Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 615

 

 

 

 

 

 

      2020          06           26                                        2020/ШЦТ/615

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          хохирогч Б.Батцэцэг,

          шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг,

          шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.О, Б.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009001610676 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 14-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, "Мобиком" ХХК-д үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл-2, эхийн хамт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.О /регистрийн дугаар /,

 

2.Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, "КӨҮЗ" нэртэй дэлгүүрт худалдааны зөвлөх, гоо сайханч ажилтай, ам бүл-4, эмээ, эх, ах нарын хамт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.М /регистрийн дугаар /

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Э.О нь 2019 оны 12 дугаар сарын 31-нээс 2020 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 28-40 УББ улсын дугаартай тоёота приус 20 загварын автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч Б.Батцэцэгийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

            Яллагдагч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн гудамжинд байсан 28-40 УББ улсын дугаартай тоёота приус 20 загварын автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч Б.Батцэцэг болон тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Оийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед Э.Оийн эгчийн машиныг жолоодож явах зөвшөөрөл аваагүй. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-48-49/,

 

Шүүгдэгч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Манай залуугийн гэр дээшээ өгсүүр болохоор би гарч чадахгүй байх гэж бодоод машинаа доор үлдээсэн гэхдээ гэр нь ойрхон байсан тэгээд 10-15 минут орчим болоод гараад ирэхэд ийм асуудал болсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-6-7/,

 

Хохирогч Б.Батцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Хэлж байгаа зүйлс үнэн байна. Асуудал үүсгэхгүйгээр зах зээлийн үнэлгээгээр 12.000.000 төгрөг байна. 10.000.000 төгрөгийг тэр үедээ 5.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгөөр бэлнээр гаргаад өгчих гэхэд за гэсэн. Э.О нь миний төрсөн дүүтэй гэрлэсэн эмэгтэйгийн охин юм. Байранд хамт амьдарч байсан. Би өр зээлгүй. Гэрээс машин хэлэхгүй хулгай хийж авч гараад эвдсэн. Мөнгө байхгүй төлж чадахгүй гэсэн. 1 дүгээр сард хэрэг гарсан гэхэд одоогийн байдлаар 6 сарын хугацаа өнгөрч байна. Төлбөр барагдуулсан зүйл байхгүй. Би ээжтэй нь 4.000.000 төгрөгөөр тооцоод авсан. Би дахиад машин лизингдэж байна. Лизингдсэн учраас Б.Мийн ээжтэй ярилцаж тохиролцоод 2,8 хувийн хүүтэй 20.000.000 төгрөгийн өрөнд орсон. Та нар төлж чадахгүй бол бүтэн жилийн хугацаанд цаашдаа миний төлж байгаа 2,8 хувиар хуваагаад төлөөд өг гэсэн. Тэгээд хуваагаад төлөхөөр гэрээ хийгээд нотариатаар орсон. Өнөөдөр 3 сарын турш төлөгдөөгүй байна. Миний хохирлыг барагдуулаад өгөөч гэхэд хэн ч барагдуулахгүй байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Одоо 4.000.000 төгрөг өгсөн ба тэрний зөрүү 12.000.000 төгрөгийг Б.М, Э.О нар нь надад өгөх ёстой. Машинаа ченжид өгөөд урьдчилгаанд нь өгөөд шинэ машин авахаар болсон. Би хөл муутай хүн тул машингүй явж чадахгүйг Э.О сайн мэдэж байгаа. Шинэ машиныг 15.000.000 төгрөгөөр авч байгаа. Өмнөх машинтай үнэ, он, өнгө бүгд адилхан приус маркийн автомашин авч байгаа.  Би шинэ машинаа 15.000.000 төгрөгөө аваад урьдчилгаанд нь 30 хувь болох 4.800.000 төгрөгийг өгсөн. Дахиад 9.800.000 төгрөгийн 2,8 хувийн хүүтэй зээлэнд орсон. Нөгөө машин эргээд 30 сарын хугацаанд төлөгдөхөд дахиад 15.000.000 төгрөг болоод огт өр зээлгүй байсан хүн  20.000.000 төгрөгийн өртэй болсон. Тухайн үедээ эдгээр хүмүүс графикийн дагуу төлөөд явсан бол асуудал үүсэхгүй байсан гэтэл төлөхгүй байна. Би ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Би нийт 12.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би машинаас 12.000.000 төгрөгөөр үнэлсэн. 12.000.000 төгрөгнөөс Э.Оээс өгсөн 4.000.000 төгрөг, Б.Мээс өгсөн 758.000 төгрөгийг хасаж тооцно. Эвдэрсэн машиныг 3.000.000 төгрөгөөр зарсан. Шинэ машиныг 15.000.000 төгрөгөөр авсан. 12.000.000 төгрөгөөс 4.758.000 төгрөгийг хасаж үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна. Би Б.М, Э.О нар хувааж төлөх эсэхийг мэдэхгүй байна. Миний эд хөрөнгийг хулгай хийж яваад эвдсэн. Машинд 4.165.000 төгрөгийн хохирол учирсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Ажилд орох ирээдүйг нь бодоод миний хохирлыг барагдуулаад өгөөч гэхэд юу ч хийхгүй байсан тул би шүүхэд хандсан. Э.О  4.000.000 төгрөг, Б.М 780.000 төгрөг төлсөн. Үнэлгээгээр тогтоосон хохирлыг төлсөн. Надад 4.780.000 төгрөг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би 7.220.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв,

түүний хохирогчоор өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 31-ний орой манай дүү Э.О манайд байж байгаад миний эзэмшлийн тоёота приүс 20 маркийн мөнгөлөг саарал машиныг миний зөвшөөрөлгүйгээр авч яваад найз Б.М нь унаж яваад гэрлийн шонгийн мод мөргөж эвдэж хохирол учруулсан, миний машиныг Э.О авч явахдаа надаас зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөлгүй авч явсан гэдэг нь үнэн. 2019 оны 12 дугаар сарын 31-ны орой Э.О манай хүүхдийг миний машинаар Нисэхийн эцэс хүргэж өгөөд ирсэн буцаж ирэхэд 01 цаг өнгөрсөн байсан тэгтэл орж ирээд өөрийн куртка аваад гарахдаа Э.О таны машины түлхүүр шүү гэж хэлээд хар гэртэй түлхүүрийг гал тогооны цонхон дээр тавьсан тэгээд гарах гэхээр нь би чи хаашаа явах гэж байгаа юм бэ? Гэж асуутал би талбай ороод ирье гэж хэлсэн тэгэхээр нь юугаар явах гэж байгаа юм
бэ? гэж асуутал манай найз гадаа машинтайгаа ирсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд гараад явсан би тухайн үед анзаараагүй тэр шөнө манай ач халуураад өглөө эмийн сан явах гээд түлхүүрээ үзтэл машины түлхүүрийн оронд нүдний шил хийсэн байсан. Тэгэхээр нь Э.Оийн гар утас руу залгатал Э.О одоо очлоо очиж байна. гэсэн тэгэхээр нь чи яагаад худлаа яриад машин аваад явсан юм бэ гэж хэлэхэд Э.О харин тиймээ уучлаарай гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь дахин залгасан тэгтэл мөн очлоо гэсээр байгаа өдөр 13 цаг болж байхад орж ирсэн. Тэгэхээр нь машин яасан гэж асуутал хоёулаа гараад уулзъя гэж хэлсэн тэгээд гартал миний машин байхгүй байсан тэгэхээр за юу болсон гэж асуутал надад зураг үзүүлээд машиныг чинь ийм болгочихлоо гэж хэлсэн тэгэхээр нь хаана байгаа юм гэж асуутал дарь эх гэдэг газарт байгаа гэсэн. Тэгтэл Б.М гэх хүний ээж аав нь яриад машины мөнгийг чинь бид нар гаргаад өгье гэж хэлсэн, эвдэрсэн машинаа би ченжид 3.300.000 төгрөгөөр өгсөн, Э.Оийн ээж 4 сая төгрөг өгсөн харин Б.Мийн ээжтэй болохоор үнэлгээний гаргасан хохирол болох 5 сая төгрөгийг 2.8% хүүтэйгээр тооцоод 12 сарын туршид сард 556.000 төгрөг төлөхөөр 12 сарын хугацаатай нотариатаар гэрээ хийсэн. Эхний сарын мөнгөө хийсэн дараа сарын мөнгөө одоогоор хийгээгүй байна. Эхний өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ би өөрийн хайхрамжгүйгээс бүрэн уншилгүй гарын үсэг зурсан байна санаатайгаар худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-29-30, 31-33/,

 

Гэрч Б.Баярсайханы “...охин Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр найзынхаа эгчийн машиныг зөвшөөрөлгүй жолоодож яваад осол гаргаж хүний машинд эвдрэл гэмтэл учруулан цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, уг машины эзэн болох Б.Батцэцэгтэй уулзаж миний охины буруугаас болж Б.Батцэцэгт учирсан хохирлыг барагдуулахаар ярилцан 5.000.000 төгрөгийн хохирлыг 12 дугаар сарын хугацаатай төлж барагдуулахаар тохиролцсон, машинд сууж явсан хүүхдүүдийн хувьд гэвэл тэдэнд ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тэдний зүгээс ямар нэгэн санал гомдол байхгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-39, 40-41/,

 

Гэрч Д.Азжаргалын “...өөрийн найз болон Б.М, Ариунзул, Э.О, Отгонжаргал нартай хамт Э.Оийн эгчийн машинаар 2020 оны 01-р сарын 01-ний шөнө уулзсан, Э.Оийн гэрийнх нь гадаа баахан юм ярьж байгаад өглөө 07 цаг өнгөрч байхад тэндээсээ хөдлөөд Тоосгоны эцэст ирсэн, Э.О найз залууруугаа ороод ирье гээд машинаа унтраагаад орсон, Отгонжаргал бие засмаар байна гээд машинаас буугаад булан тохой хайгаад байсан чинь Б.М машинаас буугаад жолооны ард суусан, Отгонжаргалыг суучих гээд суулгаад бөөндөө бие засахаар явсан, гудамжаар жаахан явж байсан чинь нэг жалга байсан тэр жалганд бүгдээрээ бие засчхаад буцаж эргээд явж байгаад хар замруугаа ороод бөөндөө машинтайгаа нэлээд дээш доош зугаацаж явсан, Б.М аягүй хурдтай яваад байсан, за за одоо Э.О гарч ирээд хүлээж байгаа даарчихна гээд гэрийнх нь гадаа 2 ч удаа очсон, Э.Оийг гарч ирээгүй байсан чинь Б.М буцаж машиныг нь жолоодож зам руу гараад машинтай нь дээш доош хурдтай явсан, хурдтай явж байхдаа машинаа савлуулаад байсан. Бид нар Б.Мт хурдаа хасаач ээ машинаа битгий савлуулаад байгаач гэж хэлсэн боловч Б.М машины хөгжмөө чанга тавьчхаад хурдаа хасахгүй байсан, Тоосгоны эцэст жолоо алдаад замаасаа гарч гудамжинд байсан цахилгааны шонгийн мод мөргөөд бүтэн эргээд зогссон, машинд байсан хүмүүсээс Отгонжаргал хүзүүгээ шалбалсан, миний нуруу өвдөж байсан. Ариунзул нуруу өвдөж байна гэж хэлж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-42-44/,

Гэрч С.Отгонжаргалын “...өөрийн найз болон Б.М, Ариунзул, Э.О, Азжаргал нартай хамт Э.Оийн эгчийн Приус-20 машинаар 2020 оны 01-р сарын 01-ний өглөө Тоосгоны эцэст ирсэн, Э.О найз залууруугаа ороод ирье гээд машинаа унтраагаад түлхүүрээ зоолттой орхичхоод орсон, би бие засмаар байна гээд машинаас буугаад бие засах газар хайгаад байсан чинь Б.М машинаас буугаад жолооны ард суусан, намайг суучих гэхээр нь би суусан чинь бөөндөө бие засахаар явсан, жалганд бүгдээрээ бие засчхаад буцаж эргээд явж байгаад хар зам руу ороод бөөндөө машинтайгаа дээш доош нэлээд зугаацаж явсан, Б.М аягүй хурдтай яваад байсан, Э.О гарч ирээгүй байсан. Тэгсэн чинь Б.М буцаж машиныг нь жолоодож зам руу гараад машинтай нь дээш доош хурдтай явсан тэгээд хурдтай явж байхдаа машиныхаа жолоог хөдөлгөөд машинаа савлуулаад байсан. Бид нар Б.Мт хурдаа хасаач ээ машинаа битгий савлуулаад байгаач гэж хэлсэн чинь хурдаа хассан боловч буцаагаад нэмээд байсан, Тоосгоны эцсээс жоохон цаана жолоо алдаад замаасаа гарч гудамжинд байсан цахилгааны шонгийн мод мөргөөд машинтайгаа бүтэн эргээд зогссон, Б.Мт бүгдээрээ л хурдаа хас. Болгоомжтой яв. Шатахуун нь дууслаа буцаад Э.О дээр очъё гэж хэлсэн. Машинд байсан хүмүүс бүгдээрээ хэлсэн боловч машинаа савлуулж байгаад жолоо алдаж аваар хийсэн, ард сууж байсан 2 хүний нуруу нь өвдөж байна гээд байсан. Миний толгой тухайн үед жаахан өвлөж байсан одоо зүгээр болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-46-47/,

 

Гэрч Э.Ариунзулын “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай найз Э.О эгчийнхээ машиныг унаж яваад тоосгоны үйлдвэрт найз залуутайгаа уулзахаар ирсэн хойгуур нь манай найз Б.М машиныг бариад биеэ засах гээд дээшээ бид хэд явсан, машин дотор Отгонжаргал Азжаргал бид дөрөв явж байсан тэгээд Э.Оийн найз залуутайгаа уулзаж байсан газар руу нь буцаж явж байх замдаа гэнэт замаас гараад хажуу талийн жалга руу орж гэрлийн шонгийн мод мөргөсөн, тэгээд Э.О хэлээд Б.Мийн аав ээж нь ирж ачаад явсан Б.М Э.Оээс машиныг нь авахдаа зөвшөөрөл аваагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байгаагүй, манай хоёр найз бэртэж гэмтсэнийг би мэдэхгүй байна, надад гэмтэж бэртсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-37/,

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-95-97, 69-70/, автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-55/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-97, 109/, шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-98, 110/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-96, 108/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-99-101, 111-114/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-133-135/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

          Шүүгдэгч Э.О нь 2019 оны 12 дугаар сарын 31-нээс 2020 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 28-40 УББ улсын дугаартай тоёота приус 20 загварын автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч Б.Батцэцэгийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

          шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн гудамжинд байсан 28-40 УББ улсын дугаартай тоёота приус 20 загварын автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч Б.Батцэцэг болон тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Оийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Батцэцэг, гэрч Б.Баярсайхан, Д.Азжаргал, С.Отгонжаргал, Э.Ариунзул, Э.О нарын мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлт, автомашин техникийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Э.О, Б.М нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Э.О, Б.М нарыг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.О, Б.М нарт дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Батцэцэг нь өөрт учирсан гэм хорын хохирол гэж шүүгдэгч Б.М, Э.О нараас 12.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нарын зүгээс хохирогчид учирсан бодит хохирол болох “Сүлд үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 4.788.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.М, Э.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.О, Б.М нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Э.О, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүх шүүгдэгч нарт тус бүр 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Э.О, Б.М нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.О, Б.М нарыг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.О, Б.М нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О, Б.М нар нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.О, Б.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          5.Шүүгдэгч Э.О, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Хохирогч Б.Батцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР