Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 138/ШШ2016/01006

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Улаанбаатар хот ******* дүүргийн ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* байрны тоотод оршин суух, овогт д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Гочоосүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 2013 оны 12 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 2 сая төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн хугацаа 2014 оны 03 сарын 24-ний өдөр болоход Б. нь “...боломжгүй байна, удахгүй өгнө” гэсээр өнөөдрийг хүрч байна. Б. нь үндсэн зээлээсээ 500.000 төгрөг, мөн 4 сарын хүүгийн хамт увуулж, цувуулж төлсөн. Харин үлдсэн 1.5 сая төгрөгийг удаахгүй өгнө гэж худал ярьж хуурсаар 2 жил болж байна. Сэтгэл санаагаар болон эдийн засгаар их хохироосон. Гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэсний дагуу тооцоход 1.5 сая төгрөгийн алданги 1 өдрийн 7500 төгрөг болж байна. 1 сарын алданги нь 225.000 төгрөг болж байна. 1 жилийн алданги нь 2.700.000 төгрөг болж байгаа юм. Алдангийн хэмжээ нийт дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсний дагуу бодоход Б.аас 3 сар 10 хоногийн алданги болох 750.000 төгрөг болж байна. Иймд Б.аас үндсэн зээл 1.500.000 төгрөг, алданги 750.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн  гэрээндээ: Нэхэмжлэгч Г.Гочоосүрэн миний бие нь тус шүүхэд Б.д холбогдуулан 2.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа 750.000 төгрөгийг хасч 1.500.000 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулахаар эвлэрэн хэлэлцэж байна. Хариуцагч Б. нь 2016 оны 09 сард 500.000 төгрөг, 10 сард 500.000 төгрөг, 11 сард 500.000 төгрөгөөр төлж барагдуулах болно гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Гочоосүрэн нь хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.  

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Г.Гочоосүрэнгээс 2013 оны 12 сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж аваад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Гочоосүрэн, хариуцагч Б. нар нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 2.250.000 төгрөг нэхэмжилснээс 750.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан, хариуцагч Б. нь үлдэх хэсэг 1.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй байна.   

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75  дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Гочоосүрэнд хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50950  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 19475 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 44950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Гочоосүрэнд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.ГАНЧИМЭГ