| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0087/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Б.Д,
Шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.Ж-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т аймгийн Б суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, урьд Дорноговь аймгийн сум дундын 2-р шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, мөн Дорноговь аймгийн сум дундын 2-р шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх, Б овогт Х.Ж,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “О” хүнсний дэлгүүрийн цонхоор нууцаар нэвтрэн орж, 161,000 төгрөг бэлнээр, архи 1 ширхэг, пиво 1 ширхэг, номын тавиур 1 ширхэг, чоко үрэл 4 ширхэг, салат навч 4.8 кг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч 300,400 /гурван зуун мянга дөрвөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Ж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2020 оны 05 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд гадуур архи уугаад тэнэж явсан нь үнэн, яг хэнтэй хамт явсан эсэхээ сайн санахгүй байна, танидаг хүмүүсээс бага багаар мөнгө гуйж аваад архи авч уугаад явж байсан, би “О” дэлгүүр рүү орсоноо сайн санахгүй байгаа юм. Камерын бичлэгт бол яахын аргагүй миний бие мөн байна лээ уг дэлгүүрээс эд зүйл, бэлэн мөнгө хулгайлсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна... Хохирол төлбөрөө төлөх гэсэн боловч мөнгө олдохгүй байгаа учраас төлж чадахгүй байна. Х банкны барилга дээр ажиллаж байгаа боловч санхүүжилт орж ирээгүй гээд цалингаа өгөхгүй байгаа юм. Цалингаа авчихвал төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бие нь архины эмчилгээнд явснаас хойш архи уухаараа юм санахаа болчихсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/,
- Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн өглөө өөрийн хариуцан ажиллуулдаг “С дэлгүүрийг 07 цаг 30 минутын үед онгойлгоход манай дэлгүүрийн урд талын бичиг хэргийн хэсэгт байрлах жижиг цонхоор хулгайч орж дэлгүүрийн кассанд байсан 161,000 төгрөг, шүдэнз 1 ширхэг, дирол бохь 1 ширхэг, 200 граммтай чоко үрэл 2 ширхэг, 200 граммтай /герман/ чоко үрэл, 2 ширхэг, төмөр номын тавиур 1 ширхэг, 0,75 граммын грэйгуcс архи 1 ширхэг, калтенбэрг пиво 1 ширхэг болон дэлгүүрийн хөргөгчийн тогийг залгаж дотор талд нь байсан нарийн ногоонуудыг хөлдөөсөн байсан. Нарийн ногоонууд болон салатны навчийг 1 кг 4,600 төгрөгөөр худалдаж авсан. Би алдагдсан эд зүйлүүдээ дэлгүүртээ зарж борлуулах гэж Улаанбаатар хотоос захиалж худалдаж авсан. Үүнд: шүдэнз 1 ширхэг 100 төгрөг, дирол бохь 1 ширхэг 1,000 төгрөг 200 граммтай чоко үрэл 1 ширхэг 5,600 төгрөг, 200 граммтай /герман/ чоко үрэл 1 ширхэг 3,400 төгрөг, төмөр номын тавиур 1 ширхэг 6,500 төгрөг 0.75 грамын грэйгуcс архи 1 ширхэг 120,000 төгрөг, калтенбэрг пиво 1 ширхэг 3,500 төгрөг мөн бэлнээр 161,000 төгрөг болон хөргөгчинд байсан нарийн ногоонуудаа 22,400 төгрөгөөр үнэлж байна. 4 кг 800 грамм орчим салат навч байсан. Би 1 ширхэг шүдэнз, 1 ширхэг бохиноос бусад бараа бүтээгдэхүүнийхээ хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,
- Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Дорноговь аймгийн Замын Үүд сумын 2 дугаар багт амьдардаг. Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “О” 8 нэрийн дэлгүүрийн менежрийн ажил үүргийг эрхэлдэг. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 30 минутанд ажилдаа ирээд дэлгүүрээ онгойлгон ороход манай дэлгүүрийн бичиг хэргийн бараа материал байдаг хэсгийн цонхон талын лангуу байрнаасаа хөдлөн наашаагаа болчихсон байхаар нь яагаад хөдөлсөн юм болоо гээд очоод хартал лангууны ард талд байдаг цонх онгорхой хүн орсон юм шиг байхаар нь цагдаагийн байгуулагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд алдагдсан эд зүйл юу байна гээд бараа материалаа бүртгэн үзэхэд 1 шил 0.75 грамын грэйгуcc архи, чоко үрэл 2 ширхэг, герман чоко үрэл 2 ширхэг, калтенбэрг пиво 1 ширхэг, бохь 1 ширхэг, шүдэнз 1 ширхэг, номын тавиур 1 ширхэг, бэлнээр 161,000 төгрөг болон савлагаатай байсан салатны навчны хөргөгчийг тогонд залган дотор нь байсан нарийн ногоо нь хөлдсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,
- Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би өдрийн ээлжинд хувиарлагдсан байсан болохоор 15 цагт ажилдаа ирээд Б, Б, М бид 4 өглөөний ээлжийн худалдагчдаас ээлж хүлээн авч ажлаа хийж эхэлсэн тус өдрийн 22 цагийн үед манай ээлжийн хүмүүс өдрийн орлогоо эмэгтэй дарга Э-т тушаагаад кассанд байх ёстой худалдан авагчийн хариултанд хэрэглэх 250,000 төгрөгийг үлдээгээд эрэгтэй дарга А ирж бид нар гэрэлнүүдээ унтраагаад дэлгүүрээ хаагаад явцгаасан. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өглөө А дарга Б, Б, М манай ээлжийн ажилчид бид нар өглөө 07 цаг 30 минутын үед ирээд дэлгүүрээ онгойлгоход миний кассан дээр суудаг сандал байхгүй болохоор нь би сандлаа хайгаад дэлгүүр дотроо явж байтал бичиг хэргийн бараа бүтээгдэхүүн зардаг хэсгийн лангууны урд хэсэгт сандал байхаар нь би дэлгүүрт хэн орсын бол дарга орсон юм байхдаа гэж бодоод сандлаа аваад кассан дээр ирээд компьютерээ асаагаад хариулт задгай мөнгө хадгалдаг жижиг шургуулгаа онгойлготол тэнд байсан хариулт задгай мөнгөний 250,000 төгрөг байснаас 161,000 мянган төгрөг байхгүй болохоор хүн авчихсан байна гэж бодоод дарга А ахад миний кассны мөнгө байхгүй байна хулгай орчихсон юм бишүү гэж хэлэхэд А ах дэлгүүрээ шалгаад бичиг хэргийн бараа бүтээгдэхүүн зардаг хэсгийн лангууны арын цонхоор хүн орсон байна гээд цагдаа дуудаад цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,
- Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажлаагүй харин 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ирж ажлаа өглөө “О дэлгүүрийн гаднах хогыг цэвэрлээд шороог шүүрдээд байж байхад манай дэлгүүрийн эзэн А дэлгүүрт хулгай орчлоо хаалга цонхоо үзээд хүн дэлгүүрлүү орсон байна гээд цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,
- “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 41-43/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-61/,
- Х.Ж-н иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-ийн 75/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн исди бичлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Х.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “О” хүнсний дэлгүүрийн цонхоор орж, бэлэн мөнгө, хүнсний бараа болох архи, пиво, номын тавиур, чоко үрэл, салатны навч зэрэг зүйлийг авсан үйл баримт болсон байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Х.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Х.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг О хүнсний дэлгүүрт нэвтэрч 300,400 төгрөгний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Н.Э “...2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн өглөө өөрийн хариуцан ажиллуулдаг “С дэлгүүрийг 07 цаг 30 минутын үед онгойлгоход манай дэлгүүрийн урд талын бичиг хэргийн хэсэгт байрлах жижиг цонхоор хулгайч орж дэлгүүрийн кассанд байсан 161,000 төгрөг, шүдэнз 1 ширхэг, дирол бохь 1 ширхэг, 200 граммын чоко үрэл 2 ширхэг, 200 грамтай /герман/ чоко үрэл 2 ширхэг, төмөр номын тавиур 1 ширхэг, 0,75 гратмын грэйгуcс архи 1 ширхэг, калтенбэрг пиво 1 ширхэг болон дэлгүүрийн хөргөгчийн тогийг залгаж дотор талд нь байсан нарийн ногоонуудыг хөлдөөсөн байсан...” гэсэн, гэрч С.А-н “...2020 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 30 минутанд ажилдаа ирээд дэлгүүрээ онгойлгон ороход манай дэлгүүрийн бичиг хэргийн бараа материал байдаг хэсгийн цонхон талын лангуу байрнаасаа хөдлөн наашаагаа болчихсон байхаар нь яагаад хөдөлсөн юм болоо гээд очоод хартал лангууны ард талд байдаг цонх онгорхой хүн орсон юм шиг байхаар нь цагдаагийн байгуулагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн, гэрч Ц.Г-н “...компьютерээ асаагаад хариулт задгай мөнгө хадгалдаг жижиг шургуулгаа онгойлготол тэнд байсан хариулт задгай мөнгөний 250,000 төгрөг байснаас 161,000 төгрөг байхгүй болохоор хүн авчихсан байна гэж бодоод дарга А ахад миний кассны мөнгө байхгүй байна хулгай орчихсон юм биш үү гэж хэлэхэд А ах дэлгүүрээ шалгаад бичиг хэргийн бараа бүтээгдэхүүн зардаг хэсгийн лангууны арын цонхоор хүн орсон байна гээд цагдаа дуудаад цагдаа нар ирсэн...” гэсэн, гэрч Ц.Э-н “...А дэлгүүрт хулгай орчлоо хаалга цонхоо үзээд хүн дэлгүүр лүү орсон байна гээд цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлгүүд, А ХХК-ний үнэлгээний дүгнэлт, сди бичлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Ж-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй болон түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди бичлэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Ж нь хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлөөгүй тул түүнээс хохирол болох 300,400 төгрөгийг хохирогчид гаргуулж шийдвэрлэв.
Хохирогч Н.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд бэлэн мөнгө, эд зүйлийн үнэ нийт 331,400 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд “А” ХХК-ийн эд хөрөнгийг 139,400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй танилцаад санал гомдол гаргаагүй байх тул шүүгдэгч Х.Ж-г бэлнээр 161,000 төгрөг, эд зүйлийн үнэ 139,400 төгрөг нийт 300,400 төгрөгний хохирол учруулсан гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х.Ж-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б овогт Х.Ж-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди бичлэг 1 ширхэг хэрэгт хавсарсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Ж-с 300,400 /гурван зуун мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь айамг Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, З овогт Н.Э-т олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н