Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 612

 

 

 

 

 

 

 

       2020         06          26                                       2020/ШЦТ/612

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Г.Цогтгэрэл,

          шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр,

шүүгдэгч С.Б, Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, С.Б, Б.Ж нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909046470144 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1.Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Үржих Медиа” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл-5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт,

          2019 оны 01 дүгээр сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б.Б /регистрийн дугаар /,

 

2.Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Car Wash” угаалгын газарт машин угаагчаар ажилладаг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С.Б /регистрийн дугаар /,

 

3.Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуульд оюутан, “Car Wash” угаалгын газарт машин угаагчаар ажилладаг, ам бүл-6, ах, эгч, 3 дүүгийн хамт, урьд ял эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ж /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Б, С.Б, Б.Ж нар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ замын орчимд иргэн Т.Золбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тоглоомын төв дотор тоглож байхад С.Б ах кароакед хүрээд ир гэсэн тул би явж очсон. Золбаяр ах С.Бын ахын дээрээс архи асгаад болъё гэхэд кароакений ширээ хугарсан. Би гараад явсан ба миний араас гарч ирээд Золбаяр ах намайг дээрэлхсэн. Миний уур хүрээд цохисон. Тэгээд зодоон болсон. Албаар ингэнэ, тэгнэ гэсэн зүйл байхгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Б.Ж, С.Б хоёр Золбаяр ахыг хутгалъя гэж ярьсан. Би яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь Б.Ж тэгвэл зодолдъё гэж хэлэхээр нь би Золбаярын зүүн талын шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Золбаярыг цохичихоод хальтраад уначихсан юм.
Тэгэхэд миний нүүр рүү Золбаяр нүүр рүү хөлөөрөө өшиглөсен. Баяржаргал, С.Б ирээд С.Б Золбаярын нүүр хэсэгт мөргөсөн. Золбаяр С.Бт мөргүүлээд хамраас нь цус гарсан. Баяржаргал хажуу талаас нь Золбаярын хэвлий хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Би нар зам гараад явж байх үед Б.Ж Золбаярыг газарт унагаагаад нүүр хэсэгт нь нилээд хэдэн удаа өшиглөсен. С.Б ч гэсэн Золбаярыг чи манай найзыг өдеө биздээ гэж хэлээд хэд хэдэн удаа нүүр хэсэгт өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-68-69/,

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Тэр өдөр би Золбаяртай уулзсан байсан. Бид хоёрыг уулзаж байхад Баяржаргал ирсэн. Баяржаргал мөнгөтэй ирээд Золбаярт пиво авч өгсөн. Бид 3 хамт пиво ууж байгаад Б.Б, Б.Ж ирсэн. Бид нар хамт ууж байсан. Золбаяр ах нь өмнө нь хоригдож байгаад 2 хоногийн өмнө гарч ирээд бид нартай 2 хоногийн дараа уулзсан. Тэр өдөр Золбаяр, Б.Б,  Баяржаргал, Б.Ж нар бид нарт, манай дүү нарт агсам тавьсан.  Золбаяртай хоорондын харилцаанаас болоод тэр өдөр муудалцсан. Бид нар хоорондоо санаатай бие биенээ зодох санаа байхгүй. Золбаярын өөрийнх нь буруугаас болж хоорондоо маргалдсан. Миний толгой дээр архины шил хагалсан. Би тэр тал дээр юу ч яриагүй. Караокенээс учраа олоод гарсан чинь Б.Б гээд манай дүүтэй хоорондоо зодолдож байсан. Манай дүү Б.Бгийн нүдийг тэслэсэн байсан, тухайн үед гар нь шалбарсан байсан. Би тухайн үед Золбаяртай маргалдаж байгаад Золбаярыг 2 удаа мөргөсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Б.Жийг Золбаяр ах түшээд явж байх үед Б.Б араас нь Золбаярыг цохиж унагаасан. Золбаярыг босоод ирэхэд нь би Золбаярын гүүр хэсэгт нь 2 удаа мөргөсөн. Золбаярыг замын эсрэг талд гарсны дараа Б.Б Золбаярыг дахиад нүүр хэсэгт нь хөлөөрөө
өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/,

 

Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт “…С.Б дээр очиход Баяржаргал энэ 3 байсан.  Караокед дуу дуулаад юм ууж байтал Золбаяр ах гэнэт орилсон. Архи авч цацаад байсан. Караокенээс гарсан. Гарч явж байгаад зодоон болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Золбаяр бид 2 хамт явж нэгнийгээ түшээд явж байх үед Б.Б ирээд Золбаярын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. С.Б Золбаярыг 2 удаа мөргөсөн. ...би бол санахгүй байна. С.Бын хэлж байгаагаар С.Б, Баяржаргал, Б.Б бид нар
бөөнөөрөө л зодсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-20-21/,

 

Хохирогч Т.Золбаярын “…Б.Б гүйж ирээд миний зүүн шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон. Би эргэж хараад Б.Бтай зууралдаж байх үед С.Б яагаад муудалцаад байгаа юм бэ гэж хэлээд Б.Б бид хоёрыг зууралдчихсан байх үед бид хоёрыг салгангуутаа миний миний хамар хэсэгт 2 удаа мөргөсөн. Би хамраа дараад доошоогоо суутал Б.Б, С.Б 2 миний нүүр нүдгүй хөлөөрөө өшиглөж зодож цохисон. ...намайг зодож цохисон хүмүүсээс ганцхан Б.Ж л эмчилгээний мөнгө гэж 375.000 төгрөг өгсөн. ...С.Б надад хэлэхдээ Баяржаргал, Б.Ж 2 зодооны үеэр намайг хэд хэдэн удаа цохиж, өшиглөсөн гэж надад хэлсэн. ... надад энэ хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Б, Жавхлан, С.Б 3 миний хохирлыг барагдуулж нийт 850.000 төгрөгийг намайг хориглохоос өмнө надад өгсөн. Тийм учраас надад гомдол санал байхгүй. ...миний биед учирсан хамрын гэмтлийг С.Б мөргөж учруулсан. С.Бт хамраа мөргүүлээд доошоо хараад нүүрээ дарахад Б.Ж, Б.Б нар намайг зодож цохисон юм. Яг хэн нь хаана цохисныг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-13, 98/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Баярбаатарын "...Золбаяр уурлаад архиныхаа шилийг ширээн дээр саваад С.Б луу уурлаж байгаад шилтэй архи С.Бын толгой дээр асгасан. Караокеноос гараад явган хүний зам дээр явж байх үед С.Б, Б.Ж 2 хоорондоо Золбаярыг хутгалчих уу гэж ярьсан. Тэр хоёрын дундуур Б.Б хутгалж яах юм бэ зүгээр зодчихъё гэж хэлсэн. Б.Б хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын тэнд Золбаярын эрүү хэсэгт нь шанаадсан. Хана налаад унасан. Б.Б очингуутаа зүгээр ууж байх үед зүгээр л байлдаа гэж хэлээд Золбаярыг хана налчихсан байх үед нь гуя хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Б.Б эргэж хараад явахдаа хальт гишгээд газарт унасан. Золбаяр босож ирээд Б.Бгийн нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Б.Б босож ирээд Золбаярын эрүү хэсэгт гараараа 1    удаа цохисон С.Б ирээд Золбаярын хоёр хөмсөгний дунд хэсэгт нь 3 удаа нилээд хүчтэй мөргөсөн. Салцгаагаад С.Б Золбаярыг сугадаад зам гарсан. Замын цаана дэлгүүрийн үүдэнд байдаг шатан дээр суулгасан. Золбаярыг сууж байх үед нь Жавхлантегс ирээд Золбаярын нүүр хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд С.Б Золбаярыг өндийлгөөд босгоод ирэхэд Золбаярын нүүр нь битүү цус болчихсон байсан. С.Б Золбаярыг дахиад нэг удаа нүүрэнд нь мөргөсөн. С.Быг мөргөсний дараа Золбаярын хамар нь далийгаад хамар нь сэтэрчихсэн юм шиг шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-72-73/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹36 тоот актын “…Т.Золбаярын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, дагз, чамархай, духны хуйх, баруун шилбэ, зүүн бугалга, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой…” гэсэн дүгнэлт /хх-7-8/,

 

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47, 53/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-32, 48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37, 50, 54/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-101-103, 105/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б, С.Б, Б.Ж нар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ замын орчимд иргэн Т.Золбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Т.Золбаяр, гэрч Г.Баярбаатар нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №36 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Б, С.Б, Б.Ж нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б, С.Б, Б.Ж нар нь бүлэглэж хохирогч Т.Золбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б, С.Б, Б.Ж нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч Т.Золбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 950.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэхгүй зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б, С.Б, Б.Ж нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Б.Б, С.Б, Б.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тус бүр 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Б, С.Б, Б.Ж нарт 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч нар нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Б.Бгийн тухайд өмнө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3, 8.6 дугаар зүйлийн 3-т тус тус зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, уг тогтоолын 2 дахь заалтаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял болон энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Б.Б нь өмнө Эрүүгийн 1809000000366 дугаартай хэрэг буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэрэгт 160 хоног цагдан хоригдсон бөгөөд шүүх түүний дээрх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хэсгийг хүчингүй болгосон тул шүүгдэгч Б.Бгийн Эрүүгийн 1809000000366 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 160 хоног, энэ хэрэгт цагдан хоригдсон 3 хоног нийт 163 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бгийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1.Шүүгдэгч Б.Б, С.Б, Б.Ж нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, С.Б, Б.Ж нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Бд 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан 450.000 торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн Эрүүгийн 1809000000366 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 160 хоног, энэ хэрэгт цагдан хоригдсон 3 хоног нийт 163 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, С.Б, Б.Ж нар нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б, С.Б, Б.Ж нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

9.Шүүгдэгч Б.Б, С.Б, Б.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Б, Б.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх хорих ялыг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, С.Б, Б.Жавхлан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР