Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0025

 

 

 

 

 

 

 

 

 

                            “М.Б.М” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, С.Т

Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр “М.Б.М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан үүрэг, даалгавар, “М.Б.М” ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй, “М.Б.М” ХХК-иас уг асуудлаар хандсан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа, өөрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахгүй, Улсын Их Хурлаас баталсан бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоолгох, “М.Б.М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, О.Б

Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0063/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М.Б.М” ХХК нь Монгол Улсын Засгийн газар, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдад тус тус холбогдуулан “Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр “М.Б.М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан үүрэг, даалгавар, “М.Б.М” ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй, “М.Б.М” ХХК-иас уг асуудлаар хандсан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа, өөрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахгүй, Улсын Их Хурлаас баталсан бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоолгох, “М.Б.М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 602 дугаар шийдвэрийн

2.1. 1 дэх заалтаар: “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б.М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр М.Б.М ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан үүрэг, даалгавар, М.Б.М ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, М.Б.М ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайдад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2.2. 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайдаас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, С.Т нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр “М.Б.М” ХХК-ийн тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгаж шийдвэрлэлээ” гэжээ .

3.2. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж заасан. Үүнээс үзвэл Засгийн газрын шийдвэр нь “Захирамж болон тогтоол гэсэн хэлбэртэй байна. Харин шүүхийн шийдвэрт үндэслэсэн дээрх тэмдэглэл нь эдгээрийн алинд ч хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг татвараас чөлөөлөх эсэх асуудлаар Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргаагүй байна. Харин уг тэмдэглэлд “... импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад ... даалгав” гэсэн нь уг асуудлыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс судлах эрх олгогдсон гэж үзэхээр байна. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 5-д “Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ” гэж заасан байх ба уг хэсгийн заалтуудаар сайд нарын эрхлэх асуудлын чиглэлийг тогтоосон байдаг.

3.3. Мөн зүйлийн 20.5.6-д Сангийн сайдын бодлогын төлөвлөлт, удирдлага, зохицуулалтын хүрээнд гаалийн болон татварын бодлого хамаарахаар заасан. Сангийн сайдаас энэхүү эрх хэмжээний хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдаас ирүүлсэн саналыг судлан үзэж татварын бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Энэхүү байр сууриа илэрхийлсэн нь Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасан Засгийн газрын эрх хэмжээг хөндөөгүй. Учир нь энэхүү заалт нь бодлогын яамдаас боловсруулан шийдвэрлүүлэхээр оруулсан тодорхой шийдвэрийг хэлэлцэн шийдвэр гаргахад баримтлах зарчмыг тогтоосон зохицуулалт гэж үзэж байна.

3.4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайд нар нь уг хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээгүй атлаа хүсэлтийг шийдвэрлүүлээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан  өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан” гэж заасан эс үйлдэхүй гаргажээ” гэжээ.

3.5. Үүнээс үзвэл Сангийн сайд нь хүсэлтийг шийдвэрлэх эрх хэмжээгүй болох тухай шүүхээс дүгнэсэн байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг нь “Тухайн асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй этгээд”-д хамаарах тул Сангийн сайдад хамаарахааргүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болох “татвараас чөлөөлөх” асуудал нь Сангийн сайдын эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна. Мөн дээрх асуудлын талаар нэхэмжлэгчээс ирүүлсэн албан бичигт тухай бүр хариу хүргүүлж байсан.

3.6. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “ ...импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайдад даалгаж” шийдвэрлэсэн байна.

3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.4-т “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

3.8. Гэтэл шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлд Сангийн сайдад үүрэг болгоогүй асуудал даалгаж шийдвэрлэсэн нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Засгийн газрын гишүүн эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайдын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

3.9. Түүнчлэн, шүүх хуралдаанд шүүхээс шийдвэрийн Тогтоох хэсгийг уншихдаа “... шийдвэрлүүлэхийг хариуцагч Барилга, хот байгуулалтын сайдад даалгаж шийдвэрлэв” гэсэн боловч шийдвэр бичгээр гарахад “Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайдад даалгаж” шийдвэрлэсэн байна.

3.10. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийн “ ... хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайдад даалгаж” гэсэн хэсэг болон 2 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд:

            4.1. Сангийн сайд анхан шатны шүүхийн шийдвэртэй бүхэлд нь маргаж давж заалдах гомдол гаргах эрхгүй тухайд, Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдолд “... нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийн “ ... хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайдад даалгаж” гэсэн хэсгийг болон 2 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            4.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ энэхүү захиргааны хэргийн хариуцагч нь Монгол Улсын Засгийн газар, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд гэсэн гурван этгээд байхаар заасан бөгөөд тус бүрд нь холбогдох шаардлагаа нарийвчлан тодорхойлсны дагуу шүүхээс хариуцагч тус бүрийн захиргааны үйл ажиллагаа буюу эс үйлдэхүйн хувьд дүгнэн тогтоож шийдвэрээ гаргасан.

            4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж, өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн” гэж заасан. Иймд гурван хариуцагчийн нэг болох Сангийн сайд хийгээд түүний төлөөлөгчид нь зөвхөн Сангийн сайдтай холбоотой асуудал, түүнд холбогдох захиргааны үйл ажиллагаа буюу эс үйлдэхүй (шүүхээс өөрт нь холбогдуулан шийдвэрлэсэн)-н хүрээнд маргах эрхтэй.

            4.4. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн нэг оролцогчоос гаргасан давж заалдах гомдлыг зөвхөн тухайн этгээдтэй хамааралтай, гомдлын хүрээнд хянах учир, гомдол гаргаагүй Барилга, хот байгуулалтын сайдад хамаарах хэсгийг хэлэлцэх боломжгүйг хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэхдээ анхаарч үзэхийг хүсье.

            4.5. Анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Хөрөнгө оруулалтын тухайд хуульд заасан дэмжлэг авах эрхтэй этгээд бөгөөд уг дэмжлэгийг эдлээгүй. “М.Б.М” ХХК нь Монцемент төслийн хүрээнд цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортолж оруулж ирсэн тухайд хэргийн оролцогчид маргадаггүй.

            4.6. “М.Б.М” ХХК-иас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2.1, Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т тус тус заасны дагуу татвараас чөлөөлөгдөх буюу татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх эрхтэй компанийн хувьд эрх нь зөрчигдөж байх тул энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг 2018 оноос хойш холбогдох эрх бүхий байгууллагууд болох Засгийн газар, Ерөнхий сайд, Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайд, яамдад удаа дараа хандсаар ирсэн.

            4.7. Сангийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4-2/3593 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн уг дэмжлэгийг холбогдох татварын хууль тогтоомжийн дагуу эдлэх боломжтой” гэсэн хариу өгсөн боловч бодит байдал дээр тийнхүү татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэлгүй өдийг хүрсэн.

            4.8. Засгийн газар 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус хуралдааны 44 дүгээр тэмдэглэлд “ ... “М.Б.М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай” гэж , мөн Барилга, хот байгуулалтын сайд энэхүү асуудлыг судлаад 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1217 дугаар бичгээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан үйлдвэржилтийн бодлого, чиглэлтэй нийцэх тул татвараас чөлөөлөх асуудлыг дэмжиж буйгаа” илэрхийлсэн бөгөөд энэ асуудлыг судалж, шийдвэрлэхийг Сангийн сайдад уламжилсан байдаг.

            4.9. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан. Үүнээс харахад Хөрөнгө оруулалтын хууль нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийн нэг бүрэлдэхүүн бөгөөд Татварын ерөнхий хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доорх дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын их хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэх заалт, Хөрөнгө оруулалтын тухай хууль, түүний 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3-д тус тус заасныг баримтлан Монцемент үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж компанийн санхүүгийн чадавхид маш ноцтойгоор нөлөөлж, эрх ашиг хөндөгдөж байна.

            4.10. Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа “нэхэмжлэгч нь гурвалсан гэрээгээр татварыг 2 жил хойшлуулснаар нь татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх дэмжлэгээ хүртсэн” гэх боловч хугацаа хойшлуулах нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гэдэгт хамаарахгүй учир Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэхэмжлэгч эдлээгүй болохыг харуулж буй учир уг хариу тайлбар няцаагдаж байна.

            4.11. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, үүрэг даалгавар болгосон асуудлыг холбогдох сайд нар нь заавал биелүүлэх үүрэгтэй буюу сайд нар нь эс үйлдэхүй гаргасан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 44 дүгээр тэмдэглэлд “XXYI.2. Монгол Улсын Ерөнхий сайд У.Х 2018 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр аймгуудад ажилласан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.З Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгав: ... 2. “М.Б.М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Б-д даалгасугай” гэж Барилга, хот байгуулалтын сайдад тухайн асуудлыг судалж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхийг даалгасан бөгөөд дээр дурдсанаар уг асуудлаар Засгийн газрын хуралдаанаар үүрэг өгч, Барилга хот байгуулалтын яам тууштай дэмжсэн бодлого удаа дараа илэрхийлж ирсэн.

            4.12. Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар Засгийн газар нь хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах, төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, эдгээр байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих бүрэн эрхтэй.

            4.13. Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана” гэж заасан.

            4.14. Иймд, Засгийн газраас бүрэн эрхийнхээ хүрээнд даалгасан асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд судалж, шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэгтэй ба нөгөө талаас Засгийн газар нь өөрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хуулийн этгээдийн өргөдөл, хандсан асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь эрх зүйт төрийн зарчимд нийцнэ.

            4.15. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.6-д зааснаар Сангийн сайд гаалийн бодлого, татварын бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтыг хариуцах бөгөөд Татварын ерөнхий хуулийн 3.1-д “Энэ хууль нь татвар төлөгч, татварын алба болон татварын хууль тогтоомжийн дагуу түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна”, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын удирдлага доор ажиллах”-аар заасан бөгөөд Сангийн сайд нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх чиг үүрэгтэй.

            4.16. Үүнээс үзэхэд Засгийн газрын хурлаар үүрэг даалгавар болгосон асуудлыг салбарын сайд болох Барилга, хот байгуулалтын сайд болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой асуудлыг Сангийн сайд судалж, хоорондоо саналын зөрүүтэй байх тохиолдолд заавал Засгийн газрын хурлаар оруулж шийдвэрлүүлэх үүрэгтэй байхад тийнхүү шийдвэрлүүлэхгүй, Засгийн газрын хурлаар хэлэцүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус юм.

            4.17. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1-д “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно”, мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага Үндсэн чиглэлд заасны дагуу, эсхүл Засгийн газрын даалгавраар зохих хүрээ, салбарын асуудлаар хариуцан боловсруулна” гэжээ.

            4.18. Засгийн газрын 44 дүгээр тэмдэглэлд зааснаар Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нар нь уг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх, улмаар Засгийн газраас өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрээ гаргах ажиллагаа явагдах байсан.

            4.19. Засгийн газрын тэмдэглэл /тухайн асуудлыг Засгийн газар эцэслэн шийдвэрлээгүй судалгаа хийсний эцэст Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр сайдад даалгасан байсан учир тогтоол захирамж биш, тэмдэглэлээр албажаад явсан/ буюу хамтын шийдвэрээр Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгосон, улмаар Төсөв санхүү, татвартай холбоотой асуудал нь Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг учир Сангийн сайдад уламжилсан. Гэтэл сайд нар нь өгсөн үүрэг даалгаврын дагуу зохих үйл ажиллагаа, судалгаа хийгээгүй, Засгийн газрын хурлаар оруулж хэлэлцүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдсон.

            4.20. Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагууд нь Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэлгүй өдийг хүртэл уг асуудалд тодорхой шийдвэр гаргалгүй, манай компанийг их хэмжээний татварын өр төлбөр, мөнгөн төлбөрийн дарамтад оруулж, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдахуйц эрсдэл рүү түлхэж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

            4.21. Иймд хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч “М.Б.М” ХХК нь Сангийн сайдад холбогдуулан “ “М.Б.М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “М.Б.М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гомдол гаргасан тул гагцхүү дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянасан болно.

           3.2. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл “М.Б.М” ХХК нь Монцемент төслийн хүрээнд цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортолж оруулж ирсэн, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр Монгол Улсын Ерөнхий сайд “М.Б.М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвраас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан, нэхэмжлэгчээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан татварын дэмжлэг авах тухай хүсэлтүүдээ удаа дараа Барилга, хот байгуулалтын болон Сангийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдад гаргаж байсан, Барилга, хот, байгуулалтын сайдаас 2019 оны 04 дүгээр сарын 11-ий өдрийн 01/1217 дугаар ...салбарын яамны зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.48-д заасан арга хэмжээтэй нийцэх тул дэмжиж байгаагаа уламжилж байна гэх албан бичгийг Сангийн сайдад хүргүүлсэн, Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4-2/3605 дугаар албан бичгээр ... хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын хууль тогтоомжийн хүрээнд танай хүсэлтийн дагуу татвараас хөнгөлж, чөлөөлөх боломжгүйг анхаарна уу... гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн, дээрх үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.

            3.3. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг гэж ойлгохоор тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д зааснаар барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж хөрөнгө оруулагчид татварын дэмжлэг үзүүлж болохоор хуульчилсан.

3.4. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т зааснаар Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхын санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх бөгөөд 29 дүгээр зүйлийн 1-д зааснаар Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ. Түүний дотор Ерөнхий сайд дангаар шийдвэрлээгүй болон Засгийн газрын гишүүдээс эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрөөг шийдвэрлэх асуудлыг хуралдаанаараа заавал хэлэлцэхээр байна. Харин мөн зүйлийн 5-д зааснаар   асуудлыг Ерөнхий сайдаас тогтоосон дарааллын дагуу хэлэлцэнэ. Хэрэв хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төслийг Засгийн газрын гишүүд бүгд зөвшөөрч гарын үсгээ зурсан бол шийдвэрийг хуралдаанаар хэлэлцэхгүйгээр гаргаж болохоор байна.

3.5. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.6, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 77 дугаар зүйлийн 77.2-т тус тус зааснаар Сангийн сайд нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх чиг үүрэгтэй.

3.6. Барилга, хот байгуулалтын сайдаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/4049 дүгээр албан бичгээр ...М.Б.М ХХК-ийн Монцемент үйлдвэрийн төсөл нь барилгын үндсэн материал болох цемент үйлдвэрлэж, 1000 гаруй ажлын байрыг бий болгож, цар тахлын үед ажлын байраа тууштай хадгалж, алслагдмал орон нутагт шинэ суурьшлын бүс байгуулж байгаагаараа чухал ач холбогдолтой төсөл тул Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагуудын төлөөллийг хамруулан ажлын хэсэг байгуулж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн асуудлыг авч үзэж, санал танилцуулах ажлыг зохион байгуулж, холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүсье гэж Монцемент төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн, Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4-2/3605 дугаар албан бичгээр ... хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын хууль тогтоомжийн хүрээнд танай хүсэлтийн дагуу татвараас хөнгөлж, чөлөөлөх боломжгүйг анхаарна уу... гэж мэдэгдсэнээс үзвэл, М.Б.М ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулах эсэх асуудлаар Засгийн газрын гишүүдээс эрхлэх асуудлаараа тохиролцож чадаагүй саналын зөрөө гарсан, энэ тохиолдолд дээр зааснаар татварын дэмжлэг үзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий этгээдэд өргөн мэдүүлж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Сангийн яам нь энэхүү үүргээ биелүүлээгүй, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар олгоогүй байхад шууд “...  татвараас хөнгөлж, чөлөөлөх боломжгүй гэх” хариуг өгсөн байна.

3.7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчээс “... хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас манай компани их хэмжээний татварын өр төлбөр, мөнгөн төлбөрийн дарамтад орж, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдахуйц эрсдэл бий болсон” гэж тайлбарлан өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан хүсэлтүүдийг хуульд заасан хугацаанд эцэслэн шийдвэрлэхгүй, энэ талаар хуульд заасан зохих арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

3.8. Түүнчлэн  Сангийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4-2/3593 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид “... Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн уг дэмжлэгийг холбогдох татварын хууль тогтоомжийн дагуу эдлэх боломжтой” гэсэн хариу өгсөн атлаа одоо “татвараас хөнгөлж, чөлөөлөх боломжгүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь ойлгомжгүй байна.

3.9. Давж заалдах гомдолд “... шүүх хуралдаанд шүүхээс шийдвэрийн Тогтоох хэсгийг уншихдаа “... шийдвэрлүүлэхийг хариуцагч Барилга, хот байгуулалтын сайдад даалгаж шийдвэрлэв” гэсэн ч шийдвэр бичгээр гарахад “Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайдад даалгаж” шийдвэрлэсэн байна” гэх боловч анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “... Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайдын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгаж” гэсэн, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар зааснаар хариуцагч Сангийн сайдын нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа эс үйлдэхүй дээрх байдлаар тогтоогдсон тул 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг “29 дүгээр зүйлийн 1,5” гэж бичилтийн хувьд техникийн алдаа гаргасан, энэ нь хэргийн шийдэл, хуулийн хэрэглээний тухайд нөлөөлөхөөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг цаашид анхаарах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, С.Т нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН