| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0082/Э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж
Нарийн бичгийн дарга Т.М
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б
Иргэний нэхэмжлэгч Б.Н
Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Э.А-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймгийн Ж суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс мянгад, дээд боловсролтой, банкны удирдлага, эдийн засагч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ ... ажилладаг байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл О овогт Э.А,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Э.А нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь К банкинд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2018 оны 11 сард хоосон бичилт хийж, касснаас 20.000.000 /хорин сая/ төгрөгийг Б.Н-н ... дугаар харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлснээс кассанд 20,000,000 төгрөгийн дутагдал бий болсон,
2018 оны 11 сард хоёр АТМ цэнэглэх 120,000,000 төгрөгнөөс 50,000,000 төгрөгийг дутуу цэнэглэж уг мөнгийг хувьдаа завшсан буюу 20,000,000 төгрөгөөр касс дахь 20,000,000 төгрөгийн дутагдлыг хаасан, үлдэх 30,000,000 төгрөгийн 26,000,000 төгрөгийг Т.Г-т байрын төлбөр өгч, үлдэх 4,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан,
2019 оны 01 сарын 21-ний өдөр хадгаламж эзэмшигч Б.Б-н нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг хуурамч зээл гаргаж хувьдаа завшсан,
2019 оны 03 сарын 14-ний өдөр Төв банкнаас “...танай АТМ ажиллахгүй байгаа бол манайх руу зузаатгал хий гэсний дагуу 2018 оны 11 сард АТМ цэнэглэх мөнгөнөөс авсан 50,000,000 төгрөгийг нөхөж хийх шаардлагаар тус хадгаламж эзэмшигч Т.Н-н нэр дээр 50,000,000 төгрөгийн хуурамч хадгалмж барьцаалсан зээл авч, өөрийн Г банкны данс руу 1,000,000 төгрөгөөр нийт 50 удаа шилжүүлэн авч улмаар түүнийгээ төв банк руу АТМ-ын мөнгө гэж зузаатгасан,
2019 оны 03 сарын 14-ний өдөр иргэн Т.Г-с худалдаж авсан байрны мөнгө болох 20,000,000 төгрөгийг өгөхийн тулд хадгаламж эзэмшигч Б.Б-н данснаас дахин 26,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл гаргаж ашиглаж, нийт 176,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 сард манай байгууллагын захирал Н надаас 20,000,000 төгрөг зээлснийг би байгууллагын мөнгөнөөс аваад өгчихсөн юм. Түүнээс хойш касс 20,000,000 төгрөгөөр дутуу яваад байсан. Манай банк нь Замын-Үүд суманд нийт 2 ширхэг АТМ-тэй ба АТМ-ыг ахлах теллер хариуцдаг юм. Би оны өмнө 2 ширхэг АТМ-ээ тус бүрийг 60,000,000 төгрөгөөр буюу нийт 120,000,000 төгрөгөөр цэнэглэхээр болсон. Ингэхдээ би Н-т байгууллагаас авч өгсөн 20,000,000 төгрөгийг буцаан төлж, Г-т байшингийн урьдчилгаа 30,000,000 төгрөгийн 26,000,000 төгрөгийг нь Г-т байрны урьдчилгаа гэж бэлнээр өгч, байшингийн түлхүүрийг авсан. Ингээд 2019 оны 01 сарын 21-ний өдөр худалдаж авсан байшиндаа засвар хийх, тохижуулах зорилгоор манай банкинд хадгаламж эзэмшдэг Б.Б гэх хүний хадгаламжийг барьцаалж 30,000,000 төгрөгний зээлийг авах материалыг өөрөө бүрдүүлсэн. Тэгээд хадгаламж барьцаалсан 30,000,000 төгрөгийн зээлийг зээлийн харилцах данснаас нь бэлнээр зарлагадаж авсан. Зээлийн материалыг бүрдүүлэхдээ болон мөнгийг бэлнээр зарлагадахдаа Б-н урьд зурсан гарын үсгийг харж байгаад би өөрөө дөхүүлж зурсан. Тухайн 30,000,000 төгрөгөөр байшиндаа засвар хийж, гэрээ тохижуулсан. Мөн ажилгүй байх хугацаандаа хүнээс зээлсэн байсан мөнгөө төлж барагдуулсан. 2019 оны 03 сарын 14-ний өдөр төв банкнаас ярьж “Танай АТМ ажиллахгүй байгаа бол манайх руу зузаатгал хий” гэсэн. Ингээд би АТМ цэнэглэхдээ авсан 50,000,000 төгрөгийг нөхөж хийх шаардлага гарсан. Тэгээд мөн манай банкинд хадгаламж эзэмшдэг Н гэх харилцагчийн хадгаламжийг барьцаалж 50,000,000 төгрөгийн нэг зээлийн хуурамч материал бүрдүүлэн авсан. Уг мөнгийг Н-н зээлийн харилцах данснаас Г банк дахь өөрийн ... дугаарын данс руу 1,000,000 төгрөгөөр 50 удаа шилжүүлэн авч, түүнийгээ төв рүүгээ АТМ-ийн мөнгө гэж зузаатгасан. Мөн тухайн өдрөө Г-т өгөх ёстой байрны үлдэгдэл мөнгө болох 20,000,000 төгрөгийг төлөхийн тулд харилцагч Б.Б-н хадгаламжийг барьцаалж дахин 26,000,000 төгрөгийн зээлийг хуурамч материал бүрдүүлэн гаргасан. Урьд авсан 30,000,000 төгрөгийн зээлийн хүү нь 900,000 гаруй төгрөг болсон байсан тул түүнийг нь төлөөд үлдэгдэл 25,000,000 төгрөгийг нь бэлнээр зарлагадсан. Би 25,000,000 төгрөгийнхөө 20,000,000 төгрөгийг нь Г-т өгч, үлдэгдэл 6,000,000 төгрөгөөр нь цагаан сараар хүнээс зээлсэн 4,500,000 төгрөгийн өрийг өгч үлдэгдлийг нь үрээд дууссан. Намайг Н, Б нарын хадгаламжийг барьцаалж зээл аваад Г банкны өөрийн данс руу нэг нэг сая төгрөгөөр гүйлгээ хийж байгааг төвөөс хянаж байгааг мэдэж байсан боловч надад төв рүү зузаатгах 50,000,000 төгрөгийг олох өөр арга байгаагүй юм. Тэр өдрийн маргааш өглөө нь буюу 2019 оны 03 сарын 15-ны өдөр төв банкны дотоод аудитын газраас манай банкинд шалгалт хийж миний зөрчлүүдийг илрүүлсэн. Тухайн үед би өөрийн авсан мөнгөний 40,000,000 төгрөгт Г-с худалдаж авсан амины орон сууцыг банкинд өгч, үл хөдлөх болон газрын гэрчилгээг нь шилжүүлсэн. Үлдэгдэл 46,000,000 төгрөгт нь өөрийн аавын эзэмшлийн Замын-Үүд сум Сүлд багт байрлах амины орон сууцыг шилжүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан. Одоо би банкинд нийт 46,000,000 төгрөгийн өртэй байгаа” гэх мэдүүлг /1-р хх-ийн 49-51/
Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тодорхой учир нэмж ярих зүйл алга гэв.
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Э.А нь К банкны Замын-Үүд дэх салбарт ажиллаж байх хугацаандаа хадгаламж эзэмшигч 2 иргэний хадгаламжийг барьцаалж 3 удаагийн үйлдлээр нийт 106,000,000 төгрөгийн зээлийг авч иргэдэд хохирол учруулсан. 2019 оны 03 сарын 15-ны өдөр К банкны Дотоод аудитын газраас манай банкинд шалгалт хийж Э.А-н дээрх үйлдлүүдийг илрүүлсэн. А нь 2019 оны 01 сарын 21-ний өдөр хадгаламж эзэмшигч иргэн Б.Б-н хадгаламжийг барьцаалж 30,000,000 төгрөг, 03 сарын 14-ний өдөр мөн Б.Б-н хадгаламжийг барьцаалж нэмж 26,000,000 төгрөг, мөн 03 сарын 14-ний өдөр хадгаламж эзэмшигч Б.Н-н хадгаламжийг барьцаалж 50,000,000 төгрөгийн зээлийг тус тус хуурамч материал бүрдүүлэн авч хувьдаа завшсан байсан. Дээрх хадгаламж эзэмшигч нар нь өөрсдөө банкин дээр ирж зээлийн материалыг бүрдүүлээгүй байхад Э.А нь Б.Б-н гарын үсгийг дуурайж зурсан байсан. А нь Б-н хадгаламжийг барьцаалж 2 удаагийн үйлдлээр авсан нийт 56,000,000 төгрөгийг Б.Б-н ... дугаарын дансруу хийж, тухайн данснаас бэлнээр зарлагадсан байсан. Эхний авсан 30,000,000 төгрөгийн хүү болох 983,013.69 төгрөгийг сүүлд авсан 26,000,000 төгрөгөөс төлж, 25,000,000 төгрөгийг нь бэлнээр зарлагдсан. Харин Б.Н-н хадгаламжийг барьцаалж авсан 50,000,000 төгрөгийн зээлийг харилцагч Н-н ... дугаарын данс руу шилжүүлж, тухайн данснаас Г банк дахь өөрийн ... дугаарын данс руу зээл авсан өдрөө буюу 2019 оны 03 сарын 14-ний өдөр нэг нэг сая төгрөгөөр 50 удаа шилжүүлж авсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н-н шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Одоо А-с үлдэх 46,000,000 төгрөгийг нэхэмжилж байна байна. Энэ хохирлыг төлнө гэж хэлээд өнөөдрийг хүрсэн. Хохирол барагдуулах бодитой арга хэмжээ авахгүй байгаа гэв.
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 03 сарын 06-ны өдөр 3 сарын хугацаатай хадгаламж нээлгэсэн, түүнээс хойш дахин банкин дээр очоогүй. Би хадгаламж барьцаалсан зээл аваагүй 2019 оны 04 сарын 08-ны өдөр К банк татан буугдаж, хадгаламж эзэмшигч нарын 20,000,000 төгрөг хүртэлх мөнгөнүүдийг Х банк руу шилжүүлсэн юм. Тэр үед миний 20,000,000 төгрөг Х банк руу орж ирэхгүй байсан. Түүнээс хойш буюу 04 сарын сүүлээр би Улаанбаатар хотод очиж нэхэмжлэх өгөхдөө банкны эрх хүлээн авагчаас “Миний мөнгө Х банкаар орж ирэхгүй байна” гэж асуухад “та хадгаламж барьцаалсан зээл авсан байна. Түүнээс болж таны мөнгө орж ирэхгүй байгаа юм байна. Гэхдээ таны зээлийг 2019 оны 03 сарын сүүлээр хаасан байна” гэж хэлсэн. Би хэн гэдэг ажилтан, яаж авсан талаар асуухад “Та өөрөө зээл авсан юм биш үү? Таны нэрээр авсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгвэл энэ мөнгө нь хаашаа ямар данс руу орсныг харъя гэхэд Г банк дахь А гэх хүний данс руу нэг нэг сая төрөгөөр 50 удаа гүйлгээ хийгдсэн байна гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...” Би ямар ч зээл аваагүй. Би 2018 оны 12 сараас хойш К банкин дээр очоогүй. Би өөрийн хадгаламж барьцаалж огт зээл аваагүй. 2018 оны 12 сард хадгаламжаа нээлгэж, мөнгө хийчихээд л явсан. Уг гэрээн дээр байгаа гарын үсэг нь миний гарын үсэг биш. Дуурайлгаж зурсан байна. Би миний хадгаламжийг барьцаалж өөр хүн зээл авсан талаар огт мэдээгүй. Танаас л сая сонслоо. 2018 оны 09 сарын 08-ны өдөр К банк татан буугдсаныг мэдсэн. Тухайн банкинд хадгаламж эзэмшиж байсан иргэдэд Х банкаар дамжуулж 20,000,000 хүртэлх төгрөгийг өгч байгаа гэсэн боловч миний мөнгө орж ирэхгүй байсан. Тэгэхээр нь 04 сарын 25-ны өдөр Х банкин дээр очоод асуухад “та өргөдөл бичээд өгчих, яагаад мөнгө чинь орохгүй байгаа талаар асууж тодруулаад эргээд хариу өгье гэж хэлсэн. Тэгээд би өргөдөл өгчихөөд өөрийн хадгаламжийн дэвтэр гэх мэт зүйлүүдийг хавсаргаж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллгаанд мэдүүлэхдээ: “Би 2018 онд теллер А-с 20 сая төгрөг зээлүүлээч гэж гуйсны дагуу А надад 20 сая төгрөг зээлүүлсэн юм. Тухайн үед А-г хаанаас мөнгө олж өгсөнийг би мэдэхгүй. ... Түүнээс хойш буюу 2019 оны 03 сарын 15-ны өдөр төв банкны дотоод Аудитын газраас манай банкин дээр шалгалт ирсэн юм билээ. А миний утас руу залгаад “Манайд дотоод Аудитын газраас шалгалт ирчихлээ гэж хэлсэн. Би түүнээс яагаад, ямар шалтгаанаар ирсэн талаар асуухад А мэдэхгүй гэж хэлсэн. 2019 оны 03 сарын 18-ны өдөр шалгалтын бүрэлдэхүүн тайлангаа танилцуулна гэж намайг дуудсан. Тухайн үед А нь хоёр иргэний хадгаламжийг барьцаалж 3 удаагийн үйлдлээр 106 сая төгрөгийн зээлийг хуурамч материал бүрдүүлж авсан нь тогтоогдсон. Тэгээд би А-с яагаад ийм үйлдэл хийсэн, тухайн мөнгийг юунд зарцуулсаныг асуухад “би амины орон сууц худалдаж авах гэж, бас өвчтэй эгчийнхээ эмчилгээний мөнгийг өгөх гэж энэ мөнгийг авчихсан юм. Мөн танд дээр зээлүүлсэн 20 сая төгрөгийг касснаас аваад өгчихсөн байсан юм. Түүнийг төлөхийн тулд ийм зүйл хийчихлээ” гэж хэлсэн. Ингээд би А-г надад зээлүүлсэн 20 сая төгрөгийг банкны касснаас авч надад өгсөнийг мэдээд 20 сая төгрөгийг өөрөө төлсөн. Харин үлдэгдэл 86 сая төгрөгийг А төлөх болсон. Миний бие А-с 20 сая төгрөг зээлсэн нь үнэн боловч тухайн мөнгийг банкны касснаас авч өгсөнийг мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59/
Б.Б-н нэрээр хийсэн хадгаламжийн зээлийн болон барьцааны гэрээ /1-р хх-ийн 05-07/
Б.Б-н нэрээр хийсэн хадгаламжийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /1-р хх-ийн 11/
Б.Б-н данснаас 25,000,000 төгрөг зарлагдсан К банкны зарлагын мэдүүлэг /1-р хх-ийн 12/
Б.Н-н нэрээр хийсэн хадгаламжийн зээлийн болон барьцааны гэрээ /1-р хх-ийн 14-15/
Б.Н-н хадгаламж барьцаалсан зээлийн харилцах данснаас гүйлгээ хийсэн депозит дансны хуулга /1-р хх-ийн 18-20/
К банкны Замын-Үүд салбарт хийсэн иж бүрэн шалгалтын тайлан /1-р хх-ийн 25-39/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын ... дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 61-62/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн ажлын албаны шүүгдэгч Э.А-н ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 79-80/
К банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 24-ны өдрийн 248 дугаартай тушаал /1-р хх-ийн 110/
2017 оны 04 сарын 25-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар томилсон, 2018 оны 04 сарын 04-ны өдрийн Б/219 дугаартай тушаал /1-р хх-ийн 111/
2019 оны 02 сарын 15-ны өдрийн А/21 дугаартай 2019 оны албан тушаалын нэршил, орон тоо батлах, ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, тушаалын 2 дугаар хавсралт /2-р хх-ийн 62-64/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 137-138, 215-216, 228-229, 2-р хх-ийн 65-66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.А нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь К банкны ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2018 оны 11 сард хоосон бичилт хийж, касснаас 20.000.000 /хорин сая/ төгрөгийг Б.Н-н ... дугаар харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлснээс кассанд 20,000,000 төгрөгийн дутагдал бий болсон,
2018 оны 11 сард хоёр АТМ цэнэглэх 120,000,000 төгрөгнөөс 50,000,000 төгрөгийг дутуу цэнэглэж уг мөнгийг хувьдаа завшсан буюу 20,000,000 төгрөгөөр касс дахь 20,000,000 төгрөгийн дутагдлыг хаасан, үлдэх 30,000,000 төгрөгийн 26,000,000 төгрөгийг Т.Г-т байрын төлбөр өгч, үлдэх 4,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан,
2019 оны 01 сарын 21-ний өдөр хадгаламж эзэмшигч Б.Б-н нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг хуурамч зээл гаргаж хувьдаа завшсан,
2019 оны 03 сарын 14-ний өдөр Төв банкнаас “...танай АТМ ажиллахгүй байгаа бол манайх руу зузаатгал хий гэсний дагуу 2018 оны 11 сард АТМ цэнэглэх мөнгөнөөс авсан 50,000,000 төгрөгийг нөхөж хийх шаардлагаар тус хадгаламж эзэмшигч Т.Н-н нэр дээр 50,000,000 төгрөгийн хуурамч хадгалмж барьцаалсан зээл авч, өөрийн Г банкны данс руу 1,000,000 төгрөгөөр нийт 50 удаа шилжүүлэн авч улмаар түүнийгээ төв банк руу АТМ-ын мөнгө гэж зузаатгасан,
2019 оны 03 сарын 14-ний өдөр иргэн Т.Г-с худалдаж авсан байрны мөнгө болох 20,000,000 төгрөгийг өгөхийн тулд хадгаламж эзэмшигч Б.Б-н данснаас дахин 26,000,000 төгрөгийн хадлагамж барьцаалсан зээл гаргаж ашиглаж, нийт 176,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн “Э.А нь К банкны Замын-Үүд дэх салбарт ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа хадгаламж эзэмшигч 2 иргэний хадгаламжийг барьцаалж 3 удаагийн үйлдлээр нийт 106,000,000 төгрөгийн зээлийг авч иргэдэд хохирол учруулсан. 2019 оны 03 сарын 15-ны өдөр К банкны Дотоод аудитын газраас манай банкинд шалгалт хийж Э.А-н дээрх үйлдлүүдийг илрүүлсэн. А нь 2019 оны 01 сарын 21-ний өдөр хадгаламж эзэмшигч иргэн Б.Б-н хадгаламжийг барьцаалж 30,000,000 төгрөг, 03 сарын 14-ний өдөр мөн Б.Б-н хадгаламжийг барьцаалж нэмж 26,000,000 төгрөг, мөн 03 сарын 14-ний өдөр хадгаламж эзэмшигч Б.Н-н хадгалмжийг барьцаалж 50,000,000 төгрөгийн зээлийг тус тус хуурамч материал бүрдүүлэн авч хувьдаа завшсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/, гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр үед миний 20,000,000 төгрөг Х банк руу орж ирэхгүй байсан. Түүнээс хойш буюу 04 сарын сүүлээр би Улаанбаатар хотод очиж нэхэмжлэх өгөхдөө банкны эрх хүлээн авагчаас “Миний мөнгө Х банкаар орж ирэхгүй байна” гэж асуухад “та хадгаламж барьцаалсан зээл авсан байна. Түүнээс болж таны мөнгө орж ирэхгүй байгаа юм байна. Гэхдээ таны зээлийг 2019 оны 03 сарын сүүлээр хаасан байна” гэж хэлсэн. Би хэн гэдэг ажилтан, яаж авсан талаар асуухад “Та өөрөө зээл авсан юм биш үү? Таны нэрээр авсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгвэл энэ мөнгө нь хаашаа ямар данс руу орсныг харъя гэхэд Г банк дахь А гэх хүний данс руу нэг нэг сая төрөгөөр 50 удаа гүйлгээ хийгдсэн байна гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53/, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Би өөрийн хадгаламж барьцаалж огт зээл аваагүй. 2018 оны 12 сард хадгаламжаа нээлгэж, мөнгө хийчихээд л явсан. Уг гэрээн дээр байгаа гарын үсэг нь миний гарын үсэг биш. Дуурайлгаж зурсан байна. Би миний хадгаламжийг барьцаалж өөр хүн зээл авсан талаар огт мэдээгүй. Танаас л сая сонслоо. 2018 оны 09 сарын 08-ны өдөр К банк татан буугдсаныг мэдсэн. Тухайн банкинд хадгаламж эзэмшиж байсан иргэдэд Х банкаар дамжуулж 20,000,000 хүртэлх төгрөгийг өгч байгаа гэсэн боловч миний мөнгө орж ирэхгүй байсан. Тэгэхээр нь 04 сарын 25-ны өдөр Х банкин дээр очоод асуухад “та өргөдөл бичээд өгчих, яагаад мөнгө чинь орохгүй байгаа талаар асууж тодруулаад эргээд хариу өгье гэж хэлсэн. Тэгээд би өргөдөл өгчихөөд өөрийн хадгаламжийн дэвтэр гэх мэт зүйлүүдийг хавсаргаж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/, гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн “...Тухайн үед А нь хоёр иргэний хадгаламжийг барьцаалж 3 удаагийн үйлдлээр 106 сая төгрөгийн зээлийг хуурамч материал бүрдүүлж авсан нь тогтоогдсон. Тэгээд би А-с яагаад ийм үйлдэл хийсэн, тухайн мөнгийг юунд зарцуулсаныг асуухад “би амины орон сууц худалдаж авах гэж, бас өвчтэй эгчийнхээ эмчилгээний мөнгийг өгөх гэж энэ мөнгийг авчихсан юм. Мөн танд дээр зээлүүлсэн 20 сая төгрөгийг касснаас аваад өгчихсөн байсан юм. Түүнийг төлөхийн тулд ийм зүйл хийчихлээ” гэж хэлсэн. Ингээд би А-г надад зээлүүлсэн 20 сая төгрөгийг банкны касснаас авч надад өгсөнийг мэдээд 20 сая төгрөгийг өөрөө төлсөн. Харин үлдэгдэл 86 сая төгрөгийг А төлөх болсон. Миний бие А-с 20 сая төгрөг зээлсэн нь үнэн боловч тухайн мөнгийг банкны касснаас авч өгсөнийг мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59/, Б.Б-н нэрээр хийсэн хадгаламжийн зээлийн болон барьцааны гэрээ /хх-ийн 05-07/, Б.Б-н нэрээр хийсэн хадгаламжийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх-ийн 11/, Б.Б-н данснаас 25,000,000 төгрөг зарлагдсан К банкны зарлагын мэдүүлэг /хх-ийн 12/, Б.Н-н нэрээр хийсэн хадгаламжийн зээлийн болон барьцааны гэрээ /хх-ийн 14-15/, Б.Н-н хадгаламж барьцаалсан зээлийн харилцах данснаас гүйлгээ хийсэн депозит дансны хуулга / хх-ийн 18-20/, К банкны Замын-Үүд салбарт хийсэн иж бүрэн шалгалтын тайлан /хх-ийн 25-39/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.А-г К банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 24-ны өдрийн 248 дугаартай тушаал /1-р хх-ийн 110/-аар Замын-Үүд салбарын теллерээр 2017 оны 04 сарын 25-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар томилсон, 2018 оны 04 сарын 04-ны өдрийн Б/219 дугаартай тушаал /1-р хх-ийн 111/-аар 2018 оны 04 сарын 05-ны өдрөөс үндсэн ажилтнаар томилсон, 2019 оны 02 сарын 15-ны өдрийн А/21 дугаартай 2019 оны албан тушаалын нэршил, орон тоо батлах, ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, тушаалын 2 дугаар хавсралт /2-р хх-ийн 62-64/-нд ахлах теллерээр тус тус томилогдсон байна. Эдгээр тушаалуудаас үзэхэд шүүгдэгч Э.А эрх бүхий албан тушаалтан байсан нь тогтоогдож байна.
Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д заасан бусдын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Түүнчлэн шүүгдэгч Э.А нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хуурамч баримт бичиг бүрдүүлж үйлдэж, бусдад 176,000,000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.А нь энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 176,000,000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 130,000,000 төгрөгийг төлж, үлдэх 46,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд 46,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч К банк дахь эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ “хохирол 46,000,000 төгрөгийг төлөх ажлын 5 хоногийн завсарлага авмаар байна” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь хохиролыг яаж барагдуулах талаар шүүхэд ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, өөрөөр хэлбэл хохирол барагдуулах бодит байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн дүү зээл хөөцөлдөж байгаа гэх боловч хэн гэж хүн, аль банкинд зээлийг хүсэлт тавьсан, зээлийн хүсэлтийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж заасан байна. Өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ ажлын 5 хоногийн дотор 46,000,000 төгрөгийн хохирол бодитойгоор барагдах үндэслэлтэй эсэхийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгч Э.А-н хувьд нэхэмжлэгч байгууллагад 46,000,000 төгрөгийн хохирлыг төлөх үүрэгтэй болохоо шүүх хуралдаанаас өмнө мэдэж байсан, хохирлыг барагдуулах үүднээс ямар нэгэн арга хэмжээ авсан үйл баримт тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-н хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар хорих ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт 2020 оны 04 сарын 21-ны өдрөөс 2020 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл нийт 36 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримт болон иргэий бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол цалин орлогогүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 46,000,000 төгрөгний хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч О овогт Э.А-г бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.А-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.А-с 46,000,000 /дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулж К банк дахь эрх хүлээн хүлээн авагчид олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-н цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б