Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 98

 

  

 

 

                         

                                                               

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

  Улсын яллагч                                  В.Батдэлгэр

  Нарийн бичгийн дарга                 Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангай овогт Төрмөнхийн Цэдэвсүрэнд холбогдох эрүүгийн 2031001180087 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, Т.Ц

    

Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Т.Цнь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед цахим орчинд буюу “Сэлэнгэ зар” гэх зарын нэгдсэн групп дээр “Togsoo Togsoo” гэх фэйсбүүк цахим хаягаас иргэн Э.Т, Д.Э нарын зургийг, түүний доор “гэр бүл салгаж, ажил дээрээ явалддаг 0101 дүгээр ангийн алба хаагчид” гэж бичиж зар оруулсан нь “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

   Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Цнь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед цахим орчинд буюу Фэйсбүүкийн “Сэлэнгэ зар” гэх зарын нэгдсэн групп дээр “Togsoo Togsoo” гэх фэйсбүүк цахим хаягаас иргэн Э.Т, Д.Э нарын зургийг байршуулан, түүний доор “гэр бүл салгаж, ажил дээрээ явалддаг 0101 дүгээр ангийн алба хаагчид” гэж бичиж зар оруулсан нь “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.Цгэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх  дүгнэв.

 Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 Шүүгдэгч Т.Цгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Надаас Д.Э 2020 оны 01 дүгээр сард 150.000 төгрөг зээлж авсан. Түүнээс хойш утас руу залгахаар тэр залуу авч намайг хэл амаар доромжлоод би Солонгоог мөнгө төгрөгөөр дутаахгүй байгаа чамд хэдэн сая төгрөг хэрэгтэй вэ гэх мэтээр доромжилж, би мөнгө зээлдүүлсэн банкны хуулганы зургийг явуулахад чи угаасаа мэдрэл муутай гээ биз дээ, шар хаданд хэвтэж эмчлүүлж байсан гэсэн яг үнэн юм байна гэх мэтээр намайг доромжлоод байхаар нь миний уур хүрээд тэр 2-ийн зургийг тавиад тэр постыг хийгээд өөрсд рүү нь чатаар явуулаад маргааш өглөө нь Фэйсбүүкийн Сэлэнгэ зар гэсэн группт байршуулаад 40 минутын дараа буруу зүйл хийснээ ойлгоод устгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг

 Хохирогч Д.Эын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Selenge zar” гэх зарын нэгдсэн групп дээр “Togsoo Togsoo” гэх фэйсбүүк цахим хаягнаас манай ажлын газрын Э.Т гэх залуугийн зургийг миний зурагтай оруулан “Гэр бүл салгаж ажил дээрээ явалддаг 0101 дүгээр ангийн алба хаагчид” гэж гарчиглан олон нийтэд тараасан. Тухайн үйлдэлд би гомдолтой байна. Ямар нэгэн байдлаар Э.Т гэх хүнтэй хувийн харилцаа байхгүй. Ажлын шугамаар л холбоотой байдаг. Би Т.Цгэх хүнийг танина. 2015-2016 оны хооронд Өмнөговь аймаг Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос” ХХК-д хамт ажилладаг байсан юм. Хамт ажиллаж байсан болохоор 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр надад мөнгөний хэрэг гараад 88010135 дугаарын утас руу залгаж 150.000 мянган төгрөг зээлсэн юм. Тэрнээс биш бид хооронд ямар нэгэн холбоо байхгүй. Би тухайн хүнтэй мөнгө зээлэх гээд ярьсан ба буцааж өгөх гээд бас тухайн үедээ холбогдож байсан. Хамт ажилладаг байснаас хойш нэг ч удаа таараагүй, уулзаагүй болно. Миний хувьд гомдолтой байна. Ажил дээр байхад ч хэцүү байгаа. Сэтгэл санааны хохирол их байна. Тухайн хүнд хуулийн дагуу хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй байх. Миний нэр хүндийг сэргээж өгөх хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/

 Гэрч Д.Бийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сард манай байгууллагын нэр бүхий хоёр алба хаагчдын фэйсбүүк хаягны зургийг Сэлэнгэ зар гэсэн группт байршуулан тайлбар хэсэгт нь “гэр бүл салгаж ажил дээрээ явалддаг 0101 дүгээр ангийн алба хаагчид” гэсэн утгатай мэдээллийг оруулсан байгаа явдал нь алба хаагчдын болон анги байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан асуудал гэж үзснээр ангийн захирагчийн өгсөн үүргийн дагуу албан бичиг, өргөдөл гомдлыг Захиргаа, хүний нөөцийн тасгийн дарга дэд хурандаа Энхтөрийн хамт цагдаагийн газарт өгсөн. Товчхондоо ийм л асуудал болсон. Тухайн мэдээллийг фэйсбүүк цахим сүлжээнд орсон даруйд нь манай байгууллага даруй цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүлээлгэн өгсөн юм. Түргэн шуурхай арга хэмжээ авсан болохоор манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй. Мөн хөрөнгө мөнгөний ямар нэг хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/

Гэрч Э.Тн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний таамаглаж байгаагаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны үед Т.Цгэх залуу өөрийнхөө 88010145 дугаарын утаснаасаа над руу нэг залгасан байхаар нь би эргэж утасдаад ямар учраас залгасан талаар нь асуухад Д.Этой мөнгө төгрөгний авлагатай талаар ярьсан. Хүний мөнгө төгрөгний асуудал надад хамаагүй учраас би тэр залууд жаахан уурласан. Гэхдээ учиргүй хэрүүл маргаан хийж, хэл үгээр бол доромжлоогүй юм. Уг шалтгаанаас болж фэйсбүүкт худал мэдээлэл оруулсан байж магадгүй юм. Энэ асуудлын улмаас манай байгууллага болон хамтран ажилладаг Д.Э бид нарын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж хэлмээр байна. Түүнээс өөрөөр мөнгө төгрөгийн хохирол учирсан зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

Гэрч Т.Чын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед “Togsoo Togsoo” гэх фэйсбүүк цахим хаягаар “Selenge zar” гэх зарын нэгдсэн группд тус байгууллагад ажилладаг Д.Э, Э.Т нарын зургийг нийлүүлэн байршуулж “Ажил дээрээ явалдаж, гэр бүл салгадаг 0101 дүгээр ангийн алба хаагчид” гэж гарчиглан олон нийтэд цацсан. Тухайн этгээд нь тус зарыг оруулахдаа хилийн 0101 дүгээр ангийн нэр хүндэд халдаж, нийгэмд буруу ташаа мэдээлэл тараасан байна гэж үзэж байна. Тус алба хаагчид нь тус тусын гэр бүл, үр хүүхэдтэй хэвийн тогтуун амьдралтай. Ямар нэгэн байдлаар хамт үүрэг гүйцэтгэх явдал байдаг. Би тэр болгоныг мэдэхгүй байна. Үнэхээр энэ хоёрын дунд ажлаас гадуур ямар харилцаатай байдгийг мэдэхгүй байна. Би тухайн цахим хаягтай өмнө нь ямар нэгэн байдлаар харьцаж байгаагүй. Хэн болохыг нь мэдэхгүй байна. Тухайн зарыг оруулсан этгээдэд хуулийн дагуу хариуцлагыг хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/

Гэрч Н.Б 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед “Selenge zar” гэх фэйсбүүк зарын грүүпд манай эхнэр болох Д.Эыг ажлын газрынх нь хүн болох Э.Тн хамтаар цахим орчимд “энэ хоёр хоорондоо явалддаг, гэр бүл салгадаг” гэх утга агуулгатай пост бичиж бидний нэр хүндэд халдсан. Мөн манай эхнэр ажлын байранд байхад хүнд байгаа. Тиймээс уг постны эзнийг олж хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/

Гэрч Б.Т 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Т.Цгийн хувьд “Өсөх зоос” гэх уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа. Харин миний хувьд 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл түүнтэй хамт ажиллаж байна. Тэрээр хариуцсан ажил төрөлдөө сайн, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай залуу байгаа юм. Түүний зан байдал гэвэл төлөв даруу, ажилсаг, хичээнгүй, хүн чанар сайтай, хэлсэн үгэндээ байдаг. Түүнийг өмнө ямар нэг хэрэг асуудалд орж байхыг харж, сонсож байгаагүй. Хэрэг асуудалд ороод байхаар ч хүн биш гэж миний хувьд дүгнэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-06 дугаар тал/

Гар утсанд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 дүгээр тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/

        Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 37-38 дугаар тал/

  Т.Цгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/

  Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 69-72 дугаар тал/ зэрэг болно.

 

  Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

   Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.    

   Иймд шүүгдэгч Т.Цнь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед цахим орчинд буюу Фэйсбүүк дэх “Сэлэнгэ зар” гэх зарын нэгдсэн групп дээр “Togsoo Togsoo” гэх фэйсбүүк цахим хаягаас иргэн Э.Т, Д.Э нарын зургийг байршуулан, түүний доор “гэр бүл салгаж, ажил дээрээ явалддаг 0101 дүгээр ангийн алба хаагчид” гэж бичиж зар оруулсан нь “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” илт худал мэдээллийг олон нийтэд тараасан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна.

   Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

   Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.

 

                          Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “...Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. Үүнд:      

 1.Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх,

 2.Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх гэж заасан байдаг.

   Шүүгдэгч Т.Цгийн гэмт үйлдлийн улмаас албан байгууллага, хувь хүнд материаллаг хор уршиг учраагүй боловч тэдний нэр төр алдар хүндийг гутаасан, доромжилсон үйлдэл болсон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь материаллаг хор уршиг шаардахгүй юм.  

   Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Б, Э.Т, Д.Э нар нь шүүгдэгч Т.Цгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

    

                                   Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Цнь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

  Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Хангай овогт Төрмөнхийн Цэдэвсүрэнг мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хангай овогт Төрмөнхийн Цэдэвсүрэнг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.Цд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.Цнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

  5.Ялтан Т.Цнь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  6.Ялтан Т.Цд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

  7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

 ДАРГАЛАГЧ                                   Б.ЭРДЭНЭХИШИГ