Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М

Улсын яллагч Б.Д

Хохирогч У.У

Шүүгдэгч Л.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Л.Ж-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г аймгийн С суманд төрсөн, ... настай, яс үндэс халх, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сумын 1-р багт оршин суух хаягтай, Л овогт Л.Ж,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Л.Ж нь 2019 оны 12 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Митсубиши RVR маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-д зааснаар “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар иргэн У.У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Зам тээврийн осол болдог өдөр оройны 17 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумаас гараад 22 кл зайтай ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр ганцаараа Өргөн сумын төв рүү ажлаар явж байсан. Тухайн үед би маш их ядарсан байсан урд шөнө нь нойргүй ажил дээр хонож ажилласан. Осол болдог өдөр 18 цаг 30 минутын үед өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслүүд гэрлээ шилжүүлэхгүй байсан машины гэрлийн гялбаанд ороод нэгээс хоёр минут орчим явж байгаад тэр хооронд миний нүд анилдаад зорчих хэсгийн эсрэг урсгал руу гэнэт  орсон. Тэгтэл нэг мэдсэн чинь миний машины аюулгүй дэр задраад замын хажуу руу гарч байгаа нь мэдэгдсэн. Гэнэтийн зүйл болсон машинаас гартал миний машины жолоочийн эсрэг талын хэсэг тэр чигээрээ урагдаж эвдэрсэн байсан. Тухайн үед миний толгой хагарсан байсан юу болсон талаар сайн санахгүй ослын шоконд орсон байсан. Тухайн үед ямар тээврийн хэрэгсэл байгааг харж амжаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна миний буруу гэжээ. /1-р хх-ийн 117-118/  

Шүүгдэгч Л.Ж шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл алга. Миний буруу. Мөрдөн байцаалтын шатанд гарсан бүх зардлыг би төлж барагдуулсан. Сүүлд гарсан эмчилгээний зардлыг мэдээгүй. Осол болох үед өмсөж явсан хувцасны зардал гэж би 07 сард 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Сүүлд гарсан эмчилгээний зардал болон цаашид гарах зардлыг төлнө гэв.

Хохирогч У.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад 16 цагийн үед хөдлөөд Өргөн сумын салдаг уулзвар дээр зам тээврийн осолд орсон. Тухайн үед миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч нь залуухан хүн байсан. Уг машинд 3-уулаа зорчиж явсан. Осол болох үед би нойр хүрээд явж байсан болохоор өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийг хараагүй нэг мэдсэн чинь баахан хүмүүс шуугаад, намайг татаад байсан. Манай жолооч хурд их багатай явсан. Км заалтын харахад 80 км цагийн хурдтай явж байсан. Бага хурдтай явсан тулдаа амьд үлдсэн байх. Одоогоор эмчилгээний зардал гэж 1,500,000 төгрөг шийлшүүлсэн, түүнээс хойш надаас одоогийн байдлаар 818,500 төгрөгийн зардал гарч байна. Нэг жилийн дараа хадаас авхуулах эдгэх хүртэл эм тариа гээд, осол болох үед миний өмсөж явсан годон гутал урагдаж өмсөж болохгүй болсон. Гутлаа 850,000 төгрөгөөр авч байсан. Би одоо гэмтлийн группт орсон байгаа. Би осол хийсэн жолоочоос 1,050,000 төгрөг эмчилгээ зардал гэж авсан. Ж гэж хүнээс миний Х банкны дансанд орсон байсан. Одоогоор надаас гараад байгаа зардал бол 818,500 төгрөг, годон гуталны 850,000 төгрөг, өмсөж явсан биеийн тамирын хослол 50,000 төгрөг, гэдэсний даруулга 100,000 төгрөг нэхэмжилж байна. Цаашаа ямар зардал гарахыг мэдэхгүй байна. Байнгын хүний асаргаанд байгаа, мөн 3-н лангууны түрээс 1 сарын 500,000 төгрөгийн түрээс гэх мэт зардлаа гаргуулж авна гэжээ. /1-р хх-ийн 25-30/

Хохирогч У.У шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 12 сарын 02-нд осолд орсон. Одоо 2 суга таягтай өөрийн хөл дээр гишгэж чадахгүй болсон. Энэ ослын улмаас олон удаа хагалгаанд орсон маш их гомдолтой байна. Цаашдаа би хөл дээрээ босч чадах эсэх нь мэдэгдэхгүй байгаа. Намайг дахин хагалгаанд орно гэж эмч хэлсэн. Одоо Л.Ж-с 1,972,150 төгрөгийг нэхэмжилж байна. Осолын үед өмсөж явсан годон гутал, биеийн тамирын хослол маань урагдсан, зүүж явсан ээмэг маань алга болсон тул эдгээрийн хохиролд 1,500,000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн зардалд 2,472,150 төгрөг гарсан. 2020 оны 07 сард 2,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн байгаа. Нийт 3,972,150 төгрөгөөс төлсөн гэх 2,000,000 төгрөгийг хасч тооцон үлдэх 1,972,150 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн цаашид би хагалгаанд орж байнга эм тариа хэрэглэж байгаа гэв.   

Гэрч Б.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 сарын 02-ны өдөр 16 цаг өнгөрч байхад ... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашинтай Улаанбаатарын чигэлэд явсан. Би өөрөө тээврийн хэрэгсэл жолоодон явсан. Надтай хамт манай ах А мөн ахын танил У нартай явсан. А ах ард суугаад У эгч урд жолоочийн хажуу суудалд сууж явсан. Бид Замын-Үүд сумаас гараад Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлийн асфальтан замаар явсан. Өргөн сумын уулзвар нилээд өнгөрөөд явж байтал эсрэг чигийн эгнээнд явж байсан машин урсгал сөрөөд хурдтай яваад байсан. Би тухайн машин руу гэрлээрээ дохио өгсөн боловч урсгал сөрөөд яваад байсан. Тэгэхээр нь би явж байсан зорчих хэсгийнхээ баруун гар тал руу зам тавьж өгч шахтал тухайн машин хурдтай ирээд миний машиныг мөргөсөн. Тэгтэл миний машин 4 дугуйн дээрээ шарваж эргээд байх шиг байсан. Замын баруун талын шороон хөвөөн дээр шарваж зогссон, намайг мөргөсөн машин чигээрээ цааш шарваж яваад замаас гарч шороон дээр зогссон байсан. Осол болсны дараа У эгчийн хөл нь машины хаалганд хавчуулагдсан тул гараагүй байсан учираас онцгой байдлын хүмүүс ирээд У эгчийг машинаас гаргаж авч явсан. Зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй, хөдөлгөөний нягтаршил байгаагүй. Тухайн үед харанхуй болсон байсан болохоор үзэгдэх орчин хязгаарлагдмал, тээврийн хэрэгслийн гэрлийг асааж хөдөгөөнд оролцож байсан. Би тухайн үед 75 км цагийн хурдтай явж байгаад өөдөөс ирж байсан машин урсгал сөрөөд яваад байсан болохоор хурдаа хасаж 40 орчим км цагийн хурдтай явж зорчих хэсгийн баруун гар тал руу шахаж зам тавьж өгч явж байсан гэжээ. /1-р хх-ийн 31-32/

Гэрч Ж.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 2019 оны 12 сарын 02-ны өдөр 16 цагийн үед найз У, дүү П нарын хамт Приус-20 маркийн ... улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй гурвуулаа Улаанбаатар хотын зүг хөдөлсөн юм. Тухайн үед уг тээврийн хэрэгслийг манай дүү П жолоодож явсан. Тэгээд Сайншанд нилээн дөхчихсөн явж байхад аягүй хурц гэрэлтэй машин өөдөөс их хурдтай шинжтэй ирж байгаа нь мэдрэгдсэн. Тэгээд хажуугаар зөрчих байлгүй дээ гэж бодтол шууд өөдөөс орж ирээд мөргөчихсөн. Тэгээд түс тас болоод л явчихсан ба машин дугуйн дээрээ эргэж байгаад зогссон. Тэгэхээр нь би дүүгээ үзтэл дүү маань жолоочийн суудал дээр хөдөлж чадахгүй, амьсгаа авч чадахгүй байна гээд тонгоогоод байж байсан. Харин найз У-г хартал жолоочийн хажуугийн суудал дээр доошоо тонгойчихсон ямар ч хөдөлгөөнгүй сууж байсан. Энэ хооронд манай дүү машинаас буучихсан байхаар нь жолооч талын хаалгаар найзыгаа хартал ямар ч байсан ухаантай, толгойноос нь их цус гарчихсан байхаар нь буулгая гэж бодоод цаад хаалгаар нь очтол гацаад эвдэрчихсэн огт онгойхооргүй байсан гэжээ. /1-р хх-ийн 33-35/

Шинжээч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний гаргасан дүгнэлтээр тухайн үеийн ослын гэрэл зураг, хэргийн газрын үзлэг, бүдүүвч зурагнаас харахад ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тормозны мөр байхгүй зам дээр тухайн тээврийн хэрэгсэл нь шарвалтын мөртэй байсан ба уг ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох  боломжгүй. Хэргийн газрын зураг болон тэмдэглэлээс үзэхэд ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урсгал руу орж зам тээврийн осол гаргасан болох нь тодорхой байна. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.2-т зааснаар “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлтийг гаргасан гэжээ. /1-р хх-ийн 39-40/

Иргэний нэхэмжлэгч Б.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... улсын дугаартай Хар өнгийн хар өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ... улсын дугаартай хар өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн эвдэрлийн үнэлгээ 5,130,000 төгрөг болсон. Гэхдээ Л.Ж-с Тоёота Приус-20 маркийн хар өнгийн адил тээврийн хэрэгсэл авсан. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн өр авлагын зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 231/ 

Шинжээчийн 2019 оны 12 сарын 08-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт: 1.Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаартай автомшиныг жолоодож явсан Б.П нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 2.Митсубиши RVR маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Л.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.2-т зааснаар “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Зорчигч нарын буруутай үйлдэл нь тогтоогдохгүй байна. 3.Митсубиши RVR маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Л.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.2-т зааснаар “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”. Энэ дүрмийн 12.2, 12.3 заалтуудыг зөрчсний улмаас зам тэврийн осол гарах шалтгаан болсон байх үндэслэлтэй байна. /1-р хх-ийн 49-50/

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төв 2019 оны 13 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.... тээврийн хэрэгсэл нь зүүн урд хэсгээрээ мөргөлдсөн байдалтай байсан бөгөөд урд салхины шил хагарсан, кузов зүүн урд хэсгээр их хэмжээний эвдрэлд орсон, зүүн талын урд хаалганууд их эвдрэлтэй, зүүн талын амартизатор суур хэсгээр тасарсан, урд бампер эвдэрсэн, баруун урд крилло бүхэлдээ эвдэрсэн, их гэрлүүд хагарсан ашиглах боломжгүй, дээвэр хонхойсон, зүүн хойд крилло эвдэрсэн тус тээврийн хэрэгсэлийг дахин ашиглах боломжгүй байна. 2.... тээврийн хэрэгсэл нь осолын үед их эвдрэлтэй байгаа нь техникийн үзүүлэлтийг шалгах нөхцөл бололцоог хангахгүй хүндрэлтэй байна. 2019 оны 07 сарын 05-ны өдөр РС101 БЗД техникийн  хяналтын үзлэгт орсон бөгөөд хэмжилтээс үзэхэд бүрэн ажиллагаатай ТЭНЦЭВ үнэлгээтэй байна. 3.... тээврийн хэрэгсэл эд анги бүрэн бус байвал зам тээврийн осол боох шалтгаан болох бөгөөд шууд хамаарна. 4.... ослын улмаас хэмжилт шалгалт хийж тогтоож болохгүй эвдрэлтэй байна. 5.Хөдөлгөөний болон техникийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийн хувьд ... ослын дараах байдалд автомашины их бие буюу кузов зүүн урд хэсгээр их эвдрэлтэй байгаа нь дахин ашиглах нөхцөлийг хангаж чадахгүй байна. 6.Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй. /1-р хх-ийн 59-61/      

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төв 2019 оны 15 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.... тээврийн хэрэгсэл нь зүүн урд хэсэгээрээ мөргөлдсөн байдалтай байсан бөгөөд урд салхины шил хагарсан, кузов зүүн урд хэсгээр их хэмжээний эвдрэлд орсон, зүүн талын урд хаалга их биедээ байхгүй бөгөөд зүүн ард талын хаалга их эвдрэлтэй, зүүн урд талын амартизатор суур хэсгээр тасарсан тус тээврийн хэрэгсэлийг дахин ашиглах боломжгүй байна. 2.... тээврийн хэрэгсэл нь осолын үед их эвдрэлтэй байгаа нь техникийн үзүүлэлтийг шалгах нөхцөл бололцоог хангахгүй хүндрэлтэй байна. 2019 оны 09 сарын 21-ний өдөр РС115 М ХХК-д техникийн хяналтын үзлэгт орсон бөгөөд хэмжилтээс үзэхэд бүрэн ажиллагаатай ТЭНЦЭВ үнэлгээтэй байна. 3.... тээврийн хэрэгсэл эд анги бүрэн бус байвал зам тээврийн осол болох шалтгаан болох бөгөөд шууд хамаарна. 4.... осолын улмаас хэмжилт шалгалт хийж тогтоож болохгүй эвдрэлтэй байна. 5.Хөдөлгөөний болон техникийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийн хувьд ... осолын дараах байдалд автомашины их бие буюу кузов зүүн урд хэсгээр их эвдрэлтэй байгаа нь дахин ашиглах нөхцөлийг хангаж чадахгүй байна. 6.Шинжилгээний явцад өөр зүйл илэрээгүй. /1-р хх-ийн 76-78/       

Шинжээчийн 04/31 дугаартай дүгнэлт: 1.У.У-н биед гэмтэл учирсан байна. 2.У.У-н биед зүүн дунд чөмөгний диафиз хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн чамархай хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн чамархай орчмын субдураль цус хуралт, цээжний зүүн талд суганы урд шугмаар 6,7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн нүд зовхи орчмоор цус хуралт, баруун шилбэ урд талдаа шарх, зүүн өвдгөнд зулгаралт, нүүрэнд хацар чамархай орчмоор зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтлүүдийн зүүн дунд чөмөгний диафиз хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн чамархай хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн чамархай орчмын субдураль цус хуралт, цээжний зүүн талд суганы урд шугмаар 6, 7-р хавирганы зөрүүтэй далд хугарал гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүд зовхи орчмоор цус хуралт, баруун шилбэ урд талдаа шарх, зүүн өвдгөнд зулгаралт, нүүрэнд хацар чамархай орчмоор зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 5.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана гэжээ. /1-р хх-ийн 86-88/

Нэмэлт шинжээчийн 2020 оны 10 дугаартай дүгнэлт: 1.Митсубиши RVR маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Л.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.7а-д зааснаар “Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэсэн заалт зөрчсөн. Мөн энэ дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-д зааснаар “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт зөрчсөн. Мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. /1-р хх-ийн 227/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 01/

Гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 04/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 05-14/

Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 15-16/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 17-22/

Шинжээчийн 07 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 44-46/

Х үнэлгээ ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 68-72/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 115-116/

Хохирлын тооцоо /1-р хх-ийн 121-128/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа /1-р хх-ийн 131, 133/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 138/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 156-157, 236-237/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Л.Ж нь 2019 оны 12 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Митсубиши RVR маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-д зааснаар “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар иргэн У.У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч У.У-н Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад 16 цагийн үед хөдлөөд Өргөн сумын салдаг уулзвар дээр зам тээврийн осолд орсон. Тухайн үед миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч нь залуухан хүн байсан. Уг машинд 3-уулаа зорчиж явсан. Осол болох үед би нойр хүрээд явж байсан болохоор өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийг хараагүй нэг мэдсэн чинь баахан хүмүүс шуугиад, намайг татаад байсан. Манай жолооч хурд их багатай явсан. Км заалтын хархад 80 км цагийн хурдтай явж байсан. Бага хурдтай явсан тулдаа амьд үлдсэн байх.” гэх мэдүүлэг, гэрч Б.П-н “...Бид Замын-Үүд сумаас гараад Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлийн асфальтан замаар явсан. Өргөн сумын уулзвар нилээд өнгөрөөд явж байтал эсрэг чигийн эгнээнд явж байсан машин ургал сөрөөд хурдтай яваад байсан. Би тухайн машин руу гэрлээрээ дохио өгсөн боловч урсгал сөрөөд яваад байсан. Тэгэхээр нь би явж байсан зорчих хэсгийнхээ баруун гар тал руу зам тавьж өгч шахтал тухайн машин хурдтай ирээд миний машиныг мөргөсөн. Тэгтэл миний машин 4 дугуйн дээрээ шарваж эргээд байх шиг байсан. Замын баруун талын шороон хөвөөн дээр шарваж зогссон, намайг мөргөсөн машин чигээрээ цааш шарваж яваад замаас гарч шороон дээр зогссон байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ж.А-н “...Сайншанд нилээн дөхчихсөн явж байхад аягүй хурц гэрэлтэй машин өөдөөс их хурдтай шинжтэй ирж байгаа нь мэдрэгдсэн. Тэгээд хажуугаар зөрчих байлгүй дээ гэж бодтол шууд өөдөөс орж ирээд мөргөчихсөн. Тэгээд түс тас болоод л явчихсан ба машин дугуйн дээрээ эргэж байгаад зогссон. Тэгэхээр нь би дүүгээ үзтэл дүү маань жолоочийн суудал дээр хөдөлж чадахгүй, амьсгаа авч чадахгүй байна гээд тонгоогоод байж байсан. Харин найз У-г хартал жолоочийн хажуугийн суудал дээр доошоо тонгойчихсон ямар ч хөдөлгөөнгүй сууж байсан.” гэх мэдүүлэг, шинжээч С.Б-н /1-р хх-ийн 39-40/ мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.П-н мэдүүлэг /1-р хх-ийн 231/, шинжээчийн 2019 оны 12 сарын 08-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 49-50/, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төв 2019 оны 13, 15 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 59-61, 76-78/, шинжээчийн 04/31 дугаартай дүгнэлтээр хохирогч У.У-д учирсан гэмтлүүдийн зүүн дунд чөмөгний диафиз хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн чамархай хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн чамархай орчмын субдураль цус хуралт, цээжний зүүн талд суганы урд шугмаар 6,7-р хавирганы зөрүүтэй далд хугарал гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүд зовхи орчмоор цус хуралт, баруун шилбэ урд талдаа шарх, зүүн өвдгөнд зулгаралт, нүүрэнд хацар чамархай орчмоор зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1-р хх-ийн 86-88/, нэмэлт шинжээчийн 2020 оны 10 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 227/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 05-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 17-22/ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Л.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.7а-д зааснаар “Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэсэн заалт зөрчсөн. Мөн энэ дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-д зааснаар “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”,  12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, түүнчлэн уг ослын улмаас хохирогч У.У-н биед хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохиролын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Ж нь хохирогч У.У-н эмчилгээний зардалд гарсан төлбөр болох 3.818.000 төгрөгийг бүгдийг төлж барагдуулсан нь шүүгдэгч, хохирогч нарын тайлбараар тогтоогдсон, түүнчлэн хохирогч үүн дээр маргаагүй болно. Осол болох үед хохирогч У.У-н өмсөж явсан годон гутал, биеийн тамирын хослол нь урагдсан, ээмэг нь алга болсон тул хохиролд 1,500,000 төгрөг, 2020 оны 01 сарын 16-ны өдрөөс хойш гарсан эмчилгээний зардалд нийт 2,472,150 төгрөг /2-р хх-ийн 17-38/ /нийт 3,972,150 төгрөгөөс 2020 оны 07 сард шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг хасч тооцон үлдэх 1,972,150 төгрөгийг шүүгдэгч төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.       

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-н хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч Л.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн, үлдэх хохирол болон цаашид гарах эмчилгээний зардыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзээд торгуулын ял оногдуулав. Оногдуулсан торгуулийн ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Б.П нь шүүгдэгч Л.Ж-с нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л овогт Л.Ж нь Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 120,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Ж-с 1,972,150 төгрөгийг гаргуулж хохирогч У.У-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Э.Б