мөнгө зээлсэн өр нэхэгдэж эхэлсэн, тэгээд би Нямдорж гэдэг хүнд өртэй гэх юм бол надад мөнгө өгөхгүй гэж бодоод тэгээд анх би өөрөө өвчтэй байна эмчилгээ хийлгэж байна гэж худал хэлж анх удаа мөнгө авсан. Мөн Нямдорж ахтай танилцахаас өмнө би бие давхар болсон байсан бөгөөд Нямдорж ахтай танилцах үед жирэмсэн байгаа үе нээх мэдэгддэггүй байсан. Тэгээд удахгүй би төрсөн бөгөөд би нялх биетэй, мөн бие давхар байгаа гэдгээ Нямдорж гэдэг хүнд харуулах боломжгүй байсан учир Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэх гэж байгаа гэж хэлсэн. Ингээд төрсний дараа мөн Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлсэн. Мөн энэ хугацаанд миний нөгөө өмнө нь өртэй байсан хүмүүс мөнгө төгрөгөө нэхэж цагдаад, иргэний шүүхэд өгсөн байсан учир надад их хэцүү байсан. Ингээд би өөрийн эрхгүй Нямдорж ах руу ярьж ...эмчилгээ хийлгэж байна, виз сунгах мөнгө хэрэгтэй байна гэх мэтээр олон дахин ярьж мөнгө авах болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 33/,

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Анхнаасаа машинаа ломбардад тавьсан гэж худлаа хэлж мөнгө авсан. Тэрнээс хойш Солонгос улсад би өөрөө нялх биетэй хүн, хавдар туссан гэж мөнгө авсан. Сүүлд нь нилээн их мөнгө авч байгаад би 2 өрөө байртай, би энэ 2 өрөө байраа хүмүүсээс салгаж авч байж таны мөнгийг төлнө гэж ярьсан. Энэ 2 өрөө байраа авахгүй бол танд ямар ч мөнгө өгч чадахгүй байдалд орчихлоо гэж хэлсэн. Гол хугацаа нь дандаа Солонгос улсад би нялх хүүхэдтэй, хорт хавдар туссан байна гэсэн. Наашаа ирэх гэсэн болохгүй байна гэсэн. Би хүүхэдтэйгээ хамт ажил хийгээд мөнгө олоод энэ мөнгийг явуулна, тийм боломж үүсч байна гэсэн. Солонгосын профессор хүн хүүтэй минь хамт ажилд авна гэсэн. Би тийм хүн байхгүй гэдгийг нь мэдэж байсан. Эхэн үед манай аав  хадгаламжуудаасаа  хэдэн төгрөг өгөөд дараа нь 2 удаа тэтгэврийн зээл авч өгсөн. Дараа нь надаас 16.000.000 орчим төгрөг, дүү нараас мөнгө авсан байсан. Солонгос улсад ажиллаж байгаа нэг дүүгээс мөнгө авсан байсан. 74.000.000 орчим төгрөгийг цувуулаад авсан. 2018 онд цагдаа дээр аавтай очиход цагдаа ямар ч 2 өрөө байр байхгүй байна гэж хэлсэн. Батсүх гэх хүний бичсэн захидал хуурамч байна гэж хэлсэн. Аав өөрөө уушигны хорт хавдартай байсан. Аав уушигны хорт хавдартай байж байгаад уламжлалт эмнэлэгт яваад тэндээсээ бясалгалд явсан. Асар олон удаа худлаа ярьсаар байгаад аваад хамгийн сүүлд нь бүгд худлаа гэдэг нь мэдэгдсэн. Тэрнээс хойш манай аав эвгүй, хүнд байдалд орсон. Манай аав сэтгэл санааны дарамтад ороод сүүлд аав хэдэн хүүхдийгээ баллаад хаячихлаа гэсэн. Мандуулыг Солонгос улсад байрны мөнгө цуглуулж байхад баллаад хаячихлаа гэсэн. Аав сэтгэл санааны хувьд гайгүй тогтуун болж байсан чинь 3-4 сарын дотор аав минь нас барсан. Гомдолтой байна. Дүүгээ бодсон ч хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Г.О нь нэг бус удаа өмнө нь энэ хүн олон хүнээс мөнгө залилж авсан байна. 2017 оноос хойш үргэлжлүүлээд салахгүй худлаа ярьж мөнгө авсан байна. Г.О нь залилан  хийх нь зогсдоггүй хүн байна. Аавыг нас барахаас өмнө сар бүр 1.000.000 төгрөг  өгнө гэж байсан. Өмнө нь аав байрыг нэр дээр авбал гэж байсан. Тэгвэл миний нэр дээр байрыг нь авчих гэхэд аав хүний байр авахгүй түрээслүүлэээд мөнгийг нь авая гэж бодож байна гэж хэлсэн. Би аавд 2 өрөө байрыг нь зараад 1 өрөө байрыг танд өгөөд мөнгөний талыг олбол дээр гэж хэлж байсан. Бид нар танаас мөнгө гэхгүй гэж аавд хэлж байсан. Манай аав чих хатуу хүн байсан. Өвчнөөс гадна ээжийн хажууд ярьдаг юм шиг байсан. Аавд хөөрөгөө барьцаанд тавиад дахиад зээл авчих гэсэн байсан. Байнга олон удаа залилж мөнгө авсан. 2 өрөө байр худлаа гэдгийг цагдаа хэлснээс хойш манай аав гайгүй тогтвортой байж байтал хэдэн сарын дараа нас барсан…” гэв.

түүний мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...Манай төрсөн эцэг болох Нямдорж нь Ганбаатарын Г.О гэх эмэгтэйд залилуулсан бөгөөд манай аав Нямдорж нь уушигны хорт хавдартай байж байгаад 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Нас барах үедээ надад итгэмжлэл хийж өсгөн тул би энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож оролцоно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/,

 

Хохирогч Г.Нямдоржийн “...2015 оны 12 сарын 07-ны өдөр Г.О нь машинаа ломбардад тавьчхаад авч чадахаа байлаа гээд 3.000.000 төгрөг зээлүүлээч гээд авсан. ...удалгүй 12 сарын дундуур Г.О нь Грандмед эмнэлэгт хэвтэж байна гэж ярьсан юм. Тэгснээ удалгүй БНСУ-руу эмчлүүлэхээр явлаа гэж надад утсаар хэлсэн юм. Тэр өдрөөс хойш 2016 оны 10 дугаар сарын 01-ний хооронд нийт 23 удаа Хаан банкны 5022370775 тоот дансанд 63.082.000 төгрөг эмчилгээний зардал гэж хэлээд авсан. Мөн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 19 удаа Хаан банкны 5022370775 данс руу 7.580.000 төгрөгийг явуулсан. 2017 оны 9 дүгээр сарын 20-нд Г.О нь над руу залгаад Солонгост байна визний хугацаа дууслаа сунгуулах гэсэн юм гээд 6.500.000 төгрөг шилжүүлээч гээд шилжүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүүхдийнхээ болон өөрийнхөө визийг сунгана гээд 935 доллар Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн. Виз сунгалтын болон эмчилгээний зардал гэж хэлээд байнга мөнгө авдаг байсан. Тэгээд танд эргүүлээд өгнө гэж хэлээд нэг ч удаа мөнгө эргүүлж өгөөгүй. 2017 оны 8 сарын 16-ны өдөр эмнэлэгт хэвтээд эмчлүүлэх эмчилгээний зардал 1100 вон буюу 2.200.000 төгрөгийг эмчилгээний зардалд паспортаа хураалгасан учраас имигрейшнээс 6.500.000 төгрөгөө авч чадахгүй алдахад хүрээд байна. Иймээс та маш яаралтай мөнгө явуулаач гэхээр нь дээрх мөнгийг явуулсан юм. Хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тэтгэврийн зээл болох 1.400.000 төгрөг аваад Хаан банкных нь данс руу явуулсан юм. Одоогийн байдлаар нийт 90429595,50 төгрөгийг Г.Оын 5022370775 дугаарын данс руу шилжүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 33-34/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-97/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-153/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-121-123/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-154/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-125-142/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-143-144/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.О нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Г.Нямдоржийг "Хүнд өвчний улмаас Гранд мед эмнэлэгт болон Бүгд Найрамдах Солонгос улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, эмчилгээний зардал болон визний хугацаа сунгах мөнгө хэрэгтэй байна, буцааж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 74.442.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Г.Нямдорж, хохирогчийн итгэмлжлэгдсэн төлөөлөгч Н.Батчулуун нарын мэдүүлгүүд, Хаан банкны депозит дансны хуулга, шүүгдэгч Г.Оын сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна талуудын шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шинжлэн судалсан баримтууд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Оын хохирогч Г.Нямдоржийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч нийт 74.442.000 буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Оыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Оын дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Нямдоржид 74.442.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тэрээр хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчулуунд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.000.000 төгрөгийг, мөн  шүүх шүүгдэгч Г.Од холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авч Г.О нь завсарлага авсан хугацаанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 45.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулан үлдэх 28.424.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчулуунтай  зээлийн гэрээ байгуулсан байна.

Иймд шүүгдэгч Г.Оаас 28.424.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчулуунд олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Оын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжээр торгох буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Г.Оыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.О нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оаас 28.424.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчулуун (РД)-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай..

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                                                                                                      

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР